Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2026/ДШМ/01

 

 

 

 

 

 2026        01        28                                         2026/ДШМ/01

 

   Т.Эт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Э.Гэрэлтуяа,

Яллагдагч: Т.Э,

Яллагдагчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,

Нарийн бичгийн дарга: М.Хулан нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/765 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Э.Гэрэлтуяагийн эсэргүүцлээр Т.Эт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ш овогт Т-ын Э, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Т сумын 0 дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор 000 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдаж байсан /регистрийн дугаар 0000/.

Т.Э нь Хөвсгөл аймгийн Т сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0000 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө унтаж байсан хохирогч Б.Бийн нүүр рүү цохиж, биед нь баруун нүдний алимны нэвт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн урагдал, нүд хөдөлгөгч булчингийн урагдал, торлог бүрхүүлийн ховхрол, шиллэг биеийн ховхрол, баруун нүдний хараагүйтэлт бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Мөн Хөвсгөл аймгийн Бсумын нутаг Э гэх газарт 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр улсын дугааргүй Зил-000 загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3,7-ын а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, дүрмийн 10.9-д заасан “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас 000УНЛ улсын дугаартай Субару Аутбек загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зорчин явсан Н.Уын эрүүл мэндэд баруун талын хацар ясны нум, баруун нүдний ухархайн доод ханын далд хугарал, тархи доргилт, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол, Б.Бгийн эрүүл мэндэд гавлын суурь ясны баруун, зүүн жигүүр сэртэн, хоншоор ясны баруун, зүүн хэсэг, хамар яс, хамрын таславч, 2 нүдний ухархайн доод хана, дотор хана, гадна хана, 2 талын гайморын урд, дотор, гадна хана, 2 талын хацрын нум, эрүү, тагнай ясны далд хугарал, баруун гарын богтос ясны далд хугарал, дээд үүдэн баруун 1, 2, 3-р шүд, зүүн 1, 2, 3-р шүднүүдийн булгарал, нүүр, уруул, хүзүү, дээд мөчинд зулгаралт, цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол, Д.Цын эрүүл мэндэд гавлын суурь ясны баруун, зүүн жигүүр сэртэн, хоншоор ясны баруун, зүүн хэсэг, хамар яс, хамрын таславч, баруун, зүүн нүдний, ухархайн доод, дотор, гадна ханын цөмөрсөн, баруун, зүүн хацрын нум, тагнай ясны далд хугарал, сээрний 3, 4, 5, 6-р нугалмын их бие, хөндлөн сэртэн, неврал арк, арын сэртэн хамарсан далд хугарал, цээжний 3-р хавирганы далд хугарал, нүүр, дээд, доод мөчинд цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол, Г.Ггийн эрүүл мэндэд гавлын дух ясны цөмөрсөн далд хугарал, 2 талын нүдний ухархайн дээд, дотор хана, зүүн нүдний хажуу хана, зүүн зулай яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, хатуу хальсны урагдал, баруун, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зулайн хуйх, нүүр, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол, О.Бийн эрүүл мэндэд дух ясны цөмөрсөн ил хугарал, баруун духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн этмойд хөндийд дээд хана 2 нүдний ухархайн дотор болон доод хана, 2 талын гайморын хөндийн урд болон ар хана, хамрын таславч, этмойд хөндийн таславч, суурийн хөндийн урд дээд хана хамарсан нийлмэл хугарал, дух„ баруун хөмсөг хамарсан шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/765 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тын Эт холбогдох эрүүгийн 000 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Т.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гэрэлтуяа эсэргүүцэлдээ “....Шүүгчийн захирамжийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.Үүнд:

Шүүгчийн захирамжийн үндэслэлийн тухайд:

1.Шүүгчийн захирамжид “Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай магадлалаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэж анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. ...Хэрэгт авагдсан 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн гэж үзнэ. Мөн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж зааснаар заавал биелэгдэх шинжтэй тул магадлалд дурдагдсан ажиллагааг хийлгэх шаардлагатай байна...” гэж дурдсан үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч Т.Эийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор “Хөвсгөл аймгийн Т сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0000оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Бийн Бийн баруун нүдний тус газар 2 удаа цохиж, баруун нүдний алимны нэвт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн урагдал, нүд хөдөлгөгч булчингийн урагдал, торлог бүрхүүлийн ховхрол, шиллэг биеийн ховхрол, баруун нүдний хараагүйтэлт бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Дээрх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Берикбол 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дугаартай тогтоолоор “яллагдагч Т.Эийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай” гэж хүндрүүлэн өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Уг тогтоолтой 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагч Т.Э, түүний өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нар танилцсан /1 дүгээр хх-ийн 212 дугаар тал/ байх бөгөөд яллагдагчаар дахин мэдүүлэг авахад “Тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн хэрэг болох үед Бэ босоод сууж байсан, миний урдаас оросоор үг хэлж байсан хүнийг унтаж байсан, биеэ хамгаалах чадваргүй гэж зүйлчлэл өөрчилж байгаатай санал нийлэхгүй байна.” /1 дүгээр хх-ийн 214 дүгээр тал/ гэж мэдүүлсэн байна.

Үүнээс үзэхэд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дугаартай тогтоолоор яллагдагчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн байх ба прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дүгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолоор яллагдагчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөөгүй юм /5 дугаар хавтаст хэргийн 143-144 дүгээр тал/.

Харин прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дүгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолоор “Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас Н.Уын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Б, Д.Ц, Г.Г, О.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан болох нь тогтоогдсон байхад үйлдсэн гэмт хэргийн шинжийг давхардуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа 0000оны 01 дүгээр сарын 01-нээс 02-ны шилжих шөнө байхад зөрүүтэй тусгасан байх тул яллагдагч Т.Эийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд түүнд урьд сонсгосон Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг хөнгөрүүлэн өөрчилж, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж дүгнэв” гэж цаг хугацаа болон утга найруулгын өөрчлөлт оруулсныг хүндрүүлэн өөрчлөлт оруулсан гэж үзэхгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэж заасныг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагаа нь нөхөн гүйцэтгэх мөрдөн шалгах ажиллагаа биш байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдсан ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

2.Шүүгчийн захирамжийн 9 дүгээр талд “Хэрэв Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах ажиллагаа хийсэн бол тэмдэглэл бүхий баримт хэрэгт хавсаргах ёстой. Хэрэгт дээрх баримт байхгүй...” гэж, 10 дугаар талд “...хуульд тодорхой цаг хугацаа заагаагүй тул хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах ажиллагаа хийсэн бол холбогдох баримтыг хэрэгт хавсаргах шаардлагатай” гэж дурдсан нь мөрдөгч, прокурорыг дээрх баримтыг нөхөж үйлдэхийг шаардсан агуулгатай байна.

Шүүгдэгч Т.Эт холбогдох хэрэгт 0000оноос хойш мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба яллагдагч Т.Э нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж, эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хаа байгаа газрыг нь олж тогтоон хэргийг сэргээн прокурорын яллах дүгнэлт үйлдсэн.

Иймд тухайн цаг хугацаанд ажиллаж байсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах тогтоолыг нөхөн үйлдэх боломжгүй.

Үүнээс гадна Улсын дээд шүүхийн тогтоолоор 2023 оны 07 дугаар сараас эхлэн Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах тогтоолыг хэрэгт хавсаргаж байх практик тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.

3.Анхан шатны шүүхээс “Хэрэгт авагдсан мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэлд “24 секундийн дүрс бичлэгийг СД дээр хуулбарлан авахаар тусгасан боловч СД авагдаагүй, энэ нь мөрдөгчөөс хэрэгт нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлийг бий болгож байна” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хүний бие, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан, хэрэг гарсан газарт үзлэг хийнэ” гэж заасан ба мэйл хаягт үзлэг хийж, 24 секундийн дүрс бичлэгийг тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ” гэж зааснаас үзвэл системчлэлийн хувьд нотлох баримтыг бэхжүүлэх үндсэн хэлбэр нь тэмдэглэл бөгөөд хуульд заасан бусад аргаар баримтат мэдээллийг давхар бэхжүүлж болохоор байна. Өөрөөр хэлбэл, эд мөрийн баримтыг тэмдэглэлд тусгаж, бусад аргаар давхар бэхжүүлэх гэсэн дарааллыг баримтлах бөгөөд тэмдэглэл үйлдэхгүйгээр бусад аргыг дангаар хэрэглэхгүй гэж ойлгоно.

Мөн шүүх хуралдаанаар нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулснаар дээрх нотлох баримтыг үнэлэх эсэх, хэрэв үнэлэх боломжгүй гэж үзвэл хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хэргийг шийдвэрлэх боломжтой эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөрдөгч, прокурор нотолбол зохих ажиллагааг бүрэн хийгээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлгүй байх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/765 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж байна, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна.” гэв.

Яллагдагч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хамгийн гол нь хэргийн учрыг үнэн зөвөөр нь шийдээд өгвөл сайн байна. Би худлаа зүйлийг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй.” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Т.Эийг хувийн батлан даалтад гаргаж, хэрэг маргаанаа үнэн зөвөөр шийдвэрлүүлэх боломж олгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр шүүгдэгч Т.Эт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Яллагдагч Т.Э нь Хөвсгөл аймгийн Т сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0000оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө унтаж байсан хохирогч Б.Бийн нүүр рүү цохиж, эрүүл мэндэд нь  хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Хөвсгөл аймгийн Бсумын нутаг Эгэх газарт 0000оны 07 дугаар сарын 14-ний өдөр улсын дугааргүй Зил-131 загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3,7-ын а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, дүрмийн 10.9-д заасан “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас 000УНЛ улсын дугаартай Субару Аутбек загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас хохирогч Н.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Б.Б, Д.Ц, Г.Г, О.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх “...мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй, ...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр яллагдагчид холбогдох хэргийг аймгийн прокурорын газарт буцаасан нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь шүүгчийн захирамжид дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зөрчлийг дахин засуулахаас өөрөөр тогтоох, үнэлэх аргагүй нөхцөл байдлууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлд хамаарах тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна. Тодруулбал:

1.Хөвсгөл аймгийн прокурорын газрын прокурорын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 000 дугаар тогтоолоор Т.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Уг тогтоолд тус прокурорын газрын прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн /тогтоолд тусгаснаар/  1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай.” гэж өөрчилж, яллагдагчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн байх боловч яллагдагчаас дахин мэдүүлэг аваагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2-т заасныг зөрчжээ.

Тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ДШМ/35 дугаар магадлалд дээрх зөрчлийг засах талаар заасан ба магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон атал  магадлалыг биелүүлээгүй хэргийг ирүүлсэн байна.

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 23 дугаар зүйлийн 1-д зааснаар “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.” тул давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2. Мөрдөгч, прокурор нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар “...нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” бөгөөд нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон  журам, шаардлагад нийцүүлэн явуулах   учиртай. Иймд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зөрчлийг засах, дутуу явуулсан ажиллагааг гүйцээх шаардлагатай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.  

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.4 дүгээр зүйлийн 1-д  “Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ.” гэж заасан. “Google gmail хаягт үзлэг хийсэн тэмдэглэлд “дүрс бичлэгийг CD дээр хуулбарлан хэрэгт тусгахаар тогтов” гэж тусгасан атал уг бичлэгийг хуулбарласан эсэх, хэрэгт хавсаргасан эсэх нь тодорхойгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутган дүгнэх үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/765 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Л.ЭРДЭНЭБАТ

                             ШҮҮГЧИД                             Н.БАЯРХҮҮ

                                                                           Б.СОСОРБАРАМ