Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2017/1025/З |
Дугаар | 221/МА2018/0429 |
Огноо | 2018-08-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2018/0429
2018 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 221/МА2018/0429 | Улаанбаатар хот |
|
|
|
З.А нарын 70 иргэний
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, Б.Б, Д.А, өмгөөлөгч М.А, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0354 дүгээр шийдвэртэй, З.А нарын 70 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0354 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.3, 65 дугаар зүйлийн 65.2, 66 дугаар зүйлийн 66.3, 66.3.2, 66.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн З.А нарын 70 иргэний нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ** дүгээр тогтоол, хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж,
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.1 дэх заалтад заасныг баримтлан З.А нарын 70 иргэнээс гаргасан “Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ** дүгээр тогтоол, түүний журмыг дагаж мөрдүүлэх тухай амаар гаргасан захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нарангарав давж заалдах гомдолдоо: “ ... Иргэн З.А нарын Хууль зүй, дотоод хэргийн сайдын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ** дүгээр тогтоол, хавсралтаар баталсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам"-ыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0354 дугаар шийдвэрийг гаргахдаа дараах процессын алдааг гаргасан тул давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч нараас шүүх хуралдаанд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ** дүгээр тогтоолтой холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын захирамжийг мөн хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба гомдол гаргах эрхтэй захирамж гаргасан. Гэхдээ шүүх дээрх захирамжид тусдаа гомдол гаргаарай гээд шүүх хурлыг үргэлжлүүлэн хийж шүүхийн шийдвэр гарсан юм. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, багасгах эрхтэй байхад уг эрхийг нь эдлүүлэхгүй, мөн давж заалдах шатны шүүх захирамжийг хянаагүй байхад процессын хуулийг зөрчсөн алдааг гаргаж, шийдвэр гаргасан нь шүүх хуралдаан илт процессын алдаатай болсон гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх захиргааны хэргийн шүүхэд харьяалагдахгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих эрх зүйн үр дагаваргүй, хүчин төгөлдөр болоогүй актыг хүчингүй болгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1-1/1802 дугаар дүгнэлтээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд “2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ** дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг батлах эрхийг хуулиар Тэргүүлэгчдэд олгоогүй, журмын зарим заалтуудаар иргэдэд чирэгдэл учруулсан, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эрх хэмжээг хуулиар эрх олгоогүй этгээдэд олгосон, хуулиар хориглоогүй асуудлыг хориглосон, бусад хуулиар зохицуулсан харилцааг давтан зохицуулсан зэргээр зохих хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэж хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн бүртгэлд бүртгээгүй байна.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь мөн хуульд заасны дагуу уг алдааг засаж дахин бүртгүүлэхээр хүргүүлээгүй, зохих байгууллагад ямар нэгэн байдлаар хандаагүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж, 67.3-д “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж тус тус заажээ.
Энэ хуульд зааснаар уг журмыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй, эрх зүйн үйлчлэл үзүүлэхээргүй байх бөгөөд нэхэмжлэгч иргэд түүнийг биелүүлэхгүй байх эрхтэй. Иймээс нэгэнт иргэний зөрчигдөхгүй эрх, ашиг сонирхлыг шүүхээр хамгаалуулах ойлголт байхгүй юм.
Харин захиргааны байгууллага өөрөө нэгэнт эрх зүйн үр дагаваргүй актаа хуульд нийцүүлэн өөрчлөн, дахин бүртгүүлэх бүрэн эрх нь нээлттэй бөгөөд энэхүү захиргааны байгууллагын бүрэн эрхэд шүүх оролцож, түүнийг хүчингүй болгохыг даалгах үндэслэлгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх гэх боловч уг бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах захирамжид гомдол гаргах эрхийг нь эдлүүлээгүй ... шийдвэр гаргасан нь процессын илт алдаатай” гэх боловч дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул гомдлыг хангах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нар нь хариуцагч болон бусад захиргааны байгууллагын зүгээс дээрх журмыг дагаж мөрдүүлэхээр ямар нэгэн эрх, ашиг сонирхлыг нь хөндсөн үйл ажиллагаа явуулбал тухайн захиргааны байгууллагын тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан захиргааны актынх нь талаар тухай бүр нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхэд энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 354 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд “2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ** дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг даалгах” шаардлага бүхий З.А лтан, С.Г, Б.Б нарын 70 иргэний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ