Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 163

 

“Н” ХХК болон

нэр бүхий 9 компанийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газарт

холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Г.Банзрагч  

                                                   Б.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах” тухай тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага, зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь “Бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” буюу “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө” гэсэн хэсгийг нэхэмжлэгч “Н” ХХК, “Д” ХХК-иуд “хууль бус байсан болохыг тогтоолгох”, “Б” ХХК, “Б” ХХК, “Б” ХХК, “Ш” ХХК-иуд “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”, “Т”  ХХК, “Ө” ХХК-иуд “илт хууль бус болохыг тогтоолгох”, “Ө” ХХК, “М” ХХК-иуд “хүчингүй болгуулах” тухай,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0504 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Хишигжаргал нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, С.Э нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0504 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтыг баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага, зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь “Бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” буюу “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө гэсэн хэсгийг “хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэгч “Н” ХХК, “Д” ХХК-ийн, “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” тухай “Б” ХХК, “Б” ХХК, “Б” ХХК, “Ш” ХХК-ийн, “илт хууль бус болохыг тогтоолгох” тухай “Т”  ХХК, “Ө” ХХК-ийн, “хүчингүй болгуулах” тухай “Ө” ХХК, “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 504 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, Д.Амарбаясгалан, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Алтанчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, С.Э нар хяналтын журмаар гаргасан гомдол, хяналтын гомдлын үндэслэл, “Н” ХХК, “Д” ХХК-ийн хувьд:  “...Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлж, ашиглуулахад баримтлах суурь зарчимд нийцсэн, Засгийн газрын эрх хэмжээнд хамаарсан, нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огтхон ч зөрчөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ” гээд “...Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж, мөн Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “...Газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдааны аль нэг хэлбэрийг ашиглан олгоно” гэж тус тус зааснаас үзэхэд газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах замаар хэрэгжүүлэх нь Газрын эрх зүйн харилцааны суурь ойлголт болохыг тодорхойлж байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж,

4. Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг буруугаар тайлбарлаж, хэрэглэх ёсгүй Чөлөөт бүсийн тухай хуулийн 24.4 дэх хэсгийг хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг хэрэглэх ёстой байсан.

6. Тус хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу МУЗГ-ийн 2016 оны 328, 187, 2018 оны 109 дүгээр тогтоолын дэлгэрэнгүй тэмдэглэлийг нэгэнт шүүхээс хэрэгт ач холбогдолтой, хамааралтай гэж үзэн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 7588, 2019 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 1570 захирамж болон 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/931, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/1792, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/2329, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/3150 тоот албан бичгүүдээр шаардсан атлаа шүүх гаргасан захирамж, албан тоотынхоо биелэлтийг хангуулаагүй, ЗХШХШтХ-ийн 32 дугаар зүйлийн 32.1 “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэсэн үүргээ гүйцэтгэлгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Мөн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2 дахь заалтаар нэхэмжлэгч 10 компани тус бүрээр улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарыг 15-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжид “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран нэхэмжлэл гаргасан этгээд тус бүрээр тэмдэгтийн хураамж төлүүлэх шаардлагагүй" гэжээ.

9. Тиймээс шүүх 10 тусдаа хэрэг шийдвэрлэж, 10 тусдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тэр хэрээр шүүх, шүүгч, шүүгчийн туслахын ажиллагаа шаардагдсан мэтээр 10 компани тус бүрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

10. “Т”  ХХК, “Ө” ХХК-ийн хувьд: ... шүүх дээрх журмын холбогдох хэсгийг 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай, 9.1.4 захиргааны актыг гүйцэтгэх субъект тодорхой бус, 9.1.5 хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.4 захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, 47.1.5. хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.7 түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт гэж үзэх бүрэн хууль зүйн боломжтой байсан буюу дээрх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

11. “Ө” ХХК, “М” ХХК-ийн хувьд: ... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн хуулийг шүүх хэрэглэх ёстой байсан.

12. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7 дахь хэсэгт заасны дагуу холбогдох санал авах, бүтээн байгуулалтын бүсэд үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдүүдийн саналыг авахгүйгээр 3.3 дахь заалт хэрэгжих боломжгүй байхад баталсан байдаг.

13. “Б” ХХК, “Б” ХХК, “Б” ХХК, “Ш” ХХК-ийн хувьд: ... Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол гарсантай холбогдуулаад Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор баталсан 5, 6 дугаар заалт нь 10 дугаар тогтоолоор батлагдсан төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журам хуучин үйлчилж байсан бөгөөд тус журмуудад ямар нэгэн этгээдийг албан тушаалаар нь заагаагүй нийтлэг журам байдаг. Иймд 2016 онд тогтоол гаргахдаа субъектийг тодорхой заасан учир өөр тохиолдолд хэрэглэх боломжгүй байсан гэдэг нь тодорхой харагдаж байдаг.

14. Энэ мэтчилэн Засгийн газрын 328 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй байсан болохыг тогтоох холбогдох яамны сайдын тайлбар, чиглэл, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр Хүнс, хөдөө аж ахуйн сайдад ирүүлсэн санал, Засгийн газрын 2018 оны 109 дүгээр тогтоол, түүнд оруулсан Хүнс, хөдөө, аж ахуйн яамны санал зэргийг шүүх үнэлээгүй, энэ талаар тайлбар хийгээгүй.

15. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0504 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

17. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар тогтоолоор “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах”-аар шийдвэрлэж, уг тогтоолын 2 дугаар хавсралтаар “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ыг баталсан, уг журмын  3 дугаар зүйлийн 3.3-т “Бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” буюу “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө” гэж заасныг нэхэмжлэгч “Н” ХХК, “Д” ХХК-иуд “... хууль бус байсан болохыг тогтоолгох”, “Б” ХХК, “Б” ХХК, “Б” ХХК, “Ш” ХХК-иуд “... хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”, “Т”  ХХК, “Ө” ХХК-иуд “... илт хууль бус болохыг тогтоолгох”, “Ө” ХХК, “М” ХХК-иуд “... хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагууд тус тус гаргасан, анхан болон давж заалдах шатны шүүхүүд “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын маргаан бүхий  3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, нэхэмжлэгч компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй талаар үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн байна.

18. Тодруулбал, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “... /чөлөөт бүсэд/ газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдааны аль нэг хэлбэрийг ашиглан олгох”-оор, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтоох”-оор заасны дагуу Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 1.1-д “... Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.4-т заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад чөлөөт бүсэд газар эзэмших ашиглах эрх олгох дуудлага худалдаа ... /-г/ энэ журмаар зохицуулна” гэж, мөн тогтоолоор батлагдсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 1.1-д “...Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.4 ... -т заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт ... /-ыг/ энэ журмаар зохицуулна” гэж тус тус заасан байх тул  “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс буюу чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах замаар олгохоор заасан маргаан бүхий журмын заалт эдгээр хуульд нийцжээ.

19. Нэхэмжлэгч нараас “... хүсэлтээ гаргасны үндсэн дээр ... “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирлын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А-01 дугаар тушаалын дагуу газар ашиглах эрх авсан, ... /2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан/ уг журмын заалтын улмаас А-01 дугаар тушаалыг хүчингүй болгосноор эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн” гэж маргаж буй үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй, өөрөөр хэлбэл, “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах журмаар олгох, олж авах хууль журмын зохицуулалт хүчин төгөлдөр байхад “өөр” байдлаар газар эзэмших, ашиглах эрх олж авсан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах журмаар газар эзэмших, ашиглах эрх олгохоор хуульчлан заасан уг зарчмын улмаас зөрчигдсөн гэж үзэхгүй, чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар тусгайлан заасан хэм хэмжээний актын заалттай холбоотой маргаан тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Газрын тухай, Чөлөөт бүсийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тайлбарлан хэрэглэнэ, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, С.Э нарын “...шүүхүүд үндэслэлгүй дүгнэлт хийсэн, ... Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг буруугаар тайлбарлаж, хэрэглэх ёсгүй Чөлөөт бүсийн тухай хуулийн 24.4 дэх хэсгийг хэрэглэсэн, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг хэрэглэх ёстой байсан” гэх зэрэг хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

20. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх”-өөр,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр ... нэхэмжлэл шүүхэд гаргах ...-д тэмдэгтийн хураамж хураах”-аар тус тус заасан тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч 10 компани тус бүрээр улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээж авахгүй.

            21. Харин, маргаан бүхий “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын  3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт холбогдуулан нэхэмжлэгч “Н” ХХК, “Д” ХХК-иудаас “... хууль бус байсан болохыг тогтоолгох”, “Т”  ХХК, “Ө” ХХК-иудаас “... илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл...” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж тус тус тусгайлан заасантай нийцээгүй байгааг шүүх анхааралгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу болжээ.  

22. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор заасан, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар тогтоолоор батлагдсан “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам” нь хэм хэмжээний акт бөгөөд дээр дурдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар захиргааны хэм хэмжээний актыг шүүх “хүчингүй болгох”, эсхүл “хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” боломжтой, хэм хэмжээний актыг “... хууль бус байсан болохыг тогтоох”, “... илт хууль бус болохыг тогтоох” боломжийг захиргааны хэргийн шүүхэд хуулиар олгоогүй болно.

23. Иймд, хэм хэмжээний актыг  хууль бус байсан болохыг тогтоолгох,  илт хууль бус болохыг тогтоолгохоор “Н” ХХК, “Д” ХХК, “Т”  ХХК, “Ө” ХХК-иудаас нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй, хуулиар эрх олгогдоогүй асуудлаар шүүхээс шийдвэр гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй тул эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх хүлээж авч шийдвэрлэх боломжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус ...  /нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах/”-аар заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байжээ.

24. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0504 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1,Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага, зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь “Бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” буюу “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө гэсэн хэсгийг “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” тухай “Б” ХХК, “Б” ХХК, “Б” ХХК, “Ш” ХХК-ийн, “хүчингүй болгуулах” тухай “Ө” ХХК, “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай “Н” ХХК, “Д” ХХК-ийн, “илт хууль бус болохыг тогтоолгох” тухай “Т”  ХХК, “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК, “Б” ХХК, “Б” ХХК, “Ш” ХХК, “Ө” ХХК, “М” ХХК-иас тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан “Н” ХХК, “Д” ХХК, “Т”  ХХК, “Ө” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                        Д.МӨНХТУЯА