| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0187/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/214 |
| Огноо | 2018-08-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч Д.Ж,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Жт холбогдох 1814003110188 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, Боржигон овогт Д.Ж,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ж нь 2018 оны 06 сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Орд караоке”-ны гадна зогсоолд байсан Ө.Бийн өмчлөлийн Б.Бын эзэмшлийн 87-16 БНХ улсын дугаартай автотээврийн хэрэгсэл дотроос М.Эын эзэмшлийн эд зүйл болох гар цүнх 1 ширхэг, 87-16 БНХ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг зэргийг хулгайлж 125.000 төгрөгийн, мөн бэлэн мөнгө 360.000 төгрөг зэргийг тус тус хулгайлж бусдад 485.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч М.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... миний бие хөдөөнөөс ирэхдээ нийт 580.000 төгрөгтэй байсан. Ингээд 220.000 төгрөгийг нь хүүхдүүдээ баярлуулж үрсэн байсан. Намайг ийм мөнгөтэй аймгийн төвд ирсэн гэдгийг манай нөхөр мэднэ. Энэ алдсан 360.000 төгрөгийг болохоор хөдөө гэрлүүгээ буцахдаа машинд бинзен хийх бас захаас гэр орондоо юм авах гэж үлдээсэн байсан. Миний хувьд бэлэн мөнгө 360.000 төгрөг бас алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний дагуу 125.000 төгрөг гээд нийт 485.000 төгрөгийг Д.Жын ээжээс авсан одоо надад гомдол санал байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-24/,
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... маргааш өглөө нь буюу 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болж Ө.Бээс машин авах талаар ярьж бид нар хүүхдүүдээ баярлуулах гэж гарсан. Ингээд Бийн 87-16 БНХ улсын дугаартай суудлын машинтай аймгийн төвөөр явсан. Ингэж явахад эхнэр Э, эгч *******, Б гэсэн хүмүүс хамт явсан бөгөөд төв зам хаалттай байсан учир Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Орд” нэртэй караокений гадна урд зогсоолд камертай юм чинь гээд машинаа үлдээгээд Дурсамж нэртэй зургийн газарт очиж зураг угаалгах гэж явсан. Ингэж явахад манай эхнэр цүнхээ машины дунд хайрцаг дээр тавьж үлдээсэн Б машины хаалгаа цоожлоод байх шиг байсан. Ингээд буцаад ирэхэд машины жолоочын талын хаалга онгойсон дотроос нь манай эхнэрийн цүнх болон куртик гэсэн зүйл алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Манай эхнэрийн цүнхэнд 360.000 төгрөг болон өөрийнх нь иргэний үнэмлэх бас Бийн машины гэрчилгээ гэсэн зүйлүүд байсан нь алга болсон гэж байсан. Би уг машиныг худалдаж авсан одоо надад байгаа бичиг баримтаа алдсан тул гэрчилгээг нь шилжүүлж авч чадаагүй байгаа. Эхнэр бид 2-ын хувьд хөдөөнөөс аймгийн төвд ирэхдээ нийт бэлэн 580.000 төгрөгтэй байснаас эхнэр Ичинхорлоо эгчийн гэрт байхад буцахад хэрэг болно зах дээрээс юм авна гээд 360.000 төгрөгийг цүнхэндээ хийж байсан бусад мөнгийг нь хүүхдүүдээ баярлуулна гэж ярьж байсан нь алга болсон байна лээ ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай гэрээс 16 цагийн үед М.Э нь нөхөр хүүхдийнхээ хамтаар гарах болсон тэгж байхдаа хөдөө буцахдаа юм авна гээд үрчхэж магадгүй гэсэн утгатай зүйл яриад 360.000 төгрөг далд хийчихье гээд цүнхрүүгээ хийж байсан. Яг хэдэн төгрөгөөс 360.000 төгрөг далд хийснийг нь мэдэхгүй нилээн мөнгө үрчихэж гэж ярьж байсныг нь санаж байна. Ингээд нөхөр болон Б нарын хамтаар гарч явсан тэгээд орой нь ирэхдээ машин дотроосоо мөнгөтэй цүнхээ алдчихлаа гэж байсан. Би хаанаас яаж алдсан талаар нь мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35/,
Гэрч Ө.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 87-16 БНХ улсын дугаартай суудлын машинтай аймгийн төвөөр явсан. Ингэж явахад Б, Э, ******* гэсэн хүмүүс хамт явсан бөгөөд төв зам хаалттай байсан учир Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Орд нэтэй караокены гадна урд зогсоолд камертай юм чинь гээд машинаа үлдээгээд Дурсамж нэртэй зургийн газарт очиж зураг угаалгах гэж явсан. Ингэж явахдаа миний хувьд машин барьж явсан учир машинаа цоожилж яваад буцаад ирэхэд машинд байсан Эын цүнх алга болсон байна гэсэн. Ингээд цагдаад дуудлага өгсөн. Миний хувьд машинаа түлхүүрээр цоожилсон боловч машины жолоочийн хаалга дутуу цоожлогдсон юм уу онгорхой байсан. Уг хаалга нь заримдаа цоожлогддоггүй байсан бөгөөд тухайн өдөр би цоожилсон гэж бодоод шалгахгүй яваад өгсөн юм. М.Эын хувьд машинд цүнхээ үлдээж байхыг нь санаж байна. Цүнхэнд нь яг юу юу байсныг нь мэдэхгүй машинаас цүнх алга болсон байна гэдгийг мэдээд байж байхад Э нь 360.000 төгрөг бэлнээр байсан гээд гар цүнх, бор цоохор жижиг цүнх, савхин цээж, иргэний үнэмлэх, бас чиний машины бичиг баримт байсан гэж байсан. Учир нь миний бие машинаа Б.Бд яг энэ өдөр зараад бичиг баримтыг нь эхнэр Эд нь өгсөн байсан. Одоо уг 87-16 БНХ улсын дугаартай суудлын тээврийн хэрэгсэл нь Б.Бд байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38/,
Шүүгдэгч Д.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр архи уусан согтуу байсан. Уг юм болсныг мэдэхгүй байгаа сүүлд камерын бичлэгийг үзсэн. Би машинаас эд зүйл авснаа хүлээн зөвшөөрч байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-61/,
“Энх нахиа” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 57 дугаартай шинжээчийн ... алдагдсан эд зүйлийн үнэлгээ нь нийт 125.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... гэсэн дүгнэлт /хх-ийн 46-47/,
Эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын тогтоол /хх-ийн 8-8/,
Шүүгдэгч Д.Жын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 67-69/,
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-78/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч Д.Ж нь 2018 оны 06 сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Орд караоке”-ны гадна зогсоолд байсан 87-16 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос М.Эын эзэмшлийн 125.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл болон бэлэн мөнгө 360.000 төгрөгийг тус тус хулгайлж бусдад 485.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч М.Э, гэрч Б.Б, *******, Ө.Б нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, “Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураан авсан бичлэгтэй диск зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас шүүгдэгч Д.Жт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.Жыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч М.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Жыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүх шүүгдэгч Д.Жын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулав.
Шүүгдэгч Д.Ж нь 2018 оны 03 сарын 24-ний өдөр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн үйлдэж тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасан журмаар ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгтэй дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Жыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Жт 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Жт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 10 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Жын биечлэн эдлэх 1 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Д.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 08 сарын 22-ны өдрөөс эхлэн тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгтэй дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч Д.Ж нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Жт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА