Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00831

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01007 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Б -йн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Ч.Д.Т ХХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итнэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс тус компанид ажилд орсон. 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ээлжийн амралттай байх хугацаанд компанийн хүний нөөцийн ажилтан н.Хулан, н.Далайбаатар нар 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл удаа дараа утсаар ярьж, дарамтлан өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл бичээд өг гэж дарамт шахалт үзүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажлаас халсан 21/19-054 тоот тушаал гаргасан. Энэхүү тушаалыг Улаанбаатар хот дахь төв оффисоос тус компанийн ажилтан Г.Анхбаяраар өгч явуулсныг би 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр авсан. Тушаалд заагдсан зөрчил, дутагдлыг гаргаагүй.

1.а.Тодруулбал, намайг 2021 оны 06 дугаар сарын 09-ний өглөө ажилдаа гараагүй гэжээ. Тухайн өдөр миний бие нь ажилдаа цагтаа гарсан, энэ нь цагийн бүртгэлийн хуудсаар бүрэн нотлогдоно. Миний бие компанийн дотоод журмын 3.4.6.13 дахь хэсэгт Ажилд цагтаа гарахгүй байх... гэж заасныг зөрчөөгүй болно.

1.б.Намайг амьдардаг сууцандаа согтуу байсан гэжээ. Би кэмпдээ согтууруулах ундааны зүйлс ууж хэрэглээгүй. Компанийн дотоод журмын 3.4.5.6-т заасан Үйлдвэрлэлийн бааз дахь ажилчдын хотхонд оршин суух үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн гэх зөрчлийг гаргаагүй болно. Компани нь эмчтэй байдаг тул архи, дарс уусан ажилтныг тэр дор нь эмчид мэдэгдэн зөрчлийг нь баталгаажуулдаг. Энэ бол намайг ажлаас халах гүтгэлгийн нэг шалтгаан болно.

1.в.Цэвэрлэгээ хийхээр очсон үйлчлэгчийг айлгаж, зүй бус үйлдэл гарган, ёс суртахууны ноцтой доголдол гаргасан гэжээ. 2021 оны 06 дугаар сарын 09-ний өглөө компанийн үйлчлэгч Ц.Чулуунтуяа гэх эмэгтэй өрөөнд цэвэрлэгээ хийж байхдаа миний хэвтэн амарч байсан нөхцөл байдлыг зориуд мушгин гуйвуулж, намайг буруутган компанид хов зөөсөн байдаг. Матад сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч хошууч Б.Алтангэрэл нь тус компаниас гаргасан өргөдөл, гомдлыг 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шалгаад уг үйлдэл нь ямар нэгэн зөрчлийн шинжгүй болохыг тогтоон энэхүү гомдлыг хааж, намайг үүнд ямар ч буруугүй гэдгийг тогтоосон болно.

1.г.Ажил тасалсан үйлдлийг давтан гаргасан гэжээ. Г.Б - миний бие нь тус компанид ажиллах хугацаандаа хэзээ ч ажил тасалж байгаагүй болно. Харин эсрэгээрээ чөлөөний хуудастай байхад намайг ажил тасалсан болгож байсан. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймагт зохион байгуулагдсан Бодибилдингийн тэмцээнд оролцохын тулд тус компанийн дотоод журмын 4.5.1-д заасны дагуу хэлтсийн менежер /Жиан Ши Ви/-тэй биечлэн уулзаж, чөлөө авч уг тэмцээнд компанийн нэрийн өмнөөс оролцож, дэд байрт шалгаран мөнгөн медаль хүртсэн. Ийнхүү тэмцээндээ амжилт гаргаад ажилдаа ирэхэд чөлөө өгч явуулсан дарга маань ажил тасалсан хэмээн бонус цалингийн тавин хувийг хассан билээ. Иймд миний бие хэлтэс солих хүсэлт гарган олборлолтын хэлтэст шилжин орж ажиллахад туршилтын гурван cap гэх үндэслэлээр цалингийн 20 хувийг 3 cap дараалан хассан.

1.д.Би тус компанийн дотоод журмын 3.4.6.8-д Хов жив хөөцөлдсөн, бусдын нэр хүндийг гутаасан ёс суртахууны дутагдал гаргах, санаатайгаар хамт олны дотно уур амьсгалыг эвдэх гэж заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргаагүй болно.

Цар тахал Ковид-19-ийн улмаас Дорнод аймгийн онцгой комиссоос уул уурхайн компаниудад 7-14 хоногийн тусгаарлалттай ээлж солих шийдвэрийг гаргасан. Гэтэл манай компани энэхүү шийдвэрийг биелүүлэхгүй маш их удсан ба ээлжийн ажилчдыг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд ээлжийг солихгүйгээр ажиллуулсан. Иймээс миний бие энэхүү хууль бус үйлдлийг эсэргүүцэн ээлж солилцох болон сунаж ажилласан хугацааны цалин хөлсийг нөхөж олгуулахаар шийдвэрлүүлсэн. Үүнийгээ гүйцэлдүүлэн компанийн дотоод журмын 3.4.6.8-д заасныг зөрчсөн хэмээн намайг ажлаас халсан.

Дээрх үндэслэлээр тус компанийн удирдлагууд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т Хүнийг ...эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна, Арван зургадугаар зүйлийн 16-т итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. гэж заасныг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2, 6.1, 7.2, 7.3, 35.1, 35.1.2-т тус тус заасныг ноцтой зөрчин үндэслэлгүйгээр ажлаас халах сахилгын арга хэмжээг ногдуулсан. Иймд тус компанийн Олборлолтын хэлтсийн Операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчид 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Учир нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа ирэх байсан боловч ирээгүй 3 хоног ажил тасалсан. Ингээд сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил болоогүй байхад үйлчлэгчийг айлган сүрдүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Ц.Чулуунтуяа гэрчийн мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь дотоод журамд заасан 2 зөрчил гаргасан тул ажлаас халсан. Гол зөрчил нь бэлгийн дарамт үзүүлж байгаа гэж үзсэн. Ц.Чулуунтуяатай холбогдох асуудал нь Зөрчлийн тухай хуульд хуульчлагдаагүй тул зөрчлийн шинжгүй гэж үзсэн. Ажилдаа цагтаа гараагүй гэдгийг нотлоогүй гэж байна. Ажил эхэлсний дараа цэвэрлэгээ хийх үед унтаж байгаад дарамт үзүүлсэн гэдгийг Ц.Чулуунтуяа хэлдэг. Иймд ажил олгогч зөрчилд нь тохирсон шийтгэл ногдуулсан тул ажлаас халах тушаал үндэслэлтэй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б -йг хариуцагч П.Ч.Д.Т ХХК-ийн олборлолтын хэлтэст операторчин ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацаанд ногдох урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 25,629,591 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олговрын хэмжээнд хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 426,497 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхээс ажлаас халах сахилгын шийтгэлтэй холбоотой харилцааг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй. Мөн анхан шатны шүүхээс ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн үйлдлийг зөрчлийн шинжгүй, бэлгийн дарамтын талаар дотоод журамд тусгаагүй, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21/19-007 дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан тушаалтай нэхэмжлэгч маргаагүй хэдий ч ажлын байран дээрээ байхыг гэрч Д.Мөнх-Эрдэнэ харсан байх тул ажил тасалсан гэж үзэхгүй гэж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулсан баримт байхгүй гэх боловч нэхэмжлэгч тал үүнд маргаагүй, мөн нэхэмжлэлдээ ...би хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ мөрдлөг болгон ажиллаж, компанийн дотоод журамд заасныг ягштал хэрэгжүүлж ирсэн гэж тайлбарладаг, хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг нэхэмжлэгчид тайлбарласан тул дотоод журам танилцуулсан баримт, нэхэмжлэгч энэ журамд заасан үүргийн талаар мэдэх боломжгүй гэж шүүгч үзсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан, түүнтэй холбоотойгоор нь ажлаас нь халсан гэж тайлбарладаг. Ажлаас халсан тушаалд ажлыг нь тасалбар болгоод чөлөөлсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл байгаа тохиолдолд хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ёстой. Хариуцагч талаас 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар гаргасан атлаа уг зүйл, заалтыг баримтлах ёсгүй, хуулийн 131 дүгээр зүйлийг баримтлах ёстой байсан гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч ажлын байрандаа бэлгийн дарамтын шинжтэй үйлдэл гаргасан эсэх нь нотлогдоогүй. Хариуцагч талаас хүсэлт гарган хэд хэдэн гэрчийг асуулгасан. Гэрч нар нь нэхэмжлэгч бэлгийн дарамт үзүүлж байсан гэдгийг харсан, нотлох этгээдүүд биш, дам яриа сонссон хүмүүс байдаг. Нотлогдоогүй үйлдэлд нь сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Ажлын байрны бэлгийн дарамт нь дотоод журамд заасан ёс суртахууны зөрчил гэж тайлбарладаг. Ёс суртахууны зөрчил гаргасан гэдгийг ямар нэгэн байдлаар огт тогтоогоогүй. Ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

2.Нэхэмжлэгч Г.Б - нь хариуцагч П.Ч.Д.Т ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, сахилгын зөрчил давтан гаргасан учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан, тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ. /хх1-4, 131-134/

3.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоон, хэргийг шийдвэрлэхдээ 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв хэрэглэсэн байна.

4.Талуудын хооронд 2012 оноос хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, Г.Б - нь Дорнод аймгийн Матад суманд байрлах 19 дугаар талбайн үйлдвэрлэлийн баазад Олборлолтын хэлтэс, туслах оператороор ажиллаж байсан үйл баримтад гэрээний талуудын хэн аль нь маргаангүй.

5.П.Ч.Д.Т ХХК 2021 ны 07 дугаар сарын 08-ны өдрийн 21/19-054 дугаартай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.5.6, 3.4.6.13, 3.4.6.8-д тус тус заасныг үндэслэн Олборлолтын хэлтсийн Оператор албан тушаалтай Г.Б -йг 2021 оны 06 дугаар сарын 09-ний өглөө ажилдаа гараагүй, амьдардаг сууцандаа согтуу байсан, цэвэрлэгээ хийхээр очсон үйлчлэгчийг айлгаж, зүй бус үйлдэл гарган, ёс суртахууны ноцтой доголдол гаргасан, ажил тасласан үйлдлийг давтан гарган компанийн дотоод журам зөрчсөн гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх11/ Уг тушаалыг Г.Б - 2021 оны 07 дугаар сарын 12ы өдөр гардан аваад эс зөвшөөрч, шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 11ий өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

6.Дээрх тушаалд заасан сахилгын зөрчлийг ажилтан Г.Б - гаргасан эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.

Ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зохицуулсан.

Хариуцагч П.Ч.Д.Т ХХК нь дээрх хуульд заасан аль үндэслэлээр, хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг нэхэмжлэгч Г.Б - зөрчсөн талаар 21/19-054 дугаар тушаалдаа тусгаагүй байна. Анхан шатны шүүх ажил олгогчийн гаргасан тушаалыг эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангаагүй талаар зөв дүгнэсэн.

7.Нэхэмжлэгч Г.Б - хөдөлмөрийн дотоод журмын 3.4.5.6, 3.4.6.13, 3.4.6.8-д заасныг зөрчсөн, сахилгын зөрчил давтан гаргасан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулсан, зөрчил нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон гэж хариуцагч талаас нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ тайлбарласан байна.

Энэ тохиолдолд ажил олгогч буюу хариуцагч нь тушаалд заасан сахилгын зөрчил тус бүрийг өөрөө олж тогтоох ёстой.

7а.Гэрч Ш.Наранцэцэг, Ж.Мөнхдэлгэр, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Мөнхбаатар, Д.Хүдэрчулуун нар Г.Б - 2021 оны 06 дугаар сарын 09-ний өглөө согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх талаар мэдэхгүй байна гэж, гэрч Ц.Чулуунтуяа тухайн өдрийн өмнөх орой буюу 2021 оны 06 дугаар сарын 08-ны орой согтууруулах ундааны зүйл уусан юм шиг санагдсан, харин 06 дугаар сарын 09-ний өглөө эрүүл байх шиг байсан гэж тус тус мэдүүлжээ. /хх 102, 104, 107, 109, 111, 117/

Гэрч Ц.Чулуунтуяагийн дээрх мэдүүлэг нь нэхэмжлэгч Г.Б -йг ажилчдын хотхонд оршин суух үедээ согтууруулах ундаа хэрэглэж сахилгын зөрчил гаргасан гэдгийг эргэлзээгүй нотлохгүй байна. Г.Б -йн согтуурлын зэргийг тогтоосон баримтгүй тул түүнийг хөдөлмөрийн дотоод журмын 3.4.5.6-д заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

7б.Нэхэмжлэгч Г.Б -йг 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа цагтаа гараагүй гэх үйл баримтыг хэргийн баримтаар нотлоогүй байна.

Гэрч Ц.Чулуунтуяа тухайн өдөр намайг өрөөг нь цэвэрлэж байхад ажилдаа гараагүй байсан гэж, Д.Мөнх-Эрдэнэ намайг очиход Г.Б - ажилдаа гарч ажлын байрандаа байсан, ...яагаад ажилдаа цагтаа гарахгүй байгаа юм бэ гэхэд унтчихсан байна гэж байсан гэж тус тус мэдүүлэг өгсөн нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн дотоод журмын 3.4.6.13-т заасан зөрчил гаргасан гэдгийг шууд нотлохгүй.

7в.Хариуцагч тал нэхэмжлэгчийг сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээ үйлчлэгчийг айлгаж зүй бус үйлдэл гаргасан ёс суртахууны ноцтой доголдол гаргасан гэж тайлбарлажээ.

П.Ч.Д.Т ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21/19-007 дугаартай тушаалаар Г.Б -д Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулж байжээ. /хх-61/ Энэ тушаалд ажилтан гомдол гаргаагүй байх тул Г.Б -йн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажил тасалсан сахилгын зөрчил тогтоогдсон гэж үзнэ. Харин сахилгын зөрчил давтан гаргасан гэдэг нь хэргийн нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийг эрүүгийн журмаар шалгуулахаар гомдол гаргаж байсан нь түүний сахилгын зөрчил гаргасан үйлдлийг нотлохгүй. Мөн гэрч Ц.Чулуунтуяагийн мэдүүлэг нь өөр баримтаар нотлогдоогүй учир уг мэдүүлгээр нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.

8.Нэхэмжлэгч Г.Б -йг хөдөлмөрийн дотоод журам зөрчиж, сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагч П.Ч.Д.Т ХХК-ийн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн заасанд нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. .

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426,498 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД