| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2405 01111 0793 |
| Дугаар | 2026/ДШМ/26 |
| Огноо | 2026-01-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2026/ДШМ/26
2026 01 06 2026/ДШМ/26
Н.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Ган-Эрдэнэ,
Хохирогч Ж.Т- /цахимаар/,
шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2426 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.Т-, шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Б-д холбогдох 2405 01111 0793 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овогт Н-ийн Б-, 1984 оны 09 дүгээр сарын 28-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч болон эрх зүйч мэргэжилтэй, Төмөр замын Цагдаагийн газарт Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан байцаагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Цэргийн хотхон .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД:...............).
Шүүгдэгч Н.Б- нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр зам дахь Цагдаагийн газрын байранд 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Ж.Т-гийн биед биеийн хүчийг хэтрүүлэн хэрэглэж, баруун гарын богтос ясны титэм сэртэнгийн сэтэрсэн хугарал, тохойн үений хагас мултрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт Н-ийн Б-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 5400 ( таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 5400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б- нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б-аас хохирогчийн эмчилгээний зардалд 449,010 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд 3,293,400 төгрөг, нийт 3,741,410 төгрөг гаргуулж хохирогч Ж.Т-д олгож, хохирогч Ж.Т- нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич Н.Б-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Б- болон түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 “Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” зүйлд заасныг үндэслэн өмгөөлөгчөөс хууль зүйн өмгөөлөл, туслалцаа авагч, шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2426 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргасан болно.
Гомдлын агуулга нь: 1. Холбогдсон хэргийн товч агуулга 2. Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээний үндэслэл 3. Өмгөөлөгчийн дүгнэлт 4. Хуулийн хэрэглээний үндэслэлийг нотлож байгаа нотлох баримтууд 5. Нотлох баримт хэрэглээний үндэслэлийг харьцуулан шалгасан байдал 6.Санал гэсэн дараалалтай байна.
Нэг. Холбогдсон хэргийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байдлын товч:
Миний үйлчлүүлэгч Н.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. Тус хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2426 тоот шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн байна.
Хоёр. Эрүүгийн хуулийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээний үндэслэл.
Хууль тогтоогчоос “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт үйлдлийг нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцон эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд эрүүжүүлж энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялын төрөл хэмжээг хуульчлан заажээ. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэнд, халдашгүй байх эрх чөлөөнд халдаж эрүүл мэнд, бие, физилогийн бүрэн бүтэн байдал, оюун санааны сайн сайхан байдал нь хохирол учруулдаг нийгмийн хор аюулын шинж чанар нь тодорхойлогдох ба энэ гэмт хэргийн обьект нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх ашиг сонирхол, хүний эрүүл мэнд байна. Эрүүл мэнд гэдэг нь Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “эрүүл мэнд” гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг” хэлнэ гэж хуульчлан заажээ.
Гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг шууд учирсан бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар гадны өөр ямар нэгэн нөлөөгүйгээр тэр хохирол, хор уршгийг бодитойгоор учруулж, түүнд шууд хүргэсэн байдаг.
Энэ гэмт хэргийн обьектив талын үндсэн шинж болох “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол” гэдэгт: Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаар тушаалын хавсралтын 3.2-т заасан гэмтлийг учирсан байхыг ойлгоно. Дээрх хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл түүний улмаас хүнд хохирол учирсан хор уршгийн дотоод харилцан хамааарал бүхий бодит шинжийг илэрхийлэх ба энэ мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардсан шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар эргэлзээгүй,бүрэн дүүрэн тогтсон тохиолдолд энэ зүйл хэсгээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй болдог.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн дотоод шинж буюу субьектив шинжийг гэм буруугийн санаатай хэлбэртэй байхаар хууль тогтоогчоос энэ зүйлийн үндсэн шинж болгон хуульчлан заажээ. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн хүн оюун санааны шинжийн хувьд өөрийн хэрэгжүүлж байгаа үйлдлийн нийгмийн хор аюулын шинжийн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах үйлдэл, түүний улмаас учрах хор уршигт хүсч, зориуд хүргэсэн байх нь энэ гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж болдог.
Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээний үндэслэл:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1- д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь .... гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” мөн хуулийн 1.7 дугаар зүйлд “Шүүх прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина” мөн хуулийн 1.7 -д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийг тайлбарласан Монгол Улсын Дээд Шүүхийн бүх шүүгчдийн хурлын 24 тогтоолоор баталсан албан ёсны тайлбарын 5.2-д “Шүүгдэгчийн гэм буруутай, эсхүл гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага бол үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоох явдал юм. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гарах аливаа шийдвэрт тавигдах шаардлага нь нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой бөгөөд нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгахгүйгээр эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх бодит боломжгүй” болохыг тайлбарласанаас үзэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд нь “зөрүүгүй байх” шаардлага буюу нотолгооны стандарт тогтоон тайлбарласан байна.
Дээрх тайлбарт заасан “ашигтайгаар шийдвэрлэх” зарчим нь “гэм буруугүйд тооцох” зарчимтай зэрэгцэн үйлчлэх ба хууль болон тайлбарт заасан энэхүү зарчмын үндэслэл болж буй “үндэслэл бүхий эргэлзээ” гэдэгт “эрүүгийн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үр дүнгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг хангалттай нэг бүрчлэн шалгаж, тэдгээрт дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно” гэж тус тус энэхүү хэм хэмжээ, зарчмыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар тайлбарлан тогтоожээ.
Дөрөв: Өмгөөлөгчийн дүгнэлт: Хохирогчийн эрүүл мэндэд санаатай хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг эрүүлжүүлэн зүйлчилж оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийн нь гэмт хэргийн хүсэл зоргийн шинж болон хохирогч Ж.Т-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрийг агуулахгүй, болгоомжгүй буюу захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна. Нийгмийн хор аюул гэсэн үгүйсгэгдэх хэмжээ болон захиргааны актаар хүлээсэн үүргийнхээ олгогдсон эрхийнхээ хэмжээнд хэрэгжүүлсэн үйлдэл. Нийгмийн хор аюул үгүйсгэгдэж байгаа тул эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй үндэслэлээр цагаатгах байр суурьтай байна.
Тав. Нотлох баримт
Дээрх үндэслэлүүд болон дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Яллах: Хохирогч Ж.Т-гийн мэдүүлэг \1хх 22-24 тал\, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2190 дугаар дүгнэлт \1хх 55- 56\, Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт \1хх 62-64хх\, Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл \1хх 89-96 тал\, Эд мөрийн баримтаар компакт диск, насанд хүрээгүй гэрч Г.Э-ын мэдүүлэг \2хх 01 -02 тал\,
Цагаатгах: Гэрч Х-ын мэдүүлэг \1 хх 39-41 тал\, хохирогч Ж.Т-гийн мэдүүлэг \1хх 22-24 тал\, хохирогч Ж.Т-гийн дахин өгсөн мэдүүлэг \1 хх 31 тал\, Н.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэг \1 хх 34 тал\, Ц.Х-ын мэдүүлэг \1хх 39 тал\, Л.Нямбатын гэрчээр өгсөн мэдүүлэг \1хх 44-46 тал\, Т.Б-гэрчээр өгсөн мэдүүлэг \1хх 49-50\, Шинжээчийн дүгнэлт \1хх 55-56 тал\, Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл \1хх 89-96 тал\, Н.Б-ын ажлын байрны тодорхойлолт \1хх 139-140 тал\, yасанд хүрээгүй гэрч Г.Э-ын мэдүүлэг \2 хх 01-02 тал\
Зургаа. Санал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Н.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу цагдаагийн албан хаагч ажилдаа ирэх болон гэртээ харих бүх цаг хугацааг албан үүргээ гүйцэтгэсэнд тооцдог. Миний үйлчлүүлэгч цагдаагийн дэслэгч Н.Б- нь албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа буюу ээлжээсээ бууж байхдаа өөрийн харьяалсан нутаг дэвсгэр болох төмөр замын цагдаагийн нутаг дэвсгэрт Орхон аймгийн Цагдаагийн газраас бүсийн хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Жанжив овогт Т- гэгч этгээд мөн болох нь тогтоогдсон тул түүнийг саатуулсан. Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түүнийг саатуулсан. Тухайн үед эрэн сурвалжлагдаж байсан Ж.Т- удаа дараа тавьсан шаардлагыг эсэргүүцэж, “би хулгай хийгээгүй, хулгайч биш” гэж орилон салаавч гаргах, нулимах, хараах, тамхи татах зэргээр цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Анхан шатны шүүх хэргийн бодит байдал нийцсэн дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, хуульд “6 цаг хүртэлх хугацаагаар саатуулж болно” гэж заасан боловч Төмөр замын Цагдаагийн хэлтэст зориулалтын саатуулах өрөө байдаггүй. Тиймээс дээд шатны даргаасаа дараагийн чиглэл ирэх хүртэл хүлээлгийн танхимд түүнийг саатуулах болсон. Тухайн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан. Ж.Т- салаавч гаргаж, зориулалтын бус цагдаагийн хэлтсийн танхимд байнга тамхи татаж, “CU дагуулж орж, ундаа, ус авна” гэхээр нь гаргаж, аяыг нь харсан. Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан биеийн хүчийг нэн тэргүүнд хэрэглэхгүй байх стандартын дагуу түүнтэй хүн ёсоор харилцсан болох нь харагддаг. Энэ байдал нь цааш даамжирч “1 давхрын цонхоор олон удаа тамхи татлаа, одоо болно” гэж шаардлага тавьсныг биелүүлэхгүй, хохирогчийг 1 давхрын цонхоор тонгойх мөчид миний үйлчлүүлэгч хохирогч Ж.Т-гийн гарыг ард нь мушгиж, татан сандал руу түлхэх үйлдэл хийсний улмаас түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан. Анхан шатны шүүх “өрсөлдсөн хэм хэмжээ байхгүй” гэж дүгнэсэн. Өрсөлдсөн хэм хэмжээ биш суурь харилцааг зохицуулсан хэм хэмжээнд энэ талаар зохицуулсан. Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн бол” гэж заасан. Хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэж тухайн үйлдлийг хязгаарлах, тухайн үйлдлийг хийхгүй байхыг хэлнэ. Цонхоор шагайж цаашаа унах, өөрийн эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдалд гарыг нь мушгиж, биеийн хүч хэрэглэсэн нь Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болсон гэж үзэж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6 дахь заалтад “биеийн хүч хэрэглэх гэж цагдаагийн алба хаагч өөрийн бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг” хэлнэ гэж заасан. Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан үзлэг хийсэн тэмдэглэлд цонхоор шагайх мөчид гарыг нь мушгисан болох нь тодорхой харагддаг. Үүнээс өмнө “та тамхи татаж болохгүй, энд байж бай” гэж шаардлага тавихад салаавч гаргаж, бүдүүлэг үгээр харааж, доромжлон цагдаагийн албан хаагч руу халдаж байсан талаарх гэрчийг мэдүүлэг авагдсан. Хохирогчийг цонхоор тонгойх мөчид татсан байхад анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийхдээ материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг, энэ төрлийн гэмт хэргийн объектив шинж нь шалтгаант холбоо гэж зааж, субьектив шинжид дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт зааснаар хүний эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан гэж үзвэл миний үйлчлүүлэгч тухайн хохирогчийн биед гэмтэл учруулахыг урьдаас хүссэн, зориуд түүндээ хүргэсэн байх хүсэл зоригийн шинж байх ёстой. Гэтэл албан үүргээ гүйцэтгэж, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, цонхоор өнгийх явцад хойшоо татаж байгаа үйлдэлд шууд санаа гэдэг зүйл яригдахгүй. Мөн энд хувийн сэдэл гэдэг зүйл яригдахгүй. Өөрөөр хэлбэл, тухайн этгээдийн үйлдлийг хязгаарлах зорилгоор хийж байгаа үйлдэл дээр шууд санаа яригдахгүй. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан гэх гэмт хэргийн субьектив шинж нь болгоомжгүй хэлбэртэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх захиргааны актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлсэн боловч зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэсэн. Гэтэл энд үйлдэл, эс үйлдэхүй яригдаж байна. Энэ хүн цагдаагийн албан хаагч мөн, болгоомжгүйгээр үйлдсэн, Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар батлагдсан тусгай хэрэгсэл хэрэглэх зааврыг зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Анхан шатны шүүх “заавал үйлдэл байхыг шаардана” гэж дүгнэсэн. Өмгөөлөгчийн хувьд үүнийг эс үйлдэхүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, заавар, зөвлөмжид заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тухайн нөхцөл байдалд тохируулж биеийн хүч хэрэглээгүй нь болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл мөн. Хэрвээ болгоомжгүйгээр хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэж хэргийг зүйлчилбэл, нийгмийн аюулын шинж чанар, хор аюул нь Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй болохыг нотолсон дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэнэ. Энэ бол энгийн 2 иргэн хоорондоо зодолдож, хараасан асуудал биш. Цагдаагийн албан хаагч эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг таслан зогсоож, үйлдлээ хязгаарлах хууль ёсны шаардлага тавьж, энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан биеийн хүч хэрэглэх үндэслэлд хамаарна. Тухайн үед тусгай хэрэгсэл байсан боловч хэрэглээгүй, биеийн хүч хэрэглэхдээ цохих, өшиглөх үйлдэл хийгээгүй, хэрвээ хохирогч цонхоор тонгойж унасан бол амь нас, эрүүл мэнд нь хохирох эрсдэлийг бид яаж тооцоолох вэ, энэ тохиолдолд хэрхэн санаатай гэмт хэрэг үйлдсэн бэ гэдэг асуултад субьектив талын хүсэл зоригийн шинж тогтоогдохгүй. Урьдаас хүсээгүй, зориуд ийм байдалд хүргээгүй. Хэргийн зүйчлэлийн хувьд болгоомжгүй гэмт хэрэг, зориудаар ийм нөхцөл байдалд хүргээгүй, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар баталсан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж зүйлчлэх байх. Ингэж зүйлчилсэн тохиолдолд нийгмийн аюулын шинж чанар нь Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан албан үүргээ зохих ёсоор биелүүлснээс хор уршиг учирсан байна. Тиймээс гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр үгүйсгэгдэнэ гэж үзэж байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, нотлох баримтаас бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэгийг судлуулсан нь зөв байх. /1хх 89-96/, цуг албан үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргийг шинжлэн судлуулсанд тооцуулья. Энэ хүн гэртээ аваачиж, цагдан хорихгүй, аль нэг цагдаагийн алба хаагчийн өрөөнд оруулахгүй нь ойлгомжтой” гэжээ.
Шүүгдэгч Н.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө адилхан саналтай байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэжээ.
Хохирогч Ж.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын вагоны вокзалын нойлд хүүхэдтэйгээ бие засаж байхад 2 цагдаагийн ажилтан авч гарч, вагоны вокзалын цагдаагийн өрөө рүү орж байхад, Н.Б- цагдаагийн дүрэмт хувцас дээр англиар М.Б- гэж бичсэн байсан. 2024 онд Дархан-Уул аймгийн Орхон могой жимс, Сэлэнгэ аймгийн Цагааннуураар аавынхаа авгын талын нагацуудаар хоноглож, эмнэлэгт үзүүлж байхад Н.Б- Сэлэнгийн вагонд орж ирэн цагдаагийн хувцастай намайг дарамталж байсан. М.Б- миний гарыг хугалж, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан дээр Б-ийн Б- гэж хариу тайлбар өгсөн. Шүүгчийн захирамжид Н-ийн Б- гэж гарсан. Нямсүрэн гэж ээжийнх нь нэр. Шүүх хуралдаанаас өмнө цагдаагийн үнэмлэх дээрх хэний Б- гэж байгааг гаргаж өг. Иргэний үнэмлэх дээр мөн хэний Б- гэж бичсэнийг гаргаж өг. Миний гарыг хугалж байхдаа М.Б- гэдэг нэртэй, Дархан, Сэлэнгийн вагонд явж байхад М.Б- гэж цагдаагийн хувцас дээр англиар бичсэн байсан. Энэ хүний цагаатгах хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Яагаад цагдаагийн ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэсэн мөртлөө ажлаа хийж, Увс аймгийн цагдаагийн байгууллага, Улсын Дээд шүүхэд Ж.Т-г барьж, Шар хадны амны эмнэлэгт үзүүлж, хүүхдийг нь өөр хүнд үрчлүүлэх бичиг хийлгэж байгаа вэ, энэ хүний ээж Увс аймгийн Халамж, үйлчилгээний хэлтсийн орлогч дарга хийдэг байсан. Миний гарыг хугалсан камерын бичлэг байсаар байхад “хугалаагүй” гэж хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, миний гарыг хугалсан болохыг тогтоож, ял шийтгэл оногдуулж өгнө үү. Намайг “ашиг сонирхол хайж байна” гэж хэлсэн. Ашиг сонирхол хайсан болохоороо мөнгө зарлагадаж, эмнэлгээр үзүүлж, одоо хагалгаанд орох заалттай нүд хавдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ядарсан болохоор намайг ингэж дарамталж байгаа. Хүн зодсон, хутгалсан хүмүүс шүүх хуралдаан болохоос өмнө эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг төлсөн байдаг. Ийм шүүх хурал, цагдаа, цагдаагийн албан хаагч гэж юу байх вэ, ядарсан болохоор нь ингэж байна. Цагдаа гэхээрээ ард, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, эрүүл мэндээр нь хохироож байна. Мөн “хуульч чинь чамд олигтой үйлчилж өгөхгүй байна” гэж байна. Улаанбаатар хотоос 1,700,000 төгрөгөөр өмгөөлөгч авахаар Н.Б- өмгөөлөгчтэйгөө нийлж, тэр өмгөөлөгчийг дарамталж, өмгөөлсөн зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хохирлоо зөв тогтоолгосон зүйлгүй, гэмтлийн зэрэг хүндэвтэр гэж гарсан байхад цагаатгах гэж байна. Гар хугалсан болох нь камерын бичлэгээр батлагдаж байгаа. Миний хоолой идээлж, бөөр өвдөн, даралт ихсэж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ард гарч, гар эргүүлэн, мушгиж хугалсан камерын бичлэг байгаа. Энэ камерын бичлэгийг үндэслэж, тулгаж ялла. Цагаатгах хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгож өг. Би насаараа хугархай гартай, судас, шөрмөсний гэмтэлтэй, сэдэрсэн хугарлыг хадуулах заалттай, хоолой өвдчихсөн эмнэлэгт хэвтэж байна. Авлигатай тэмцэх газар Н.Б-ын үйлдлийг шалгаж байхад мөрдөгч н.Билгүүн хянаж байсан. 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр вагоны вокзалын цагдаа Н.Б- миний гарыг вокзалын цагдаагийн газар мушгиж хугалсан, миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, тэрийгээ шүүхэд хүргүүлж, миний охиныг хүнд асруулахаар захирамж гаргасан. Би хүүхдээ хүнд үрчлүүлэхээр бичиг хийдэг хүн болж таарсан. Би 1989-2016 он хүртэл Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан. 2012 онд эмч нарын комиссын шийдвэрээр 44,69 хувиар хөдөлмөрийн чадвар алдсан группэд орсон. Гэтэл шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч намайг эргүү, мэдрэл муутай гэж хэлсэн” гэжээ.
Прокурор Г.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Ж.Т- нойлын өрөө орох, хоол идэхийн төлөө маргаан үүсгэсэн гэж үзсэн. Хэдий гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүн байсан ч түүний анхдагч хэрэгцээг хязгаарлахгүй, гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээд гэдэг нь хамаарахгүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан талаар ярьж байгаа. Хүн цонх онгойлгож, цонхны хажууд байсны төлөө өөртөө аюул учруулах гэж байсан мэтээр ярьж, хамгаалах гэж гарыг нь мушгих боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй. Хяналтын камерын бичлэгийг харвал цонх нь давцантай, давцан нь зайтай болох нь харагдана. Хяналтын камерын бичлэг, хохирогч Ж.Т-гийн мэдүүлгээр хохирогчийн араас очиж, гарыг нь мушгиж, түлхсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд Н.Б- өөрөө энэ үйл явдлыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Шүүгдэгч Н.Б-ын энэ үйлдлийн улмаас хохирогчид хохирол учирсан шалтгаант холбоо байна. Н.Б- нь 18 жил цагдаагийн албанд ажилласан, нэг бүрийн тусгай хэрэгсэлгүй байж гавлах байрлалд шилжсэн, энэ бол реплекс болсон байдаг гэж өөрөө мэдүүлсэн. Хохирогчийн гарыг мушгиж, журам зөрчиж, энэ үйлдлийг улмаас хүндэвтэр хохирол учирсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хамтарсан тушаалаар цагдаагийн албан хаагчийн биеийн хүч, галт зэвсгийг зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэглэх, нэн тэргүүнд хэрэглэхгүй байхыг эрхэмлэх бөгөөд зайлшгүй тохиолдолд тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, хамгийн бага хохирол учруулах зэрэг нийтлэг шаардлагыг баримтална” гэж заасан. Хохирогчийн гарыг мушгих нөхцөл байдал үүсээгүй байхад Н.Б- нь тус аргыг хэрэглэсэн нь тус журмыг зөрчсөн, хүний эрүүл мэндэд санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Н.Б- нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр зам дахь Цагдаагийн газрын байранд 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Ж.Т-гийн биед биеийн хүчийг хэтрүүлэн хэрэглэж, гарыг нь мушгин баруун гарын богтос ясны титэм сэртэнгийн сэтэрсэн хугарал, тохойн үений хагас мултрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ж.Т- “... Өнгөрсөн хагас сайн өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би Сэлэнгэ аймгийн Түнхэл сумаас охин Г.Э-ын хамт Улаанбаатар хотод вагоноор 06 цаг 15 минутад ирсэн. Тэгээд Төмөр замын вокзалын нойл руу ороод бие засчихаад гараад ирсэн чинь үүдэнд 2 цагдаа зогсож байсан. Тэр хоёр цагдаа надтай мэндлээд, вокзалын хажууд байдаг Цагдаагийн өрөө рүү охин бид хоёрыг дагуулж ороод "Орхон аймгаас таныг эрэн сурвалжилсан байна" гэхээр нь би яагаад гэж асуусан чинь "Та 01 дүгээр сарын 17, 18-нд Орхон аймгаас утас хулгайлсны улмаас таныг эрэн сурвалжилсан байна" гэхээр нь "Би 01 сарын 17, 18-нд Увсад явж байсан, 4 дэх өдрийн 5 цагийн автобусны билет нь надад байгаа, 5 дахь өдрийн 5 цагт Улаанбаатар хотод ирээд вагоны вокзалаас Түнхэл рүү суугаад маргааш нь буцаад Улаанбаатар хотод ирээд байж байна" гэж хэлсэн. Тэр хоёр цагдаа охин бид хоёрыг Төмөр замын цагдаагийн газар луу 07 цагт авч яваад нэг давхарт нь нэг өрөөнд оруулаад 08 цаг 40, 50 минут хүртэл байлгаад удаад байхаар нь би гарч агаарлая, тамхилъя гэсэн чинь гаргаагүй. Тэгэхээр нь би заавал гарна, ам цангаад байна, ундаа авч ууна, өлсөөд байна "Си ю" орно гээд гарах гэтэл Б- гэдэг цагдаа миний баруун талын гарыг ар талд гаргаж байгаад мушгисан. Миний гар мэдээ алдаж өвдөөд, 103, бас цагдаа дуудах гэсэн чинь миний утсыг булаагаад, буцаад охин бид хоёрыг Төмөр замын вокзалын өрөө рүүгээ авч яваад, 1 цаг гаран болсон. Би охиныхоо утсыг аваад цагдаагийн 102 луу залгасан чинь жижүүр нь наад цагдаагаа яриулчих гэсэн чинь худлаа ярьж байгаа гээд тэр дуудлагыг болиулсан. Дахиад 103 луу залгах гэсэн чинь миний охины утсыг журамлана гээд хураагаад авсан. Би өрөөнөөс нь зугтааж гараад Төмөр замын вокзалын ар талд тамхи татдаг цэг дээр очоод тэнд тамхи татаж байсан хүүхэнд 10,000 төгрөг өгч явуулаад өвчин намдаах эм, лаа аваад хэрэглэсэн. Тэгээд байж байтал Б- гэдэг цагдаа энгийн хувцастай цагдаатай хамт хүрч ирээд "Одоо таныг Дарханы вагонд суулгаж явуулна, Эрдэнэтээс нэг цагдаа таныг Дархан дээрээс тосож авна" гэхээр нь "Би дагаад явна, чи харин 103 дуудаад миний гарын зургийг авахуулж өг" гэсэн чинь "Даварчихсан муу пизда вэ, чамайг алчихсан ч яадаг юм" гээд вокзал дотор миний хүзүүний ороолтоор хоолой боосон, тэгээд ухаан балартаад нэг сэртэл вокзалын хаалганы дотор талд үүдний гишгүүр дээр хэвтсэн, Б- цагдаа миний зүүн гараас бариад босооч гээд, дахиад миний гарыг мушгих гэхээр нь тэнд байсан хүмүүс хэлээд болиулсан. Тэр өдөр охин бид хоёрыг Дарханы вагонд суулгаж явуулаад Эрдэнэтийн цагдаад хүлээлгэж өгсөн. Эрдэнэтийн цагдаа Дарханаас тосож аваад Эрдэнэтийн эмнэлэгт буулгаж үзүүлэхэд миний баруун гар хугаралтай байна гээд гипсдэж өгсөн. Маргааш нь буюу Бүтэнсайн өдөр Эрдэнэтийн цагдаагийн газар очиж уулзахад надад нэг зураг үзүүлээд "Та энэ мөн үү" гэхээр нь мөн гэж хэлсэн чинь "Та Эрдэнэтэд хэзээ орж ирсэн бэ" гэхээр нь "12 сарын 29- нд орж ирсэн" гэж хэлсэн чинь "Та орж ирээд хаашаа явсан бэ" гэхээр нь "Эмийн сан орсон" гэхэд "Юу авсан бэ" гэхээр нь "Эмийн сангийн лангуун дээр нэг хүүхэн утсаа тавьчхаад гараад явахаар нь би аваад хадгалсан, одоо надад тэр утас нь бүрэн бүтнээрээ байгаа" гэж хэлэхэд "Эрдэнэтийн вагонд суугаад Улаанбаатар хотод очоод цагдаад гомдол гаргаад шүүх эмнэлэгт үзүүлээрэй" гэж хэлсний дагуу энд ирсэн....” /1 хх 22-24/,
Хохирогч Ж.Т- дахин өгсөн“...Надад гомдол гаргасан өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг хийж өгсний дагуу өнөөдөр очиж үзүүлэх гэсэн боловч Орхон аймгийн эмнэлэгт үзүүлж гар утсан дээрээ авсан рентгений зураг, гарын хугарал тогтоосон талаар эмчийн үзлэгийн бичгээр шүүх эмнэлгийн дүгнэлт гаргахгүй, 2 рентгений эмнэлэг зааж өгөөд зургаа авахуулаад ир гэж явуулсан...” (1 хх 26-27),
Хохирогч Ж.Т- дахин өгсөн “...шинжээчийн дүгнэлт дээр гарсан гэмтлүүдийг цагдаагийн алба хаагч учруулсан. Өөр цагдаагийн албан хаагч учруулаагүй. Надад өөр цагдаагийн алба хаагч гар хүрээгүй. Миний биед хэн гэмтэл учруулсаныг сайн мэдэж байна. Б- миний гар мушгиад нурууны ар талд гаргахад тохойны хэсгээс нэг юм хугарах шиг чимээ гарсан. Тэр үед би Б-д чи миний гарыг хугалчихлаа шүү дээ гэж хэлтэл “ямар даварсан пизда бэ” гэж хэлээд миний эрүүн тус газар нэг удаа цохисон. Тэр үед миний гараар хүйтэн дааж өвдөөд байсан. Би гараа өмднийхөө халаасанд хийгээд явж байсан. Дахиад нэг юм хэлэхэд миний биед цагдаагийн алба хаагч Б- гэмтэл учруулсан....” (1 хх 30-32),
Гэрч Ц.Х- “... Цагдаагийн дэслэгч Н.Б- бид хоёр тухайн эмэгтэйг хамт явж байсан хүүхдийнх нь хамт цагдаагийн газар луу авч яваад, хүлээлгийн танхимд суулгаад эхлээд Б- албаны хувцсаа солиод энгийн хувцсаа өмссөн. Энэ үед би тухайн эмэгтэйг харж байхад "Тамхи татъя, дэлгүүр орж ундаа, идэх юм авъя" гэж гарахаар нь би үүдэнд хамт гарч, хажуу талын "Си ю" дэлгүүрээс тамхи, ундаа авахад нь харж байсан. Дэлгүүрээс тамхиа татаад буцаад орж хүлээлгийн танхимд ороход Н.Б- гараад ирсэн байхаар нь би зөрж ороод хувцсаа сольсон. Хувцсаа сольчхоод гараад ирэхэд нөгөө эмэгтэй Н.Б-ын хамт гараад дэлгүүр орсон байсан. Тэр үед би Орхон аймгийн Цагдаагийн газрын байцаагчтай дахиад утсаар ярихад "Би газрын даргаасаа асуугаад хариуг нь хэлье, наад хүнээ түр хүлээлгээд байлгаж байгаарай, буцаагаад хариу хэлье" гэсэн. Н.Б- нөгөө эмэгтэйтэй хамт орж ирээд байж байтал удалгүй нөгөө эмэгтэй "Би гарч тамхи татмаар байна" гэж хэлэхээр нь "Та дөнгөж саяхан татсан ш дээ, та түр хүлээж бай" гэж хэлэхэд "Би зүрхний өвчтэй хүн, тамхи татаж тайвширдаг юм, та нар намайг гүтгэж энд авчирлаа" гэж удаа дараа чанга дуугаар хэлээд хаалга руу гарах гээд 3 удаа дайраад байхаар би гаргахгүй гээд хаалга нь дээр байж байхад тэгвэл би энд тамхи татна гээд цаад талын цонхыг онгойлгоод тамхи асаах гэж оролдох үед цагдаагийн дэслэгч Н.Б-ын хамт очиж, Н.Б- тухайн эмэгтэйгийн баруун гараас нь асаагуур нь авах гэж барьсан. Би зүүн гарнаас нь тамхийг нь аваад цонхоор хаясан. Тэгээд ээлж хүлээн авсан байсан жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч н.Анхбаяр энэ талаар Дэд даргад танилцуулахад “Газрын даргад танилцуулсан, наад хүнээ цагдаагийн ахлах дэслэгч н.Нямбатад хүлээлгэж өгөөд, н.Нямбатыг авч яваад байцаагчид нь хүлээлгэж өг гэж байна” гэж хэлсэн. Ингээд тухайн эмэгтэйг хүүхдийнх нь хамт вокзалын хэсгийн өрөөнд дагуулж очсон. Тэр үед цагдаагийн ахлах дэслэгч н.Нямбат ирсэн. Тэнд байж байхад иргэн Ж.Т- нь бид нарыг элдэв хараалын үг хэрэглэж яриад, 102 болон Ёс журам руу залгаад “Төмөр замын цагдаа нар намайг зодоод байна” гэж утсаар худлаа яриад байсан. Тухайн өдрийн ёс журмын байцаагчтай би яриад болсон процессыг танилцуулахад "Наад хүнээ алдалгүй, болгоомжтой авч яваад хариуцсан байцаагчид нь хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн. Мөн тухайн эмэгтэй "Миний бие өвдөөд эмч дуудмаар байна гэхээр нь вокзалын эмч рүү ороход тухайн өдөр амралтын өдөр байсан учраас эмч байхгүй байсан...” (1 хх 39-40),
Гэрч Л.Нямбат “... тэр үед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Вокзалын цагдаагийн хэсгийн өрөөнд байхад гар өвдөөд байна, би эмчид үзүүлмээр байна, 103 дууд гээд л байсан. Вагонд орж ирээд Дархан өртөө орох замдаа ярилцахад “Танай цагдаа намайг тамхи татлаа гээд гарнаас зуурсан, тэгээд миний гар өвдөөд байна гэсэн...” (1 хх 44-46),
Насанд хүрээгүй гэрч Г.Э- “... Ороомгоо солиулчхаад буцаж, дахиад цагдаагийн байрнаас гарч тамхи татах гээд гарах гэсэн чинь цагдаагийн байрны хаалга нь дээр нэг цагдаа одоо таныг эндээс гаргахгүй гэж хэлтэл “миний охин танай цагдаагийн газар байгаа юм чинь би хаашаа зугтаадаг юм” гэж хэлээд хоорондоо жаахан маргасан. Тэр цагдаа манай ээжийг цагдаагийн байрнаас гаргахгүй болохоор нь ээж цагдаагийн байрны цонхыг нь онгойлгоод тамхиа татах гэсэн чинь хоёр цагдаа ирээд нэг цагдаа нь тамхийг нь хугалсан. Нөгөө цагдаа нь баруун талын гарыг нь мушгиад гарын нь нурууныхан ард гаргасан чинь ээж маань нөгөө цагдаад “миний гар өвдөөд байна. Миний гарыг тавиач” гээд хэлсэн. Тэр үед нөгөө гарыг нь мушгиад байсан цагдаа гарыг нь тавьсан. Тэгээд байж байтал ээж надад “миний гар өвдөөд байна” гэж хэлсэн. Бид хоёрыг Төмөр замын цагдаагийн газраас авч гараад дахиад төмөр замын буудал руу авч явсан. Ээж бид хоёрыг авч явж байхад ээж замдаа “миний гар өвдөөд байна” гэж хэлээд надаас “ээждээ гар утсаа өгч бай” гэж хэлсэн. Тэр үед би гар утсаа ээждээ өгөөгүй. Тэгтэл ээж замд явж байсан хүнээс “гар утсаа өгч байгаач. Би утсаар чинь яриад өгье” гэж хэлтэл ээж бид хоёрыг авч явж байсан цагдаа нөгөө гар утас гуйсан хүнд “наад хүндээ битгий гар утсаа өг, наад хүн чинь худлаа ярьж байгаа юм” гээд хэлсэн. Бид хоёртой хамт яваад байгаа цагдаа нь нөгөө ээжийн маань гарыг мушгиад байсан цагдаа бид хоёртой хамт Төмөр замын буудал руу явсан. Ээж дахиад нэг хүнээс утсыг нь авах гэтэл нөгөө гар мушгиад байсан цагдаа ээжийг маань “чи ямар овоо авгай бэ” гээд ороолтоор нь хоолойг нь боосон. Би ээждээ утсаа өгсөн чинь ээж миний утсаар 103 руу залгаад “миний гар өвдөөд байна гэж хэлтэл 103-с ирж үзүүл” гэж хэлсэн. Бас нэг цагдаагийн газар руу залгаад “Төмөр замын цагдаагийн газрын алба хаагч нар миний гарыг хугалчихлаа” гэж хэлтэл нөгөө цагдаа чинь миний утсыг булааж аваад “энэ хүн худлаа ярьж байна” гээд утсаа тасалсан...” (2 хх 01-02),
Гэрч М.Г- “...Түүнийг хүлээн авах үед Ж.Т- нь миний гар өвдөөд байна, эмнэлэгт үзүүлээд явъя гэж хэлж байсан. Баруун, зүүн гарын аль нь өвдөж байна гэж хэлснийг санахгүй байна. Ж.Т- нь “өвчин намдаах эм уугаад, Эрдэнэтэд очоод эмнэлэгт үзүүлье” гэж хэлсэн ба өөрт нь байсан эмийг уусан, тэгээд Эрдэнэтэд ирээд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн тасагт үзүүлэхэд зүүн бил үү сайн санахгүй байна, гар нь хугарчихсан байна гээд эмнэлгийн тусламж үзүүлж, гарыг нь гипсдэж өгсөн...” (2 хх 5-6) гэх мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2190 дугаартай дүгнэлт (1 хх 55-56),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 465 дугаартай дүгнэлт (1 хх 62-64),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 758 дугаартай дүгнэлт (1 хх 241-243),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх 89-96) зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжээр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтоох бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндэд хууль бусаар хохирол учруулсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан эмчилгээний зайлшгүй зардлыг төлөх, гэм хорыг арилгах үүрэгтэй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-аас хохирогчийн эмчилгээний зардалд 449,010 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд 3,293,400 төгрөг, нийт 3,741,410 төгрөг гаргуулж хохирогч Ж.Т-д олгож, хохирогч Ж.Т- нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич Н.Б-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.Т-гаас “...шүүгдэгч Н.Б- нь намайг “сэтгэцийн өвчтэй” гэсэн. Мөн өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул түүнд ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс “Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан албан үүргээ зохих ёсоор биелүүлснээс хор уршиг учирсан байна. Тиймээс гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр гэмт хэрэг үгүйсгэгдэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Шүүгдэгч Н.Б-аас “хохирогч Ж.Т-г цонхоор унах эрсдэлээс хамгаалж шаардлага тавьсан” гэх боловч энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч Ж.Т-гийн цонхны дэргэд тамхи татах гэсэн үйлдэлд шүүгдэгч Н.Б- хариу арга хэмжээ авахдаа хохирогчийн гарыг нь мушгиж, хүндэвтэр гэмтэл учруулах хэмжээний хүч хэрэглэсэн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хамтарсан тушаалаар цагдаагийн албан хаагчийн биеийн хүч, галт зэвсгийг зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэглэх, нэн тэргүүнд хэрэглэхгүй байхыг эрхэмлэх бөгөөд зайлшгүй тохиолдолд тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, хамгийн бага хохирол учруулах зэрэг нийтлэг шаардлагыг баримтална гэж заасантай нийцэхгүй байх бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, түүний үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2426 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ж.Т-, шүүгдэгч Н.Б- болон түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2426 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ж.Т-, шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР