| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 172/2018/0139/Э |
| Дугаар | 147 |
| Огноо | 2018-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 147
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Хохирогч: Б.Ц ,
Шүүгдэгч: Ц.А ,
Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.А д холбогдох эрүүгийн 1828000000117 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Цэвэгмэд овогтой Ц.А нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* байрны орцонд Б.Ц ын жирэмсэн болохыг мэдсээр байж цохиж зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.А д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул шүүх хуульд заасан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.А нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.
Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* байрны орцонд “байрны орц заваан болгосон” гэдгээр шалтаглан Б.Ц ыг жирэмсэн болохыг мэдсээр байж цохиж зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А ...”2018 оны 08 сарын 05-ны өдөр нөхөртэйгөө хамт найзынхаа гэрт очсон, тэгээд архи уусан. Тэгээд би энэ хүнийг урьд нь харж байгаагүй, зүс танихгүй, би энэ хүнийг жирэмсэн гэдгийг мэдээгүй. Би түлхсэн, нуруу руу нь 2 цохьсон. Манай нөхөр гарч ирээд салгасан. Уучлаарай, миний буруу, хэл амаар доромжилсондоо уучлал гуйж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.
Хохирогч Б.Ц мэдүүлэхдээ...” 2018 оны 08 сарын 05-ны өдөр орцонд хог шүүрдээд зогсож байсан. Тэгээд гаднаас Ц.А хүүхдээ хөтлөөд орж ирсэн. Тэгээд би согтуу гэдгийг нь мэдээгүй. Ц.А миний өмнө ирээд чи наад шээс баасаа цэвэрлэ гэсэн. Тэгэхээр нь би манайх 00-той гэсэн.тэгэд өмнө нь энэ айлын хүүхэд нь орцонд бие засаж байсан, болиоч чи гээд хэлсэн чинь өөдөөс уурлаад намайг заамдаад авсан. Намайг үсдээд коридороор чирсэн, толгой рууу цохьсон, нөхөр нь салгах гээд дийлэхгүй байсан. Та болиочээ би жирэмсэн гэхэд гэж хэлсэн чинь чиний жирэмсэн байх надад хамаагүй, муу янхан минь гээд зодоод, үг хэлээр доромжилсон. Одоо болохоор танихгүй гэж байна. Би өмнө нь таарч байсан зүс танина. Манайх шатны хажуу талын хаалга, энэ айл манай өмнөөс харсан хаалга болохоор таардаг зүс танина. Нөхөр нь тэр үед салгах гээд дийлэхгүй байсан, тэгэхдээ чи дандаа яагаад хүн зодож байдаг вм бэ гэсэн. Тэгэхээр өмнө нь бас хүн зодож байсан гэсэн үг. Нөхөр нь салгасан тэгээд гараад явсан. Тэгэхээр гараад явчихлаа даа гэж бодсон чинь эргэж ирээд дахиад зодсон. Тэгээд хажуу айлаас нь хүн гарч ирээд гэртээ аваад орсон, тэгээд цагдаа дуудсан” гэв.
Эрүүгийн 1828000000117 дугаартай хэргээс:
Хохирогч Б.Ц нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 08 сарын 05 ны үдээс хойш 17 цагийн үед амьдардаг нийтийн байрны орцны шатыг шүүрдээд зогсож байхад гаднаас нэг танихгүй зүс таних эмэгтэй хүн орж ирэхдээ та нар энэ шээс баасаа цэвэрлэ гэж хэлсэн. Тэгхээр нь та юу яриад байгаа юм манай гэр дотороо жорлонтой гадна бие засдаггүй тийм хүмүүжил байхгүй гэж хэлээд байж байхад тухайн эмэгтэй хүний нөхөр нь гэх хүн ирсэн. Тэгээд тухайн эмэгтэй хүн миний өөдөөс танайх л энд ирж байж манай орц заваан болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь хоёр өдрийн өмнө хүүхэд нь орцонд шээж байсан талаар нь хэлэхэд миний өөдөөс уурлаад дайраад ирсэн. Тэгээд миний хувцасны цээж хэсгээс арьстай хамт базаад татсан. Гараараа үснээс зулгаагаад нөгөө гараа атгаж байгаад толгой руу цохиод байсан тухайн үед тэр эмэгтэй хүний нөхөр нь салгах гээд татаад дийлэхгүй байсан тэгэхэд нь би уйлаад та болиоч би жирэмсэн гэж хэлэхэд чиний жирэмсэн байх надад хамаагүй хэн чамайг жирэмсэн бол гэсэн юм гэж хэлээд дахиад гараа атгаад нүдээд байсан. Миний үснээс зулгаагаад кордиороор чирсэн тухайн үед нөхөр нь салгах гээд ноцолдож байгаад арай хийж салгасан. Тэгхээр нь би цагдаа дуудсан. Тэгэхэд нөхөр нь гараад явсан. Тухайн эмэгтэй нөхрийнхөө араас гарч явж байгаад буцаж ирээд миний үснээс зулгаагаад дахиад гараа атгаад цохиод байсан. Тухайн эмэгтэй намайг зодож байх үед архи үнэртэж байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. /хх-09-10 дугаар хуудас/,
Яллагдагч Ц.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 08 сарын 05 ны үдээс хойш найзийнхаа гэрт нөхрийн хамт очоод 0,75 литр Ерөөл нэртэй архи гурвуул хувааж уусан. Тэгээд гэртээ нөхөр хүүхдээ оруулчихаад хажуу айл руу орох гэхэд байхгүй байсан. Тэгэхэд кордиорт нэг xүүхэн зогсож байсан. Би очоод байгаа хугацаандаа хогоо цэвэрлэчихэж байгаач, манай байранд ирж байгаа хүмүүс айлд биш жорлонд орж байгаа юм шиг байх юм гэж хэлэхэд миний өөдөөс солиор хар архичин авгай минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн хүнийг түлхсэн. Тэгээд нуруу руу нь ганц хоёр цохиод бид хоёр үсдэлцээд байж байтал би 3 сартай жирэмсэн гээд орилоод байсан. Тэгэхэд манай нөхөр А гэрээс гарч ирж салгаад намайг гэр лүү оруулсан. Удалгүй цагдаа ирсэн. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Б.Ц ыг танина. Б.Ц нь одоо 5 сартай жирэмсэн бөгөөд 2018 оны 08 сарын 17-ны өдөр жирэмсний хяналтандаа үзүүлэхээр ирсэн. Тухайн үед би үзэж байсан. 2018 оны 08 сарын 17-ны өдрийн байдлаар ургийн өсөлт хэвийн байсан. Эхо зургийг нь харахад бас хэвийн өсөлттэй, тонус ихтэй байсан. /хх-16 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 385 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Б.Ц ын биед тархины доргилт, зүүн шуу, мөр, цээжний зүүн хажуу, хэсгийн цус хуралт, зүүн тохион зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-18 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.А “хохирогчийг жирэмсэн болохыг мэдэж байсан” болох нь хохирогч Б.Ц ын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “нуруу руу нь ганц хоёр цохиод бид хоёр үсдэлцээд байж байтал би 3 сартай жирэмсэн гээд орилоод байсан” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг хүндрүүлэх нөхцөл тул Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Ц.А д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Ц.А ыг хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Ц.А ын үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч нь “хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1828000000117 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-32 дугаар хуудас/, Арилжааны банкуудын тодорхойлолт /хх-ийн 33-38 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, /хх-39 дүгээр хуудас/, Ц.А ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-40 дүгээр хуудас/, ял шалгах хуудас /хх-41 дүгээр хуудас/ шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.А цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Түлээч овгийн Цэвэгмэдийн Ц.А ыг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.9-д зааснаар шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ