| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2436002490205 |
| Дугаар | 02 |
| Огноо | 2026-01-13 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | А.Батбаатар |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 02
2026 01 13 2026/ДШМ/0002
*******өд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа, нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Батбаатар, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/275 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн *******өд холбогдох эрүүгийн 2436002490205 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн ******* ******* ******* *******, ******* регистрийн дугаартай, ******* ******* .
Урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.
2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 01- ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч тай маргалдаж гадуур хувцасны захаар хоолойг нь боож унаган "баруун тал бөмбөлгийн дух болон зулайн хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун тал бөмбөлгийн зулай, дух, чамархайн дэлбэнгийн цус, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн цус, баруун талын сильвиевийн ховил болон хажуугийн ховдлын урд эврийн цус" бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
4.1 Ховд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч ******* ******* т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,
4.2 Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.3 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийг нийтийн албанд ажиллах эрхийг 2/хоёр жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000/арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******өд оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000/арван сая/ төгрөгөөр торгох ялыг 2/хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж,
4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч *******өд тайлбарлаж,
4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******өд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялын хугацааг торгох ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж,
4.7 Шүүгдэгч ******* нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах гэм хорын хохирол, хор уршгийн нөхөн төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүйг тус тус дурдаж,
4.8 Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,
4.9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан энэхүү шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нь Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн *******өд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийг нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жил хасаж 10,000н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгосон. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн төлсөн. Эрүүгийн хуулийн 6.7-ийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсвэл хорих ялын дээд хэмжээ 3 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах эсвэл хорих ял оногдуулахгүйгээр 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, албадлагын арга хэмжээг хэрэглэх гэж заасан байна. Иймд Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 эрүүгийн тусгай ангийн 11.3-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг өөрчлөлт оруулж шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлсөн байх тул 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгож өгнө үү гэв.
6. Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шийтгэх тогтоолд "******* нь хохирогч ыг заамдсан /энгэрээс нь атгасан/ үйлдэлдээ санаатай, харин учирсан хор уршигт нь болгоомжгүй хандсан байна..." гэж дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэж хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй болсон. Учир нь гэм буруу санаатай байх ойлголтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байдаг.
Шүүгдэгч *******ийн хувьд хохирогч ын хоолойноос нь боож энгэрээс нь атгасан үйлдлийг хүсэж, түүний хөдөлгөөнийг хязгаарлах, өөрийн хүч чадлын давуу байдлаа илэрхийлэн харуулж байгаа үйлдэл. Түүний энэ үйлдлийг анхан шатны шүүхээс санаатай хийсэн үйлдэл гэж зөв дүгнэсэн атлаа, ухаан балартаж, газарт унасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан үйлдэлд болгоомжгүй гэж дүгнэсэн нь хоорондоо шалтгаант холбоотой, санаатай үйлдлийн улмаас учирч байгаа хор хохирлыг болгоомжгүй гэж дүгнэх боломжгүй юм. Өөр хэргийн жишээнд авч үзвэл хүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулж буй хүн тухайн үйлдлийн улмаас ямар зэргийн гэмтэл учрахыг урьдчилан мэдэх боломжгүй зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндэд учирсан хохирлоор хэргийг зүйлчилдэг. Гэтэл анхан шатны шүүхээс санаатай заамдаж, цамцны захаар боосон үйлдэл нь санаатай болов ч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэлдээ болгоомжгүй байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлд хамаарах тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах нь зүйтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нарын давж заалдах журмаар гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.
2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
3.Прокуророос шүүгдэгч *******ийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч тай маргалдаж гадуур хувцасны захаар хоолойг нь боож унаган "баруун тал бөмбөлгийн дух болон зулайн хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун тал бөмбөлгийн зулай, дух, чамархайн дэлбэнгийн цус, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн цус, баруун талын сильвиевийн ховил болон хажуугийн ховдлын урд эврийн цус" бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх Ховд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* өд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000/арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
5. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...шүүгдэгч *******ийг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг өөрчлөлт оруулж шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлсөн байх тул 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгож өгнө үү.” гэжээ.
6. Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ “...анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.
6.1. Анхан шатны шүүх “шүүгдэгч *******ийн хохирогч ыг заамдсан /энгэрээс нь атгасан/ үйлдэлдээ гэм буруугийн хувьд санаатай хандсан байна” гэх агуулгатай дүгнэлт хийсэн атлаа “уг үйлдлийн улмаас хохирогч газарт унаж, "баруун тал бөмбөлгийн дух болон зулайн хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун тал бөмбөлгийн зулай, дух, чамархайн дэлбэнгийн цус, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн цус, баруун талын сильвиевийн ховил болон хажуугийн ховдлын урд эврийн цус" бүхий хүнд хохирол учирсан”-ыг хор уршигт болгоомжгүй хандсан байна” гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн “хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулах”-аар хийсэн үйлдлийг “өөрийн үйлдэлдээ санаатай хандсан” гэж дүгнэсэн атлаа уг санаатай үйлдлийн улмаас учирсан хохирлыг “хор уршигт болгоомжгүй хандсан” байна гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон байна. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
6.2 Шүүгдэгч ******* нь “...Би машины урд талаар тойроод очтол Ганбаа ах Дамрин ахтай уулзаж байснаа, над руу “муу бацаан минь манай хашаагаар юу хийж байгаа гөлөг вэ ” гэх мэтээр хэлээд байсан тэгэхээр нь би хүнтэй уулзмаар байна, та явж байгаач гэхэд, чи хэнтэй уулздаг юм бэ гэж хэлээд намайг бариад авсан” гэж мэдүүлдэг боловч,
Камерын бичлэгээс үзэхэд ******* автомашины урдуур тойрч очоод ын энгэр хэсгээс 2 гараараа бариад зүүн тал руугаа тойруулж, эргүүлээд 2 гараа энгэр хэсгээс атгасан гараа тавиад авто машины хойд тал руу алхаж байгаад буцаж очоод ын энгэрээс зүүн гараараа татаад баруун гараараа энгэрээс нь барьсан байдалтай байхад Д.Тэгшээ авто машины зүүн хойд хаалганы хажуугаас автомашины урдуур нь тойрч , ******* хоёрын хажууд очиход автомашины урд хэсэг рүү далдлагдаж унахад ******* нь ын энгэрээс барьсан байсан гартаа татагдаж тонгос гээд гараа тавиад эргэж байгаа үйл баримт дүрс бичлэгт тусгагдсан байна.
6.3 Мөн шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй бөгөөд хэрэг болох үед архи уугаагүй эрүүл байсан” харин “хохирогч нь согтуу байсан” гэж мэдүүлдэг боловч камерын бичлэгээс үзэхэд “шүүгдэгч ******* нь өөрөөсөө насаар ах, биеэр жижиг, согтуу хүн”-ийг энгэрээс нь атгаж /заамдаж/ аваад эхлээд зүүн тал руугаа эргүүлсэн, дараа нь гараа тавиад авто машины хойд тал руу алхаж байгаад дахин буцаж очоод хоёр дахь удаагаа ын энгэрээс зүүн гараараа татаад баруун гараараа барьж авч байгаа, улмаар хохирогч авто машины урд хэсэг рүү далдлагдаж унаж байгаа нь бичлэгт харагдаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчид өөрийн биеийн өндөр, хүч чадлын давуу байдлаа илэрхийлэн харуулж байгаа үйлдлийг “болгоомжгүй хийсэн үйлдэл” гэж дүгнэх боломжгүй байна.
Гэтэл анхан шатны шүүх “Хэрэг учралын үед хохирогч ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг хянаж, өөрт хохирол учрахаас сэргийлэх боломж хязгаарлагдмал байсныг энэхүү хэргийн тухайд харгалзан үзвэл зохих нөхцөл юм.” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
6.4. Түүнчлэн хохирогч нь хашаанаасаа гарч ирэхдээ өөрөө алхаж зам хөндлөн гарч яваад саарал өнгийн Рrius-30 маркийн тээврийн хэрэгслийн урдуур тойрч очоод жолооч талын цонхоор тонгойж хүнтэй ярьж байхад түүний хувцас нь шороо болоогүй бусдын ямар нэгэн тусламжгүй явж байсан, харин машин далдлагдаад газар унасан хэсэг хугацааны дараа Д.Ганбатын тусламжтай босож, хашаа руугаа орохоор явахдаа тэнцвэрээ олохгүй дайвалзаж, хүнээр сугадаж түшүүлсэн хувцас нь шороо болсон байдлын талаар камерын бичлэгийн тэмдэглэлд тусгагдсан байх ба уг дүрсний бичлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлж авч хэрэгт хавсаргасан байгааг “энэхүү хэргийн тухайд харгалзан үзвэл зохих нөхцөл юм”.
7. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1, 2-т заасан “шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэл”-д хамаарч байх тул “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв”.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нарын “шүүхээс оногдуулсан торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шүүхийн шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэл үг үсгийн алдаа ихтэй байгааг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/275 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2.Шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА