Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 331

 

Б.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаар тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 13 дугаар магадлалтай, Б.Г-д холбогдох 1921005360359 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд

Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн Б.Гнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Б.Г-г бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сарын ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 11 сар 28 хоногийн хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Г-н цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд оруулан тооцож” шийдвэрлэсэн байна.

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Г-н 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож” шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан гомдолдоо “Шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасны үндэслэлийн дагуу гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд Б.Г нь тухайн гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, хатгасан Төмөрхуяг, Отгонзаяа нарын үйлдэл оролцоог дэлгэрэнгүй ярьсан. Мөн өөр хэд хэдэн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон талаараа маш тодорхой ярьж, нэг мөр шалгуулж шийтгүүлмээр байгаа. Гэвч шүүх хэргийн оролцогч нарын зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт ирүүлээгүй тул гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж боломжгүй хэмээн дүгнэсэн. Энэ талаар боломжгүй, болохгүй гэх заалт байхгүй. Харин ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг, мөн зүйлийн 6.15 дахь хэсэгт заасныг анхан шатны шүүхэд хэлэлцэж шийдвэрлэхээр заасан нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх санал хүсэлтийг ч анхан шатны шүүх хуралд тавьж хэлэлцэж шийднэ гэж ойлгож болохоор байна. Мөн шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1-т заасныг хатуу барьж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилтод нийцэхгүй зөрчилдөж байна. Хэргийг шийдвэрлэх нь зөвхөн прокурорын шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан болохоор прокурор яллах дүгнэлт үйлдэж шилжүүлээгүй бол гэмт хэрэг үйлдсэн хүн ял шийтгэл хүлээхгүй болж байна. Дээрх хуулийн зорилтод заасан шуурхай бүрэн илрүүлэх зорилт хэрэгжихгүй байх нь шүүхэд хамаагүй болж байна. Сэжигтэн, яллагдагч нь хэргээ хүлээхгүй, мэдүүлэх өгөхгүй байх эрхтэй. Мөн хэргийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед ярьж болдог. Мөрдөн шалгах ажиллагааны үед л яриагүй, мэдүүлээгүй бол шүүхийн шатанд үнэн зөвийг илчилж яриад ч нэмэргүй, эрх ашиг нь хохирох эсэх нь хамаагүй, өөр бусад этгээд ял завшаад үлдэх нь ч хамаагүй гэсэн шүүхийн шийдвэр гарч байна. Шүүгдэгч нь хуулиар хамгаалагдсан хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах эрхтэй. Б.Г-н хувьд өмгөөлөгчгүй шалгагдсаар байгаад урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргах хугацаа өнгөрч, шүүх хурал зарлагдсан үед өмгөөлөгчөө авсан гэдгийг тэмдэглэж байна. Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйл болон бусад хууль зүйн ойлголтыг тайлбарлуулсны үндсэнд шийтгэх тогтоол гарахаас өмнө өөрийн оролцсон хэргүүдийг бүгдийг илчлэн мэдүүлж, шалгуулж авбал зохих ялаа нэгэн мөр сонсож шийтгэлээ эдлэе гэсэн хүн. Өөрийн холбоотой хэргүүдээ илчлэн нэг мөсөн бүрэн илчилж шийтгэлээ авахгүй бол хэдэн жилийн дараа дахиад л үлдсэн ял дээрээ ял нэмж нэгтгэгдэн эрх зүйн байдлыг нь дордох нь тодорхой байгаа юм. Энэ утгаараа түүний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах заалтыг хэрэглэх байтал Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Иймд тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэсэн байна.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдал, үйл баримттай нийцсэн. Мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийг харгалзан ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулах, эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь бусад этгээдүүдтэй хамтарч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Хөлхүү далан” гэх газраас хохирогч П.Б-н эзэмшлийн 83 хонь, 12 ямаа нийт 95 тооны бог малыг хулгайлж, хохирогчид 9,080,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Б.Г нь өөрийн үйлдсэн хэргүүдээ илчилсэн. Гэтэл шүүхээс хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах зохицуулалтыг хэрэглээгүй нь Б.Г-ны эрх зүйн байдлыг дордуулсан. Тиймээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгах агуулга бүхий гомдлыг гаргасан байна.

 

2015 онд батлагдан 2017 оны 7 дугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдсөн шинэ  Эрүүгийн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохыг шударга ёсны зарчмыг бодитой хэрэгжүүлэх үндсэн нөхцөл гэж үзсэн хууль тогтоогчийн санаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд тусгагджээ.

 

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд гэмт этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн болон үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэж  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нь бүгдийг нэмж нэгтгэж байхаар заасан байна. Эндээс дүгнэхэд хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрт нь ял оногдуулж тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим бөгөөд энэ журмаар биечлэн эдлэх ялыг тогтоосныг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан үргэлжилсэн болон 2.2 дугаар зүйлд заасан хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой байдгийг үгүйсгэхгүй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед уг зохицуулалтыг хэрэглэх боломж шүүгдэгчийн бүх гэмт хэрэг илэрч тогтоогдохгүй тохиолдолд хууль сахиулагч, прокурор нарын хувьд хязгаарлагдмал бөгөөд хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй ч үйлдсэн бүх гэмт хэргээ хүлээж илчлэх байдлаар бүх хэрэгтээ яллагдагчаар татагдан нэг яллах дүгнэлтээр шүүхэд шилжих байдлаар эрх зүйн байдлаа дээшлүүлэх хууль зүйн боломж гагцхүү шүүгдэгчийн хүсэл зоригоос хамааралтай байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдэд ял хөнгөрүүлэх, чөлөөлөх болон дээрхийн адил бусад байдлаар эрх зүйн хөнгөлөлт үзүүлэх нь шинэ Эрүүгийн хуульд суурь зарчим болж тусгагдсан билээ.

 

Хэрвээ шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах бөгөөд ял нэгтгэх ердийн журмыг хэрэгжүүлсэнд тооцогдоно. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг гагцхүү хөнгөрүүлэх зорилгоор нэгэнт хүчин төгөлдөр болж биелэгдэж буй шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсвэл өөрчилж хэргүүдийг нэгтгэн дахин хэлэлцэх зохицуулалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй, хуульчлагдаагүй болохыг анхаарах нь зүйтэй. Иймээс шүүгдэгч Б.Г-ны үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэж буйг харгалзан энэ гэмт хэрэгт оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сарын ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Г нь анхан шатны шүүх дээр өмнөх зарим үйлдлээ илчилж нэгтгэн шалгуулах, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүхийн шатанд тэдгээрийг шалгаж тогтоох, хэрэгт нэгтгэх процессын эрх хэмжээ   шүүхэд олгогдоогүйгээс гадна энэ талаарх шүүгдэгчийн мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар батлагдаагүй тохиолдолд худал мэдүүлэг өгсөнтэй нь холбогдуулан эрүүгийн хариуцлагад татах боломжгүй шүүгдэгчийн мэдүүлгийг дангаар үнэлэн хэргийг нэгтгүүлэхээр прокурорт буцаах үндэслэл гэж хүлээж авах бас боломжгүй юм. Энэ нөхцөл байдлын улмаас анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн хүсэлтийг нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэсэн, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

 1. Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаар тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 13 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

 

                                        ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН