Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсандоржийн Өлзийсайхан |
Хэргийн индекс | 128/2016/0036/З |
Дугаар | 897 |
Огноо | 2016-11-09 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 897
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:
“Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгох;
-“Өмнийн говийн баялаг” ХХК-ийн гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Давааравдан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Өмнийн говийн баялаг” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Өмнийн говийн баялаг” ХХК нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь “Баялаг” нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар зохих журмын дагуу өргөдлөө холбогдох баримт бичгийн хамт аймгийн Засаг даргад гаргасан. Үүний дагуу “Өмнийн говийн баялаг” ХХК-нд Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр түгээмэл тархацтай ашигт малтмалын 00021Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон.
...Гэтэл түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосноос хойш “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн дээрх тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй ашигт малтмалыг түгээмэл тархацтай ашигт малтмал биш, харин ердийн ашигт малтмал байна гэсэн асуудал яригдсан тул Ашигт малтмалын газраас албан ёсоор тодруулахаар хандсан.
Ашигт малтмалын газраас 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/7495 тоот албан бичгээр “...танай хайгуулын талбайд орших ашигт малтмал нь түгээмэл тархацтай ашигт малтмал биш” гэсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар зохих журмын дагуу өргөдөл гаргасан болно.
Учир нь Ашигт малтмалын газраас “Өмнийн говийн баялаг” ХХК-нд дүгнэлт гаргахдаа “түгээмэл тархацтай ашигт малтмал мөн гэж үзэж, улмаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болно” гэсэн боловч хэсэг хугацааны дараа хууль хэрэгжүүлэгч байгууллагаас өмнөх дүгнэлтээсээ эсрэг агуулгатай мэдэгдлийг ирүүлсэн. Гэхдээ нэхэмжлэгч “Өмнийн говийн баялаг” ХХК нь тус шийдвэрийг хүндэтгэж, тухайн талбайд ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар зохих журмын дагуу өргөдөл гаргасан.
Улмаар Ашигт малтмалын тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангаж шалгаран уг талбайд ердийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олж авах боломжтой болоход Ашигт малтмалын газраас 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 6/7414 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр “өргөдөл гаргасан талбай чинь өөрийн чинь талбайтай давхцаж байна” гэсэн үндэслэлээр буюу Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь заалтад заасныг баримтлан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдсэн. Уг албан бичгийг Гурван тэс сумын шуудангаас 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, улмаар ... эс зөвшөөрч Ашигт малтмалын газрын даргад 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өргөдөл гаргасан боловч өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй болно.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өргөдөл, гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэх”-ээр, шийдвэрлэж амжихгүй тохиолдолд “хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, сунгасан тухай гомдол гаргагчид мэдэгдэх”-ээр заасан боловч хариуцагчаас дээрх гомдлын хариуг өгөөгүй, мөн гомдлыг шийдвэрлэх хугацааг сунгасан талаар мэдэгдээгүй.
Ашигт малтмалын газрын дарга нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах гэсэн заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх” болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтад заасан “өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх, өргөдөл гомдлын хариуг авах эрх”-үүд ноцтой зөрчигдсөн.
Иймд “Ашигт малтмалын газрын даргын өргөдлийг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, өргөдлийг хянан шийдвэрлэж үндэслэл бүхий хариу өгөхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
Хоёр. Хариуцагч Ашигт малтмалын газраас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...“Өмнийн говийн баялаг” ХХК нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт “Баялаг” нэртэй 49 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 09 дүгээр сарын 18-ын өдөр Кадастрын хэлтэст гаргасан.
Уг өргөдөл нь ХА-019310 өргөдлийн дугаарт бүртгэгдсэн бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 08.30-08.45 цагийн хооронд өргөдлийг материалын хамт Кадастрын хэлтэст ирүүлснийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Нэхэмжлэгчийн өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.3-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцалтай байгаа нь тогтоогдсон.
Тухайн талбай дээр нэхэмжлэгч өөрөө түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөдөл гаргасныг Өмнөговь аймгийн Засаг дарга хүлээн авч 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/9288 тоот албан бичгээр дүгнэлт гаргуулахаар Кадастрын хэлтэст ирүүлжээ.
Уг албан бичгийг Кадастрын хэлтэс хүлээн авч, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ” гэж заасны дагуу тухайн талбай дээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаарх дүгнэлтийг гаргаж 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6/5524 тоот албан бичгээр Өмнөговь аймгийн Засаг даргад хүргүүлсэн.
Өмнөговь аймгийн Засаг дарга нь 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн а/447 дугаартай захирамжаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Гүн” нэртэй 49.05 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Өмнийн говийн баялаг” ХХК-нд олгосныг кадастрын зураг зүйн болон тусгай зөвшөөрлийн бүртгэлд 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэсэн байна.
Иймд ХА-019310 дугаарт бүртгэгдсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбай нь түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон дээрх талбайтай бүхэлдээ давхацсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтад заасныг үндэслэн татгалзсан шийдвэр гаргасан.
Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн а/447 дугаартай захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид эзэмшүүлсний дараа тухайн талбай дээр давхцуулан дахин ердийн ашигт малтмалын зориулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Кадастрын хэлтэст гаргажээ.
Нэхэмжлэгч нь тухайн ХА-019310 дугаартай өргөдлийг гаргасны дараа 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 4-7495 дугаартай албан бичгээр тухайн талбай дээр хайх “улаан хас” чулуу нь түгээмэл тархацтай ашигт малтмал биш байх тул ердийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Кадастрын хэлтэст гаргасныг шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан бөгөөд өмнө нь авсан түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайгаа Өмнөговь аймагт буцаан өгөх хүсэлтээ гаргасан талаар дурьдсан байсан.
...Гэтэл Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт Баялаг нэртэй талбайд 49 гектар талбайд дахин ердийн ашигт малтмалын зориулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Кадастрын хэлтэст гаргах үед өмнө нь түүний авсан түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан талаарх мэдэгдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасны дагуу Өмнөговь аймгийн Засаг дарга Ашигт малтмалын газарт ирүүлээгүй байсан.
Кадастрын хэлтэс нь уг өргөдөлд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан мэдэгдлийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлэхдээ түүний өмнө нь авсан түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн өргөдлийг Кадастрын бүртгэлээс хасагдсны дараа уг талбайд дахин ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжтойг мэдэгдсэн.
Үүний дараа “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Гүн” нэртэй 49.5 гектар талбайтай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн а/557 дугаартай захирамжийг Кадастрын хэлтэст ирүүлснийг мөн сарын 15-ны өдөр бүртгэн авснаар тухайн талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломж нээлттэй болсон.
...Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...нэхэмжлэгч “Өмнийн говийн баялаг” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд хандаж, Ашигт малтмалын газрын даргад холбогдуулан “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, хянан шийдвэрлэж үндэслэл бүхий хариу өгөхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар тус захиргааны хэргийн хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар сольж байна. Үүнд:
1. 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч “Өмнийн говийн баялаг” ХХК-иас Ашигт малтмалын газарт хандаж “...Хайгуулын тусгай зөвшөөрөл...” хүссэн өргөдөл гаргасан, ... уг өргөдлийг хүлээн авч NE-026326 дугаараар бүртгэлжүүлсэн байдаг бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн болно.
“Өмнийн говийн баялаг” ХХК нь Кадастрын хэлтсийн даргын дээрх шийдвэрийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар илгээснийг хүлээн авч, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дээд шатны албан тушаалтан буюу Ашигт малтмалын газрын даргад хандаж гомдлоо гаргасан.
Татгалзсан шийдвэрийг хүлээн авч дээд шатны албан тушаалтанд гомдлоо гаргаж буй үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ авч буй үйлдэл мөн бөгөөд дээд шатны албан тушаалтан нь тухайн гомдлыг хүлээн авч мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан хугацаанд хянан шийдвэрлэж үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд гомдлыг хянан шийдвэрлээгүй бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтад заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсдэг хуулийн зохицуулалттай байна.
Мөн ...шүүхэд нэхэмжлэл гаргасан 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмалын газрын даргаас 1/3254 дугаартай албан бичгээр манай компанид хариу мэдэгдсэн зэргээс шалтгаалж нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийг зайлшгүй өөрчилж, солих шаардлагатай үр дагавар үүссэн байна.
Иймд өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох ”Өмнийн говийн баялаг” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өргөдлийг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, хянан шийдвэрлэж үндэслэл бүхий хариу өгөхийг даалгах...” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэж өөрчилж байна.” гэв.
Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Давааравдан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...тухайн компани нь 49.05 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/557 дугаартай захирамжийг Кадастрын хэлтэст ирүүлснийг мөн сарын 15-ны өдөр бүртгэн авснаар тухайн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрх буюу боломж нээлттэй болсон.
Тухайн талбай нь “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа бөгөөд тухайн компани өөрийн эзэмшлийн талбайдаа өргөдөл гаргахыг хуулиар хориглоогүй байдаг.
...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс нэхэмжлэгчид түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхээ цуцалсан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн хариуг өгсөн.
“Өмнийн говийн баялаг” ХХК-нд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрээ Өмнөговь аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр цуцлах тухай шийдвэрийг гаргасан байх тул нэхэмжлэгч компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй.” гэв.
Нэхэмжлэгч “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүхээс хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул энэ хүрээнд маргааныг хянан хэлэлцлээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “Өмнийн говийн баялаг” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргад гаргасан , тус аймгийн Засаг даргаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Ашигт малтмалын газарт 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Мэдээлэл хүргүүлэх тухай 1-9288 дугаар албан бичгийг хүргүүлсэн байна.
Уг албан бичгийн дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу нэхэмжлэгч “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан ажиллагааг гүйцэтгэн зураг зүйн шүүлт хийж, улмаар дүгнэлт гарган Өмнөговь аймгийн Засаг даргын орлогчид хүргүүлсэн болох нь хариуцагчийн Түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсаар нотлогдож байна.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн гаргасан дүгнэлтэд “...Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой. Хасын төрлийн чулуу, хуулийн хүрээнд анхаарч ажиллах.” гэсэн байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Аймаг, ...Засаг дарга тухайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, ..” гэж заасны дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн а/447 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Өмнийн говийн баялаг” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 00021Х тоот тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг гаргажээ.
Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчээс Ашигт малтмалын газрын Геологийн албанд 2015 оны 9 дүгээр сарын 22-нд хандсан байх бөгөөд тус албан бичигт “...Улаан Хас чулууг түгээмэл тархацтай байгалийн баялагт хамааруулж ойлгохгүй, ердийн ашигт малтмалын ангилалд хамруулахаар ойлголт, ам дамжсан мэдээлэл тархаж ...төлөвлөгөөнд хүндрэл учраад байна. ...аль ангилалд багтах талаар чиглэл, мэдээлэл өгөхийг хүсье.” гэж, харин уг албан бичгийн хариуг нэхэмжлэгчид 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүргүүлсэн байх бөгөөд тус 4/7495 дугаар албан бичигт “...”Улаан Хас” чулуу нь ...түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөлд хамаарахгүй ..., ...Ашигт малтмалын тухай хуулийн дагуу зохих хайгуулын тусгай зөвшөөрлийг авч хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулах ...” гэсэн үйл баримт бодит байдалд үүссэн болох нь тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч “Өмнийн говийн баялаг” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчид Ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан байх бөгөөд мөн өдөр хариуцагчаас өргөдлийн бүртгэлийн NE-026326 дугаарт бүртгэж, уг өргөдлийн талбайд зураг зүйн шүүлт хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэтэл хариуцагчийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн дээрх зураг зүйн шүүлтээр “ТХ-00059-ОМ кодтой түгээмэлийн өргөдөлтэй хэсэгчлэн давхцалтай байна.” гэсэн нь нэхэмжлэгчээс 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гаргасан өөрийнх нь түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “ТХ-00059-ОМ кодтой түгээмлийн өргөдөлтэй” нь хэсэгчлэн давхцалтай гарсан байна.
Үүний дагуу хариуцагчаас нэхэмжлэгч “Өмнийн говийн баялаг” ХХК-д 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 6/7414 дүгээр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр “...Таны өргөдөлд дурдсан талбай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцалтай байна. ...хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдье.” гэж, улмаар хариуцагчийн маргаан бүхий 2015 оны 768 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь заалтад заасныг үндэслэн “...хүсэлтэд дурдсан талбай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайтай давхацсан ...” байх тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн 2015 оны 768 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасан заалтыг үндэслэн нэхэмжлэгч “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийн талбай нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхацсан тул ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос бүхэлд нь татгалзаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “Өмнийн говийн баялаг” ХХК нь хариуцагчийн маргаан бүхий 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэр гарахаас нэг хоногийн өмнө хариуцагчид “...хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь манай өөрийн түгээмэл тархацтай байгалийн баялаг хайхаар авсан талбайтай давхцалтай байна. ...эрж хайхаар төлөвлөж буй байгалийн нөөц баялаг түгээмэл тархацтай байгалийн баялагт хамаарагдахгүй тул ...хайгуулын тусгай зөвшөөрлөө орон нутагт буцааж өгөхөөр ажиллаж байна. Иймд ...өөрийн талбайтай давхацсан байдлыг харгалзан ..., мөн ...тухайн талбайг хүссэн аж ахуйн нэгжийн жагсаалтын эхэнд бүртгэгдсэн, ...тул 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн өргөдлийг шийдвэрлэж өгөх”-ийг хүссэн хүсэлтийг гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Харин хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатараас 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/7655 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хариу хүргүүлсэн бөгөөд тус албан бичигт “...дээр дурдсан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь бүртгэлээс хасагдсаны дараа уг талбайд дахин өргөдөл гаргаж ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой болно.” гэжээ.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн а/557 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Өмнийн говийн баялаг” ХХК-нд олгосон Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг гаргасан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд хариуцагчийн “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE- 026326 дугаар өргөдлийн талбай нь нэхэмжлэгчээс 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гаргасан өөрийнх нь түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ТХ-00059-ОМ кодтой түгээмлийн өргөдөлтэй нь хэсэгчлэн давхацсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайд бүхэлд нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн 2015 оны 768 дугаар шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх заалтын “Үндсэн хуульд ...хууль, ...төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага ...үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад заасан “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 768 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хоёр. “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
“Өмнийн говийн баялаг” ХХК-иас “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” бус гагцхүү “...хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул энэ хүрээнд маргааныг хянаж, Үндэслэх хэсгийн Нэгд дурдсан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, мөн Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн а/557 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Өмнийн говийн баялаг” ХХК-нд олгосон “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр”-ийг гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давхцалтай талбайг хүчингүй болгосон шийдвэр гарсан байх тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах үндэслэл байхгүй.” гэсэн хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас тус тус дүгнэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эрхийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 17 дугаар зүйлийн 17.2.3, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 768 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙСАЙХАН