| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2536002210173 |
| Дугаар | 63 |
| Огноо | 2025-12-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 63
2025 12 09 2025/ДШМ/0063
Б.*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа, нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Энхтулга, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/191 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.*******т холбогдох эрүүгийн 2536002210173 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ******* ******* ******* ******* оршин суух хаягтай, ******* регистрийн дугаартай,******* овгийн ******* *******.
Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, одоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хоригдож байгаа.
2. Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд Ховд аймгийн Жаргалант ******* ******* од байх монгол гэрт хууль бусаар нэвтэрч, Асеr брэндийн суурин компьютер, процессор, чихэвч, гар, хулгана болон малын махыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч т 694,800 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант ******* ******* 17-06 од байрлах гэрийн цоожийг эвдэн орж, 25 ширхэг хонины элдсэн арьс, эмэгтэй усны гутлыг нууц, далд аргаар, хууль бусаар авч хохирогч д 1,285,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч******* овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ыг 3/гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.*******т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлж,
4.5 Шүүгдэгч Б.******* нь хохирогч , нарт учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүй, энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж
4.6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг баримтлан эд мөрийн баримт болох 1 хос 2 ширхэг цэнхэр өнгийн пүүзийг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг "Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газар"- ын эд мөрийн баримт шийдвэрлэх комиссод даалгаж,
4.7 Шүүгдэгч Б.******* нь энэхүү эрүүгийн 2536002210173 дугаартай хэрэгт баривчлагдаж, цагдан хоригдоогүй, Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолоор цагдан хоригдож байгааг тус тус дурдаж,
4.8 Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолтой, эрүүгийн 2536000030073 дугаартай эрүүгийн хэрэгт шүүгдэгч Б.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т даруй энэхүү эрүүгийн 2536002210173 дугаартай хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
4.9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан энэхүү шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нь Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Тус шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эсэргүүцэл бичсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэж, хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна.
Гэтэл шүүхээс шүүгдэгчид 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан түүнд оногдуулсан 3 жилийн хорих ял болон, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно" гэж заасан. Энэ нь өмнөх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хэрэгт хэрэглэгдэхээс гадна хэд хэдэн төрлийн ял оногдуулсан тохиолдолд ялыг хэрхэн нэмж нэгтгэх эсэхийг тусгайлан заасан заалт юм. Шүүхээс шүүгдэгчид Б.*******т хэдэн хэдэн төрлийн ял оногдуулаагүй, гагцхүү нэг төрлийн ял оногдуулсан байхад дээрх хуулийн заалтыг баримтлан ял оногдуулж, хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Түүнчлэн шийтгэх тогтоолд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хэдий үеэс хэрхэн эдлүүлэх талаар шийтгэх тогтоолд тусгаагүй байна. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлага хангаагүй байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Шүүгдэгчийн хамт өмнөх шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан байсан. Тийм учраас анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
4.Прокуророос шүүгдэгч Б.*******ыг 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд Ховд аймгийн Жаргалант ******* ******* од байх монгол гэрт хууль бусаар нэвтэрч, Асеr брэндийн суурин компьютер, процессор, чихэвч, гар, хулгана болон малын махыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч т 694,800 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-т зааснаар,
Мөн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант ******* ******* 17-06 од байрлах гэрийн цоожийг эвдэн орж, 25 ширхэг хонины элдсэн арьс, эмэгтэй усны гутлыг нууц, далд аргаар, хууль бусаар авч хохирогч д 1,285,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5.Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.*******т оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ял, Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
6.Прокурор эсэргүүцэлдээ: “... шүүхээс шүүгдэгч Б.*******т 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан түүнд оногдуулсан гурван жилийн хорих ял болон 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан журмаар нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан. Энэ нь өмнөх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хэрэгт хэрэглэгдэхээс гадна хэд хэдэн төрлийн ял оногдуулсан тохиолдолд ялыг хэрхэн нэмж нэгтгэх эсэхийг тусгайлан заасан заалт юм.
Шүүхээс шүүгдэгч Б.*******т хэд хэдэн төрлийн ял оногдуулаагүй, гагцхүү нэг төрлийн ял оногдуулсан байхад дээрх хуулийн заалтыг баримтлан ял оногдуулж, хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.
7. Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд Ховд аймгийн Жаргалант ******* ******* од байх монгол гэрт хууль бусаар нэвтэрч, Асеr брэндийн суурин компьютер, процессор, чихэвч, компьютерын гар, хулгана болон малын махыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч т 694,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ийн мэдүүлэг, гэрч , , Дамно эд хөрөнгийн үнэлгээний ХХК-ний ХВЦ-25-82, ХВЦ-25101 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн шинжээч, цагдаагийн ахмад ын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ХОВ0125/039 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн ахмад ын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ХОВ0125/038 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг,
мөн шүүгдэгч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант ******* ******* 17-06 од байрлах гэрийн цоожийг эвдэн орж, 25 ширхэг хонины элдсэн арьс, эмэгтэй усны гутлыг нууц, далд аргаар, хууль бусаар авч хохирогч д 1,285,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч , , нарын мэдүүлэг, Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн шинжээч, цагдаагийн ахмад ын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ХОВ0128/045 дугаартай дүгнэлт, Дамно эд хөрөнгийн үнэлгээний ХХК-ний ХВЦ-25-90 дугаартай, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
8. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч “ хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.
9.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******ын гэм бурууг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан, нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 12025/ШЦТ/195 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван жилийн хорих ял, Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд энэхүү алдааг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...эсхүл шүүхээр шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялнаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолоор хоёр жилийн хорих ялаар шийтгүүлэхийн өмнө буюу 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд, мөн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.******* Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолоор хоёр жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн өдрөөс өнөөдрийг хүртэл 209 хоног цагдан хоригдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хорих ял эдэлсэн хугацаанд түүний цагдан хоригдсон 209 хоногийг оруулан тооцвол одоо эдлээгүй үлдсэн нэг жил таван сар дөрөв хоногийн хорих ялтай байна.
Иймд дээрх хуульд зааснаар шүүгдэгч Б.*******т Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 12025/ШЦТ/195 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван жилийн хорих ял дээр түүний эдлээгүй үлдсэн нэг жил таван сар дөрөв хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг дөрвөн жил таван сар дөрөв хоногоор тогтоов.
Шүүгдэгч Б.******* нь эрүүгийн 2536002210173 дугаартай хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин прокурорын “ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг буруу тайлбарласан хэрэглэсэн” гэх эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний 2025/ШЦТ/191 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гэж, шүүгдэгч Б.*******т оногдуулсан гурван жилийн хорих ял дээр Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн нэг жил таван сар дөрөв хоногийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг дөрвөн жил таван сар дөрөв хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэж өөрчилж тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлүүдээр оролцогч, прокурор, дээд шатны прокурор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА