| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2021/03790/И |
| Дугаар | 210/МА2022/00830 |
| Огноо | 2022-05-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2022/00830
Б.О-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/00685 дугаартай шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч М.О хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох,
Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хүчингүй болгуулах, уг тушаалд үндэслэж суутгагдсан цалинг буцаан гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Б.О-аас эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу 1,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болормаа, Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дээдэнцэцэг, Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Улаанбаатар өртөөний дарга 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б-269 дугаар тушаалаар Б.О д 1 сарын цалингийн 20 хувийг суутгах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр техник импортын зам дээр ажиллаж байсан. Уг өдөр техник импортын зам дээр 8-9 удаагийн сэлгээтэй, ОХУ руу 40 тонн 6 ширхэг чингэлэг, БНХАУ руу 40 тонн 47 ширхэг чингэлэг тус тус ачуулсан. ОХУ руу ачих тушаалыг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 15 минутанд удирдах газраас Улаанбаатар өртөөний тооцооны газарт ирүүлсэн. Тушаалыг ажилтанд утсаар мэдэгдэх үүрэгтэй байсан боловч 17 цаг 20 минутын үед ажилтай гээд тушаалыг аваагүй болох нь шуурхай хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. Б.О д сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ээлжинд ажиллаж байхдаа гэсэн байдаг. Иймд дээрх хууль бус тушаалыг хүчингүй болгож, цалин хөлснөөс суутгагдсан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
2.Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Б.О д Улаанбаатар өртөөний даргын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б-269 дугаартай үндсэн цалин хөлсийг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажлын байрны тодорхойлолтын 1.6, 1.12, 1.14, 2.1, 2.5, 2.6, 2.10 дахь хэсэгт заасан ажиллагаануудыг Б.О бүрэн гүйцэт хийгээгүйтэй холбоотой зөрчил гарсан. Б.О 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зөрчил гаргасан бөгөөд уг зөрчил нь шуурхай хурлын тэмдэглэл, ачилт, буулгалтын хоногийн төлөвлөгөө, тухайн вагоныг хашаа ачих талаар дурдсан тушаал зэргээр нотлогдоно. Тушаалд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэж бичсэн нь техникийн алдаа юм. 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр захиалагч компани дугаар бүхий 10 вагоныг ОХУ руу тээвэрлэлт хийлгэх захиалгыг Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албанд ирүүлснийг хүлээж аваад 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 15 минутанд Б.О-ийн ажиллаж байсан тооцооны хэсэгт зөвшөөрлийг явуулсан байдаг. Б.О удирдах газраас тушаал ирэхээс өмнө БНХАУ руу ачилт хийлгэж, хариуцлагагүй, хайнга хандаж, хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэжээ.
3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний агуулга: Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. Б.О 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 08-20 цагийн хооронд батлагдсан хуваарийн дагуу ажил үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр БНХАУ руу явуулахаар 20 ширхэг чингэлгийг кранаар ачуулсан. Гэтэл уг 20 чингэлэг нь БНХАУ руу тээвэрлэгдэх хаягтай бус харин ОХУ руу буцах хаягтай байсан тул ачсан 20 чингэлгийг салбар замд буцааж буулгуулахад байгууллагад 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Материал импекс ХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 378 дугаартай албан бичгээр нотлогддог. Иймд нэхэмжлэгчээс 1,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Улаанбаатар өртөөнд бодитоор 1,400,000 төгрөгийн хохирол учирсан зүйл байхгүй, хохирлыг барагдуулсан нотлох баримт ч байхгүй. Ажилтны дундаж цалин хөлснөөс хэтэрсэн эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасан. Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс 1,815,720 төгрөг байдаг. Улаанбаатар төмөр зам нь Материал импекс ХК-ийн хохирлыг барагдуулаагүй байж нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 128.1.7-д заасныг баримтлан Б.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.О хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох Улаанбаатар төмөр замын Улаанбаатар өртөөний даргын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б-269 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, суутгагдсан цалин 649,656 төгрөг 86 мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн 1,400,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг хариуцагчМ.О хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт даалгаж шийдвэрлэжээ.
6.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.а.Буруутай ажилтныг хөдөлмөрийн сахилгын хариуцлагад татах, сахилгын арга хэмжээ ногдуулах үндэслэл нь сахилгын зөрчил гаргасан байх урьдчилсан нөхцөл бүрдэх шаардлагатай. Нэхэмжлэгч нь ээлжтэй байсан өдрөө салбар замд чингэлэг ачааг тээвэрт явуулах талаар алдаатай мэдээлэл өгч БНХАУ руу явах чингэлгүүдийг ОХУ руу явах байсан вагонд ачуулсан зөрчил гаргасан нь тухайн ачилтын ажлыг гүйцэтгэсэн Материал импекс ХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 240 тоот албан бичгээр нотлогдсон байхад шүүхээс нэхэмжлэгчийг алдаатай буруу ачилт хийснийг мэдээгүй байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэв тухайн ачилтыг хийгдсэн гэдгийг мэдээгүй гэж үзвэл ажлын байрны тодорхойлолтын 1.6-д заасныг зөрчсөн үйлдэл болно.
6.б.Ээлжинд ажиллахдаа өөрийн хариуцсан салбар замд тээврийн ачаа ачилт, буулгалтын талаар байнга хяналт тавьж, мэдэж байх ёстой ажилтан энэ талаар мэдээгүй байх нь өөрөө хариуцлага алдсан үйлдэл мөн. Нөгөөтэйгүүр, ачаа вагон хүлээлцэгч ажилд гарахын өмнө тухайн өдөрт хийгдэх ажлын төлөвлөгөөтэй бүрэн танилцаж гардаг. Төлөвлөгөөнд маргааны зүйл болох чингэлгүүдийг БНХАУ руу ачуулах ажил төлөвлөгдөөгүй байсан бөгөөд хийгдэх ёсгүй ажлыг хийсэн болно.
6.в.Хэргийн 67 дугаар талд НАРЯД дэвтэр буюу ажилтнуудын хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн дэвтэр авагдсан. Тус дэвтэрт Б.О-ийн тухайн өдөр хийж гүйцэтгэсэн ажлын тайлан мэдээ бичигдсэн ба маргаан бүхий 10 вагоныг БНХАУ руу явуулахаар ачилт хийлгэсэн талаар тэмдэглэлийг өөрөө бичсэн нь мэдээгүй гэх тайлбарыг няцаахаас гадна хэргийн 42 дугаар талд зөрчилтэй холбоотой өөрийнх нь бичсэн тодорхойлолтоор түүний мэдээгүй гэх тайлбар үгүйсгэгдэж байхад шүүхээс Б.О нь тээврийн ачилтыг мэдээгүй нь сахилгын арга хэмжээ авах үндэслэл биш гэж дүгнэсэн. Маргааны зүйл болох вагоныг ОХУ руу илгээх тухай тушаал 17:15 цагт ирсэн ба тушаал ирэх хүртэл ачааг салбар замд ачилт хийлгэлгүй хадгалах үүргийг ачааны зохицуулагч, ачаа вагон хүлээлцэгч нар хариуцдаг. Гэтэл тушаал ирээгүй байхад буюу хүлээлгэд байх ёстой вагонд БНХАУ руу явуулах чингэлгүүдийг ачуулах зөвшөөрөл өгсөн нь сахилгын арга хэмжээ авах үндэслэл болно.
6.г. Хэргийн 26 болон 98 дугаар талд Материал импекс ХК-аас ирүүлсэн 2 ч албан бичиг авагдсан ба тус бүрдээ нэхэмжлэгч Б.О тай утсаар нь ярьсан талаар тодорхой бичигдсэн байхад энэ асуудлыг дахин шалгах ёстой байсан мэтээр тайлбарлаж дээрх хуулийн этгээдээс ирүүлсэн албан бичгүүд хэрхэн үгүйсгэгдэж буй талаар шийдвэртээ дүгнээгүй. Нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт нийцээгүй байна гэж хуулийг буруу хэрэглэсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Ачаа вагон хүлээлцэгч нь Улаанбаатар өртөөний хамгийн бага албан тушаалтан юм. 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч нь материал импекс, техник импорт гэх зам дээр ажил үүргээ гүйцэтгэсэн. Ачаа вагон хүлээлцэгч нь ажилдаа гарахдаа тушаалын дэвтэр буюу зааварчилгаа авч ажилдаа гардаг. Тушаалд заасан үүргийг нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч нь техник импортын зам дээр ажиллаж байсан. Буруу ачилт хийгдсэн вагон нь материал импексийн зам дээр байсан. Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл хуульд нийцсэн байх ёстой. Ажилтны асуудлыг хэлэлцсэн шуурхай хурлын тэмдэглэл нотлох баримтаар үнэлэгддэг. Гэтэл тушаалд 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан зөрчилд сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Тухайн өдөр нэхэмжлэгч нь сахилгын зөрчил гаргаагүй. Шуурхай хурлын тэмдэглэлд ачааны зохицуулагч нь буруугаа бид нар луу чихдэг, зуучууд байгаа тул үүнийг анхаарах ёстой гэсэн байдаг нь хэргийн 29 дүгээр талд авагдсан. Анхан шатны шүүх шуурхай хурлаас нэхэмжлэгчид ямар нэгэн хариуцлага хүлээлгэх, түүнийг ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн болохыг тогтоогоогүй. Шуурхай хуралд оролцсон эрх бүхий албан тушаалтнууд шагналт цалинг буруулах шийдвэр гаргасан байхад уг хуралд оролцоогүй этгээд сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхээс сахилгын шийтгэлийг үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Мөн Материал импекс ХК-ийн 2 албан бичиг хэрэгт авагдсан. Уг 2 албан бичиг нь 2 өөр агуулгатай байдаг. Эхний бичигт бид нар төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байдаг бол дараагийн бичигт бид нар төлбөр нэхэмжилнэ гэсэн байдаг. Ийм учраас уг нотлох баримтыг үнэн, зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй учраас нэхэмжлэгчийн ажил олгогчид бичиж өгсөн гэх тодорхойлолтыг үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн. Тухайн зам дээр ямар вагон байсан, ямар ачилттай байсан гэдгийг бүрэн тэмдэглэж дараагийн ажилтандаа хүлээлгэж өгдөг. Харин ачуулсан вагоны талаар бичнэ гэсэн зүйл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн байгууллагын технологийн горимоос ачааг хэн, хэрхэн ачуулдаг вэ гэдэг нь тодорхой болсон. Технологийн горимын 2.6-д заасны дагуу захиран хуваарилах хэлтсээс гадаад улс руу ачуулах шийдвэр гаргаж, Улаанбаатар өртөө хүлээж авч, захиран зарцуулах ажилтанд өгөөд уг ажилтан нь аж ахуй нэгж байгууллага, иргэдэд мэдээлж ачуулдаг болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх ачаа, воган хүлээлцэгч нь ачааг ачуулах эсэхийг шийдвэрлэдэг эрх бүхий этгээд биш учраас түүний энэ талаар буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх асуудал нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой заалтуудыг зөрсөн. Тухайн байгууллагад бодитоор эд хөрөнгийн хохирол учраагүй, сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл байхгүй байхад, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлгүй. Вагоныг хаашаа ачуулах талаар тушаал шийдвэр нь дараагийн ээлжийн диспетчер дээр яригдсан байдаг. Нэхэмжлэгч нь өөрийн хариуцсан замын байдлыг бичиж өгсөн. Материал импекс ХК нь дураараа ачилт хийдэг гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Иймд хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангах үндэслэл тогтоогдож байна.
2.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан, маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч М.О хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, уг тушаалд үндэслэн суутгасан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /хх-1-2/
ХариуцагчМ.О хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч зөрчил тогтоогдсон, тушаал хууль зүйн үндэслэлтэй гэх үндэслэл заан маргаж, нэхэмжлэгч Б.О-аас эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу 1,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, энэ талаар маргаангүй.
Ажил олгогч Улаанбаатар төмөр замын Улаанбаатар өртөөний дарга 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Б-269 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргаж, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ээлжинд ажиллахдаа ОХУ ачих тушаал өгөгдсөн вагонд КНР-ийн ачилт хийсэн дутагдал гаргасан, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр ачаа вагон хүлээлцэгч Б.О д Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасан үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх-11/ Энэ тушаалыг Б.О эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан, тушаалд заасан зөрчил тогтоогдсон эсэх талаар талууд маргажээ.
5.Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа Улаанбаатар өртөөнд ачаа вагон хүлээлцэгч буюу нэхэмжлэгч Б.О-ийн ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдсан байна. Уг ажлын байрны тодорхойлолтод зааснаар Б.О нь ачааг тээвэрт хүлээн авах, ачааг олгох, салбар замд вагон тавьж өгөх, татаж авах, галт тэргэнд ачаа тээврийн үзлэг хийх зэрэг үндсэн зорилтыг хэрэгжүүлэхдээ өртөөний ажилтай танилцаж, ажил хүлээн авсны дараа салбар замд явж ачилт буулгалтын вагон зөв тавигдсан, татагдсан эсэхийг шалгах, ачилт буулгалтын байдалд хяналт тавих үүрэг хүлээсэн байна. /хх-9-11/ Энэхүү ажлын байрны тодорхойлолттой ажилтан Б.О 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр танилцаж, гарын үсгээ зуржээ.
Хэрэгт авагдсан Шуурхай хурлын тэмдэглэл, Материал импекс ХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 240 тоот Хүсэлт гаргах тухай албан бичиг, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Материал импекс ХК-ийн салбар замд 98012453, 98170384, 98182918, 98179005, 98170392, 98012370, 98178098, 98013063, 94029097, 94366192 дугаар бүхий 10 вагон тавигдаж, тус компани чингэлэгийг буулгаж, БНХАУлс руу явах хоосон чингэлэгийг ОХУлс руу явах байсан вагонд ачилт хийсэн үйл баримт тогтоогдсон байна. Тус үйл явдал болсон 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Б.О ажиллаж байсан гэдэгт маргаагүй.
Маргааны зүйл болох вагонуудыг ОХУ руу илгээх тухай 744 дугаартай тушаал 17 цаг 15 минутад ирсэн, уг тушаал ирэхээс өмнө дээрх үйл явдал болсон гэдэг нь хэргийн 123 дах талд авагдсан Улаанбаатар өртөөний ачаа тээвэрлэлттэй холбоотой Зөвшөөрлийн дэвтэр-т бичигдсэн тэмдэглэл, талуудын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн байгууллагын технологийн горимоос ачааг хэн, хэрхэн ачуулдаг болох нь талаар Улаанбаатар өртөөний нэгдсэн технологийн горимын 2.6-д зохицуулсан, вагоныг хаашаа ачуулах талаар тушаал нь дараагийн ээлжийн диспетчер дээр яригдсан гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарладаг.
Хэргийн 129-130 дахь талд авагдсан Улаанбаатар өртөөний нэгдсэн технологийн горимын 2.6-д тушаал, захирамжийг дамжуулах, биелэлтэд хяналт тавих нөхцлийг журамласан байна.
Талууд салбар замд тавигдсан вагоны ачилт буулгалтын байдалд хяналт тавих үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн эсэх талаар маргасан тул дээрх бичгийн нотлох баримтыг маргааны зүйлд ач холбогдолгүй гэж үзлээ.
Улаанбаатар өртөөний салбар замд тавигдсан вагонд эрх бүхий этгээдийн тушаал ирэх хүртэл ачилт хийлгэхгүй хадгалах, хяналт тавих үүргийг ачааны зохицуулагч, ачаа вагон хүлээлцэгч нар хүлээдэг болох нь нэхэмжлэгч Б.О-ийн ажлын байрны тодорхойлолт, Шуурхай хурлын тэмдэглэл, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна. Хариуцагч нь ачааны зохицуулагч Ж.Оюунчимэг, ачаа вагон хүлээлцэгч Б.О нарыг ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэж үзээд Ж.Оюунчимэг, Б.О нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай шуурхай хурлаар шийдвэрлэжээ. /хх 27-30/
Хэрэгт 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр болсон үйл явдлын талаар тайлбар бичсэн ачааны зохицуулагч Ж.Оюунчимэгийн тодорхойлолт авагдсан байгаа боловч уг баримтыг гэрчийн мэдүүлгийн хэмжээнд үнэлэх боломжгүй. /хх-43/ Харин тухайн өдөр салбар замд хяналт тавиагүй ажилласан талаар хариуцагч байгууллагад гаргасан нэхэмжлэгч Б.О-ийн тодорхойлолтыг тухайн хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байна.
Дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Б.О нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ээлжинд ажиллаж байхдаа салбар замд тавигдсан вагонд ачилт хийлгэхгүй хадгалах, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байх тул Улаанбаатар төмөр замын Улаанбаатар өртөөний даргын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б-269 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасанд нийцсэн гэж үзлээ.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.О-ийн, хариуцагчМ.О хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан гаргасан Б-269 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, суутгагдсан цалин 649,656 төгрөг 86 мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
6.Хариуцагч тал нэхэмжлэгчид холбогдуулан байгууллагад учирсан хохирол 1,400,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн дээрх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигчид гомдол гаргаагүй учир энэ талаар дүгнэлт хийх нь талуудын зарчимд нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/00685 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 128.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагчМ.О хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан гаргасан Улаанбаатар төмөр замын Улаанбаатар өртөөний даргын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б-269 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, суутгагдсан цалин 649,656 төгрөг 86 мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Б.О-ийн нэхэмжлэл, хариуцагч М.О хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн, нэхэмжлэгч Б.О-аас байгууллагад учирсан хохиролд 1,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 20,140 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ч.ЦЭНД