Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2026/ДШМ/99

 

2026           01           21                                                                                       2026/ДШМ/99

 

 

Г.Ө-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ариунзул,

хохирогч Т.У-, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг,

шүүгдэгч Г.Ө-, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2434 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ө-гийн өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Ө-д холбогдох эрүүгийн 2305 03562 1342 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Г-гийн Ө-, .........., эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:Г-).

Шүүгдэгч Г.Ө- нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г-” төвийн 318 тоотод хохирогч Т.У-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан гар руу нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Ө-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг гурав сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг  хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ө-гийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтууд хөдөлбөргүй тогтоогдсон эсэхэд дүгнэлт хийгээд нотлох баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.Ө- нь хохирогчийн гарыг цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл эргэлзээтэй баримтууд хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн. Тухайн үед үйл явдлыг харсан гэрч Я- гэх этгээд хэргийн 35 дугаар талд гэрчийн мэдүүлэг өгсөн. Мэдүүлэгтээ хохирогч Т.У-ийн гар руу цохисон үйлдэл огт болоогүй талаар тодорхой мэдүүлсэн. Гэрч Я-гийн хувьд шүүгдэгч, хохирогч нарыг маргалдаж байхад хажууд нь байсан гэрч учраас хэргийн бодит байдлыг бодитой мэдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт нотолгооны өндөр ач холбогдолтой гэрч гэж үзэж байна. Гэрчийн мэдүүлэг ач холбогдол бүхий нотлох баримт болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой заасан. Энэ хэрэгт үндэслэл бүхий эргэлзээ үүсгэж байгаа нэг зүйл нь шинжээч А-ын мэдүүлэг байдаг. Шинжээч А- хэргийн 99 дүгээр талд мэдүүлэг өгөхдөө хохирогчийн биед учирсан хагас мултрал гэх гэмтэл нь дарах, мушгих үед үүсэх боломжтой, энэ үйлдлийг өөрийн эсхүл бусдын үйлдлээр үүсгэх боломжтой, мөн өөрөө хүн түлхэх үед үүсэх боломжтой гэж мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ мэдүүлгээс харахад цохих үед энэ гэмтэл учрах боломжтой гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй. Тиймээс хэрэгт авагдсан баримтууд болох гэрч Я-гийн мэдүүлэг, шинжээч А-ын мэдүүлгээр гэмт хэрэг үгүйсгэгдэж байна. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Энэ гэмт хэргийн тухайд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өмнө нь нэг удаа ирж байсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын хүрээнд яллагдагчаар татсан эсэхэд дүгнэлт хийх тухай тодорхой заасан. Өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацааны дотор явагдаагүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаас харахад Г.Ө-г хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас нэг  хоногийн өмнө эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол гарсан байдаг. 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цагт яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсан баримт хэрэгт авагдсан. Үүнээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацааны дотор явагдаагүй байна. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тодорхой дүгнэлтийг шүүх хийж өгнө үү гэж хүсэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар үндэслэл бүхий эргэлзээ байна. Хэрвээ эргэлзээ байгаа бол хэрхэн шийдвэрлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой заасан. Тиймээс гэм буруугүйд тооцох зарчмыг үндэслээд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Ө- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогчийн биед огт хүрээгүй. Тухайн өдөр ашиглалтын зардлаас болж маргаан гарсан. Би өөрийнхөө өрөөнд ороод уйлаад сууж байсан. Миний нуруу хорсоод байсан. Хоёр цагдаа орж ирсэн. Надад та хүн зодсон байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би өөрийнхөө нурууг үзүүлээд би өөрөө зодуулсан гэж хэлсэн. Би хохирогчийн биед огт гар хүрээгүй. Өөрөө өрөөндөө дуудаж оруулаад бичлэг хийсэн. Би хоёр гурван жилийн хугацаанд энэ хүнийг өгөх бүх газар нь өгч байна. Миний хувьд албан тушаалаа хохирогч ашиглаад байгаа юм шиг санагдаж байна. Намайг байнга дарангуйлаад загнадаг байсан. Хохирогч өрөөндөө тамхи татаж оффист байх ёсгүй үйлдэл гаргадаг. Би хуулийн хүн ийм зантай байдаг юм байхдаа гэж боддог байсан. Янз янзаар хэлүүлдэг. Миний ээжийг гэрч байх боломжгүй гэж үзсэн учраас энэ хэрэг ингэж шийдэгдсэн. Байцаагч нар хохирогчийг хүний биед гэмтэл учруулсан гэж үзээд зөрчлийн хэрэг нээгдээд шалгагдаж байгаа. Би өөрийгөө хохирогч гэж бодож байтал гэнэт би буруутан болж байна. Энэ хохирогчийг олон хүнийг ингэж шударга биш байдлаар хэрэгт унагаасан байх гэж бодож байна. Хуулийн хүмүүсийг шударга байх ёстой гэж боддог. Би өмнө нь огт хүнтэй муудалцаж байгаагүй. Архи, тамхи огт хэрэглэдэггүй, ямар нэгэн зөрчилд холбогдож байгаагүй. Хүмүүст эрүүл амьдралын хэв маягийг түгээдэг. Миний хувьд одоогийн байдлаар ажилгүй байгаа, сэтгэл санааны хувьд хүнд байна. Шударга бус зүйл гэж байдаг юм байна гэдгийг энэ хэргээс харж байна. Би хохирогчийн биед хүрээгүй. Өөрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

Хохирогч Т.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг би хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг. Энэ хэрэг өдийд шийдэгдэх хугацаа нь өнгөрсөн. Би хэдийгээр хуульч боловч хүн шүү дээ. Өмгөөлөгч зодчихоод байхад миний ажил мэргэжилд нөлөөлдөг учраас энэ хэрэг шийдэгдэлгүй өнөөдрийг хүрсэн. Магадгүй би нярав, нягтлангийн ажил эрхэлдэг байсан бол хохирогчоор тогтоогдоод шийдэгдчих ёстой байсан. Шүүгдэгчийн зүгээс миний хувийн байдалд халдсаар ирсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд ч энэ талаар тайлбар хэлж байна. Би тухайн өрөөний зардлыг төлөх ёсгүй. Бид үнэ төлбөргүй 5 жил тухайн өрөөнд суух ёстой. Гэтэл энэ мөнгийг буюу ашиглалтын зардлыг яаж авдгийг чи хараарай гэж хэлээд байнга шаарддаг. Их ичмээр байдалд шаарддаг байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч намайг цохисон гэх үйлдэл хангалттай тогтоогдоогүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн, хөдөлбөргүй баримт байхгүй, эргэлзээтэй гэж тайлбарлаж байна. Гэтэл хэрэгт надад хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлгүүд бий. Би хохирогчийн мэдүүлэгтээ шүүгдэгч Г.Ө- намайг цохисон талаар мэдүүлсэн. 2023 он надад их хүнд жил байсан. 2023 оны 01 дүгээр сард би өөрийн ханиа алдсан. Гэтэл шүүгдэгч нөхөр чинь үхсэн бол хохь чинь, мөнгөө өг гэж хэлээд над руу дайраад байдаг байсан. Дараа нь би өөрөө өвдсөн, миний охин хавдартай байхад шүүгдэгч намайг миний өрөөнд орж ирээд доромжлоод байсан. Шүүгдэгчийн талаас гаргасан давж заалдах гомдол миний хохирогчоор өгсөн мэдүүлгээр няцаагддаг. Би анхнаасаа үйл баримтын талаар мэдүүлсээр ирсэн. Мөн гэрч Баасансүрэнгийн мэдүүлгээр няцаагдана. Би тухайн өдөр 16 цагт Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралтай байсан. Маргаан 16 цаг 30 минутад болсон байдаг. Шинжээчийн дүгнэлтээр болон сиди бичлэг, фото зургуудаар хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл эдгээр баримтуудаар гэмтэл хэнд, хэзээ, хэрхэн учирсан бэ гэх үйл баримт тогтоогдож байгаа. Шүүгдэгч талаас Я- гэх гэрчийн тухай ярьж байна. Уг гэрч нь маргаан болоход хажууд байсан цорын ганц гэрч гэдэг нь үнэн. Шүүгдэгч миний гарыг цохисон, гар шууд хавдчихдаг юм байна лээ. Бандайгаад ирэхээр нь би чи эрүүл үү, гар хугалаад хаячихлаа шүү дээ гэж өөрт нь хэлж байсан. Я- гуай үүнийг харсан боловч Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлсэн. Хууль сануулсан боловч шүүгдэгчийн ээж учраас цохиж, зодоогүй гэх зүйлийг мэдүүлээд байгаа. Шинжээчийн дүгнэлтэд дарах, мушгих, түлхэх үед гэмтэл үүснэ гэж дүгнэсэн. Би Г.Ө-г миний хурууг дарсан гэж огт мэдүүлээгүй. Мөн мушгисан гэж огт мэдүүлээгүй. Дараалал байгаа. Өмнөх шүүхийн магадлал дээр энэ талаар бичсэн байсан. Тухайлбал би шүүгдэгчийг түлхээд гаргахдаа өөрийнхөө гарыг гэмтээсэн юм шиг бичсэн байсан. Гэтэл бодит байдал дээр шүүгдэгч миний гарыг цохисон. Би гаргахдаа зүүн гараараа гаргасан, хэрэгт авагдсан баримтаар энэ үйлдэл тогтоогдож байгаа. Би шүүгдэгчид зодуулж, доромжлуулаад хамгийн сүүлд өрөөнөөс гаргахаар түлхсэн. Шүүгдэгч өрөөнөөс гарахгүй гээд зуураад байсан. Тэгэхээр нь би зүүн гараараа гаргах гэж байгаад нуруун дээр нь 0,3-2 см зулгаралтыг үүсгэсэн. Гэтэл хэрэгт шал өөр зураг өгөөд байна. Түүнийгээ мушгиж тайлбарлаад намайг өөрөө гараа гэмтээсэн мэтээр ярьж байна. Гэтэл хэрэгт тийм баримт байхгүй, үндэслэлгүй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсангүй гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл бүх ажиллагаа хийгдсэн, өөрөөр хэлбэл бүх баримтууд бүрдсэн, зөвхөн шинжээч А-аас гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан тайлбар дүгнэлт авна гээд хүлээгдээд байсан. Учир нь шинжээч  ээлжийн амралтаа авсан байсан тул 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлэг авсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч Т.У-ийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай тогтоосон. Шүүх хуралдаан өглөөнөөс оройг хүртэл үргэлжлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хувьд үндэслэлгүй байна. А- шинжээчийн дүгнэлтэд бусад байдлаар энэ гэмтэл үүсэх боломжтой гэж дүгнэсэн. Үүнийгээ тайлбар дээрээ ч хэлдэг. Үүнийг шүүгдэгчийн өмгөөлөгч өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Яллагдагчаар татсан тогтоол хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Прокуророос 09 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар татсан байдаг. Энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Энэ хэрэг нь 09 дүгээр сарын 21-ний өдөр үйлдэгдсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08 цагийн үед гэж тайлбарладаг, энэ нь үндэслэлгүй байна. Гэрч Я-тай холбоотой асуудлын талаар миний үйлчлүүлэгч хангалттай тайлбарлалаа. Үүн дээр үйл баримтууд няцаагддаг. Хохирогч Т.У-ээс хэрэг хэрхэн болсон талаар мэдүүлэхдээ мэдүүлгийн эх сурвалжаа зааж мэдүүлсэн. Анх гомдол гаргахдаа ч хэрхэн яаж цохисон талаараа тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Г.А- тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч хохирогчийг цохисон нь хангалттай тогтоогдоогүй гэж маргаж байна. Гэвч хэргийн үйл баримт, хохирогчийн удаа дараа өгсөн эх сурвалжаа заасан мэдүүлгүүдээр тогтоогддог. Хэрэгт авагдсан гар утсанд хийсэн бичлэгээр үйл баримт  тогтоогддог. Шүүгдэгч биед нь хүрээгүй гэж тайлбарладаг боловч шүүгдэгч тухайн гар утасны бичлэг дээр хувцсаа тайлаад, өмсөөд гүйж байгаа нь бичигдсэн байдаг. Энэ баримтын талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцсэн. Гэрч Я-гийн талаар шүүгдэгч тайлбар хэлж байна. Энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дэлгэрэнгүй дурдсан. Гэрч Я-гаас хууль сануулж мэдүүлэг авахад шүүгдэгч хохирогчийн биед огт хүрээгүй гэж мэдүүлдэг. Гэвч гар утсаар бичсэн бичлэг дээрээс үйл баримт тодорхой харагддаг. Энэ нь гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байгаа гэх нөхцөл байдлыг баталж байна. Мөн шүүгдэгч талаас шинжээчийн тайлбартай холбоотой асуудлыг ярьж байна. Ганц шинжээчийн тайлбараар хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь хавтаст хэрэг хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, гар утасны бичлэг зэрэг нотлох баримтууд цугларсан. Эдгээрийг анхан шатны шүүхээс харьцуулан судлан дүгнэж байж дүгнэлтээ хийж шийдвэрээ гаргасан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч шүүх хуралдаанд биед нь огт хүрээгүй гэж тайлбарласан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн талаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгчийн өмгөөлөгч хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал ярьж байна. Хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлээд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэлх хугацааг ойлгоно гэж заасан. Энэ талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дэлгэрэнгүй тайлбарласан байсан. 09 дүгээр сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Гэмт хэрэг үйлдсэн 1 жилийн хугацааны дотор яллагдагчаар татсан учраас хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал яригдахгүй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Г.Ө-г 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г-” төвийн 318 тоотод хохирогч Т.У-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан гар руу нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Ө-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Энэ хэрэгт, хэргийн үйл явдлыг сэргээн тогтоож, оролцогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд:

Хохирогч Т.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өгсөн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ...14:00 цагийн орчимд “Г-”-гийн 318 тоот өрөөндөө байхад Ө- надад үзүүлэхээр цэнхэр дэвтэр авч орж ирсэн. Би Ө-г ашиглалтын зардал шаардах эрхтэй гэсэн баримтаа үзүүлчих гэсэн. ...Г- ХХК-ийн захирал Бадамханд бид хоёрын хооронд өмчлөх эрхийн маргаан үүссэн байгаа учраас энэ маргааныг дуустал би төлбөр төлөхгүй гэж хэлэхэд яаж авдгийг хараарай, ээжээ, ээжээ энэ намайг хуулиар далайлгаж шоронд хийнэ гэнээ гэж хэлээд ээжийгээ аваад ирсэн. ...ээж нь орж ирээд надтай юм яриагүй. ...чи 8 сард төлбөрөө өгнө гэсэн биз дээ нөхөр чинь үхсэн нь хохь чинь гэж хэлэхээр нь би босоод “үхэл хагацал хэнд ч ирдэг юм, чи өрөөнөөс гар” гэсэн чинь “мөнгөө авч байж гарна” гээд хоёр удаа цамцаа тайлж цээж нүцгэлсэн. Цамцаа тайлаад гарахгүй гэж байхдаа миний баруун гар руу цохисон, тэгэхээр нь би гар хугалчихлаа шүү дээ, гар гээд өөрийнх нь гараас зулгаасан. ...мөнгөө өгөхгүй гээд байна гэж орилоод байхаар нь би зүүн гараараа цамцнаас нь түлхээд гаргасан. Дахиад цамцаа тайлсан чинь ээж нь чи хүүхдийн нуруу маажсан байна гэхээр нь би тийм байна, сая гаргах гээд зулгаахад маажигдсан байна, танай хүүхэд миний гарыг хугалчихсан байна шүү дээ гэж хэлсэн чинь ээж нь охиндоо хандаж одоо эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэгээд би өрөөндөө ороод цагдаа дуудсан. Миний эрхий хуруу шууд хавдсан. ...Чи өрөөнөөс гар гээд бугуйнаас нь бариад гаргах гээд зулгаатал миний гарыг түлхэж байх явцад миний гар руу цохиод удалгүй хавдахаар нь би “чи яасан тэнэг хог бэ, гар хугалчихлаа гэж хэлээд цамцаа тайлж байхдаа өрөөнөөс гарахгүй байсан болохоор би түлхээд зүүн гарынхаа хоёр хумсыг хугалаад гаргахад коридорт цамцаа тайлчихсан, өрөө рүүгээ гүйхэд нь бичлэг хийсэн чинь гүйж байхдаа цамцаа өмсөж байсан. ...” /1хх 80-82/,

2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “... Чи өрөөнөөс гар гээд бугуйнаас нь бариад гаргах гээд зулгаатал миний гарыг түлхэж байх явцад миний гар руу цохиод удалгүй хавдахаар нь би “чи яасан тэнэг хог бэ гар хугалчихлаа” гэж хэлээд цамцаа тайлж байхдаа өрөөнөөс гарахгүй байсан болохоор би түлхээд зүүн гарынхаа хоёр хумсыг хугалаад гаргахад коридорт цамцаа тайлчихсан, өрөө рүүгээ гүйхэд нь бичлэг хийсэн чинь гүйж байхдаа цамцаа өмссөн. ...” /1хх 86-87/,

2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “... Ө-г баруун гараараа гаргах гээд түлхэх үед намайг цохиод миний баруун гарын эрхий хуруу тулж гэмтсэн. ...” /1хх 117-118/,

2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд “... намайг ажлын ширээндээ сууж байхад Ө- гал тогооны хэсгийн ойролцоо зогсон “чиний нөхөр үхсэн чинь хэнд ямар хамаатай юм, хохь чинь” гэж хэлэхээр нь гэнэт миний уур хүрч Ө-д “миний өрөөнд орж ирж танхайрдаг чи хэн бэ, миний өрөөнөөс гар” гэж түлхэхэд Ө- гал тогооны бариулаас зууран 3 удаа цамцаа тайлж өмсөн нүцгэлсэн. Ө- гарч яваад Я- гуайг дуудаж авчиран “энэ өгөхгүй гэж байна, яаж авахыг хараарай” гэж дайраад байхаар нь гаргахаар түлхсэн, Ө- миний гар руу цохиод миний гар хугарсан. ...Ө-г өрөөнөөс татаж зулгаан гаргасан. Тухайн үед миний гар хугарсан гэж бодсон. Долоовор болон дунд хурууны хумс хугарсан. Ө-г нэг гараараа дийлэхгүй хоёр гараараа түлхэн гаргах үед Ө- нимгэн цамцаа өмсөөгүй байсан болохоор нурууг нь самардсанаа хүлээн зөвшөөрч байна. ... /1хх 165 ард талд/ ...Ө- гаргахгүй гэж гал тогооны хэсгээс барьж цонхны тавцангийн тэнд зогсож байхдаа намайг цохисон, нүүр рүү цохих гэхээр нь гараараа хаасан. ...” /1хх 166 ар талд/,

2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд “...Манай өрөөнд тухайн маргаан 30 минут үргэлжилсэн. ...би шүүгдэгчийг хөөж гаргахад намайг цохисон. ...шүүгдэгчийг өрөөнөөсөө гаргах гэж байхад Г.Ө- хоёр гараараа хөргөгч, цонхны тавцан хоёроос бариад гарахгүй байсан. ...Би ташаагаараа шүүгдэгчийг өрөөнөөсөө гаргаж байхад ээж нь хамт байсан. ...Цохингуут миний гар шууд хавдсан. Миний гар хугарчихлаа гэж Ө- болон түүний ээжид хэлсэн, би зүүн гараараа түлхсэн.  /1хх 221 ард талд, 222/,

2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд “... Би гар чи гээд хэлэхэд намайг цохисон. Би гараараа нүүрээ хаахад миний гарыг цохисон. ...Зүүн гараараа түлхэхэд дийлэхгүй байсан. Зүүн гарын хумс хугараад зулгааж байгаад арай гэж өрөөнөөсөө гаргасан.” /2хх 58 ард талд/,

гэрч Э.Баасансүрэнгийн: “... 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цагаас Т.У- өмгөөлөгчтэй ...ярьсан чинь эгч нь очиж чадахааргүй юм шиг байна, гараа хугалчихлаа гэсэн. ...Грейс төв дотор гарынхаа зургийг авхуулж байна гэсэн. Би тус төвийн 2 давхарт гарахад У- өмгөөлөгч...ашиглалтын зардлаас хүнтэй маргасан гэж хэлсэн. ...” /1хх 95-96/,

гэрч С.Я-гийн: “...У- тамхи татаж байснаа тамхиа унтраагаад манай охин Ө-г гар гээд шууд хөөгөөд гаргасан. Тэгэхэд Ө-гийн нуруунаас түлхэж гаргасан. ...би араас нь дагаад гарсан. Манай охин уйлаад миний нуруу хорсоод байна гээд надад харуулахад нурууны хэсэгт нь маажуулаад цус гарсан байдалтай байсан. Нуруун дээр нь маажуулсан гүн шархтай, баруун гарын эрхий хурууны орчимд гүн шархтай, бусад хуруунууд нь тойрог маягаар маажигдсан шархтай байсан. Тухайн үед Ө- нь хохирогч Т.У-ийн гар руу цохих процесс болоогүй. Миний харснаар Т.У- нь миний охин Г.Ө-гийн араас нурууг нь баруун гараараа түлхэж гаргасан. ... /1хх 192-194/,

гэрч О.Ариунбилэгийн “...2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажил дээрээ сууж байтал гэнэт хоёр цагдаа ороод ирсэн. ...Т.У- өмгөөлөгч бууж ирэхдээ маш уурлаж бухимдсан байдалтай байсан. ...Тэгэхдээ надад Г.Ө-г өрөөнөөс гаргах гэж байгаад нуруунаас нь базчихсан юм шиг байна, тэгээд цагдаа шүүх болж байх шиг байна гэж хэлж байсан. Одоо миний санаж байгаагаар надад нэг гарынхаа хурууг харуулаад миний хумс хугарчихлаа гэж хэлж байсан. Ямартай ч утга нь хумсаа хугартал муудалцлаа гэсэн утгатай зүйл ярихаар нь сонсоод байсан чинь сүүлдээ над руу уураа гаргаад хашхичаад нүүр ам нь минчийж улайгаад орилоод байхаар нь ...та нарын асуудал надад ямар хамаатай юм бэ, ядаргаатай юм бэ хэрэгтэй, хэрэггүй юм ярьдаг юм бэ гэсэн. ...Хэсэг хугацааны дараа Г.Ө- бууж ирэхдээ ...ус цахилгаан дулаан цэвэрлэгээний мөнгөө нэхсэн чинь өгөхгүй гээд муудалцаад зодуулчихлаа, энэ хар даа гээд цамцаа тайлж нуруугаа харуулахад нурууны далны хэсэгт маажуулсан хумсны сорви, нэлээн гүнзгий орсон нэг шархтай, нурууны хэсэгт гүнзгий хавдсан шархтай байсан. ...” /1хх 197-199/,

яллагдагчаар Г.Ө-гийн өгсөн “...Г- ХХК-ийн барилгын 3 давхарт 11 өрөөний нийт 7 өмчлөгчтэй. Би тухайн байрлалд 2019 оны 8 сараас хойш өрөө түрээсэлдэг болсон. 13 өрөөний хүмүүс нь хоорондоо тохиролцоод бүгд зөвшөөрөөд, намайг ус цахилгааны мөнгийг хурааж авч татварт төлдөг байсан юм. ...2023 оны 2 сараас хойш огт төлбөр төлөхгүй байсан. ...2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр таараад “чи өрөөнд ороод ир ээ” гэхээр нь би баримт материалуудаа аваад ороход намайг янз бүрээр хэл амаар доромжлоод байхаар нь би “ар гэр нь нас барсан хүн ийм байдаг юм уу” гэхэд намайг доромжлоод байснаа нуруунаас татаж ирээд миний гараас нааш, цааш татаж түлхээд байсан, тэгж байгаад миний нурууг маажсан, миний гар хөхөрсөн байсан. Тэгээд өөрөө цагдаа дуудчихсан байсан, тэгснээ шүүх эмнэлэг үзүүлээд гэмтэл гарсан байсан. Би гэмтлийг ямар учиртайг нь мэдэхгүй байна, миний гарыг тулгасан гээд байсан. Гэтэл тэр нь өөрөө намайг нуруу болон гар руу цохиж түлхэж байх үед нь үүссэн юм шиг байгаа юм. Миний нуруунд хумсны сорви үүссэн, гарын булчин хэсэгт хөхөрсөн байсан ч гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн. ...намайг цохиж зодож эхэлсэн, нурууг самардаж хумсалж, гарыг базаад татаж түлхээд байсан. Т.У- намайг түлхэж, миний нуруун дээр бүр зулгартал дараад цус гараад ухаж хуруугаа гэмтээсэн, тэгэхдээ хумсаа хугалсан. Би тэр хүнийг цохисон асуудал байхгүй. Би энэ хүнийг яагаа ч үгүй байхад намайг цагдаад өгч шалгуулаад, намайг зодсон гэж гүтгэж байгаад би гомдолтой. Би тэр хүний гар руу ч цохиогүй. Тэр хүн л намайг маажаад цохиод гараас бариад татаж түлхээд байсан. Миний гарыг базаж татаж түлхэхдээ гараа тулгасан. Намайг гүтгэж, өөрийг нь зодсон мэт гомдол гаргасанд маш их гомдолтой байна. ...” /1хх 109-111/,

шинжээч Б.А-ын “...Т.У-ийн биед баруун сарвуун эрхий хурууны алга-хуруун үеэр хагас мултрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр дарах, мушгих зэргийн үед үүсэх боломжтой. Дарах, мушгих үйлдэл өөрийн болон бусдын хүчээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлийг өөрөө хүн түлхэх үед үүсэх боломжтой. Дарах, мушгих үйлдэл өөрийн болон бусдын хүчээр үүсгэгдэх боломжтой. ...” /1хх 99-100/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №12442 дугаартай “...Т.У-ийн биед баруун сарвуун эрхий хурууны алга-хурууны үеэр хагас мултрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /1хх 50-51/ болон бусад нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Г-” төвийн 3 давхрын 318 тоотод хохирогч Т.У- нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг, мөн давхарт шүүгдэгч Г.Ө- нь өрөө түрээслэн үйл ажиллагаа явуулдаг, тухайн давхарт үйл ажиллагаа явуулдаг хүн, аж ахуйн нэгжийн ашиглалтын зардлыг Г.Ө- хураан авч холбогдох байгууллагад өгөхөөр тохиролцсон, ашиглалтын төлбөрийг хурааж авдаг байсан нөхцөл байдал байна.

2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Г.Ө- нь Т.У-ийн 318 тоот өрөөнд ашиглалтын зардлын асуудлаар уулзаж, Т.У-, Г.Ө- нарын хооронд үл ойлголцол үүсэж, тэд маргалдаж, хохирогч Т.У- Г.Ө-г өрөөнөөсөө гаргахаар гараас нь базаж, түлхэх үйлдлүүд хийхэд шүүгдэгч Г.Ө- гарахгүй хэмээн эсрэгээр түлхэлцэхэд хохирогч шүүгдэгчийн гараас нь базах, нурууны хэсэгт түлхэх зэрэг үйлдэл хийж өрөөнөөсөө гаргасан, мөн хугацаанд хохирогч Т.У-д баруун сарвуун эрхий хурууны алга-хурууны үеэр хагас мултрал бүхий гэмтэл, шүүгдэгч Г.Ө-д зүүн далны дотор хэсэгт зулгаралт, зүүн бугалгын ар дунд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тус тус учирсан үйл баримт тогтоогджээ.

Хохирогч Т.У-ээс баруун сарвуун эрхий хурууны алга-хурууны үеэр хагас мултрал гэмтлийг шүүгдэгч Г.Ө- нь цохиж учруулсан гэж мэдүүлэх ба, шүүгдэгчээс түүний биед огт халдаагүй гэж гэм бурууд маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

Гэмт хэргийн шинжийг тодруулбал, нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох бөгөөд  субъектив шинж нь тухайн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бий болох хор уршигт хандсан сэтгэхгүйн харьцаа, сэдэлт зорилго байдаг бол, объектив тал нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт гэмт үйлдэл, эс үйлдэл, хор уршиг, шалтгаант холбоотой байхыг шаарддаг, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.У-ээс “баруун гар руу Г.Ө- нь цохиж гэмтэл учруулсан” талаар мэдүүлэх боловч хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12442 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч Б.А-аас “...Т.У-ийн биед баруун сарвуун эрхий хуруу алга-хурууны үеэр хагас мултрал гэмтэл нь мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр дарах, мушгих зэргийн үед үүсэх боломжтой. Дарах, мушгих үйлдэл өөрийн болон бусдын хүчээр үүсгэгдэх боломжтой. Өөрөө хүн түлхэх үед үүсэх боломжтой...” /1хх 99-100/ гэж мэдүүлснээр хохирогчийн дээрх мэдүүлэг няцаан үгүйсгэгдэж, шүүгдэгч Г.Ө-гийн идэвхтэй цохисон үйлдлийн улмаас хохирогч Т.У-ийн биед “баруун сарвуун эрхий хурууны алга-хурууны үеэр хагас мултрал” бүхий гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн обьектив шинж хангагдахгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Т.У- мөрдөн шалгах ажиллагаанд “...чи өрөөнөөс гар гээд бугуйнаас нь бариад гаргах гээд зулгаатал миний гарыг түлхэж байх явцад миний гар руу цохисон...”;  2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдаанд “...дайраад байхаар нь гаргахаар түлхсэн. ...Ө-г өрөөнөөс татаж зулгаан гаргасан. Тухайн үед миний гар хугарсан гэж бодсон. ...”,  2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаанд “...Би гараараа нүүрээ хаахад миний гарыг цохисон...” гэж өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүд өгч, хохирогчийн мэдүүлэг бусад эх сурвалж нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд болох хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, гэрч Э.Б-гээс “...хүнтэй маргасан, эгч нь гараа хугалчихлаа...” гэж хэлсэн тухай мэдүүлсэн болохоос хохирогчид хэн, яаж гэмтэл учруулсныг гэрчлээгүй, шинжээчийн дүгнэлт нь “хөнгөн зэргийн гэмтэл” учирсныг тогтоосон, дүрс бичлэгээр “...Г.Ө- нь цамцаа өмсөнгөө гүйж байгаа” тухай тэмдэглэлд тусгагдсан ба, эдгээр нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэх байдлыг эргэлзээгүй, хангалттай нотолсон гэж үзэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зайлшгүй нотолсон байхыг үүрэг болгосны ач холбогдол нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэм буруутай этгээдэд ял оногдуулах үндэслэл болдогт оршино.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд Т.У-ийн эрүүл мэндэд учирсан гэх хөнгөн хохирол нь Г.Ө-гийн шууд санаатай үйлдлийн улмаас учирсан болох талаар хөдөлбөргүй тогтоогдоогүй, уг гэмтлийг харилцан түлхэлцэж байх явцдаа хохирогч өөртөө учруулсан байх боломжтой, тухайн гэмтлийг гарцаагүй Г.Ө- гэм буруугийн санаатай хэлбэрээр, гар руу нь цохиж учруулсан байна гэж үзэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул Г.Ө-гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж,  таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2434 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Г.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Г.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                              Л.ДАРЬСҮРЭН

 

 ШҮҮГЧ                                              Н.БАТСАЙХАН

 

                         ШҮҮГЧ                                              Т.АЛТАНТУЯА