Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 218

 

Б.Г холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар магадлалтай, Б.Г холбогдох 1920001370128 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст жижүүрийн мөрдөгч ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2 дугаар баг, Дөлийн 4 тоотод түр оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Бийн Г.

Б.Г нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд 2019 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө саатуулагдсан иргэн Б.Одбаярын 6,6 гр жинтэй монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 561,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Б.Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 6 сар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гаас 561,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлт-Одод олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Баас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Э гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэл журмаар бэхжүүлээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хуулийг ноцтой зөрчсөн.

...Эрүүлжүүлэх байрны хяналтын камерийн хадгалах төхөөрөмжид агуулагдаж байсан бичлэг нь цахим эд мөрийн баримтад тооцогдоно...

...Хяналтын камерийн төхөөрөмжөөс хадгалагдсан бичлэгийг эд мөрийн баримтаар сидинд хуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл журмыг хангаагүй... анх хаанахын хэн гэдэг албан тушаалтан, ямар хуульд заасан үндэслэл, журмаар хэзээ, хаана үзлэг хийж, ямар төхөөрөмжөөс хуулбарласан нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт авагдсан үндэслэл бүхий тэмдэглэл бусад баримтгүй тул хуульд зааснаар цуглуулсан, бэхжүүлсэн, хуулийн шаардлага хангасан эд мөрийн баримт гэж үзэн нотлох баримтаар тооцох үндэслэлгүй байгаа болно.

Эд мөрийн баримт гэх сидинд зөвхөн Б.Гын сейф онгойлгосон 2 удаагийн үйлдлийг л тухайлан хэсэгчилж хуулбарласан, түүнээс 2019 оны 03 дугаар сарын 07-ны өглөөний 06 цаг 42 минут 41 секундээс хойш 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны үйл баримтыг бүхэлд нь хуулбарлаж баримтжуулаагүй.

Уг хэрэгт 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар татсан, хяналтын камерийн бичлэг 7-14 хоног хадгалагддаг, сэргээх боломжгүй гэдэг. Гэхдээ хяналтын камерийн бичлэгийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр анх сидинд хуулбарлахдаа заасан үндэслэл журмыг хангаагүй, хаанахын хэн гэдэг албан тушаалтан, ямар хуульд заасан үндэслэл, журмаар хэзээ, хаана, аль байгууллагын хаана байрлалтай ямар маркийн хяналтын камерийн бичлэгийг, ямар хадгалах төхөөрөмжид үзлэг хийж хуулбарласан нь тодорхой бус мэдэгдэхгүй байх тул нотлох баримтаар тооцохгүй гэж үзэж байгаа, түүнээс АТГ- ын мөрдөгч, комиссар Г.Авирын сидинд хуулбарласан бичлэгт үзлэг хийсэн ажиллагааг хууль зөрчсөн гэж үзээгүй болно.

Гэрчээр оролцсон цагдаа Б.Чинбаяр нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өглөө Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрын жижүүрээр томилогдож гарсан, 03 дугаар сарын 06-нд жижүүрийн үүрэг гүйцэтгээд буусан цагдаа Ж.Энхсайханаас эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс хураагдсан эд зүйлсийг хүлээж авах үүргээ биелүүлээгүй, хариуцлага алдсан, мөн Б.Чинбаяр хяналтын камерийн бичлэгийг сидинд хуулбарласан нь өөрийнх нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог, энэ хэрэгт анхнаасаа эсрэг сонирхолтой оролцогч байсныг шүүх бүрэлдэхүүн анхааран үзээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй гэж заасан.

Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г би дүү Б.О 2019 оны 01 дүгээр сард “Мөнгөн завьяа” үнэт эдлэлийн дэлгүүрээс бөгжийг 497,000 төгрөгөөр авч өгсөн гэж мэдүүлсэн байхад алдагдсан бөгжний өөрийнх нь орц, сорьцыг шинжилж, хэмжиж, жинлэж үзээгүй, ижил төстэй бөгжтэй харьцуулж үнэлсэн үнэлгээний 561,000 төгрөгөөр хохирлыг тодорхойлж тогтоосон байхад давж заалдах шатны шүүх хохирлыг бодитой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй болно.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.5 дахь заалтыг буруу хэрэглэсэн.. тус заалтад “Албан үүргээ гүйцэтгэх, олон нийтийн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хохирогч, түүний ойр дотны хүний эсрэг үйлдсэн” гэж заасан.

Давж заалдах шатны шүүх ...анхан шатны шүүхийн оногдуулсан ял, шийтгэлийг... хэвээр үлдээх нь зүйтэй ...гэж магадлалын тодорхойлох хэсэгт дүгнэсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.5-д хохирогчийн эсрэг, албан үүргээ гүйцэтгэх, олон нийтийн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан гэмт хэрэг үйлдсэн бол гэж заасныг шүүгдэгч өөрөө төрийн тусгай албан хаагч, хууль сахиулах байгууллагын ажилтан ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэмт үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр хэлсэн саналдаа “Б.Г холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж явагдсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст 2019 оны 03 дугаар сарын 07-ны шөнийн 01 цагт н.О гэгч эрүүлжүүлэгдэхээр ирэхдээ шар өнгийн металл бөгжөө хулгайд алдсан гэх асуудлаар түүний эхнэр М.А 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өргөдөл гаргасан. Хулгай хийсэн хүн Б.Г мөн эсэхийг тогтоогоогүй, нотлох баримтыг устгасан. Б.Г хулгай хийсэн эсэх нь тодорхойгүй, эргэлзээгүй тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцсон нь хууль буруу хэрэглэсэн. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шүүгч шүүх хурал дээр тулгасан асуулт тавьж, урьдчилан шийдвэр гаргасан буюу буюу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хохирогчийн эхнэр нөхрийнхөө эд зүйлийг авахаар цагдаагийн хэлтэст очсоноор бөгж алдагдсан асуудал илэрсэн. Үүний дагуу албаны шалгалт хийгдэж, тухайн өдөр ажиллаж байсан албан хаагчдаас тайлбар авсан бөгөөд тус нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эын гаргасан гомдлыг үндэслэн Б.Г холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Г нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд 2019 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө саатуулагдсан иргэн Б.Одбаярын монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 561,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Б.Г холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Гын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эын гаргасан “...нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмыг хангаагүй, ...хохирлыг бодитой тооцоогүй, ...шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгчдэгч Б.Гын өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН