| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 251000000865 |
| Дугаар | 2026/ДШМ/97 |
| Огноо | 2026-01-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2026/ДШМ/97
2026 01 21 2026/ДШМ/97
Г.Э-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Алтай,
хохирогч К-(К-), хэлмэрч Б.Г-, хохирогчийн өмгөөлөгч Г.Буян, Ж.Төрмөнх,
шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Н.Буянжаргал,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2558 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Буянжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Э-од холбогдох эрүүгийн 251000000865 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г- ... овгийн Г-ийн Э-, 1987 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжилтэй, “.............” ХХК-д менежер, төслийн эдийн засагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо, Ногоон талба.. дүгээр гудамжны ....тоотод оршин суух, /РД:............./,
Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
Шүүгдэгч Г.Э- нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “.............” ХХК-ийн гүйцэтгэх захирал К-“2022 оны уулын ажлын төлөвлөгөөг хугацаанд нь хийж, хүлээлгэн өгөөгүйтэй холбогдуулан 10.000.000 төгрөгийн торгууль гарсан байна, яаралтай төлж байж дараагийн ажлууд хийгдэх боломжтой болоод байна” гэж хэлж, хохирогчийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Худалдаа хөгжлийн банк”-ны салбарт байхад нь өөрийн “Худалдаа хөгжлийн банк” дахь ............. тоот дансаар 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: шүүгдэгч Г- Пүрэв овгийн Г-ийн Э-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Н.Буянжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... торгууль гарсан, эсхүл торгох үндэслэл бүрдсэн эсэх талаар:
Шүүгдэгч нь “торгууль биш ажлын хөлс гэж тооцож, 10.000.000 төгрөг авсан, танай байгууллага 2022 оны тайлан, 2023 оны уулын ажлын төлөвлөгөөг цаг хугацаанд нь хийж, цахим системд оруулаагүйгээс цахим систем хаагдсан, энэ нь торгох үндэслэл болно”, хохирогч нь “танай байгууллага торгуульсан байна, үүнийг төлөх ёстой” гэсэн харилцан эсрэг агуулгаар мэдүүлэг өгдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлэг нь баримт мэдээлэл буюу нотлох баримт. Энэ хоёр харилцан зөрүүтэй нотлох баримтаас шүүгч хохирогчийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон. Гэтэл хохирогч нь өөрөө зөрүүтэй, худал мэдүүлгүүд өгдөг. Тухайлбал:
- К-нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо “................” ХХК нь Гамшиг эрсдлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй, өнөөдрийг хүртэл гэрээнд заасан ажлуудыг хийж гүйцэтгээгүй” гэж бичсэн. Дараа дараагийн мэдүүлэгтээ болохоор “Гамшиг эрсдлийн үнэлгээ өгсөн, тэр нь хуурамч гэж Налайх дүүргийн холбогдох байгууллага хүлээн аваагүй” гэж харилцан зөрүүтэй мэдүүлсэн. Гэтэл энэ үнэлгээг хийж өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог бөгөөд прокурор уг баримтыг үнэлж үзээд энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгосон /прокурорын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 111 дүгээр тогтоол/.
Энэхүү Гамшиг эрсдлийн үнэлгээ байхгүйгээс болж 2024 оны 05 дугаар сарын сүүлээр улсаас 8 хүний бүрэлдэхүүнтэй шалгалт ирээд, Гамшиг эрсдлийн үнэлгээ хийлгээгүй тул үйл ажиллагааг зогсоогоод явсан гэж 2025 оны 04 дүгээр сарын 24-нд илт худал мэдүүлсэн. 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01-030-01/072 дугаартай Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн актаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй тул үйл ажиллагааг зогсоосон болох нь тогтоогддог. Дээрх байдлаар дандаа худал мэдүүлдэг “хохирогч” гэх хүний мэдүүлэг дангаараа хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хуулиар тогтоосон дэглэмээс илүү үнэн гэж шүүх үзэж байгаа нь хэргийн бодит байдалд нийцэхгүй. Хохирогчийн мэдүүлгүүд нь нотлох баримт болон хуулийн зохицуулалтаар үгүйсгэгдэж байгааг анхан шатны шүүх харгалзан үзсэнгүй. Харин шүүгдэгчийн мэдүүлгийг эх сурвалж тодорхойгүй, бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй юм. Торгууль ногдуулсан гэж Г.Э- хэлсэн бол түүнийг нь шалгаж, өөрөө төлөх боломж нь хохирогчид нээлттэй байсан. Шүүх хуралдааны явцад “Г.Э- танаас 10.000.000 төгрөгийг юу гэж хэлж авсан бэ?” гэсэн даргалагчийн асуултад хохирогч “Би монгол хэл жаахан ойлгодог. Торгууль гэдэг үгийг нь сонсоод шууд ойлгосон. Тэгээд банк руу очоод торгууль гэж шилжүүлсэн.” гэж хариулсан. Мөн хугацаанд нь тайлан гаргаж өгөхгүй бол торгууль төлдөг талаар мэдэх үү гэсэн асуултад “Г.Э- хэлсэн учраас мэдсэн”, “Торгууль төлдөг гэж хэлсэн үү?” гэхэд “Яг тэгж хэлсэн” гэж хариулсан. “Торгууль төлдөг шүү” гэж хэлэх нь “Торгууль гарсан байна” гэдгээс өөр утгатай нь илэрхий. Гэтэл К-нь торгууль гэдэг ганц үгийг өөрийнхөө ойлгосон хэмжээнд Г.Э-ыг буруутгаж байгаа болох нь харагдана. Бодит байдалд “.............” ХХК-ийг торгох нөхцөл үүссэн байсан уу гэдгийг хууль, тогтоомжийн хүрээнд дүгнэлт хийх боломжтой. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хайгуул, уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх, хүлээн авах заавар батлах тухай” А/121 дүгээр тушаалаар батлагдсан Зааврын 1.1-д: “Энэхүү зааврыг ...Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журамд заасны дагуу Хайгуулын, Уулын ажлын болон Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, тайлан, мэдээг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх, ирүүлэхэд баримтална”, 1.2-т: “Төлөвлөгөө, тайлан, мэдээг http://gmis.mrpam.gov.mn/ цахим хаягтай Геологи, уул уурхайн мэдээллийн системээр хүргүүлэх, ирүүлэх ажиллагааг хэрэгжүүлнэ” гэж заасан. 4.2-т: “Уулын ажлын болон Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг Хавсралт 3, 4, 5-д заасан шаардлагын дагуу боловсруулан системээр ирүүлнэ.”. “.............” ХХК 2022 оны тайлан, 2023 оны Уулын ажлын төлөвлөгөөг хийж дээрх журамд зааснаар ирүүлээгүй гэдгээ К-өөрөө хүлээн зөвшөөрдөг /тэмдэглэлийн 15 дугаар тал/.
Зааврын 2.12-т: “Хэрэглэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд “Хуулийн хугацаанд төлөвлөгөө, тайлан, мэдээг ирүүлээгүй тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллага, зөрчлийн тэмдэглэл, шийтгэврийн хуудсыг албан тоотод хавсарган ирүүлнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.2-т зааснаар дараа жилийн уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор, 48.6.3-т зааснаар тухайн жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны дотор цахимаар хүргүүлээгүй бол албан хүсэлт гаргаж, түүндээ шийтгэврийн хуудсыг хавсаргах шаардлагатай. Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ашиглалтын талаар мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй хуулийн этгээдийг 10.000 нэгжээр торгох бөгөөд энэ шийтгэврийн хуудсыг хавсаргаж ирүүлнэ. Эдгээрээс нэгтгэн дүгнэвэл 2022 оны тайлан, 2023 оны төлөвлөгөөг хийх нь хуулиар хүлээлгэсэн үүрэг байхад ............. нь энэ үүргээ биелүүлээгүй, улмаар торгууль тавигдах бодит нөхцөл байдал үүссэн байсан болох нь хохирогчийн мэдүүлэг, холбогдох хууль тогтоомжоор нотлогддог. Гэтэл шүүх Г.Э-ын мэдүүлэг нь эх сурвалжгүй, бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцлийг бий болгожээ. ...Хохирогч манай байгууллага дээр торгууль тавигдсан байна гэж ойлгоод би мөнгө өгсөн гэж мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогч, яллагдагчийн хэн алины мэдүүлэг нотлох баримт болдог. Харин эдгээр мэдүүлэг харилцан зөрүүтэй тохиолдолд шүүгч аль мэдүүлгийг үндэслэж шийдвэрээ гаргах вэ гэдэг асуудлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй гэж үзэж байгаа. Г.Э-ын торгууль оногдуулах үндэслэл бий болсон байна шүү гэх үгийг хохирогч өөрийнхөөрөө торгууль гарсан гэж ойлгоод торгуулийн мөнгийг шилжүүлсэн байдаг. Үүнээс харахад Г.Э- хохирогчийг залилаагүй гэдэг нь харагдаж байна. Энэ асуудал зөвхөн хохирогчийн өөрийнх нь буруу, ташаа ойлгосноос үүдэлтэй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 15 дугаар талд тодорхой тусгагдсан. Бодит байдал дээр “.............” ХХК-ийг торгох нөхцөл бүрдсэн байсан уу гэдэгт хууль зүйн хүрээнд дүгнэлт хийх боломжтой байсан. ... Хэрэгт түүний хийсэн ажлын талаар 100 гаруй хуудас баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ ажлын хөлсөнд 10.000.000 төгрөг авна гэж хэлсэн. Мөн энэ ажлыг хийж байж цахим систем нээгдэх боломжтой байна гэж талуудын хооронд харилцаа үүссэн байдаг. Залилуулаад байгаа гэж гомдол гаргасан боловч “.............” ХХК Г.Э-оор дахин өөр ажлууд хийлгэж байсан. Тухайлбал 2025 оны уулын ажлын төлөвлөгөөг хийлгээд одоог хүртэл мөнгөө өгөөгүй нөхцөл байдал байгаа. Агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцсэн гэж үзэх вэ?. Шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэр гаргана. Ингэхдээ шийдвэрийн эх сурвалж болж буй нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлаар үнэлж, дүгнэх ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Ким Бан Сеокийн өгсөн гэрчийн мэдүүлэг эх сурвалжаар нотлогддоггүй. Харин эсрэгээрээ Г.Э-ын мэдүүлгүүд нотлогддог. Тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ төрөх юм бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт бий. Энэ зарчмыг баримтлаад Г.Э-ыг гэм буруугүйд тооцож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч К-(К-) тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүндэтгэн үзэж байгаа. Г.Э- энэ гэрээнээс гадна өөр олон ажил хийсэн гэж тайлбарлаж байна. Энэ бүгдийнх нь төлбөрийг би төлсөн. Гамшиг үнэлгээний талаар тайлбар бас хэлж байна. Үүнийг хийсэн гэж хэлж байгаа боловч үнэндээ хийгээгүй. Миний бодлоор энэ хүн гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийгээгүй. Энэ хэрэгтэй холбоогүй гэж үзэж байна. Цахим системээр явуулах ёстой гэж тайлбарлаж байна. Энэ нь миний хийх ёстой ажил биш. Г.Э-ын өөрийнх нь хийх ёстой ажил байсан. Торгуулийн тухайд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хамгийн анх Г.Э-той уулзахаас өмнө өөр нэг хүнд залилуулж байсан. Тухайн үед өөр хүнд залилуулж байсан тухайгаа би Г.Э-од хэлж байсан. 2022 онд уулын ажлын төлөвлөгөөг хугацаандаа хийж гүйцэтгэхгүй бол торгууль ногддог гэдгийг анх удаа сонсож байсан. Миний санаж байгаагаар 2023 онд надад гурван удаа “торгууль ногддог шүү” гэдгийг хэлж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр торгууль ногдуулсан гэж хэлсэн учраас би мөнгийг “торгууль” гэсэн утгатай шилжүүлсэн. ...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Г.Буян тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...бодит байдалд торгууль ногдуулаагүй байхад шүүгдэгч зохиомол байдлыг бий болгоод, 10.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж авсан үйлдэл дээр анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох журмын дагуу уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор тайлан өгөх ёстой буюу үүнтэй холбогдуулан торгох нөхцөл байдал үүссэн талаар тайлбарлаж байна. Хамгийн гол нь үүнийг өгөөгүйн улмаас тухайн байгууллага дээр Зөрчлийн тухай хуулийн дагуу 10.000.000 төгрөгийн торгууль ногдуулсан эсэхтэй холбоотой маргаж байгаа. Шүүгдэгч 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр торгууль гарсан байна гэж хэлэх цаг хугацаанд хохирогч байгууллагын нэр дээр ямар нэгэн торгууль байгаагүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн зүгээс өөр өөр мэдүүлэг өгдөг, тухайн мэдүүлгүүд нь торгох нөхцөл байдал үүссэн гэдгийг нотолдог гэж тайлбарлаж байна. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хоёр удаа мэдүүлэг өгсөн. Анх 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “.............” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ба уг гэрээний ажлыг тухайн байгууллагын ажилтан Г.Э- хариуцан гүйцэтгэхээр болсон, энэ үед танайх энэ ажлыг үргэлжлүүлэхийн тулд 2023 оны төлөвлөгөөгөө хугацаандаа биелүүлээгүй асуудал яригдаж магадгүй шүү гэж хэлж байсан. Үүний дагуу 2023 оны 11 дүгээр сард торгууль гарсан гэж хэлсний дагуу торгуулийн мөнгө шилжүүлсэн гэж мэдүүлсэн байдаг. Мөн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлэг өгсөн. Мөрдөгчийн зүгээс Г.Э-ын юунд итгэж тухайн 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм бэ гэж асуухад хохирогч “тухайн ажлыг үргэлжлүүлэн хийх гэхэд торгуулийн асуудал гарсан учраас ажил үргэлжлэхээргүй болсон, ийм учраас 10.000.000 төгрөгийг шилжүүлээрэй гэхэд нь шилжүүлсэн” гэж хариулсан. Эдгээр мэдүүлгээс харахад шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан “зөрүүтэй мэдүүлэг өгсөн” зүйл байхгүй байна. Торгууль бодит байдалд гараагүй байхад торгууль гарсан мэтээр итгүүлж, зохиомол байдлыг бий болгож мөнгө авсан талаар үнэн зөв мэдүүлгийг өгсөн нь харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байгаа тул хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Төрмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж буй торгох нөхцөл байдал үүссэн үү гэдэг огт хамаагүй. Харин торгууль гарсан уу гэдэг нь хамааралтай. Анхан шатны шүүх торгууль гарсан уу гэдэг хүрээнд дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан. Бодит байдал дээр торгууль огт гараагүй. Хэрэв торгууль гарах юм бол төрийн зохих байгууллагаас тухайн байгууллагад мэдэгдэл хүргүүлдэг. Мөн улсын байцаагч очиж торгуулийн хуудас бичсэнээр тухайн аж ахуйн нэгжид торгууль ногдуулдаг. Тухайн үед хохирогчийн хувьд энэ үйл ажиллагааг мэдээгүйн улмаас Г.Э-ын торгууль гарсан гэх үгэнд нь итгээд хувийн дансаар нь 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Хохирогчийн зүгээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд манай байгууллагын нэр дээр ямар нэгэн торгууль ногдуулсан уу гэх агуулгаар хүсэлт гаргасан. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 92501 дугаартай албан бичгээр “.............” ХХК-ийн нэр дээр торгууль, шийтгэл ногдуулсан тухай баримт мэдээ тус яаманд байхгүй байна” гэх хариу ирсэн. Үүнээс харахад “.............” ХХК-ийн нэр дээр анхнаасаа ямар нэгэн торгууль гараагүй гэдэг нь харагдаж байна. Иймд шүүгдэгч торгууль гарсан гэх зохиомол нөхцөл байдлыг зориудаар бий болгосон. Шүүгдэгчийн уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг төлөхтэй холбоотой завсарлага авч хохирлыг төлсөн. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Алтай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэргийн үйл баримт маш тодорхой. Уулын ажлын төлөвлөгөөг цаг хугацаанд нь хийгээгүй гэдгийг өмгөөлөгч нар давтан хэлж байна. “.............” ХХК-д ямар нэгэн торгууль ногдуулаагүй байдаг. Г.Э- энэ 10.000.000 төгрөгийг төлөхгүй бол ажил цааш явахгүй гэж хэлээд хохирогчийг залилж авсан. Энэ үйл баримт хохирогчийн мэдүүлэг, түүнийг нотолсон дансны хуулга зэрэг баримтаар нотлогддог. Шүүгдэгч Г.Э-ын зүгээс шилжүүлгийн утгыг мэдэхгүй гэж тайлбарлаж байна. Гэвч мэдэж байсан болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Мөн хохирогчийн өгсөн мөнгөө авах талаар хэлэхэд, чи гадаад хүн, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж чадахгүй болгож чадна шүү гэж хэлээд одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй гэх мэдүүлэг бий. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. Тийм учраас шүүгдэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Г.Э-од холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Буянжаргалын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Г.Э- нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “.............” ХХК-ийн гүйцэтгэх захирал К-“2022 оны уулын ажлын төлөвлөгөөг хугацаанд нь хийж, хүлээлгэн өгөөгүйтэй холбогдуулан 10.000.000 төгрөгийн торгууль гарсан байна, яаралтай төлж байж дараагийн ажлууд хийгдэх боломжтой ” гэж төөөрөгдөлд оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч К-(К-)-ийн “...Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үед Г.Э- надад, танай “.............” ХХК-ийн Уулын ажлын төлөвлөгөөг цаг хугацаанд нь хийж гүйцэтгээгүйн улмаас улсаас торгууль ногдуулна, мэдэж байгаарай гэж хэлсэн. 2023 оны 11 дүгээр сард Г.Э- над руу залгаад “...”.............” ХХК дээр 2022 оны Уулын ажлын төлөвлөгөөг цаг хугацаанд нь хийгээгүй болохоор 10.000.000 төгрөгийн торгууль ногдуулсан байна. Танайх энэ торгуулиа төлж байж техник, эдийн засгийн үндэслэл хийгдэх боломжтой...” гэж хэлсэн. Би үүнийх нь дагуу 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Зайсанд байх “Худалдаа хөгжлийн банк”-ны салбараас 10.000.000 төгрөгийг Г.Э-ын “Худалдаа хөгжлийн банк”-ны ............. дугаар данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш “.............” ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний биелэлт маш удаашралтай явж байсан болохоор “.............” ХХК болон Г.Э- гэх хүмүүсийн ярьж байгаа зүйл үнэн эсэх тал дээр эргэлзсэн. Г.Э- гэх хүнээс манай компанид ногдуулсан торгуулийг төлж барагдуулсан талаарх баримтыг нэхэхэд өгөөгүй. Тэгэхээр нь би нягтлан Цэцэгмаатай хамт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд албан бичиг хүргүүлсэн ба тус яамнаас 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04/570 дугаар албан бичгээр хариу ирсэн. Уг бичигт манай “.............” ХХК-д Уулын ажлын төлөвлөгөөг гаргуулан өгөөгүй талаар торгууль ногдуулаагүй байсан. Мөн төрийн байгууллагаас асууж үзэхэд “хэрвээ танай компани дээр торгууль ногдуулсан бол мэдэгдэл очих ёстой” гэж хэлсэн. Ингээд Г.Э- гэх хүнд худлаа ярьж 10.000.000 төгрөг авсан талаар нь, мөн мөнгөө буцааж авах талаар хэлэхэд “чи гадаад хүн, чамайг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж чадахгүй болгож чадна шүү” гэж хэлээд одоог хүртэл мөнгө өгөөгүй. ...” /хх-ийн 62-63, 70/ гэсэн мэдүүлэг,
К-(К-)-ийн “Худалдаа хөгжлийн банк” дахь ................. тоот дансны “...2023.11.03, Зарлага: 10.000.000, Гүйлгээний утга: Торгуулийн төлбөр, To: Э- Г-, харьцсан данс: ................” гэх хуулга /хх-19/,
Г.Э-ын “Худалдаа хөгжлийн банк” дахь ............. тоот дансны “...2023.11.03, Орлого: 10.000.000, Гүйлгээний утга: Торгуулийн төлбөр, From: ................., харьцсан данс: ....................” гэх хуулга /хх-ийн 45/, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх- 39/,
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04/570 дугаартай “...Танай компанийн эзэмшдэг MV-017512 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай 2023 оны уулын ажлын төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй зөрчилд торгуулийн шийтгэл оногдуулсан тухай баримт мэдээлэл тус яаманд байхгүй байна.” гэх албан бичиг /хх-ийн 33/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.Э-ын хохирогч К-“танай компани 2022 оны уулын ажлын төлөвлөгөөг хугацаанд өгөөгүйгээс 10.000.000 төгрөгийг торгууль ногдуулсан байна” гэж торгууль ногдуулаагүй байхад торгуулсан мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000.000 төгрөгийг өөрийнхөө дансаар шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл заалтад зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Н.Буянжаргал “...“...10.000.000 төгрөгийг уулын ажлын төлөвлөгөө хийх ажлын хөлс гэж тооцож авсан. 2022 оны тайлан, 2023 оны уулын ажлын төлөвлөгөөг хугацаанд нь хийж, цахим системд оруулаагүй тохиолдолд цахим систем хаагдаж, торгууль ногдуулах үндэслэл болдог гэж хэлж байсан. Хохирогч нь торгууль ногдуулсан эсэхийг өөрөө шалгах, эсхүл өөрөө төлөх боломжтой байсан. Залилах гэмт хэрэг үйлдээгүй тул Г.Э-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдлыг гаргажээ.
1. Шүүгдэгч Г.Э-од холбогдох хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, “.............” ХХК-ийн гүйцэтгэх захирал К-нь 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “.............” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, тус компанийн менежер, төслийн эдийн засагчаар ажиллаж байсан Г.Э- нь тодорхой ажлуудыг гүйцэтгэж байх хугацаандаа буюу 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр “2022 оны уулын ажлын төлөвлөгөөг хугацаанд нь хийж, хүлээлгэн өгөөгүйтэй холбогдуулан 10.000.000 төгрөгийн торгууль гарсан байна, яаралтай төлж байж дараагийн ажлууд хийгдэх боломжтой” гэж хэлснээр “.............” ХХК-ийн гүйцэтгэх захирал К-нь 10.000.000 төгрөгийг Г.Э-ын Худалдаа хөгжлийн банкны харилцах дансаар нь шилжүүлж өгсөн үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтын талаар хохирогч К-(К-) “...2023 оны 11 сард Г.Э- над руу залгаад “...”.............” ХХК дээр 2022 оны Уулын ажлын төлөвлөгөөг цаг хугацаанд нь хийгээгүй болохоор 10.000.000 төгрөгийн торгууль ногдуулсан байна. Танайх энэ торгуулиа төлж байж техник, эдийн засгийн үндэслэл хийгдэх боломжтой...” гэж хэлсэн. Би үүнийх нь дагуу 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 10.000.000 төгрөгийг Г.Э-ын “Худалдаа хөгжлийн банк”-ны ............. дугаар данс руу шилжүүлсэн. ...” гэж мэдүүлсэн байх ба түүний энэхүү мэдүүлэг нь К-болон Г.Э- нарын дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн компанид торгууль ногдуулсан баримт, мэдээлэл байхгүй талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04/570 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар давхар нотлогдож байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эдгээр нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Түүнчлэн, хохирогч К- “Торгуулийн төлбөр” гэсэн утгатайгаар Г.Э-ын данс руу шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг Г.Э-ын гүйцэтгэсэн ажлын хөлс болгож төлсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Буянжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2558 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Буянжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН