Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2026/ДШМ/96

 

   

 

 

 

    2026           01             21                                       2026/ДШМ/96

 

Э.Э-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2568 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Э.Э-д холбогдох эрүүгийн 2506058442309 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М- овгийн Э-ын Э-, 1995 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дугаар байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............./,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/564 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/1479 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн;

 

Шүүгдэгч Э.Э- нь 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “.............” хотхоны харалдаа Туул голын эрэг дагуу насанд хүрээгүй хохирогч Б.Лтой маргаж, улмаар түүнийг цамцны захнаас нь татаж өргөн газарт савж унагаасны улмаас эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Э.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: шүүгдэгч М- овгийн Э-ын Цыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт М.Ариунцэцэг прокурортой уулзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ хэлсэн боловч “танд торгуулийн ял өгнө” гэж хэлсэн боловч хялбар ажиллагааны шүүхэд шилжүүлээгүй. 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр буюу шүүх хуралдаан болохоос өмнө прокурорт “өмгөөлөгчтэй орно” гэж хэлэхэд “чи өмгөөлөгчгүй орно гэж хүсэлт бичиж өгөөд хуралдаа орчих, торгуулийн ял төлөвлөж танилцуулна” гэж надад худал хэлж миний эрх зүйн байдлыг дордуулсан, өмгөөлөгч авах эрхийг минь зөрчсөнд гомдолтой байна. ...Би анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох ёстой байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Энд байх хугацаандаа маш их зүйлийг ойлгож, ухаарч авлаа. Дахин хэзээ ч ийм болчимгүй үйлдэл гаргахгүй. Намайг өршөөж, ялыг сольж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Ж.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээчийн дүгнэлтэд “Б.Лийн биед зүүн чамархай ясны хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, хамар ясны баруун хажуу хананд цөмөрсөн хугарал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.” гэсэн байна. Энэхүү дүгнэлтийг үндэслэн Э.Э-ыг насанд хүрээгүй хохирогч Б.Лийн эрүүл мэндэд хүнд хохирол учирахад зориуд хүргэсэн гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм. Учир нь насанд хүрээгүй хохирогч Б.Лийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт “...Би 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ах нарын хамт гадаа тоглож байгаад эзэнгүй айлын хашаа руу бөмбөг орчихоор нь авах гэж ороход айлын сул нохой байж таараад хамар хэсэгтээ хазуулаад шархтай болчихсон.” гэдэг. Энэ мэдүүлгээс харахад, насанд хүрээгүй хохирогч гэмт хэрэг гарахаас нэг хоногийн өмнө гэмтэл авсан нөхцөл байдал тогтоогдож байна. Тэгэхээр хохирогчид учирсан гэмтлүүдээс шүүгдэгч Э.Э-ын хийсэн хууль бус үйлдлийн улмаас ямар гэмтэл учирсан талаар нарийн зааглаж хэргийг шийдвэрлэх ёстой байсан.

Түүнчлэн Э.Э-д эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хийхдээ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нөхцөл байдал зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Шүүгдэгч Э.Э-ын хувьд гэм буруугийн хувьд маргадаггүй, мөн бусдад төлөх хохиролгүй зэргийг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой байсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Э-ын өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн болон бусад асуудлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй байна. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Э.Э-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...М.Ариунцэцэг прокурор ээлжийн амралттай байгаа тул миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд томилолтоор орж байна. Шүүгдэгч талаас өмгөөлөх эрхээр хангаагүй, прокурор худал хэлж шүүх хуралдаанаар оруулж ял оногдуулсан гэж тайлбарлаж байна. Энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй. Шүүгдэгч Э.Э- шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцоно гэдгээ бичиж өгсөн. Өмгөөлөгч анхан шатны хуралдаанд оролцох байсан боловч төлбөр мөнгөний асуудлаас болж оролцоогүй гэж тайлбарлалаа. Прокурорын зүгээс торгуулийн ял төлөвлөнө, өмгөөлөгчгүй оролцчих гэж хэлсэн зүйл огт байхгүй. Энэ талаарх нотлох баримт хавтас хэрэгт байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Үйлдэгдсэн хэргийн тухайд заавал өмгөөлөгчтэй оролцох хэрэгт хамаарахгүй. Өмгөөлөгчөө сонгож оролцох эрх нь шүүгдэгчид нээлттэй байсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой хохирогчид учирсан гэмтлийг нарийн тогтоосонгүй гэж шүүгдэгч талаас тайлбарлаж байна. Хүний биед учирсан гэмтлийг тусгай мэдлэг шаардсан шинжээч эмч тодорхойлно. Шинжээч эмч дүгнэлт гаргахдаа холбогдох баримтад тулгуурладаг. Шинжээчийн дүгнэлтээс харахад нийт 3 удаа томографийн зураг авахуулсан байдаг. Үүний хүрээнд дүгнэлтээ гаргасан. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан зүүн чамархайн хөхлөг сэртэнгийн шугаман хугарал гэдэг нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хүнд гэмтэлд хамаарна. Мөн журмын 2.6.2-т “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг үнэлэх шалгуурын нэг нь илэрч байвал түүгээр, хэрэв олон шалгуур шинж илэрч байвал хамгийн хүнд шалгуур шинжээр нь авч үзнэ” гэж заасан. Хүнд гэмтэл авсан нь үүгээр нотлогдож байгаа тул шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Шүүгдэгч Э.Э-ын хувьд урьд энэ төрлийн буюу хүний эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулах гэмт хэргийг үйлдэж байсан. 2022 онд үйлдсэн гэмт хэрэг нь насанд хүрээгүй хүүхдийн эсрэг үйлдсэн байсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувийн байдлыг дүгнэсэн. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Э.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Э.Э- болон түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянавал зохих дараах нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол учруулсан этгээдийн гэм буруутай үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон байх ёстой бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож хууль зүйн үнэлэлт, дүгнэлтийг хийдэг.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь дан ганц шүүгдэгч Э.Э-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хангалттай тогтоогдоогүй, зарим гэмтлийг өөр бусад байдлаар учруулсан байж болзошгүй талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зэргээс үзэхэд насанд хүрээгүй хохирогч Б.Лид учирсан гэмтлүүд нь бүхэлдээ шүүгдэгч Э.Э-ын үйлдлийн улмаас үүссэн эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч байна.

Тодруулбал, насанд хүрээгүй хохирогч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны үед  “...би 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гадаа тоглож байгаад эзэнгүй айлын хашаа руу бөмбөг орчихоор нь авах гэж ороход нохой нь сул байж таараад, хамар хэсэгтээ хазуулаад, шархтай болчихсон.  ...” /хх-ийн 8-9/, Э.Э- яллагдагчаар “...би Ж- ахын хүү Л-г өмнөх өдөр нь нохойд хазуулсан гэдгийг хадам ээжээс сонссон байсан юм. Хадам ээж хэлэхдээ нүүрнээсээ хазуулаад аймар болчихсон байгаа гэж байсан...” /хх-ийн 79/ гэж тус тус мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтэд “Б.Лийн биед зүүн чамархай ясны хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, хамар ясны баруун хажуу хананд цөмөрсөн хугарал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх, насанд хүрээгүй хохирогч Б.Лийн Э.Э-д зодуулахаас өмнө “нохойд хазуулж, хамар хэсэгтээ гэмтэл авсан” байж болзошгүй нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй,  нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд шалгаж хэргийн үйл баримтыг тогтоолгүйгээр, яллах талын нотлох баримтыг дангаар нь үнэлсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан шаардлагад нийцэхгүй байна.

Мөн шүүгдэгч Э.Э- нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/1479 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн байхад уг ял биелэгдсэн эсэх талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй, биелэгдээгүй тохиолдолд ял нэмж нэгтгэх хууль зүйн үр дагавар үүсгэх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх дээрх байдлуудыг нөхөн дүгнэх боломжгүй тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Харин хавтас хэргийн 76 дугаар талд яллагдагчид өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг танилцуулсан баталгаа, 97 дугаар талд шүүгдэгч Э.Э-ын анхан шатны шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох талаар гаргасан хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан шүүгдэгчийн “...Өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно.” гэсэн тайлбар зэрэгт үндэслэн шүүх хуралдааныг явуулсан анхан шатны шүүхийн үйл ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно.” гэж заасныг зөрчөөгүй байх ба шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-т заасан “...хууль зүйн туслалцаа авах...” эрхийг эдлүүлээгүй, хязгаарласан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Э.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2568 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Э.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ОЧМАНДАХ

 

         ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

 

         ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН