Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2026/ДШМ/03

 

 

 

 

 

 

 

 

 2026         01        28                                        2026/ДШМ/03

 

 

Б.Ут холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Б.Ариунсанаа,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: М.Б,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Амаржаргал,

Насанд хүрээгүй хохирогч: М.Ж,

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,

Нарийн бичгийн дарга: М.Хулан нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/347 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Бын давж заалдах гомдлоор Б.Ут холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, “О” овогт Бын У, 000 оны 000 дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Х сумын 0 дугаар багийн 00 тоотод оршин суух, бүртгэлтэй, ял шийтгэлгүй /000 /.

Б.У нь 000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймгийн Х сумын 0 дугаар баг 000 тоот хашааны гадна талд насанд хүрээгүй хохирогч М.Жыг “хэлээ гаргаж, салаавч гаргасан” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн хэсэгт гараараа 1 удаа, мөн газарт унасан хойно нь нүүрэн хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөж улмаар биед нь хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/347 дугаар шийтгэх тогтоолоор Өсвөр насны шүүгдэгч О овогт Бын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Уыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгч Б.Ут хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ут авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хөвсгөл аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт, хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг М.Б нарт тус тус даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.У, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч М.Б нараас эрүүл мэндэд учирсан хохирол 1,172,000 (нэг сая нэг зуун далан хоёр мянга) төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 10,296,000 төгрөг, нийт 11,468,000 (арван нэгэн сая дөрвөн зуун жаран найман мянга) төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч М.Жт олгож, Эрүүгийн 000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч М.Ж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Онар нь замын зардал 2,028,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар өсвөр насны шүүгдэгч Б.У, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч М.Б нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Б давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаарт заасныг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Б.Уын хууль ёсны төлөөлөгч М.Б би дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: Анхан шатны шүүх тогтоолд дүгнэхдээ “...Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ ЕГ0825/3058 дугаартай дүгнэлтээр “М.Жын сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүхээс “хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шууд тогтоох боломжгүй юм...” гэж дүгнэсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж энэхүү давж заалдах гомдол гаргаж байна.

Өөрөөр хэлбэл дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүйгээр дан ганц шинжээчийн дүгнэлтэд үндэслэж шийдсэнд гомдолтой байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч гэх хүү Жын буруутай үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, бусдыг доромжилсон үг хэллэг ашигласан, гудамж талбайд шүлсээрээ нулимсан, салаавч гаргасан гэх байдлаас шалтгаалж уг гэмт хэрэг гарах шалтгаан болсонд шүүх огт дүгнэлт хийсэнгүй.

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоосон л бол уг дүгнэлт ганцаараа үнэн зөв байна, хэрэгт авагдсан бусад баримтууд нь сэтгэцийн хор уршгийн хэмжээг тогтооход нөлөөлөхгүй гэж дүгнээд байгаа нь шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэт, нягт нямбай, бодит байдлаар нь хянаж дүгнэсэнгүй гэж үзэж байна.

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 3.8-д зааснаас үзэхэд шүүхийн дээрх дүгнэлт үгүйсгэгдэж байна. Уг заалтаас үзэхэд дан ганц шинжээчийн дүгнэлтэд үндэслэхгүй олон олон хүчин зүйлүүдийг харгалзан үзэж нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож шийдвэрлэхээр заасан байна. Үүнд: ...шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, хохирогчийн гэм буруугийн байдал, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж байж шийдвэрлэхээр заасан байхад дан ганц шинжээчийн дүгнэлтийг онцгойлон үнэн зөв, эргэлзээгүй байна гэж дүгнэсэн нь хууль журам, тогтоолд нийцэхгүй байна.

Мөн хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг буюу аргачлалын 2 дугаарт зэрэглэлээр хохирлыг нөхөн тооцох боломжтой байхад хүний биед үүссэн хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн зэрэглэлээр тодорхойлох болсон үндэслэл шалтгааныг тогтоолд үндэслэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн уг жишиг аргачлалд баримтлах зарчим бол хохирогч өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй байх, нөхөн төлбөрийн хэмжээг шударга үндэслэл бүхий тогтоох, хохирол, нөхөн төлбөр боломжит түвшинд буюу хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдлыг хангах зарчим хэрэгжээгүйд гомдолтой байна.

Бид хүүгээ өмөөрөөгүй ээ, хүүгийн минь буруутай байдлаас бусдын хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсанд ч гэсэн маш их харамсаж, дахин дахин уучлал гуйж байгааг минь хүлээн авна уу. Бид эрүүл мэндийн санд учирсан эмчилгээний төлбөрийг төлж барагдуулсан. Эмчилгээтэй холбоотой зардлыг төлнө.

Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...анхан шатны шүүийн хохирлын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэж байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хүүгийнхээ үйлдсэн гэмт хэргийг бол хүлээн зөвшөөрч маргаагүй байгаа. Харин хохирлын асуудал дээр жаахан гомдолтой байгаа тул үүнийг багасгаж өгнө үү гэж гомдол гаргасан...” гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.4-т зааснаарэрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” нөхцөл байдлыг дүгнэж шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч: М.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...намайг зүгээр байхад зодсон бөгөөд би шүдний аппараттай тул байнга шүлс гоожиж байдаг. Зодуулснаас болоод миний толгой байнга өвдөж, нойр хүрэхгүй болсон ба хохирлоо гаргуулж авна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан гэж бодож байна...” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолд заасны дагуу холбогдох байгууллага нь хохирлыг тооцож гаргасан ба хохирогчийн өвчин зовиур бүрэн идгээгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “...У нь 000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймгийн Х сумын 0 дугаар баг 00 тоот хашааны гадна талд насанд хүрээгүй хохирогч М.Жыг “хэлээ гаргаж, салаавч гаргасан” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн хэсэгт гараараа 1 удаа, мөн газарт унасан хойно нь нүүрэн хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөж улмаар биед нь хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд  холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцээд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Мөн шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хор уршгийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

3. Өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч М.Б нар нь гэмт хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

4. Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Бын гаргасан “...шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, хохирогчийн гэм буруугийн байдал, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж байж шийдвэрлэхээр заасан байхад дан ганц шинжээчийн дүгнэлтийг онцгойлон үнэн зөв, эргэлзээгүй байна гэж дүгнэсэн нь хууль журам, тогтоолд нийцэхгүй байна...” гэх агуулга бүхий гомдлын тухайд:

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршгийг арилгуулах зорилгоор өсвөр насны шүүгдэгч Б.У, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч М.Б нараас эрүүл мэндэд учирсан хохирол 1,172,000 (нэг сая нэг зуун далан хоёр мянга) төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 10,296,000 төгрөг, нийт 11,468,000 (арван нэгэн сая дөрвөн зуун жаран найман мянга) төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгч, холбогдох хууль, журмын зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь: Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д “Шүүх шинжилгээний байгууллага нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ. 2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ ЕГ0825/3058 дугаартай: “...М.Жын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна....” гэх дүгнэлт гарсан байна /хх-н 170-172 тал/.

Шүүх энэхүү дүгнэлтийг үндэслэж, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмыг баримтлан хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг 10,296,000 төгрөгөөр тогтоосныг буруутган дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Иймд сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар хүлээх үүрэгтэй тул өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/347 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,       2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Н.БАЯРХҮҮ

                                      ШҮҮГЧИД                                 Б.СОСОРБАРАМ

                                                                                     Л.ЭРДЭНЭБАТ