| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0605/Э |
| Дугаар | 646 |
| Огноо | 2017-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 646
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Ч.Алтансүх,
Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эт холбогдох эрүүгийн 1806018210488 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Д.Э нь 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 2 дугаар орцонд хамртан амьдарч байсан иргэн Н.Бурмааг хоёр гуя болон зүүн тохойд нь хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806018210488 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Хохирогч Н.Бурмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
"...Өглөө би 10 цагийн үед гэрээсээ гараад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр байрны 2 дугаар орц 23 тоотод Д.Эын гэрт ирсэн. Хаалгыг нь тогшоод онгойлгохгүй болохоор нь орцны шатан дээр хаалга руу нь хараад сууж байсан чинь над руу утсаар залгасан санагдаж байна. Утсаар яриад би 2 хүүхэнтэй байна чи яв гэхээр нь би юу яриад байгаа юм бэ гээд шатан дээр утсаа таслаад сууж байсан чинь баруун гартаа хутга барьчихсан гарч ирээд үгийн зөрүүгүй хутганыхаа ишээр намайг цохиж байснаа баруун, зүүн гуя руу хутгаараа дүрсэн. Ингээд би ухаан алдаад юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн орцонд сууж байсан. Гар болон гуянаас цус гараад би 103-т дуудлага өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрөө цагдаад гомдол гаргаагүй. Энэ асуудлыг шалгуулахгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 сарын 27-ны өдрийн 365 дугаартай:
“Н.Бурмаагийн биед 2 гуя, зүүн тохойд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх нь ир үзүүр бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 45-46/
Шүүгдэгч Д.Эын мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 02 дугаар сарын 23-ны орой ажил тараад 2 хүнтэй ресторанд айраг, цагаан архи ууж хоол идээд гэртээ 23 цаг болж байхад ирээд унтсан. Маргааш нь буюу бямба гаригт өглөө босоод дэлгүүрээс 0,75 гр-ын 1 шил архи аваад шараа тайлчихая гээд уусан тасарчихсан. Нэг мэдэхэд хүмүүс хаалга үүд балбаж нүдээд байсан "Эаа хаалгаа онгойл, хаалгыг чинь эвдлээ шүү" гээд байх шиг байсан. Тэгэхээр нь би айж сандараад өөрийн ах Давааруу залгаад "манай хаалга үүдийг хүн амьтан балбаад байна, та хурдан ирж надад туслаачээ" гээд тусламж хүссэн. Хэсэг хугацааны дараа Даваа ах нь байна аа хаалгаа онгойлго гэхээр нь хаалга онгойлгож өгсөн чинь 2 цагдаа намайг сугадаж гэрээс гаргаад Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэх байранд хүргэсэн асуудал болсон юм. Дараа нь мэдэхэд хамтран амьдарч байсан Бурмааг хутгалсан байна гэдгийг сонссон. Би тасарчихсан юугаа ч мэдэхгүй байна. Н.Бурмаатай 2016 оны наадмын үеэс хойш Н.Бурмаагийн гэрт хамт амьдарсан. Н.Бурмаа архи уучихаад агсан согтуу тавиад байхаар нь Цагаан сарын битүүний өдөр хувцас хунараа аваад өөрийн гэртээ ирээд тусдаа амьдарч байсан. Би тухайн үед согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн тасарсан байсан учраас Н.Бурмааг яаж хутгалсанаа бол санахгүй байна. Дараа нь эрүүл болоод сонсоход Н.Бурмааг хутгалсан гэсэн. Энэ үйлдлийг бол хүлээн зөвшөөрч байна. Шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан. Н.Бурмаагийн биед учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-11/
-эрүүгийн мөрдөгчийн 2018 оны 02 сарын 24-ний өдрийн справка /хх-ийн 23/
-хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 34/
-цэргийн төв эмнэлгийн 2405 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 37-43/
-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 57/
-Д.Эын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-64/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Э нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаараа мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Д.Эын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Н.Бурмаагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Э нь гэмт хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар 14 см иштэй, 33 см урттай хутга, хураагдсан Арвай нэртэй архины шил, шилэн аягыг тус тус устгах зүйтэй.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга, хэрэгт хураагдсан архины шил, шилэн аягыг тус тус устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ