Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 968

 

                                                                                                             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч А.С, өсвөр насны шүүгдэгч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч Б.О, өсвөр насны шүүгдэгч Л.Л, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Л, тэдгээрийн өмгөөлөгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б овогт Л.Л, ургийн овог тодорхойгүй Б.О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .......... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.        

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

1. Монгол Улсын иргэн, 

2. Монгол Улсын иргэн, 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Өсвөр насны яллагдагч Б.О нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 82 дугаар байрны гадна иргэн Д.Б гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн,

өсвөр насны яллагдагч Л.Л нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.О гэмт хэргийн улмаас олсон гар утсыг бусдад зарж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Л.Л мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй” гэв.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Д.Б өгсөн мэдүүлэг /хх-н 6-7/, насанд хүрээгүй хохирогч Л.Л гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9-10/, насанд хүрээгүй хохирогч Б.О гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12-13/, гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 16/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32-34/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 41-42/, өсвөр насны яллагдагч Л.Л мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 47-48/, өсвөр насны яллагдагч Б.О мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 49-50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 17/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 18, 20/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 19/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 21-22/, нас тоолсон тэмдэглэл /хх-н 23-24/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.С өсвөр насны яллагдагч Б.Оргил нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 82 дугаар байрны гадна иргэн Д.Б гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн,

өсвөр насны яллагдагч Л.Л нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.О гэмт хэргийн улмаас олсон гар утсыг бусдад зарж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.О 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 82 дугаар байрны гадна иргэн Д.Бэхбатын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн,

өсвөр насны шүүгдэгч Л.Л 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч Б.О гэмт хэргийн улмаас олсон гар утсыг бусдад зарж ашигласан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Б өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлын газрын шинэ жилдээ орчихоод маргааш нь 26-ны өдрийн 01 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 82 дугаар байрны гадаа ирээд орцруу орох гэж байхдаа өөрийн ай пфон-6 /I Phone-6/ загварын гар утсаараа ярьж байсан юм. Мөн утсаар ярьж байхдаа нөгөө гараараа орцны код тайлах гэж байсан юм. Тэгтэл араас одоо миний санаж байгаагаар 20 орчим настай залуу ирээд миний утсыг булаагаад зугтаасан. Тэгээд би араас нь хөөсөн боловч нөгөө залууг гүйцээгүй юм. Тэгээд 102 дугаарт залган дуудлага өгсөн. ...Тэгээд байрны жижүүрийн хүүхдийг дуудаж энэ талаар асуухад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Орд худалдааны төвд 50.000 төгрөгөөр зарсан байсан. Тэгээд миний гар утсыг худалдан авсан хүнд 50.000 төгрөгийг нь өгөөд өөрийн гар утсаа буцаан авсан. Өөр ямар нэгэн болсон асуудал байхгүй байна”  гэх мэдүүлэг /хх-н 33-34/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Ө өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Их Орд худалдааны төв дээр байж байхад 16-17 настай 2 эрэгтэй хүүхэд ирээд ай пфон /I phone 6/ загварын гар утас зарна гэж хэлэхээр нь 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд байж байхад 10-аас 15 минутын дараа нөгөө 2 хүүхэд 2 залуутай хамт орж ирсэн. Нөгөө 2 залуугийн нэг нь миний худалдан авсан гар утсыг дээрэмдүүлсэн юм. Энэ 2 хүүхэд өчигдөр орой намайг согтуу байхад дээрэмдсэн гэж хэлэхээр нь утсыг нь буцааж өгч 50.000 төгрөгөө буцаан авсан.” гэх мэдүүлэг  /хх-н 37-38/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Б өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай 82 байрны 13 тоотод оршин суугч нэрийг нь мэдэхгүй залуу миний гар утас руу залгаад өчигдөр шөнө 02 цаг болж байхад гэрлүүгээ орох гэж байхад араас нэг хүүхэд утас аваад зугтаачихлаа ах нь камер шүүлгэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би 82 дугаар байрны хяналтын камер шүүж үзэхэд 2017.12.25-ны өдрөөс 26-ны шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад 82 байрны ертөнцийн зүгээр зүүн талын хяналтын камер дээр тухайн дээрэмдүүлсэн гэх цаг хугацаанд цагаан өнгийн цамцтай залуу гүйгээд явж байгаа харагдсан. Тэгээд тухайн залууг 82 дугаар байрны жижүүрээс асуухад 90а байрны жижүүр Л-н хүү Л гэх хүүхдийн найз нь байна гэж надад хэлсэн. Л эгчид болсон хэргийн талаар хэлээд Л найз гэх хүүхдийн гэрийг заалгаж гэр рүү явж байгаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нарт хороололын далан дээр Л болон түүний найз О нартай тааралдсан. Тэгээд хүнээс булааж авсан гар утсаа яасан бэ гэж асуухад Их Орд худалдааны төв дээр нэг эрэгтэй ахад зарсан гэж хэлэхээр нь Их орд худалдааны төв орж тухайн гар утсыг худалдан авсан хүнд мөнгийг нь өгч гар утсыг нь авсан.” гэх мэдүүлэг  /хх-н 39-40/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 41-42/, гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 16/, шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч нар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, өсвөр насны шүүгдэгч Л.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.   

   Өсвөр насны шүүгдэгч Б.О бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн, өсвөр насны шүүгдэгч Л.Л гэмт хэргийн улмаас олсон гар утсыг зарж ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, өсвөр насна шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.   

Өсвөр насны шүүгдэгч Б.О, Л.Л нар нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.     

Шүүх өсвөр насны шүүгдэгч Б.О, Л.Л нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

             Иймд шүүхээс өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасныг баримтлан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.