Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00782

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.И ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/00540 дугаартай шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Б , Н.Б нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 530,867,242 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, хариуцагч Н.Б , түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар, нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Г.И ББСБ ХХК-тай Д.Б , Н.Б нар нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ЗГ-15/1/10 тоот зээлийн гэрээ болон БГҮ-15/1/10 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 60,000 ам.долларыг 2 сарын хугацаатай, сарын 3.3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/15/1/10а дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр гэрээний хугацааг 5 сараар, мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ-15/1/10б дугаартай гэрээгээр мөн хугацааг 3 сараар тус тус сунгасан. 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ЗГ-15/1/10в дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлдэгч Д. Батбилэгийг чөлөөлж, Н.Б ийг зээлдэгч болгон өөрчилсөн, мөн 55,000 ам.долларын үлдэгдэлтэй зээлийн гэрээний хугацааг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн хүүг сарын 3 хувь болгон бууруулсан. Зээлдэгч Д.Б , Н.Б нар нь зээлийн гэрээний үүргээ эхний 4 сарын хугацаанд биелүүлсэн, 5 дахь сараас эхлэн гэрээний үүргээ зөрчсөн хэдий ч зээлдүүлэгчийн шаардлагын дагуу хугацаа хэтрүүлэн 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл зээлийн хүүг төлж байсан. Энэ хугацаанд нэмэгдүүлсэн хүү 1,719 ам.доллар, зээлийн хүү 23,046 ам.доллар, үндсэн зээлийн төлбөрт 5,000 ам.доллар төлсөн. Дээрх хугацаанаас хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд үндсэн зээл 55,000 ам.доллар, зээлийн хүү 114,616,002 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 16,687 ам.доллар, нийт 186,303,002 ам.доллар буюу 530,867,242 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.Б ийн хариу тайлбарын агуулга: Н.Б тэй хамтран 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Г.И ББСБ ХХК-тай ЗГ-15/1/10 тоот зээлийн гэрээ, БГҮ-15/1/10 тоот барьцааны гэрээ байгуулж 60,000 ам.долларыг зээлсэн. Миний бие өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206018464 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон 17041, Туул гол гудамж, 59 дүгээр байр, 13 тоот хаягт байрлах 126,23 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаанд тавьж гарын үсэг зурсан боловч тухайн зээлсэн мөнгийг Н.Б өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зориулсан. Энэ талаар Н.Б ийн 2020 оны 07 дугаар сарын 27, 08 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч талд гаргаж өгсөн хүсэлтүүдээс тодорхой харагдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Н.Б хариу тайлбар гаргаагүй болно.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б ээс зээлийн гэрээний үүрэгт 530,867,242 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.И ББСБ ХХК-д олгож, хариуцагч Д.Б ээс зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл хариуцагч Д.Б ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон 17041, Туул гол гудамж, 59 дүгээр байр, 13 тоот хаягт байрлах 126.23 м.кв талбайтай 4 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2,882,486 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Б ээс улсын тэмдэгтийн хураамжинд 2,882,486 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.И ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4 Хариуцагч Н.Б ийн давж заалдах гомдлын агуулга:

4.а.Зээлийн гэрээний 4.2.8-д Энэ гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг, ямарваа нэг хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй гэж заасан байхад энэхүү заалтад хууль зүйн үүднээс үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хариуцагч Д.Б т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.б.Анхан шатны шүүхээс хариуцагч Н.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтсайханд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13:30 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд тэгш байдлын зарчим алдагдсан.

Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэжээ.

5.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Н.Б нь Ц.Цогтсайханд өөрийг нь төлөөлөх итгэмжлэл өгсөн бөгөөд хэргийн материалтай танилцсан байдаг. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Мөн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааныг Ц.Цогтсайханы хүсэлтээр хойшлуулсан. 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр болсон шүүх хуралдаанд Н.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ц.Цогтсайхан нь шүүгчийн туслахтай яриад, 2022 оны 03 дугаар сарын 04-ний шүүх хуралдаан товлогдсоныг мэдсэн байсан талаар шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн нь хэрэгт авагдсан. Шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн өдрийн 13 цаг 30 минутад хуралдах ёстой байсан шүүх хуралдаан 02 цаг 15 минут хүртэл хүлээсэн бөгөөд шүүгчийн туслах утсаар нь залгасан. 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчээр Н.Б , Д.Б нар гарын үсэг зурсан байдаг. Өнөөдрийг хүртэл хууль ёсны эхнэр, нөхөр хэвээр байгаа. Д.Б барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, үндсэн төлбөрийг Н.Б шилжүүлж авах талаар хүсэлтээ манай байгууллагад гаргаж байсан нь хэрэгт авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч Н.Б ийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

2.Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтад үндэслэн зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг зөв тогтоож, эрх зүйн дүгнэлт хийхдээ холбогдох хуулийг зөв хэрэглэсэн.

3.Нэхэмжлэгч Г.И ББСБ ХХК нь хариуцагч Д.Б , Н.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 530,867,242 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Б эс зөвшөөрч, мөнгийг Н.Б бизнесийн үйл ажиллагаанд зориулсан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ. Хариуцагч Н.Б ийн хувьд нэхэмжлэлийг гардаж аваад шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

4.а.Г.И ББСБ ХХК, Д.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ЗГ-15/1/10 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 60,000 ам.долларыг, зээлийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар, сарын 3.3 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан хуваарьт заасан хугацаанд төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх 5-9/ Гэрээний дагуу Г.И ББСБ ХХК нь Д.Б т мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан кассын зарлагын ордер, зээлдэгч Д.Б ийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх 17, 18/

4.б.Талууд энэ гэрээнд нийт 3 удаа өөрчлөлт оруулжээ. /хх 5-18/ Хамгийн сүүлд өөрчлөлт оруулсан 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ-15/1/10в дугаартай Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр үндсэн зээлийн үлдэгдэл 55,000 ам.доллар, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 25,971 ам.доллар, хугацааг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл байхаар, зээлийн төлбөрийг хавсралт 2-оор тохирсон хуваарийн дагуу төлөх, үндсэн зээлдэгч Д.Б ийг чөлөөлж, Н.Б ийг зээлдэгч болгох нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээнд Г.И ББСБ ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Пүрэвмаа, зээлийн эдийн засагч Б.Сэргэлэн, зээлдэгчийг төлөөлж Н.Б нар гарын үсэг зурж, баталгаажуулжээ. /хх12/ Энэ гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцжээ.

Мөн талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан журамд нийцсэн байх тул зээлдэгч Д.Б ийн өр буюу зээлийн гэрээний үүрэг Н.Б т шилжсэн гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч Г.И ББСБ ХХК нь хариуцагч Н.Б ээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ нь үндсэн зээлийн гэрээний 4.2.8-д заасныг зөрчсөн гэх хариуцагч Н.Б ийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

5.Хэрэгт хариуцагч Н.Б нь зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ гүйцэтгэсэн талаар баримт авагдаагүй, хариуцагч Н.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсвэл татгалзлын үндэслэлийн талаар тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргаагүй гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.

6.Хэрэгт авагдсан зээлийн тооцооллын баримтыг үндэслэн /хх 15-16/ хариуцагч Н.Б ээс зээлийн үүрэгт 530,867,242 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд, мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ. Иймд нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

7.Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

7.а.Талууд харилцан тохиролцож зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор зээлдэгч Д.Б ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон 17041, Туул гол гудамж, 59 дүгээр байр, 13 тоот хаягт байрлах 126.23 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалахаар 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр БГҮ-15/1/10 дугаартай барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх8-9/

7.б.Дээрх барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулсан гэж анхан шатны шүүх дүгнээд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагч Н.Б нь шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Д.Б ийн өмчлөлийн барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Энэ шийдвэрт хариуцагч тал гомдол гаргаагүй болно.

8.Хариуцагч Н.Б нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг анхан шатны шүүх зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

8.а.Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Н.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах гэсэн хүсэлтүүдийг тус тус үндэслэн шүүх хуралдааныг шүүгчийн захирамжаар нийт 3 удаа хойшлуулсан байна. /хх 67, 73, 79/ Тэрээр 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдөр 13:30 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтсайханд мөн оны 02 дугаар сарын 23-ны өдөр утсаар мэдэгдэж, энэ талаар баримтжуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэг заасантай нийцжээ. /хх 15-16, 23-24, 27-28/

Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль зөрчөөгүй байх тул шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдээгүй гэх хариуцагч Н.Б ийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. /хх 81/

Дээрх үндэслэлээр хариуцагч Н.Б , түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/00540 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,882,487 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Ч.ЦЭНД