Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 303/ШШ2026/00100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 2 дугаар баг, 12 гудамж, гудамж, 12 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, 88997614 утасны дугаартай, ******* овогт *******ын *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Н.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь 1965 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн. 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарсан тул Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Нийтийн ахуй үйлчилгээнд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 он хүртэл гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

1.2 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.******* нь Баянхонгор аймгийн Гурван булаг сумын Нийтийн ахуй үйлчилгээнд гуталчнаар ажилладаг байсан. Сумын архив шатсан учраас баримт байхгүй байгаа. Иймд Н.*******ын 1983-1986 он хүртэл гуталчин, мөн туслах үйлдвэрт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, зөвлөмжийн хуудас, Баянхонгор аймгийн төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1024 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 777 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 778 дугаартай архивын лавлагаа, тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс зохигчийн хүсэлтээр М.*******гийн мэдүүлгийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч Н.*******ын 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдэлд мужаанаар, мөн 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Нийтийн аж ахуй үйлчилгээнд гуталчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3.Учир нь: Хүсэлт гаргагч Н.******* нь 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдэлд мужаанаар, мөн 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Нийтийн аж ахуй үйлчилгээнд гуталчнаар түүний ажиллаж байсан талаарх баримт болон 1981-1990 онуудад авч байсан цалин зэргийг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1024 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 778 дугаартай архивын лавлагаа, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч М.*******гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Харин хүсэлт гаргагч Н.*******ын 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан талаарх баримт болон цалин архиваас гараагүй, бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгов.

 

5. Иймд хүсэлт гаргагч Н.*******ын 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдэлд мужаанаар, мөн 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Нийтийн аж ахуй үйлчилгээнд гуталчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, бусад хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******ын *******ын 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдэлд мужаанаар, мөн 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Нийтийн аж ахуй үйлчилгээнд гуталчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА