Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00781

 

 

 

 

 

 

 

 

 

И.Б -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны 183/ШШ2022/00511 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч И.Б ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.О т холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 21,820,402 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л , түүний өмгөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: И.Б ньХ.О тэй холбогдон Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Бурхантын 5-1 гудамж 523 тоот хаягт байрлах газарт 8х10 хэмжээтэй байшинг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд барьж, түлхүүр гардуулах нөхцөлийг харилцан тохиролцож, урьдчилгаа 45,000,000 төгрөгийгХ.О ийн ХААН банк дахь 5********* тоот дансанд 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн. Гэрээний төлбөрийн талаар Х.О нь барилгын материалын болон ажилтны зардлын тооцоог 78,273,043 төгрөгөөр төсөвлөн өгсөн, уг тооцоололд дахин өөрчлөлт оруулах талаар утсаар мэдэгдсэн.Х.О болон түүний ажилтнууд Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Бурхантын 5-1 гудамж 523 тоот хаягт 8х10 хэмжээтэй барьж байсан байшингаа дуусгалгүй 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажлаа орхиод явсан байна.

Иймд цаашид байшингаа үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулах боломжгүй болох нь тодорхой болсон тул ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 45,000,000 төгрөгөөс хариуцагч Х.О ийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хасаж, үлдэгдэл 21,820,402 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

2. ХариуцагчХ.О ийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс ажлыг эхэлсэн. Өмнө нь Г хэлбэртэй байшингийн зураг байсныг 8х10 хэмжээтэй барихаар ярилцаж барилгын төсвийг нягтлангаараа тооцоолол хийлгэхэд зарим нэг материалын зардлыг тооцохдоо орон алдаж, тооцоог гаргасан байсан. Гэрээг бичгээр байгуулаагүй, амаар ярилцаад хийсэн ажлаа өдөр, өдөрт нь үзүүлээд явж байсан. И.Б гуай доторх ханыг хэд хэдэн удаа буулгуулж, 00-ийн нүхийг хоёр ч удаа ухуулсан. Урьдчилгаанд 45,000,000 төгрөг өгсөн боловч нэмэлт зардал их гарч 46,272,400 төгрөг болсон. Миний бие уг барилгын зургийг, төсөв тооцооллын хамт гаргасан. Гэрээгээр тохирсон ажлыг 70 хувийн гүйцэтгэлтэй хийж хүлээлгэж өгсөн. Мөн шинжээчийн дүгнэлт гаргахад би өөрт байгаа баримтуудыг өгсөн боловч тэр барилгын материалын үнэ нь хэдий хугацааны, хаанаас тогтоосон үнээр үнэлгээ тогтоосон нь тодорхойгүй байгаа гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчХ.О ээс 15 311 326 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Б д олгож, илүү нэхэмжилсэн 6 509 076 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Б аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчХ.О ээс улсын тэмдэгтийн хураамжид 234 506 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Б д олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Шинжзэч Д.Батзаяагийн дүгнэлт үндэслэлтэй болж чадаагүй. Шинжээчийн дүгнэлтэд ажилчдын цалин хөлс болон бусад зардлын тооцоог зах зээлийн тооцоо судалгаагүйгээс гадна миний гаргасан зардал тооцооны баримтуудыг тооцож оруулаагүй. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч Б.Батзаяа онлайнаар гэрчээр оролцож тодруулга өгч байхдаа надаас баримтуудыг авч байснаа хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэлийн шаардлагаас 15,311,326 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан байдаг. Анхан шатны шүүхээс уг заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хариуцагч талаас гаргаж өгсөн бэлэн мөнгөний зарлагын баримт нь санхүүгийн анхан шатны баримтаар давхар нотлогдож байж шүүх уг баримтыг үнэлэх боломжтой. Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байсан бол анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргах боломжтой байсан боловч хариуцагч тал уг эрхээ хэрэгжүүлээгүй. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2. Нэхэмжлэгч И.Б нь хариуцагчХ.О т холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 21,820,402 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1-2, 25-29/

 

3. Талууд харилцан тохиролцож,Х.О нь Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Бурхантын 5-1 гудамж 523 тоот хаягт байрших газарт 8х10 хэмжээтэй хувийн сууцыг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд барьж, түлхүүр гардуулах, уг ажлын төсвийг зохиож өгөх, Ч.Батнямын хувьд ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн, Ч.Батням нь урьдчилгаа төлбөрт 45,000,000 төгрөгийгХ.О т шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдсон байна. /хх 1-2, 5/

 

4.Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн. Харин талуудын гэрээ цуцлагдсантай холбоотой үр дагаврыг дүгнэхдээ Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь оновчгүй болжээ.

 

Хариуцагч тал гэрээний үүргээ ноцтой зөрчсөн үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна би ажлаа хаяж явсан зүйл байдаггүй, ажлынхаа 60 хувьд оруулаад доторх заслыг өөрсдөө хийнэ гэж хэлсэн, зардал их гарсан гэх агуулга бүхий тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй байх тул шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн нь буруу байна.

 

Захиалагч Ч.Батням нь ажил гүйцэтгэгчХ.О ийн гүйцэтгэх ажлын төсвийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсгийн заасанд нийцнэ.

5. Уг алдаа нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

 

6.а.Хариуцагч тал гэрээ цуцлагдсан үйл баримтад маргаагүй, гүйцэтгэсэн ажлын хэмжээнд маргаж гүйцэтгэсэн ажлын зардалд нийт 46,272,400 төгрөг гарсан гэх үндэслэлээ нотлохоор зарлагын баримтуудыг шүүхэд гарган өгчээ. /хх30-48/ Эдгээр баримтууд бараа, материалыг худалдсан, худалдан авсан этгээдийн нэр бичигдээгүй, гарын үсэггүй, И.Б ын хувийн сууцыг барихад гарсан зардал гэдгийг эргэлзээгүй нотлохгүй байна.

7.а.Шүүхийн журмаар томилогдсон шинжээч нь дутуу баригдсан хувийн сууцны материалын өртөг, ажлын хөлс зэргийг тооцон 29,688,674 төгрөгийн үнэлгээ тогтоожээ. /хх 87-95/

7.б.Шинжээч үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан журмыг баримтлаагүй, зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

8.Шүүх шинжээчийн тогтоосон үнэлгээг үндэслэн нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн 45,000,000 төгрөгөөс хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг хасч тооцон, 15,311,326 төгрөгийг хариуцагчХ.О ээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн заасанд нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны 183/ШШ2022/00511 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,052 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Ч.ЦЭНД