Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 158

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: А.Б ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.Б д холбогдох эрүүгийн 1728000690099 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 12-нд Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Гурвантэс сум, ....................................... тоотод оршин суух, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Тасран овгийн А.Б , /регистрийн дугаар /............../

Шүүгдэгч А.Б  нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн гаалийн хилийн боомтоор 29-96 ӨМӨ улсын дугаартай фургон маркийн автомашинд 18 килограмм ногоон хас нэртэй хуулиар хязгаарлалт тогтоосон эрдэнэсийн чулууг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судлаад

Гэрч О.У ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би Шивээхүрэн хилийн боомт дахь Экспорт, импорт хил хорио цээрийн хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч албан тушаалтай. Би 8 жил байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна. Чулуу нь Монгол улсын хилээр гаргахыг зөвшөөрөгдсөн бараа бүтээгдэхүүн биш. Би 2017 оны 09 дугаар сарын 06-ны өдөр Шивээхүрэн хилийн боомт дахь Экспорт, импорт хил хорио цээрийн хэлтсийн байгаль орчиы хяналтын улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэж хорио цээрийн үзлэг хийж байсан. 29-96 ӨМӨ улсын дугаартай автомашины жолооч А.Б  нь автомашиндаа чулуу хаана хаана нуусан байсныг нь би мэдэхгүй байна. Манай Экспорт, импорт хил хорио цээрийн хэлтсийн чиг үүрэг нь тухайн хилээр нэвтэрч байгаа автомашинуудын амьтан ургамалд хамааралтай хилийн хориг цээрийн үзлэг ба тухайн зорчигчийн хувийн хэрэглэлд авч явж байгаа зүйлсийн сав баглаа боодол, хугацаа, бүрэн бүтэн байдал, муудсан болон гэмтсэн байдал зэрэгт үзлэг шалгалт хийдэг. Тухайн автомашины нуувчнууд болон тухайн хувь хүний биед үзлэг хийх эрх байхгүй...” гэжээ. /хх-45-46 дугаар хуудас/,

Гэрч Г.Г гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “.Би Улаанбаатар хотод амьдардаг. Би 2017 оны 09 дугаар сарын 06-ны өдөр Шивээхүрэн хилийн боомт дээр байсан. Би тухайн өдөр Шивээхүрэн хилийн боомтны гадаа 2 саарал өнгийн фургон зэрэгцээд зогсож байхаар нь гүйж очоод жолооч залуугаас нь миний дүү урд талын чинь машинд хэдэн чихэр гуйгаад тавьчихлаа миний дүү хэдэн чихэр аваад БНХАУ-руу оруулаад өгөөч гэж гуйгаад тэр залуу хурдан аваад ир гэхээр нь боомтны гадаа машины зогсоол дээр ил тавьсан байсан 8 хайрцаг чихрээ аваад тухайн залуугийн машинд тавьсан. Би зөвхөн 8 хайрцагтай чихэр л машинд нь тавьсан. Өөр ачуулсан зүйл байхгүй. 29-96 ӨМӨ улсын дугаартай автомашинд чулуу байсныг нь би мэдээгүй, хэдэн хайрцаг чихрээ машинд нь тавьчихаад би хашааны гадна үлдсэн. Маргааш нь чихрээ ачуулсан машинаа олоогүй хүнээс сонссон чинь цагдаа аваад яваад өгсөн гэж надад хэлсэн. Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Гурвантэс сумын цагдаагийн тасаг дээр очиж учир шалтгаанаа хэлээд ачуулсан чихрээ буцааж авсан...” гэжээ. /хх-47-48 дугаар хуудас/,

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “... А.Б  нь зохих байгууллагын зөвшөөрөлгүй чулуу хилээр нэвтрүүлэхийг завдсан юм. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би Гаалийн газрын экспортийн хяналт шалгалтын улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэсэн. 29-96 ӨМӨ улсын дугаартай автомашины жолооч А.Б  нь зорчигчийн хэсгийн хойшоо харсан суудлын доороос ногоон өнгийн чулуу, буруу талын хананаас оймстой ногоон өнгийн чулуунууд тус тус гарч ирсэн. 29-96 ӨМӨ улсын дугаартай автомашины жолооч А.Б гийн автомашинаас нийт 18 кг чулуу гарч ирсэн. Уг эрдэнэсийн чулуу нь хязгаарласан бараа бүтээгдэхүүнд орно...” гэжээ. /хх-49-50/,

            Шүүгдэгч А.Б  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн үед ганцаараа өөрийн эзэмшлийн 29-96 ӨМӨ улсын дугаартай фургон автомашинаар Бүгд Найрамдах Хятад улсаас Монгол улсын Шивээхүрэн хилийн боомтоор гараад Гурвантэс суманд ирсэн. Маргааш нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн 29-96 ӨМӨ улсын дугаартай автомашинаар буцаад Шивээхүрэн боомт дээр ирчихээд байж байтал нэг танихгүй эмэгтэй ирээд “8 ширхэг хайрцагтай чихэр, 2 боодол пиво зэргийг ачаад Шивээхүрэн боомтоор оруулаад Цэхээ дээр хүргээд өг” гэж хэлсэн. Би тэр ачааг нь машиндаа ачаад Шивээхүрэн боомтын гаалийн хяналтын талбай руу ороод зогссон. Зогсож байтал Гаалийн улсын байцаагч Б.М ирээд миний машиныг шалгаад машины дотор талын хойшоо харсан суудал доогуур хийсэн байсан /тосолны саванд/ чулууг гаргаж ирсэн. Мөн машины буруу талын хананаас чулууг гаргаж ирээд хураан авсан. Би уг чулууг 1 жилийн өмнө Поошиг гэдэг газарт айлын хуучин бууринд байсан чулууг авсан байсан юм. Тэр чулууг машиндаа хийгээд Хятад улс руу оруулж зарах гэж байсан юм. Хоол шатахууны мөнгө болох болов уу гээд машиндаа хийсэн байсан. Хэдэн кг чулуу байсныг мэдээгүй, гааль дээр хураагдаад хиллэж байхад 18 кг чулуу байсан гэж мэдсэн. Би Хятад улсын хилээр оруулж болохгүй болов уу гээд машиныхаа хананд нуусан байсан. Ногоон өнгийн жижиг жижиг арзгар хавтгай, шовгор хэлбэртэй ногоон өнгийн чулуу байсан. Ямар нэртэй чулуу гэдгийг нь мэдэхгүй байна. Тэр үед Хятад улсын Цэхээ боомтод үзэсгэлэн худалдаа болж байсан. Би хоёр хилийн хооронд хүн, ачаа зөөж мөнгө олдог юм. Би олон удаа гарсан нь үнэн. Би анх удаа л тэр чулууг хилээр гаргаж байна. Уг чулууг Хятад улсын хилээр оруулж болохгүй байх гэж бодоод машиндаа нуусан байсан юм...” гэжээ. /хх-68-69 дүгээр хуудас/,

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-6/,

Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүй, баримт бичгийг зөрчлийн хэрэгт хавсаргах тухай тэмдэглэл /хх-7/,

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-8-9/,

Тэмдэглэл, гадаад паспортын хуулбар, тайлбар /хх-10-12/,

Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гадаад паспортын хуулбарууд /хх-13-20/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-28/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-31-34/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-39-41/,

 “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлтэд: ... Өмнөговь аймаг Гурван тэс сумын 01 Тост Гоёот баг-д оршин суух А.Б гийн эзэмшлийн 2996 ӨМӨ улсын дугаартай 2001онд үйлдвэрлэгдсэн 2002 онд Монгол улсад орж ирсэн Уаз Фургон маркийн автомашины өнгө узэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 5.000.000 /Таван сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэжээ. /хх-60-63 дугаар хуудас/,

Өмнөговь аймаг дахь Гурвантэс сумын Цагдаагийн тасгийн албан бичиг /хх-70 дугаар хуудас/,

Өмнөговь аймаг дахь Монголбанкны хэлтсийн албан бичиг /хх-71 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн Засаг даргын тодорхойлолт /хх-74 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.Б гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Гадаад паспортын хуулбар /хх-75-84/,

Арилжааны байгууллагуудын тодорхойлолт /хх-86-92/,

Шүүгдэгч А.Б гийн ял шалгах хуудас /хх-93/,

Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газрын Геологийн төв лабораторид шинжилгээний төлбөр төлсөн баримт /хх-202-205 дугаар хуудас/,

Шинжээчид эрх үүрэг танилцуулсан баримт /хх-206 дугаар хуудас/

Геологийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтэд: “Энэ чулуулаг нь хар ногоон, ногоон болон хүрэн өнгөтэй чулуу бөгөөд эдгээр нь өнгөлгөөний буюу барилгын материалын чулуунд хамаарна. - Энэ чулуулгууд нь эрдэнэс, эрдэс, байгалийн төрцийн аль алинд нь хамаарахгүй. - Энэ чулуулаг нь тунамал болон бялхмал гаралтай чулуулаг бөгөөд метасоматит процессын үр дүнд кварцын мөхлөг нь том болж харагдана”. /хх-207-210 дугаар хуудас/,

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Б г 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн гаалийн хилийн боомтоор 29-96 ӨМӨ улсын дугаартай фургон маркийн автомашинд 18 килограмм ногоон хас нэртэй хуулиар хязгаарлалт тогтоосон эрдэнэсийн чулууг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хуулиар хориглосон барааг Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б д холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.

Монгол улсын Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “газар” гэдэгт газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхарга”-ыг хэлнэ гэж томъёолсон ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн Төрөөс газрын талаар баримтлах зарчимд Монгол улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх, газар төрийн хяналт, хамгаалалтад байх хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх ойлголтууд тус тус хамаарч байна.

            Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд...геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ашигт малтмал гэнэ гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлд Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн гэж хуульчилжээ.

            Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан ердийн ашигт малтмалын ордын ангилалд барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг, тархал бүхий хурдас, чулуулгийн хуримтлалыг хамруулжээ. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд байна гэж хуульд тусгайлан зохицуулсан байна.

            Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах эрхтэй болохыг хууль тогтоогчоос тогтоожээ.

            Шүүгдэгч А.Б   Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Шивээ хүрэн хилийн боомтоор Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн 18 кг бүхий чулуу нь:

Геологийн төв лабораторийн 2018 оны 09 сарын 11-ний өдрийн 826 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “Энэ чулуулаг нь хар ногоон, ногоон болон хүрэн өнгөтэй чулуу бөгөөд эдгээр нь өнгөлгөөний буюу барилгын материалын чулуунд хамаарна. - Энэ чулуулгууд нь эрдэнэс, эрдэс, байгалийн төрцийн аль алинд нь хамаарахгүй. - Энэ чулуулаг нь тунамал болон бялхмал гаралтай чулуулаг бөгөөд метасоматит процессын үр дүнд кварцын мөхлөг нь том болж харагдана”. /хх-207-210 дугаар хуудас/,

            Шүүгдэгч А.Б гийн улсын хилээр нэвтрүүлсэн өнгөлгөөний болон барилгын материалын чулуу нь аливаа хэрэгцээнд ашиглаж болох түгээмэл тархацтай ашигт малтмалын ордод хамаарч байх тул дээрх хуульд томъёолсны дагуу ашигт малтмал гэж үзэх үндэслэлтэйг дурдах нь зүйтэй.

                        Монгол улсын Үндсэн хуулийн  6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч А.Б  дээр дурьдсан хуулийн заалтуудыг зөрчиж, Монгол улсын газар, түүний баялагт хамаарах өнгөлгөөний болон барилгын чулууг улсын  гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэв.

Монгол улсад иргэдэд өмчлүүлvнээс бусад газар, газрын гадаргуу, түүний хэвлий, газрын баялаг нь төрийн өмч мөн болох талаар Үндсэн хууль болон бусад салбар олон хуулиудад хуульчилсан бөгөөд газар, түүний баялагын өмчлөгч болох төр, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй, төрөөс улсын хилээр нэвтрүүлэх эрх олгоогүй байхад улсын гаалийн хилээр дээрх чулууг нэвтрүүлж буй нь шүүгдэгч А.Б гийн үйлдлийн гэмт хэргийн шинжийг бий болгож байна гэж дүгнэв. 

Улсын яллагч шүүгдэгчийг хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж байх боловч шүүх дээрх байдлаар тайлбарласан хуулийн дагуу төрийн өмчид хамаарах газрын баялаг /ашигт малтмал/ болох өнгөлгөөний болон байгалийн чулууг Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлж байгаа нь хуулиар хязгаарлалт тогтоосон бус хориглолт тогтоосон бараанд хамаарна гэж үзэж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч А.Б  нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн гаалийн хилийн боомтоор 29-96 ӨМӨ улсын дугаартай фургон маркийн автомашинд 18 килограмм ногоон хас нэртэй хуулиар хориглолт тогтоосон чулууг Монгол улсын гаалийн хилээр хууь бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ...”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйл дээр эрүүгийн хариуцлагыг тодорхой хуульчилсан. Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ гэж заасан байгаа учраас ял албадлагын арга хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Улсын яллагчийн санал болгож буй 7.5 дугаар зүйл нь  хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний төрөлд орж байгаа. Тэгэхээр  хуулийн ерөнхий ангийн хөөн хэлэлцэх хугацаагаар бол торгох болон хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх хуулийн хугацаа дууссан байна” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд 1 дэх хэсгийн 1.1-д “хорих ялын доод хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол “ яллагдагчаар татаж болохгүй гэж зохицуулсан байх бөгөөд шүүгдэгч А.Б г 2017 оны 12 сарын 04-ний өдөр яллагдагчаар татаж Эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Яллагдагчаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд татагдсан байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл тул хураан авч улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ. 29-96 өмө улсын дугаартай фургон автомашин нь тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч А.Б гийн өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Мөнхдэлгэрийн 2017.12.05-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

                Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Б гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 18 кг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний зохих байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч А.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18 килограмм чулууг Геологийн төв лабораторид дахин шинжилгээ хийлгэж шинжлүүлэхэд гарсан зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцох бөгөөд шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б гээс 129 712 төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газарт олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Б  нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Тасран овгийн А.Б д хуулиар хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Б д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш төлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 18 кг /100грамм ногоон хас/ чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний зохих байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Мөнхдэлгэрийн 2017.12.05-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 2001 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгийн, арлын 10031512 дугаартай, Уаз фургон маркийн 29-96 ӨМӨ улсын дугаартай, 5.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг улсын орлогод оруулсугай.

7. Уаз фургон маркийн 29-96 ӨМӨ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрчилгээ шүүгдэгч А.Б д байгаа болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б гээс 129 712 төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газарт олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ТӨМӨРХҮҮ