Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 155

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Хохирогч: Д.Г ,

Шинжээч: Б.Ганшагай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,

Шүүгдэгч: Ч.А ,

Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.А д холбогдох эрүүгийн 1828000000106 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                      Чулуунцэцэг овогтой А  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг *******аас ******* чиглэлийн хатуу хучилттай замын Петровис шатахуун түгээх станцын баруун талд ******* УНГ улсын дугаартай Хьюндай Грандүэр маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11, 2.7.а-д заасныг тус тус зөрчсний улмаас иргэн Д.Г ын жолоодож явсан улсын дугааргүй Мустанг маркийн мотоциклийг мөргөж Д.Г ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “2018 оны 06 сарын 24-ний өдөр ажил амраад найзын хамт 3 пиво хувааж уугаад эхнэр ундаа ууя гээд дэлгүүрээс ундаа аваад ойрхон салхинд гаръя гээд *******ын 7 дугаар багаас баруун хойшоо орой 17 цагийн үед, аваад 1 сар болоогүй байсан хар өнгийн ******* УНГ улсын дугаартай Хьюндай Грандүэр маркийн машин жолоодон морь барианы замаар явж байгаад урдаа явж байсан мотоцикльтой хүнийг мөргөсөн. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэв.

Хохирогч Д.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Би аймгийн морь барианаас хойш байдаг мод үржүүлэх талбайд манаач ажил хийдэг. 2018 оны 06 сарын 24-ний өдөр хашаа руу  мал ороод байдаг болохоор мал хөөчихөөд буцаад талбайн хашаа руу орох санаатай засмалаар хойшоо явж байсан. Тэгээд гэнэт мөргүүлсэн. Нэг хүн түшэээд байж байсан. Тэгээд цагдаа эмнэлэг ирээд эмнэлэгт хүргүүлсэн гэв.

            Эрүүгийн 1828000000106 дугаартай хэргээс:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл... “Хэрэг учрал болсон гэх газар нь Өмнөговь аймгийн ******* сумын төв 1 дүгээр багийн нутаг *******аас ******* чиглэлийн автозамын Петровисийн шатахуун түгээх станцаас ертөнцийн зүгээс хойш 400м зайд ******* УНГ улсын дугаартай хар өнгийн Grandeur маркийн авто машин замын зүүн талын зорчих хэсэгт хойшоо харан зогсож байв. ******* УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн арын дугуйнаас баруун урагш 1,1 метрт зүүн хөлийн тавчик, баруун хойт дугуйнаас зүүн урагш 10 метрт баруун хөлийн тавчик, баруун өмнө дугуйнаас зүүн хойш 6 метр зайд улаан өнгийн хагарсан хамгаалах малгай, мотоциклийн дохионы гэрлийн хагархай зэрэг зүйл, тээврийн хэрэгслийн дор зам дээр саарал өнгийн мотоциклийн обудны хагархай зэрэг зүйлс бутарсан байв. ******* УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зөв талдаа жолооны хүрдтэй, гадна өнгө нь шороо, тоос, шавар шавхай болсон өмнө талын радиоторын тор нь дотогш цөмөрч муруйсан байв. Уг тээврийн хэрэгслээс баруун хойш 9,2 метрт байх улсын дугааргүй улаан өнгийн Мустанг маркийн мотоцикль нь ертөнцийн зүгээр баруун урагш харан данхраадтай зогсох бөгөөд арын дугуй нь хагарч обудны хэсэг нь хагарч алга болсон, мөн арын улаан гэрэл, арын дохионы гэрэл хагарч байхгүй болсныг тэмдэглэж авав” /хх-н 3 дугаар хуудас/,

 Зам тээврийн ослын газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1х-4-11 дүгээр хуудас/,

Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдалд: 2018 оны 06 сарын 24-ний өдөр *******аас ******* сум явдаг засмал зам Петровис ШТСтанцаас хойно H.Grandeur маркийн ******* УНГ улсын дугаартай автомашины жолооч Ч.А  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг, мөн жолооч Ч.А  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна. /хх-13-14 дүгээр хуудас/,

 Хохирогч Д.Г  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн үдээс хойш 16 цагийн үед би морь барианы засмал замаар хойшоо өөрийнхөө мотоциклоор гэртээ харих гээд явж байсан. Манай гэр ойжуулалтын талбайн хашаанд байдаг юм. ******* явдаг засмал замаар явж байгаад гэнэт юу болсныг мэдээгүй, нэг мэдсэн намайг нэг хүн түшээд байж байсан. Тэнд байсан хүмүүс эмнэлэг, цагдаа дуудаад би эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Би өөрийнхөө Мустанг маркийн хуучин мотоциклийг унаад явж байсан. Би аажуухан явж байсан үсрээд 30 км цагийн хурдтай явж байсан. Би засмал замын хойшоо явдаг урсгалаар баруун гар талаа бариад хойшоо морь бариа чиглээд явж байсан. Миний араас машин ирснийг огт мэдээгүй. Ослоос болж миний нэг талын эгэм, 2 хавирга, хугарч дал цуурсан гэж байсан. Одоо миний бие гайгүй байна. Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлж тархинд цус хуралттай байсныг эмчилгээ хийлгэсэн. Одоогоор биеийн байдал гайгүй байна. Надад төлсөн мөнгөн дүн нь 1 сая төгрөг. Би энэ мөнгийг эмчилгээнд зарцуулсан. Надад учирсан хохирлын мөнгөн дүнг одоогоор гаргаж ирээгүй байна. Улаанбаатар хотоос намайг харж байсан хүүхэд бүх баримтыг авчирна” гэв. /хх-17-18 дугаар хуудас/,

Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 06 дугаар сарын 10-даар нөхөр А гийн хамтаар барилга барих ажилтай Өмнөговь аймгийн ******* сумын төвд ирсэн байсан. 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн үед байрлаж байгаа газраасаа гарч дэлгүүр орох гэж гарсан. Тэгээд хүнтэй уулзана гэж байсан, бид хоёр аймгийн төвийг сайн мэдэхгуй болохоор хаана юу байгааг нь мэдэхгүй байна. Манай нөхөр машинаа жолоодоод би хажууд нь суугаад явсан. Бид хоёр Оюун гэдэг дэлгүүр ороод ундаа аваад аймгаас хойшоо гарсан. Манай нөхөр машиныхаа хурдыг жаахан хэтрүүлээд явсан. Өмнө талд нэг мотоцикльтой ах явж байсан чинь түүнийг араас нь очоод мөргөсөн. А  архи уусан байсан. Согтуу нь гайгүй л юм шиг байсан. Би өөрөө архи уугаагүй байсан. А  энэ машиныг найзаасаа худалдаж аваад cap бопоогүи байгаа. Тэр хүний нэр дээр байгаа. Яг хэдэн км цагийн хурдтай явсныг нь мэдэхгүй, ямар ч байсан хурдтай л явж байсан. Тэр мотоциклийн хажуугаар нь гүйцэж түрүүлэх гэж байгаад л амжаагүй мөргөчихсөн” гэв. /хх-19 дүгээр хуудас/,

Гэрч Г.Э   мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 30 минутын үед би хөдөөнөөс аймгийн төв рүү орж ирж байсан. Тэгсэн аймгийн төвөөс хойд талд өөдөөс ирж байсан мотоциклийн араас нэг жижиг хар өнгийн машин мөргөсөн чинь мотоциклийн жолооч нь дээшээ болоод толгойгоороо засмал зам дээр унасан чинь мотоцикль баруун тийшээ явсан. Тэгээд бид нар зогссон. Тэр машины буруу талаас нь нэг эмэгтэй хүн буугаад ирсэн. Зөв тапаас нь эрэгтэй хүн бууж ирсэн жолооны хүрд нь аль талдаа байсныг нь мэдээгүй. Тэгээд бид нар цагдаа эмнэлэг дуудаад яваад өгсөн. Бид нар нэлээд холоос ирж байсан болохоор тэр хоёрыг хэр хурдтай явсныг сайн мэдэхгүй. Машинаас буусан эрэгтэй нь гуйваж дайваад явж байсан, эмэгтэйг нь мэдэхгүй. Бууж очиж хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Бид нар тэнд ерөөсөө удаагүй. Улсын дугаар нь өмнө талаасаа харагдахгүй байсан” гэв. /хх-20 дугаар хуудас/,

Гэрч Д.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Ч.А тай нэг компанид ажилд ороод 3 сар болж байна. Бид хоёр******* ХХК-д ажилладаг. Өмнөговь аймгийн ******* сумын төвд хуучин нисэхийн ард барилга барьж байгаа юм. Ч.А  нь манай барилга дээр мужааны туслах ажил эрхэлдэг юм. Ч.А  тэр болгон архи уугаад байдаггүй, ажилдаа сайн, зан аашны хувьд даруу төлөв, бусадтай хэрэлдэж маргалдаад байдаг зүйл байхгүй, ажлын ачаалал даах чадвартай миний хуурай ах байгаа юм” гэв. /хх-23 дугаар хуудас/,

Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Ч.А  “Джихангар” ХХК-ны Өмнөговь аймгийн ******* сумын төвд баригдаж байгаа барилга дээр мужааны ажил хийж байгаа. Манай найз ажилдаа сайн ажилсаг, хүнд тусархаг, хүний төлөө гэсэн сэтгэлтэй залуу. Ер нь тэр болгон архи уугаад байдаггүй, хаяа л уудаг. Хамт олондоо нэр хүнтэй нийтэч, их л хөдөлмөр ч хүн. Найз нөхдийнхөө төлөө гэсэн сэтгэлтэй,  зорилготой залуу. Хэрэг төвөгт ороод байхаар залуу биш. Ч.А  саяхан энэ машиныг аваад удаагүй байсан, тухайн өдөр хүнтэй уулзах гэж яваад л ийм хэрэг гаргасан гэж байсан” гэв /хх-24 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 сарын 06-ны өдрийн 343 дугаартай дүгнэлтэд: 1. Д.Г ын биед дагз ясны xyгарал, бага тархины хатуу хальсан дээрх цусан хураа, дагз хэсгийн хуйхны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4. Дагз ясны хугарал, бага тархины хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, дагз хэгсийн хуйхны цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар зрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 343 дугаартай Д.Г ын биед хүндэвтэр гэмтэл тогтоогдсон дүгнэлтэд өөрчлөлт орохгүй. 2018 оны 07 сарын 27-ны өдрийн 08 дугаартай нэмэлт шинжилгээ хийлгүүлэх тогтоолын дагуу 2018-06-28-ны компьютер томографийн шинжилгээний нэмэлт. материалтай танилцахад Д.Г ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-56 дугаар хуудас/,

Яллагдагч Ч.А  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажил амарсан болохоор *******тай нийлээд 3, 3 лааз пиво хувааж уусан. Тэгээд эхнэрийн хамтаар орой салхинд гарах гэж явж байгаад аймгийн хойно нэг мотоцикль гүйцэж түрүүлээд өмнө явсан мотоциклийг нь тоормоз гишгээд амжаагүй араас нь мөргөсөн. Би 50 орчим км цагийн хурдтай явсан. Би энэ машиныг худалдаж аваад удаагүй байсан. Нэрээ шилжүүлж амаагүй байгаа. Би “В” ангиллын жолооны эрхтэй, үнэмлэхээ хайгаад олохгүй байгаа юм. Хэрэглээгүй бараг 2 жил гаран болсон юм” гэв. /хх-37-38 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ын автомашин техникийн үнэлгээний дүгнэлт, мотоциклийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ч.А гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолооний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас, эрүүлжүүлэгдсэн  хүний бүртгэл тэмдэглэл /хх-41, 42-43, 45, 47 дугаар хуудас/,

******* УНГ улсын дугаартай HYUNDAI Grandeur 0 маркийн автомашины гэрчилгээний хуудбар /хх-49 дүгээр хуудас/,

“Джихангар” ХХК-ын 2018 оны 07 сарын 16-ны өдрийн 07/11 дугаар ажлын тодорхойлот /хх-66 дугаар хуудас/,

Хохирогч Д.Г ын хохирол, хувийн байдалтай холбоотой нотлох баримт:  Жолооны үнэмлэхийн лавлагаа /хх-44 дүгээр хуудас/, компьютерт томографийн оношлогоо /хх-57 дугаар хуудас/, эмнэлэгийн магадлагаа /хх-60 дугаар хуудас/, эмчилгээний баримтууд /хх-61-64 дүгээр хуудас/, амбулаториор эмчлүүлэгсдын карт /хх-67-69 дүгээр хуудас/, эмчилгээний зардлын баримтууд /хх-61-63 дугаар хуудас/,

Д.Г ын *******ийн 2018 оны 06 сарын 24-нны өдрөөс 2018 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэл чөлөө авсан тухай Голомт банкны 2018 оны 07 сарын 26-ны өдрийн 495 дугаар тодорхойлолт /хх-64 дүгээр хуудас/,

Гэм буруугийн талаархи дүгнэлт:

Шүүгдэгч Ч.А  нь согтуугаар 2018 оны 06 сарын 24-ний өдөр *******аас ******* сум явдаг засмал зам Петровис шатахуун түгээх станцаас хойно H.Grandeur маркийн ******* УНГ улсын дугаартай автомашины жолоочдон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 2.7.а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж Мустанг маркийн мотоциклийг жолоодон явсан хохирогч *******од  дагз ясны хугарал, бага тархины хатуу хальсан дээрх цусан хураа бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэснээр шүүгдэгч Ч.А гийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч Ч.А г согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.А  урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэлийг шалгах хуудсаар тогтоогдсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгахад гаргасан зардлыг хохирогч *******од нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

             Шүүгдэгч Ч.А  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримтын талаар  маргаагүй, хохирогч Д.Г од эмчилгээний зардал, мотоциклийн хохиролд 2400000 төгрөг төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Ч.А гийн гэм буруутай, болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцнэ.

Иймд шүүгдэгч Ч.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.А  цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овгийн Ч.А  нь согтуугаар Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А гийн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Шүүгдэгч Ч.А гийн “В” ангиллын жолоочийн үнэмлэх хэрэгт хавсаргаж ирүүлээгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол  шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Хохирогч Д.Г од 2 400 000 төгрөгийн хохирол төлбөр барагдуулсан, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шүүгдэгч Ч.А  цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ