Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 816

 

    Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Р.Очирсүрэн,

Шүүгдэгч Б...., түүний өмгөөлөгч Ж.Гантулга /ҮД:1163/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт ...ын ...т холбогдох 1808019201017 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бармон” ХХК-д карказын мужаан ажилтай, ам бүл-1, Ховд аймгийн Цэцэг сумын 2 дугаар баг, Баянголд оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо Чингэлтэйн 4-81 тоотод түр оршин суух, урьд

 Сум дундын 26 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1 жил 5 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Шарнууд овогт ...ын ... /.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч  Б.... нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “888” нэртэй зочид буудлын 06 тоот өрөөнд байрлаж байсан иргэн Т....гийн хэтэвчнээс хаан банкны виза карт, самсунг маркийн гар утас зэргийг хулгайлан авч, 723,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Т....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 04 сарын 07-ны өдөр 16 цаг өнгөрч байхад үл таних эрэгтэй хүн орж ирээд чинжаал хутга авах уу гэж асуусан. Тэгээд нөхөр бид хоёр ярилцаж байгаад авахаар болоод нөхөр маань миний виза картыг аваад нууц кодыг нь асуугаад би 1419 гэж хэлээд нөхөр карт аваад гарсан. Удалгүй нөхөр 1 шил 0.5 граммын архи, бууз хуушуур, ундаа авчирсан. Тэгсэн нөгөө залуу хутгаа манай нөхөрт бэлэглэхээр болоод, нөхрийн авчирсан архийг нөгөө хоёр хувааж уусан, 1 цагийн дараа нөгөө хүн за за баярлалаа гээд гараад явсан. Нөхөр бид хоёр хамт дээд давхарлуу гарч ариун цэврийн өрөө орчихоод 10 орчим минутын дараа өрөөндөө орж ирэхэд тортой юм ухчихсан байх шиг байхаар нь түрүүвчээ шалгахад виза карт, мөн нөгөө хутга бас миний гар утас алга болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх 16, 51 х/,

 

          - Шүүгдэгч Б....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хувьд Автовакзолын ард талд буюу Драгоны хажууд байдаг 888 гэсэн нэртэй зочид буудлын 3 номерын өрөөнд байрлаад ...гийн нөхөртэй архи ууж байгаад ил байсан виза карт, гар утас зэргийг нь орон дээр байхад нь авч гараад виза картнаас нь 670,000 төгрөг уншуулаад, гар утсыг нь авч явж байгаад хаясан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 29, 52 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

- Гэрч Э....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн үед манай буудалд үл таних эрэгтэй хүн орж ирээд өрөө байна уу гэж асуугаад 3 номерын өрөөнд орсон, гарахдаа мөнгөө өгнө гээд орсон. Дээрх эрэгтэй хүн хар өнгийн цүнхтэй, эрээн даавуунд боосон хөнжил, гудас барьчихсан байсан. Мөн хар өнгийн гэртэй ойролцоогоор 30-35 см урттай хутга байсан, анд явахдаа хэрэглэдэг гэх мэт зүйл яриад байсан. Тухайн эрэгтэй эхний өдрөө өрөөнөөсөө гараагүй, маргааш нь доод давхарын ах, эгч хоёртой уулзаад юм яриад архи уугаад байх шиг байсан. Тэгээд орой нь 18 цагийн үед буудлаас гарахдаа 30,000 төгрөг өгөөд найз ирчихсэн байгаа ах нь ээж рүүгээ явлаа гээд гарсан. Тэгээд тэрний дараа нөгөө ах, эгч хоёр картаа алдчихлаа гэж хэлсээр гарч ирсэн. Дээрх эрэгтэй хүн манай буудлаас гарахдаа орны гудасны завсар ...а овогтой ... гэсэн иргэний үнэмлэхний лавлагаа, хүний хөгжлийн сангийн дэвтэр, 2 ширхэг өөр хүний цээж зураг орхисон байсан. ...” гэх мэдүүлэг /хх 25 х/,

 

- Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 04 сарын 06-ны өдрөөс эхлээд Драгон төвийн зүүн хойд буланд шар модон хаалгатай буудалд 06 тоот өрөөнд байрласан. ... 16 цаг өнгөрч байхад нэг үл таних эрэгтэй хүн орж ирээд чинжаал хутга авах уу? гэж асуусан. Тэгээд эхнэр бид 2 зөвлөлдөж байгаад авхаар болоод эхнэрийн картыг аваад нууц үгийг нь асуугаад 1419 гэж хэлэхээр нь цээжлээд аваад гарсан. Тэгээд “Драгон” төвийн АТМ-ээс 30,000 төгрөг аваад нэг шил 0,5 граммын Алтантүрүү архи, 2 ширхэг хуушуур, 2 ширхэг мантуу, нэг ундаатай худалдаж аваад эргээд орсон. Тэгсэн чинь нөгөө залуу хутгаа надад бэлэглэхээр болоод бид 2 авсан архиа хувааж бүгдийг нь уусан. 1 цаг орчим болсны дараа нөгөө залуу за баярлалаа ах би явлаа хутгаа таньд бэлэглэлээ гэж хэлээд гараад явсан. Тэгээд би эхнэртэйгээ хамт дээд давхарын ариун цэврийн өрөө орсон. 10 орчим минутын дараа өрөөндөө ороод иртэл тортой юм ухчихсан байх шиг байхаар нь түрийвчээ аваад картаа шалгахад байхгүй болчихсон байсан. Нөгөө хутга нь бас алга болчихсон эхнэрийн гар утас бас байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 22-24 х/

         

                        - Б....ын иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 39, 47 х/

          - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 54 х/

          - Ял шийтгэлийн тэмдэглэл /хх 57 х/

          - “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 64-65 х/

          - Хохирол төлсөн баримт  /хх 78 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч  Б.... 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “888” нэртэй зочид буудлын 06 тоот өрөөнд байрлаж байсан иргэн Т....гийн хэтэвчнээс хаан банкны виза карт, самсунг маркийн гар утас зэргийг хулгайлан 723,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Т....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Нөхөр бид хоёр хамт дээд давхарлуу гарч ариун цэврийн өрөө орчихоод 10 орчим минутын дараа өрөөндөө орж ирэхэд тортой юм ухчихсан байх шиг байхаар нь түрүүвчээ шалгахад виза карт, мөн нөгөө хутга бас миний гар утас алга болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх 16, 51 х/,

 

          - Шүүгдэгч Б....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хувьд Автовакзолын ард талд буюу Драгоны хажууд байдаг 888 гэсэн нэртэй зочид буудлын 3 номерын өрөөнд байрлаад ...гийн нөхөртэй архи ууж байгаад ил байсан виза карт, гар утас зэргийг нь орон дээр байхад нь авч гараад виза картнаас нь 670,000 төгрөг уншуулаад, гар утсыг нь авч явж байгаад хаясан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 29, 52 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

- Гэрч Э....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн эрэгтэй эхний өдрөө өрөөнөөсөө гараагүй, маргааш нь доод давхарын ах, эгч хоёртой уулзаад юм яриад архи уугаад байх шиг байсан. Тэгээд орой нь 18 цагийн үед буудлаас гарахдаа 30,000 төгрөг өгөөд найз ирчихсэн байгаа ах нь ээж рүүгээ явлаа гээд гарсан. Тэгээд тэрний дараа нөгөө ах, эгч хоёр картаа алдчихлаа гэж хэлсээр гарч ирсэн. Дээрх эрэгтэй хүн манай буудлаас гарахдаа орны гудасны завсар ...а овогтой ... гэсэн иргэний үнэмлэхний лавлагаа, хүний хөгжлийн сангийн дэвтэр, 2 ширхэг өөр хүний цээж зураг орхисон байсан. ...” гэх мэдүүлэг /хх 25 х/,

 

- Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... нөгөө залуу за баярлалаа ах би явлаа хутгаа таньд бэлэглэлээ гэж хэлээд гараад явсан. Тэгээд би эхнэртэйгээ хамт дээд давхарын ариун цэврийн өрөө орсон. 10 орчим минутын дараа өрөөндөө ороод иртэл тортой юм ухчихсан байх шиг байхаар нь түрийвчээ аваад картаа шалгахад байхгүй болчихсон байсан. Нөгөө хутга нь бас алга болчихсон эхнэрийн гар утас бас байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 22-24 х/

          - “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 64-65 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

          Хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх хууль зүйн дүгнэлт:

          Хулгайлах нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байхыг ойлгох бөгөөд мөн хууль тогтоогчийн тайлбараар бага хэмжээнээс дээш хохирол учирсан байхыг шаардсан.

          Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн мэдэлд шилжүүлэн авснаар төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

Мөн гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой бөгөөд шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол Т....гийн хаан банкны виза карт /671,000 төгрөгтэй/, Самсунг маркийн гар утас /53,000 төгрөгийн үнэтэй/ зэрэг эд хөрөнгийг Б.... хэн нэгэнд хүч хэрэглэхгүйгээр, хүн байхгүй хойгуур буюу нууцаар, хэн нэгний зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авсан үйлдлийн улмаас дээрх хор уршигт хүргэсэн, шүүгдэгчийн үйлдэл, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

 

Б....ын дээрх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжийг хангаж байгаа. Хулгайлагдсан эд зүйлсийн үнэлгээ нийт 723,000 төгрөгөөр тогтоогдсон.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирогч Т.Сарантуяад хулгайлах гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 723,000 төгрөгийг төлсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирол төлсөн баримт /хх 78 х/-аар нотлогдон тогтоогдсон.

 

             Б.... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшсэн, урьд шүүхээр 1 удаа ял шийтгүүлсэн, ажил хөдөлмөр  эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзсэн тул 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.

 

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр тус тус шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шарнууд овогт ...ын ...ыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....ыг 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б....т мэдэгдсүгэй.

4.Б....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.ДАШДОНДОВ