Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2018/0013/З |
Дугаар | 221/МА2018/0428 |
Огноо | 2018-08-02 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2018/0428
2018 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 221/МА2018/0428 | Улаанбаатар хот |
|
|
|
Ч.Жгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, Ё.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0304 дүгээр шийдвэртэй, Ч.Ж-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын гарагсан давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0304 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.5, 37 дугаар зүйлийн 37.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжийн Ч.Б холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ч.Ж-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг шийдэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С давж заалдах гомдолдоо: “ ... 90 хоногийн дотор газрыг чөлөөлж дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ гэж заасан нь газар эзэмшигчийн үүрэг юм. Харин Газрын тухай хуулийн 41.1 дэх хэсэгт зааснаар “Газар эзэмшигч үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулна” гэж зохицуулсан.
Бодит байдал дээр Маргаан бүхий дээрх газар нь хоосон байдаг ба албадан нүүлгэх ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд мөн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр газрын үзлэгээр маргаан бүхий газар нь хоосон бөгөөд сүүлд урд талаараа блокоор хашсан байдалтай байгаагаас харагддаг.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасан. Мөн загварыг нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны А/16 дугаар тушаалаар баталсан бөгөөд гэрээний талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэх үүрэгтэй боловч нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүйгээс газар эзэмших эрх дуусгавар болсноос хойш газрын төлбөрийг төлсөөр ирсэн байна.
Нөгөөтэйгүүр дүүргийн Газрын алба нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5-д заасны дагуу “Газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ноогдуулж хураах” эрх үүрэгтэй байдаг.
Дүүргийн Засаг дарга газрын төлбөр хураахад оролцдоггүй, дүүргийн Засаг даргын зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байгаагүй, газар эзэмших эрх нь дуусгавар болсон газарт газрын төлбөр хураах шийдвэрийг гаргаж байгаагүй, нэхэмжлэгчээс газрын төлбөрийг нэхэмжлээгүй, газрын төлбөр өөрөө нийслэлийн Газрын албанд төвлөрдөг тул газрын төлбөртэй холбогдсон асуудалд дүүргийн Засаг даргыг буруутгах боломжгүй, төлбөр хураасан тал дээр дүүргийн Засаг дарга хариуцагч байгууллага биш бөгөөд нийслэлийн Газрын албанаас газрын төлбөрийг нэхэмжлэх боломжтой болно.
Нэхэмжлэгчийн зүгээс Газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-ыг хэрэгт хавсаргадаг бөгөөд энэ нь өөрөө зөвхөн тухайн иргэн Газрын албаны дансанд иргэний мөнгө орсон эсэх талаарх л баримт юм. Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт гэдэг бол тусдаа өөр ойлголт юм.
Гэтэл хэргийн материал дахь зураг болон дээрх гэрчийн тайлбараас үзэхэд тухайн мэссэж нь яг иргэн Ч.Жгийн утсанд ирсэн мэссэж гэж үзэхээргүй ямар утасны дугаартай хэн гэдэг хүнд хаяглагдан ирсэн нь тодорхойгүй бөгөөд үүнийг анхан шатны шүүхээс үндэслэл бүхий тайлбарлаагүй байна.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,1-д зааснаар харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг захиргааны байгууллага заавал хүлээн авах үүрэгтэй гэж заасан байдаг тул нэхэмжлэгч иргэн үнэхээр хүсэлт гаргасан бол Захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу заавал бүртгэж, баталгаажуулсан байх үүрэгтэй.
Энэ тодорхой бичгийн нотлох баримтыг шүүхийн зүгээс үгүйсгэгдэх болон нотлогдох байдлаар тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй юм. 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн Газрын албаны дарга Г.Мөнхбаатарыг гэрчээр асуусан тухай тэмдэглэлд “гэрчийн зүгээс нэхэмжлэгчтэй 2017 онд уулзаж байсан, Өмнө нь хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байгаагүй” гэж хэлсэн ч анхан шатны шүүхийн зүгээс энэхүү нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд нэхэмжлэгчид давуу байдал үүсгэсэн гэж үзэж байна.
Дээрх баримтууд нь зөвхөн тухайн иргэн Ч.Ж-ийн газрын төлбөрөө төлсөн, Газрын албаны дансанд иргэний мөнгө орсон эсэх талаарх л баримт юм. Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт гэдэг бол тусдаа өөр ойлголт юм.
Мөн захиргааны байгууллагаас жил бүр газрын төлбөрийг төлөхийг шаардаж байгаагүй бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төлбөрийн байцаагчийн хариуцлагагүй үйлдлийн улмаас газар эзэмших эрх дуусгавар болсон иргэн Ч.Жгийн гар утсанд мэссэж илгээсэн байна. Зөвхөн энэ баримтыг үндэслэн захиргааны байгууллагыг жил бүр газрын төлбөр төлөхийг шаардаж байсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь гэрээний эрх зүйн ерөнхий зарчмын дагуу газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг мөн хугацаагаар тухайн нөхцлөөр сунгагдсан гэж ойлгох нөхцөл байдал үүсчээ гэж дүгнэсэн талаар: Дүүргийн Газрын албанд тус иргэнтэй холбоотой газрын хувийн хэрэг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ байхгүй, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байна.
Нэхэмжлэгч Ч.Ж-ийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас үзэхэд дүүргийн Засаг даргын 2004.11.05-ны өдрийн 310 дугаартай захирамжийг үндэслэн дүүргийн Газрын албатай 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 'Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж гэрчилгээ олгосон.
Гэрээ гэж талуудын хоорондын тохиролцоо бөгөөд эрх үүргийг тусгасан хууль зүйн хүчин төгөлдөр хэлэлцээрийг хэлдэг бөгөөд талууд гэрээний үүргээ заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Ч.Ж-тэй байгуулсан гэрээнд зааснаар 4.1. Маргаан бүхий газарт “Амины орон сууцны зориулалт”-аар газар эзэмшүүлсэн бөгөөд газар эзэмшигч нь гэрээний дээрх нөхцлийн дагуу газар эзэмших, ашиглах үүрэгтэй, 4.4. Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй, 4.5. Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх үүрэгтэй, 5.5. Талууд газар эзэмших гэрээний хугацаа дуусахад түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа эзэмшсээр байгаа бол энэхүү гэрээг 1 жилийн хугацаанд хүчинтэйд тооцно, 6.2. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай байгуулав гэж тус тус зааж өгсөн.
Дээрх гэрээний заалтуудаас үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан “гэрээний эрх зүйн ерөнхий зарчмын дагуу газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээг мөн хугацаагаар тухайн нөхцлөөр сунгагдсан гэж ойлгох нөхцөл байдал үүссэн” байх ямар ч боломжгүй, үндэслэлгуй байна.
Мөн Монгоп Улсын Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт хугацааг “Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэр”-ээр тогтоож болохоор заасан байдаг бөгөөд иргэн Ч.Жгийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн “Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ”-нд гэрээний хугацааг 5 жилээр, мөн хөөн хэлэлцэх хугацааг нэг жилээр буюу “Талууд газар эзэмших гэрээний хугацаа дуусахад түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа эзэмшсээр байгаа бол энэхүү гэрээг 1 жилийн хугацаанд хүчинтэйд тооцно” хэмээн тогтоож өгсөн байна.
Иймд Газрын тухай хуулийн 27.1-д зааснаар Газрыг Газрын тухай хуулинд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3 “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”. 27.4 “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно' хэмээн заасан байдаг тул иргэн Ч.Ж нь маргаан бүхий байршилд газар эзэмших эрхгүй этгээд байна.
Мөн дүүргийн Газрын албатай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана” 39 дүгээр зүйлийн 39.1 “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно” хэмээн заасан байдаг тул иргэн Ч.Ж-ийн 2004 оны захирамжаар эзэмшүүлсэн газрын газар эзэмших эрх дуусгавар болсон байна.
Тэгэхээр нэхэмжлэгч Ч.Ж-ийн хувьд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээргүй. Харин ч өөрийн хариуцлагагүй байдал болон гэрээний үүргээ биелүүлээгүй, эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй үйлдлээс болсон гэж үзэхээр байна.Иймд нэхэмжлэгчийн яг ямар хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Харин ч дүүргийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгчийн 2017.08.30-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хүсэлтийн дагуу гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газартай давхцуулан газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй буюу 10 жил болж байхад сунгаж шийдвэрлэсэн бол энэ өөрөө хууль бус үйлдэл юм.
Иймд иргэн Ч.Ж-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг шийдэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг түүнд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иргэн Ч.Б-нд анх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаартай захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн ард 200 м.кв газрыг эзэмшүүлж Газрын тухай хуульд заасны дагуу “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж эрхийн гэрчилгээг олгосон.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг захиргааны байгууллагын зүгээс хангасан гэж үзэж байна.
Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 21/06 дугаар тогтоолоор батлагдсан “Баянгол дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө” батлагдаж дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 26/03 дугаар тогтоолоор 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, уг төлөвлөгөөний 2.3.1.1-д иргэдийн олон жил ашиглаж буй газрыг эзэмшүүлэх гэх үндэслэлээр 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.02 га газрыг амины орон сууцны зориулалтаар олгохоор нэмж тусгасан болно.
Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан аливаа төлөвлөгөө, төлөвлөлтийн гол зорилго бол эхлээд хийж гүйцэтгэх ажил арга хэмжээг дэс дарааллан урьдчилан төлөвлөж, түүний дагуу ажлаа хийж гүйцэтгэхийг тогтоосон Засаг даргын 2015 оны А/156 дугаар захирамж гарахын өмнө дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг өргөн барьсан байсан.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах нь дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд байдаг, мөн бодит байдал дээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нь тогтмол хуралддаг байгууллага биш бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23,2-т Хурлын ээлжит хуралдааныг жилд 2-оос доошгүй удаа хуралдуулна гэж заасан байдаг тул цаг хугацааны хувьд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 26/03 дугаар тогтоолоор 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан болно. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөэд иргэн Ч.Баярсайханд эзэмшүүлэхэд дүүргийн Газрын албаны мэдээллийн сан болон дүүргийн Засаг даргын захирамжаар дээрх байршил нь хэн нэгэн иргэн, хуулийн этгээдэд хуулиар зөвшөөрсөн хүрээнд эзэмшүүлсэн газартай давхцаагүй юм. Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд иргэний гаргасан Өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ гэж зааснаас 1 хоногийн дотор шийдвэрлэхийг хориглосон зохицуулалт энэ хууль болон холбогдох хуульд байхгүй болно.
МУ-ын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд заасан “Шударга ёс, эрх тэгш байх, тэгш эрхийг хангах зарчим”-ууд илтэд зөрчигдсөн гэж дүгнэсэн талаар:
Газрын тухай хууль 37 дугаар зүйлийн 37.1 “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана” 39 дүгээр зүйлийн 39.1 “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно” хэмээн заасан байдаг тул иргэн Ч.Жгийн 2004 оны захирамжаар эзэмшүүлсэн газрын газар эзэмших эрх дуусгавар болсон байна.
Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Газрыг Газрын тухай хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3 “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна'1, 27.4 “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” хэмээн заасан байдаг тул иргэн Ч.Ж нь Газрын тухай хуульд зааснаар маргаан бүхий газарт газар эзэмших эрхгүй этгээд бөгөөд энэ нь маргаан бүхий газрыг иргэн Ч.Баярсайханд эзэмшүүлсэн эсэхээс үл хамааран иргэн Ч.Ж нь газар эзэмших эрхгүй этгээд юм.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” мөн бөгөөд захиргааны байгууллагын зүгээс энэ зарчмыг алдагдуулаагүй гэж үзэж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан байтал анхан шатны шүүхийн шүүгч нь хэрэгт цугларсан нотлох баримтыг нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлаж, илтэд нэхэмжлэгчид давуу байдал олгосон гэж үзэж байна.
Иймд иргэн Ч.Ж-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүн шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0304 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Баянгол дүүргийн Засаг дарга нь анх 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 310 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19 дүгээр байрны хойд талд 123 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар таван жилийн хугацаагаар Ч.Ж эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.
Дээрх гэрээнд заасан таван жилийн хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлт гаргаагүй тул Ч.Ж-ийн газар эзэмших эрх нь 2010 онд дуусгавар болсон гэж үзэж, тухайн газрыг 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 37, 38 дугаар зүйлийг үндэслэн Ч.Б-нд эзэмшүүлжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар Ч.Б нь тухайн газрын урьд нь эзэмшиж байгаагүй байх тул дээрх захирамжид Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх талаарх хуулийн заалтыг баримталсан нь үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэлх хугацаатайгаар эзэмшүүлж болно” гэж тус тус зааснаас үзвэл газрыг хуульд заасан хугацаагаар эзэмшүүлэх бөгөөд газар эзэмшүүлэх хамгийн бага хугацаа нь 15 жил байна.
Газар эзэмшүүлэх гэрээнд газар эзэмшигч, эзэмшүүлэгчийн эрх, үүргийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор хуульд зааснаас богино хугацаатай байгуулж, цаашид гэрээг тухай бүр дүгнэж, хугацааг сунгахаар тохиролцсоныг буруутгах үндэслэлгүй боловч 2006 оноос тус бүр нэг жилээр 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан атлаа цаашид гэрээг жил бүр дүгнэж, хуульд заасан газар эзэмших хугацааг дуусах хүртэл сунгаагүй нь дээрх хуульд заасан хугацаа болон Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасныг зөрчжээ.
Нэхэмжлэгч Ч.Ж нь гэрээний хугацаа сунгуулахаар хандаж байсан гэх тайлбарыг нотлох баримт байхгүй боловч гэрээнд заасан үүргээ биелүүлж, газрын төлбөрөө 2017 он хүртэл төлсөөр байсан болох нь хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримтууд, тооцоо нийлсэн актуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Засаг дарга нь эдгээр нөхцөл байдлыг нягтлан шалгалгүй, нэхэмжлэгч Ч.Жгийн газар эзэмших эрхийн хугацаа хуульд зааснаар дуусгавар болоогүй байхад газрыг давхцуулан Ч.Б-нд эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 37, 38 дугаар зүйлийг баримталсан нь илт үндэслэлгүйн гадна мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг зөрчсөн байх тул уг захирамжийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Харин нэхэмжлэгч Ч.Ж нь гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийг амаар гаргасан, түүнийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг хүсэлтийг хариуцагчид хандан гаргасан болох нь тогтоогдоогүй, хариуцагчийг хууль бус “эс үйлдэхүй” гаргасан гэж үзэх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх “даалгах” шаардлагыг хангасан нь хэзээ гаргасан ямар хүсэлтийг шийдвэрлэхийг даалгаж байгаа нь тодорхойгүй болжээ.
Иймд захиргааны хууль бус акттай холбоотой гэж үзэхээргүй шаардлага байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д зааснаар “даалгах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 121/ШШ2018/304 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар нэхэмжлэгч Ч.Жгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжийн Ч.Б-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Ч.Ж-ийн “... дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн 3 дахь заалтыг нэмж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ