Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 303/ШШ2026/00192

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******гийн *******,

Хариуцагч: *******ийн *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 55,064,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Х.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 55,064,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.******* миний бие Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багт амьдардаг бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 28-нд Х.******* нь өөрийн төрсөн ах, хүргэн нарын хамт Баян-өндөр суманд ирээд ноолуураа зээлээч гэж гуйсан тэр үед манайх ноолуураа өгөхгүй үнэ ханш нь нэмэгдэхээр өгнө одоогоор бидэнд мөнгөний хэрэг байхгүй ноолуураа дарж байгаад үнэд орохоор нь өгнө тухайн үед 1 кг ноолуурын үнэ 150 000 төгрөг байсан, ноолуурын үнэ 200 000 төгрөг хүрч байсан тул энэ үнэд хүрэхээр ноолуураа зарна гэж хэлсэн.

Гэтэл ******* нь танд алдах юм байхгүй ноолуурын чинь мөнгийг өгөхдөө тухайн үеийн ханшаар бодож өгнө та санаа зоволтгүй тухайлбал 2023 оны 5 дугаар сарын 28-нд нэг кг ноолуурын үнэ 140 000 төгрөгөөр, 7 дугаар сарын 28-нд мөнгийг чинь өгвөл нэг кг ноолуурыг 150 000 төгрөгөөр тооцож, 9 дүгээр сарын 28-нд өгвөл 160 000 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 28-нд өгвөл 170 000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 28-нд өгвөл 180 000 төгрөгөөр нэг кг ноолуурыг тооцож ноолуурын үнийг төлнө хамгийн цаад талын хугацаа 2024 оны 5 дугаар сарын 28-нд өгнө нийт 194 кг 800 грамм ноолуурын үнэ 35 064 000 төгрөг болно гээд өөрөө гараараа бичиж өгөөд гуйгаад байсан болохоор 194 кг 800 грамм цагаан ноолуур өгөөд явуулсан. Энэ үед манай бэр Чанцал, хүү Отгонбаяр нар байсан. Үүнээс хойш дахиж манайд ******* нөхөр Батдуламын хамт ирээд 20 000 000 төгрөг хүүтэй зээлээч та хоёр боломжтой хүмүүс дүүдээ туслаач гэж гуйгаад байсан тул ноолуурынхаа мөнгийг аваагүй байсан тул хөгшин бид хоёр зөвшөөрөөгүй явуулсан. Миний хувьд дансаар X. *******д 20 000 000 төгрөг, цагаан ноолуур 1( кг 800 грамм ноолуурын үнэ 35 064 000 төгрөг нийт 55 064 000 төгрөгийг өгсөн т} Х.*******гаас 55 064 000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан ярилцаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 55.064.000 төгрөгийн 5.064.000 төгрөгөөс татгалзаж, 50.000.000 төгрөгийг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хариуцагч талтай тохирч эвлэрлийн гэрээ байгууллаа гээд, эвлэрлийн гэрээ 1 хуудас гаргаж өгч байна гэв.

2.1.Хариуцагч Э.Баттөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч талтай харилцан тохиролцоод нэхэмжлэлийн шаардлагын 55.064.000 төгрөгийн 50.000.000 төгрөгийг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэн гэв.

5. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Зохигч дараах байдлаар тохиролцож байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* би хариуцагч Х.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******тай харилцан тохиролцож нэхэмжилсэн 55,064,000 төгрөгөөс 5,064,000 төгрөгөөс татгалзаж 50,000,000 төгрөгийг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Х.*******д холбогдуулан 55,064,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын 5,064,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Х.******* нь 50,000,000 төгрөгийг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,270 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 203,975  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын 5,064,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Х.******* нь 50,000,000 төгрөгийг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Д.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,270 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 203,975  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Г.БАТЗАЯА