Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 963

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч П.Д, шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж овгийн Б.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ....... дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.М нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4/1 дүгээр байрны гадна байсан хохирогч Б.Т мотоциклийг хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж мэдүүлэг зүйл байхгүй гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-7/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-14/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-15, 35/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-16-20/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Т хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-39-45/, эд зүйлийн үнэлгээ /хх-51/, автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-53/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.П өгсөн мэдүүлэг /хх-65-66/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-69-70/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-59/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт /хх-58, 60/, ажлын газрын тодорхойлолт /хх-76/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Д Б.М нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4/1 дүгээр байрны гадна байсан хохирогч Б.Т мотоциклийг хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.     

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.М нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4/1 дүгээр байрны гадна байсан хохирогч Б.Т мотоциклийг хулгайлсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Т өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэртээ Фэйсбүүк үзээд сууж байтал миний алдсан "Suzuki GSXR 400” маркийн 44-88 УБ улсын дугаартай мотоциклийг Pvvje Pvvgi гэсэн хуудаснаас зарна гэсэн зар байршуулсан байсан. Тухайн зарын дагуу мессэнжерээр холбогдож худалдаж авах талаар ярилцахад Баруун-хараад байна ирж үзээд ав 2 сая төгрөгөөр зарна гэсэн. Мөн асаалтын төхөөрөмж эвдэрсэн байгаа. Японоос захиад авчирсан байгаа гэсэн. Миний алдсан мотоциклийн моторын хамгаалалтын баг болон шатахууны савыг улбар шар өнгөөр будсан байсан. Тухайн мотоциклийг миний алдсан мотоцикл мөн гэж ямар содон шинж тэмдэгээр таньж байна вэ гэвэл нэгдүгээрт суудлын бүрээсний савхины уранхай, яндан солиогүй, CYCLONE гэсэн бичигтэйгээ хэвээрээ, урд амортизатор мөн хуучин DECA PISTON гэсэн бичигтэй хэвээрээ байгаа мөн бусад тормос гэх зэрэг зүйлс нь хуучнаараа байна лээ нэмэгдсэн юм гэвэл 2 ширхэг толь нэмэгдсэн байсан. Би мотоциклоо танил дүүгээсээ 2017 оны 06 сард 1.700.000 төгрөгөөр хямдхан авч байсан юм одоо 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. Мотоциклоо Төв аймгийн Сүмбэр суманд очиж хүлээж авсан. Миний мотоциклийн өнгийг нь өөрчилсөн, асаалтын реле нь байхгүй болсон, кундактор /асаалтын төхөөрөмж/ нь сольсон байсан, банкны тагийг хөшиж онгойлгосон байсан учраас тагийг солих шаардлагатай учраас хохирлоо төлүүлмээр байна.." гэх мэдүүлэг /хх-н 40-45/,

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.П өгсөн  "... 2017 оны 07 дугаар сард М манайд ирээд мотоцикл үзүүлсэн юм, тэгээд тэр мотоциклийг би авахаар болж сувай үхэр өгч авсан юм. Уг мотоцикл нь анх авчирахдаа асдаггүй, улбар шар өнгөтэй байсан. Мандахбаатар өөрөө хэлэхдээ хар өнгөтэй байсныг улбар шар болгосон гэж хэлж байсан, асаалтын реле нь болохгүй байсан. Би фэйсбүүк ашигладаг. P гэх нэртэй хаягнаас М худалдан авсан мотоциклоо зарна гэсэн зар байршуулсан тэгээд нэг хүн надтай холбогдож байсан хүн нь жинхэнэ эзэн нь байсныг би ирж мотоцикл үзэхэд нь л мэдсэн. Би юнителийн ...... дугаар ашигладаг ба энэ дугаараар холбогдож ирж мотоциклоо авсан. Миний хувьд гомдол саналгүй, хохирлоо бүрэн авсан” гэх мэдүүлэг /хх-н 66/

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Б.М өгсөн  "... 2017 оны 06 дугаар сарын сүүлээр би Жуковт байдаг Сувдан сондор хотхонд барилга дээр ажилладаг байсан юм, нэг өдөр хамт ажилладаг найзынхаа гэр рүү Монел руу очих замдаа Офицерийн тойргийн замын ард байдаг улбар шар өнгөтэй байрны үүдэнд хар өнгийн мотоцикл байсныг харсан, маргааш нь ажил дээрээ очоод Баянзүрхийн товчоо руу явах замдаа дахин нөгөө мотоцикл хуучин байрандаа байсан ба тэгээд би орой 23 цагаас 02 цаг хүртэл харж байсан юм. Тэр хооронд ямар нэгэн хүн гарч ирээгүй. Цаг орой болсон байсан учраас хүний хөдөлгөөн бага болсон байсан учраас би нөгөө мотоциклийг очоод харахад гинжээр бэхэлсэн байсныг арматурын төмрөөр хөшиж тасдаад, кундакторыг нь салгаад асаах гэтэл асахгүй байхаар нь түрээд Кино үйлдвэрт байдаг найз Ш түрээслэдэг байрных нь гадаа байрлуулж тавиад 3 хоносон. Ингээд гурав хоногийн дараа Өгөөмөр техникийн захаас Хятад мотоциклийн кундактор авч сольж тавиад Баянзүрхийн товчоо руу гэр рүүгээ унаад явж байтал замдаа унтарчихсан тэгээд түрээд гэртэй аваачиж тавиад 10-аад хоног байлгаж байгаад портер машин түрээслээд Төв аймгийн Жаргалант суманд У гэдэг айлд аваачиж хүүхэд нь болох П хязаалан сувай үнээгээр зараад, үнээгээ Борнуур суманд дэлгүүр ажиллуулдаг хүнд 750.000 төгрөгөөр худалдаад мөнгөөр нь төрсөн дүү Х сургалтын төлбөрийг хийчихсэн юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /хх-69-70/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20/ , гэмт хэргийн улмаас 1.950.000 төгрөгний хохирол учирсан болохыг тодорхойлсон "Дамно" компаний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 53 /, хохирогч Б.Т алдагдсан мотоциклтой холбоотой баримтуудыг өгснийг хүлээн авсан тухай "Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл" /хх-ийн 66/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 33/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 34/, хохирлын мөнгө болох 1.600.000 төгрөгийг Б.М авч, хохирогч Б.Т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 14-15/, эд мөрийн баримтаар хураан авсан мотоциклийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай "Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл" /хх-ийн 35/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.            

            Шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Т учирсан хохирлыг төлсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.  

            Шүүхээс шүүгдэгч Б.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.    

            Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.