| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 172/2018/0136/Э |
| Дугаар | 151 |
| Огноо | 2018-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 151
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Т.А ,
Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тайжууд овогт Т.А д холбогдох эрүүгийн 1828000000118 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.А нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 7 дугаар баг, *******ын 6-13 тоотод У.Г гийн толгойн тус газар цохиж зодон түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.А нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Т.А д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Т.А нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 7 дугаар баг, *******ын 6-13 тоотод У.Г “хамтдаа явсангүй гэж хардан” толгой, хацар, хамар тус газар цохиж тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал учруулж зодсон учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.А гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоосон байна. Үүнд:
Эрүүгийн 1828000000118 дугаартай хэргээс:
Хохирогч У.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 08 сарын 03 ны өглөө би гэртээ байж байхад Т.А гэрт ирээд ******* явах уу гэж асуусан. Тэгэхээр нь явахгүй гэхэд уулзъя гэж хэлсэн. Тэгхээр нь гарч очиход Т.А өөрийн машинтайгаа явж байсан. Тэгээд дэлгүүр ороод нэг шил Ерөөл архи авсан жижиг шилтэй архи байсан. Хэдэн граммтай талаар нь мэдэхгүй байна. Архи аваад ******* 06-13 тоот гэртээ очсон. Гэрийнхээ хажуу талын хашаанд машинаа оруулж зогсоогоод машин дотроо дэлгүүрээс авсан архийг уусан. Надад нэг удаа өгөхөд би уухгүй гэхэд уучих гэсээр байгаад нэг балгуулсан. Бусад архийг нь өөрөө уусан. Машин дотор Т.А ганцаараа архи уугаад жоохон согтоод ирсэн. Тэгээд найзтайгаа хардаад миний өөдөөс уурлаад байсан. Тэгхээр нь би өөдөөс нь уурлаад хэрэлдэхэд Т.А шууд миний зүүн талын хацар руу алгадсан. Мөн хамар руу гараараа цохиод үснээс зулгаагаад толгой руу тохойгоороо цохиод байсан. Тэгээд дахиж миний хамар руу гараараа цохьсон тэгэхэд миний хамарнаас цус гарсан. Цусаа тогтоох гээд угаахад Т.А намайг зодохоо больсон. Тэндээс Т.А бид хоёр тэдний гэр рүү ороход миний хамар болон нүд хавдсан байсан. Тэгэхэд хавдраа арилгачихаад гэрлүүгээ яв гэж хэлсэн учир Т.А ын гэрт хавдар болон нүдний хөхийг арилгах гэж 3-хонож байгаад Т.А намайг гэрт хүргэж өгсөн.10-11 /хх-10-11 дүгээр хуудас/,
Яллагдагч Т.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 08 сарын 03-ны өглөө 09 цагийн үед байхаа Өмнөговь аймгийн ******* сум руу явах гээд У.Г гэх найзтайгаа уулзаад хамт явах уу гэж асуухад явахгүй гэхээр нь тэгвэл явахаа болиод хамт архи уух уу гэж асуухад би ч нээх уухгүй гэж хэлэхээр нь дэлгүүрээс Ерөөл 0,5 литр архи нэг шилийг аваад *******ын 06-13 тоот хашаанд машинаа оруулж үлдээгээд ******* 06-13 тоотод байрлах гэрлүүгээ У.Г тай хамт орсон. Гэрт ороод бид хоёр авч очсон архиа задлаад уусан. У.Г бараг архи уугаагүй. Би тухайн архины ихэнхийг нь уусан. Тэгээд согтоод унтаад өгсөн байсан. Орой 19 цагийн үед сэрэхэд У.Г хажууд унтаж байхаар нь сэрээгээд чи яваагүй юу хийж байгаа юм гэхэд чи миний нүдрүү цохьсон гэж хэлж байсан. Тухайн үед У.Г гийн баруун талын нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд нүдний хөх арилгаж байж явна гэж У.Г хэлсэн. Манай гэрт бид хоёр У.Г гийн нүдний хөхийг арилгах гэж 3-хоносон. Тэгэхэд У.Г гийн нүдний хөх нь бүдгэрэхээр нь би гэрт нь хүргэж өгсөн. /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 383 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. У.Г гийн биед тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруу хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-17 дугаар хуудас/,
Хохирогч У.Г гийн амбулаторриор эмчлүүлэгсдийн картны хуулбар /хх-32-34 дүгээр хуудас/
Шүүгдэгч Т.А ын шууд санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шудрага ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн 1828000000118 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Арилжааны банкуудын тодорхойлолт /хх-ийн 25-30 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-35 дүгээр хуудас/, шүүгдэгч Т.А ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-36 дугаар хуудас/, 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-37-38 дугаар хуудас/, 2010 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-39-40 дүгээр хуудас/, 2014 оны 07 сарын 02-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-41-44 дүгээр хуудас/, ял шийтгэлийг шалгах хуудас /хх-45 дугаар хуудас/ шинжлэн судлав.
Хохирогч У.Г эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг төлөх төлбөр хохиролгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.А д 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Шүүгчийн захирамжаар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон байх ба түүний цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайжууд овгийн Т.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А ын цагдан хоригдсон 7 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас хасч тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.А нь төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шйдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул цагдан хорихоос суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ