Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2026/ДШМ/23

 

   

 

 

 

  2026            01             05                                        2026/ДШМ/23            

 

Ц.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Төмөртулга,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх,

шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал, М.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2348 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Сд холбогдох эрүүгийн 2408000001311 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ш овгийн Ц.С, 1988 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Залуус хорооллын .. байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.............../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 196 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

 

Шүүгдэгч Ц.С нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. байрны .... тоотод хамтран амьдрагч Ө.Бой маргаж улмаар түүний цээжин тус газарт нь хутгалж хүнийг алах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт,

мөн согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Номин худалдааны төвийн урд зам дээр “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ газрын эзэмшлийн “Golden dragon” загварын ........ улсын дугаартай автобусны хаалганы шилийг чулуу шидэн хагалж, 525.502 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: шүүгдэгч Ш..... овогт ........ийн Сг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-т тус тус зааснаар 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух газраас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 15 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сгийн цагдан хоригдсон ..7 /гурван зуун наян долоон/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5-д заасныг баримтлан Ц.Сгаас 98.976.600 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Од олгож, асран хамгаалагч нь хүүхдийн асран тэтгэхтэй холбоотой асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Архидан согтуурсан үедээ нөхрийнхөө амь насыг хохироож нөхөж боломгүй алдаа гаргасан. Үл ойлголцох маргаанаас болж үйлдсэн. Тухайн үед түргэн тусламж дуудан, мөн хадмын талын хүмүүс рүү залгаж, уг үйлдлээ илчлэн яаралтай тусламж авахыг хүссэн. 103, 102 ирэхэд тусламж авах боломжгүй болсон байсан. Үнэхээр их харамсаж байна. Ялангуяа хадам аав, ээж хоёроосоо үнэхээр их уучлалт гуйхыг хүсэж байна. Ойр дотны бүх хүмүүсээс уучлалт гуйж байна. Би нөхрийнхөө амь насанд хүрэх санаа сэдэлт байгаагүй. Хоёр охиныхоо өмнө арилгаж болохгүй сэтгэл санааны харууслын хар толбо үлдээсэндээ харамсаж байна. Ээж нь хийсэн хэргийнхээ хариуцлагаа хүлээж ял шийтгэлээ дуусгаж засрал хүмүүжлийг олж гарч ирнэ. Эх хүний хувиар хоёр охиноо сурч хүмүүжүүлэхэд нь тус дэм болж үргэлж хайрлан халамжилж явах болно. Надад хүн шиг амьдарч хоёр охиноо асарч, халамжилж эх хүнийхээ үүрэг хариуцлагаа үүрэх боломжийг өгөөч. Ээж Т.Д маань одоо 67 настай, эхийгээ мэнд саруул байхад дэргэд нь байх боломжийг өгч,  оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Сгийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Сгийн хувьд хувиараа хөдөлмөр эрхэлж байсан болон бага насны хоёр хүүхэдтэй зэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж, гэм бурууд маргадаггүй. Гэмт хэргийн улмаас учирсан зан үйлийн зардлыг бүрэн төлсөн, мөн Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 15.173.400 төгрөгийг төлсөн. Ц.С нь эхээс хоёулаа. Ц.Сгийн дээр дурдсан хувийн байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж 12 жилийн хорих ялаар шийтгэж, мөн түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн 98.976.600 төгрөгийг шүүгдэгчийн хувийн байдал, үлдсэн ар гэрийн нөхцөл байдлуудын харгалзан үзэж шүүгдэгчид ашигтай байдлаар багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Сгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өөрийн үйлчлүүлэгч болон өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэдийгээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн бүхий л мэдүүлэгтээ “нөхрөө алъя гэх бодолтой үйлдэл хийгээгүй” гэж мэдүүлсэн байдаг. Миний үйлчлүүлэгч бага насны хоёр хүүхэдтэй, тэрээр хүүхдүүдийнхээ дэргэд байж өсгөн хүмүүжүүлэх чин хүсэлтэй байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...маш их гомдолтой байна. Хүүгийн маань хүүхдүүд аавыгаа нас барсан гэдгийг мэдээд яаж хүлээж авах бол гэхээс айж байна. Сэтгэл санааны хувьд маш их хэцүү байна. Хүүгийн маань хүүхдүүд нөхөр бид хоёрын асрамжид байдаг. Шүүгдэгчийн талаас “ялыг хөнгөрүүлж өгөөч” гэж гомдол гаргасан байна. Хүний амь нас хохирсон байхад “ялыг багасгаж өгнө үү” гэж гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Оы өмгөөлөгч Х.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон, тогтоогдож байгаа. Анхан шатны шүүх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргасан, оногдуулсан ял шийтгэл нь тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Ц.Сг бага насны хоёр хүүхэдтэй талаар гомдолдоо дурдлаа. Гэвч Ц.Сгийн хоёр хүүхэд 3 сартай нялх байхаасаа эхлээд амь хохирогчийн аав, ээжийн асрамжид байсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар амь хохирогчийн аав, ээжийн асрамжид байхаар шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ц.С нь хүүхдүүдээ асарч хамгаалдаггүй байсан болох нь тогтоогддог. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговрын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэр гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс амь хохирогч группт байсан болохоор сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговрын хэмжээ багасах ёстой гэж тайлбарлаж байна. Хуульд группт байсан гэх үндэслэлээр сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговрын багасгана гэх зохицуулалт байхгүй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн сэдэл, санаа зорилгыг харвал амь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдлыг далимдуулж амь насанд нь хүрсэн нөхцөл байдал хэргийн үйл баримтаас харагддаг. Өөрөөр хэлбэл амь хохирогчийг суусан байхад дээрээс нь хутгалсан байдаг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 15 жил 2 сарын хорих ял түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Ц.Сд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Ц.С нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. байрны .... тоотод хамтран амьдрагч Ө.Бой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар түүний цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь зүүн урд хэсэгт 4-5 дугаар хавирганы завсраар цээжний зүүн хөндийн нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хэсэгт зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зулай, хүзүү, цээж хэвлийд сорив бүхий гэмтлийг учруулж, цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж үнхэлцгийн хөндийд цус хуралдаж, зүрх чихэлдэн агшилтгүй болсны улмаас зүрх гэнэт зогсож нас барсан буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Оы “...миний дүү О залгаад О эгч рүү “таны хүүг эхнэр С нь хутгалчихлаа” гэж дэлгүүрийн утсаар ярьсан байна. ... “С архи уусан байдалтай, гар нь цус болсон орж ирээд манай нөхөр Ц уначихлаа, би цусыг нь цамцаар боочихлоо, гялс түргэн дуудаад өгөөч” гэж их сандарсан байдалтай согтуу орж ирсэн гэсэн. ...” /1хх 32-33/,

гэрч Д.Дын “...манай хүү Ч над руу  залгаж “ Б ах нас барсан байна. Та гялс хүрээд ир” гэхээр нь би Бын гэрт ирэхэд цагдаа нар гэрт нь оруулахгүй байсан. Талийгаачийн эхнэр С нь манай эхнэрийн эгч О рүү залгаж “Б хутгалуулчихлаа, хутгалчихлаа цус алдаад хүнд байна, би цамцаар нь өөрийг нь ороочихлоо эмнэлэг дуудаад өг” гээд дэлгүүрийн утсаар залгаж хэлсэн байсан ба цагдаа нар ирэхэд С гэртээ байхгүй алга болсон байсан... ...Б, С хоёрт гэр бүлийн маргаантай асуудал байдаг. С Бын утас зэрэг үнэд хүрэх зүйлийг нь зараад архи аваад уучихдаг. Ер нь их архины хамааралтай, согтуу байхдаа Бын шүдийг цохиод унагасан байсан. ...” /1хх 39/,

гэрч Х.Оийн “...манай эгчийн хүүгийн хамтран амьдрагч С над руу залгаад “Ц хутгалуулчихлаа, хутгалчихлаа та хүрээд ирээч” гэхээр нь би “юу яриад байгаа юм” гэж хэлээд утсаа тасалсан.  ...С байнга худлаа яриад мөнгө нэхээд байдаг учир худлаа ярьж байгаа байх гэж бодсон. Эгч О руу залгахад утсаа авахгүй байхаар нь О рүү залгаад “С Ц хутгалуулчихлаа, хутгалчихлаа” гээд байна, би эгч рүү залгахаар утсаа авахгүй байна, чи хэлээдэх ээ, би хөдөө явж байна” гэсэн. Ингээд амралт дээрээ ирэхэд над руу баахан хүмүүс залгасан байхаар нь дүү О рүү залгахад Б нас барсан байна гэж хэлсэн. ...” /1хх 41/,

гэрч Ц.Бын “...хар өнгийн богино үстэй эмэгтэй 6 дугаар орцны үүднээс бид нарыг тосож аваад “манай нөхөр цус алдаад байна, хутгалуулчихлаа” гэж хэлэхээр нь уг эмэгтэйг дагуулаад .... тоотод ороход гэр дотор эмх замбараагүй, гэрийн урд талд  шалан дээр эрэгтэй хүн цус алдчихсан байдалтай хэвтэж байсан. Захын судсыг тэмтрэхэд тэмтрэгдэхгүй, гүрээний судасны лугшилт байхгүй, нүдний эвэрлэгийн рефлекс байхгүй, хүүрийн толбо үүсэж эхэлж байсан бөгөөд нас барчихсан байсан. ... амь хохирогчийн зүүн талын хөхний толгойноос доош 4-5 см зайд 2-3 см зүсэгдсэн шарх, хүйс орчмоор зулгарсан шинэ шархтай байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. ...Дуудлагаар очиход тухайн эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба намайг очих үед манай нөхөр мах хэрчиж байгаад хутган дээрээ уначихлаа, гэрт цус алдаад байна, хутга нь цээжин дээрээ зоогдсон байхаар нь би сугалаад авсан гэж хэлсэн. Тухайн үед зоогдсон гэх эрээн бор өнгийн хутга амь хохирогчийн хажууд байсан. ...” /1хх 43/,

гэрч М.Аийн “....... тоотод миний мэдэхийн архичин 40 орчим насны эмэгтэй амьдардаг. Нэрийг нь С гэж санаж байна. Шөнө, орой архи уугаад, орилоод байдаг. Байнга орилолдсон чимээ гараад байдаг. 18 цагийн орчим орилж хашхирсан чимээ сонсогдсон. Уг айл байнга ийм дуу, чимээтэй байдаг. ...” /1хх 46/,

гэрч М.Ч “...С гэх эмэгтэй архи уучихсан согтуу ирээд “манай нөхөр Ц хутган дээр уначихлаа, 103 дуудаад өгөөч” гэхээр нь би болсон асуудлыг нягталж асуулгүй 18 цаг 21 минутад 103 руу залгаж “энд хүн хутгалуулчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд С шууд байр руугаа гүйгээд орсон. ...С байнгын согтуу явж байдаг. ...Ц тахир дутуу тул ихэвчлэн гэртээ байдаг. ...” /1хх 49/,

гэрч Б.Э “....... тоотод байдаг эмэгтэй байнга архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гэрт нь байнга чимээ, шуугиантай байдаг. ...Ихэвчлэн хэрүүл маргаантай байдаг тул хажуу айл нь дуудлага өгөөд цагдаа нар ирж байсан...” /1хх 51/,

гэрч Ө.Х “...ах хааяа манайд ирэх болгондоо Сд зодуулчихлаа гээд биедээ шархтай ирдэг байсан. Миний мэдэхийн баруун хацартаа хутгаар зүсүүлсэн гэх мэт олон шархтай ирж байсан бөгөөд уг гэмтлүүдийг С учруулсан гэж хэлдэг. ...манай ах 80 хувийн группт байдаг болохоор группийн мөнгийг нь аваад архи уучихдаг...” /1хх 57-58/,

гэрч Х.Оийн “...Ц.С нь байнгын архи уудаг бөгөөд архи уух болгондоо манай дүү Бой маргалдаж Бын биед гэмтэл учруулчихдаг байсан. Мөн хоёр хүүхдээ асрах ямар ч боломжгүй болохоор нь ээж Дт нь хэлэхэд хоёр хүүхдийг нь асрамжийн газарт өгнө, эсхүл айлд өргүүлнэ гэдэг байсан. Намайг гэрт нь хэд хэдэн удаа очих үед С манай дүүгийн баруун гуя хэсэгт нь хутгаар зүссэн, үүдэн шүдийг нь цохиод хугалчихсан байсан. ...” /1хх 60-61/ гэсэн мэдүүлгүүд,

“...Амь хохирогч Ө.Бын цогцост зүүн урд хэсэгт 4-5 дугаар хавирганы завсраар цээжний зүүн хөндийн нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хэсэгт зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зулай, хүзүү, цээж хэвлийд сорив гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хэсгийн зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн хацрын зулгаралт гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. ...Амь хохирогч нь цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж үнхэлцгийн хөндийд цус хуралдаж, зүрх чихэлдэн агшилтгүй болсны улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ. Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Амь хохирогчид эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. ...” байсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 3235 дугаар дүгнэлт /1хх 112-113/,

“...амь хохирогч Ө.Бын хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээ 80 хувь. ...” болохыг тогтоосон 0072989 дугаартай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /2 хх 7/,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 19-20/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-15/, Ц.Сгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 17-18/ зэрэг нотлох баримтуудаар,

 

мөн шүүгдэгч Ц.С нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Номин худалдааны төвийн урд зам дээр “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ газрын эзэмшлийн “G” загварын ........ улсын дугаартай автобусны хаалганы шилийг чулуу шидэн хагалж, 525.502 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Отгонтөгсийн “...2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай баазын жолооч Б залгаад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номингийн хажууд явж байтал согтуу эмэгтэй чулуу шидээд автобусны шил хагалчихлаа гэж хэлсэн. ...” /2хх 120/,

гэрч Г.Б “...Таван шар чиглэлд явж байхад үл таних согтуу эмэгтэй хаалга нүдээд орж суух гээд байхаар нь би суулгаагүй, “та автобусны буудал дээрээс суу” гэж хэлэхэд цаашаа явсан бөгөөд буцаж ирээд автобусны хаалга руу чулуу шидэж шилийг нь хагалсан. . ...” /2хх 115-116/,

Ц.Сгийн яллагдагчаар өгсөн “...би автобусанд суух гээд очиход жолооч нь хаалгаа онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь уурлаад газраас чулуу аваад урд хаалга руу нь шидэхэд автобусны хаалганы цонх нь хагарч, гэмтсэн. . ...” /1хх 144-147/ гэсэн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /2хх 131-134/,  Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын техникийн комиссын акт /2хх 135/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ц.Сгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ S72 дунд чөмөг хугарах оношоор хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан, /зүүн бугалганы дээд үений дунд хэсгээс хуучин тайрагдсан мухар, зүүн гуяны дунд хэсгээр тайрагдсан мухар/ хамтран амьдрагч Ө.Быг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь хутгалж, цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж үнхэлцгийн хөндийд цус хуралдаж, зүрх чихэлдэн агшилтгүй болсны улмаас зүрх зогсож нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын автобусны хаалганы шилийг чулуу шидэн хагалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Ц.С болон түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нар гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй харин “...хорих ялыг хөнгөрүүлэх, ...сэтгэцэд учирсан хохирол 98.976.600 төгрөгийг шүүгдэгчид ашигтай байдлаар багасгаж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

1. Эрүүгийн хуулийн зорилгыг тус хуулийн 1.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тодорхойлж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан тул шүүхээс ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэх учиртай.

 

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнээс сонгон хэрэглэх, мөн хуулийн ерөнхий ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зэрэг шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалтыг хэрэглэх эсэх нь шүүхэд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.С, амь хохирогч Ө.Б нар нь 2015 оноос хамтран амьдарч тэдний дундаас 2017, 2021 онуудад охин Б.С, Б.Ннар төрсөн байх бөгөөд Ө.Б нь хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан болох нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Ц.С нь согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэн хүүхдүүдээ харж ханддаггүйн улмаас амь хохирогчийн ээж болох Х.О хүүхдүүдийг өөр дээр авч өсгөн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/155 захирамжаар Б.С, Б.Ннарын асран хамгаалагчаар эмэг эх Х.Оыг тогтоосон байна. /3хх 62/

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар 15 жилийн хорих ял, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 15 жил 02 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

2. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан. Уг журмаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход харгалзан үзэхээр заасан. 

 

“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно гэж тодорхойлжээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.

 

Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.

 

Анхан шатны шүүх амь хохирогчийн насны зөрүүгээр тооцох нь илүү ашигтай гэж үзэн амь хохирогчийн нас барсан үеийн насыг, хүн амын дундаж наслалтын зөрүүгээс хасаж, тухайн дүнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн тооцож 113.850,000 төгрөгөөр тогтоож, үүнээс төлөгдсөн 15.173.400 төгрөгийг хасаж, үлдэгдэл 98.676.600 төгрөгийг шүүгдэгч Ц.Сгаас гаргуулан, хууль ёсны төлөөлөгч Х.Од олгохоор шийдвэрлэсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.С нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт 83 хоног цагдан хоригдсон байгааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2348 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сгийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт 83 /наян гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Т.АЛТАНТУЯА

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН