| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2503 00342 0653 |
| Дугаар | 2026/ДШМ/111 |
| Огноо | 2026-01-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ /цахимаар/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2026/ДШМ/111
2026 01 22 2026/ДШМ/111
Д.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Нандин-Эрдэнэ /цахимаар/,
шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Ж.Гантулга,
хохирогч П.Г-, С.Д-, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Болд,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2380 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.Г-, С.Д-, шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан гомдлуудаар Д.Г-т холбогдох 2503 00342 0653 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.
Т- овогт Д-ийн Г-, 1970 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Адмон Принт хэвлэлийн компанид эх бэлтгэгч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Нарны зам .........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:........./.
Шүүгдэгч Д.Г- нь Баянзүрх дүүргийн .. дугаар хороо Их мандал хотхоны зүүн замд 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Toyota Aqua маркийн .... УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж барилгын хашааны хаалга болон хашааны хаалганы цаана зогсож байсан хохирогч С.Д-, П.Г- нарыг мөргөж улмаар тэдгээрийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Д.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т- овогт Д-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс тоолохоор, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Г-ээс сэтгэцэт учирсан эдийн бус гэм хорын хохиролд 8 504 000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Д-д, 8 504 000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Г-т тус тус олгохыг, 5 617 420 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулж, хохирогч нар нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, асран хамгаалагчийн зардал, эрүүл мэндийн туслалцаа авахтай холбоотой баримтаа нотлох баримтын шаардлага хангуулан баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжпэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч П.Г-, С.Д- нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхоролийн 2025.10.14-ний өдрийн 2025/ШЦТ/2380 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Г-т холбогдох эрүүгийн 250300342 дугаартай хэрэгт хохирогч П.Г-, С.Д- нар гомдолоо дараах байдлаар тайлбарлаж байна. Хохирогч бид нарын хувьд 2025.04.03-ны өдөр ажлын байранд албан үүргээ гүйцэтгээд байж байтал Д.Г- гэгч нь зам тээврийн осол гаргаж бид нарыг гэмтээсэн. Энэхүү хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэж буруутай этгээдэд шийтгэл хүлээлгэхээр болсон. Гэвч шүүхээс гарсан шийтгэх тогтоолд эмнэлэгт эмчлүүлж байсан 4 сарын цалингийн асуудлыг шийдвэрлээгүйд гомдол гаргаж байна. Шүүгдэгчийн буруутай үйлдлээс болж бид нарын бие, эрүүл мэнд, сэтгэл санаа, ажлаа хийж олох байсан орлогоо алдсан, эмнэлэгт хүнд байхад охин маань ажлаасаа гарч ааваа харсан зэрэг хохирлыг амссан. Цаашдаа ахин хагалгаанд орох, группт гарах хэмжээний хохирол амссан тул ажилгүй байсан 4 сарын цалингаа гаргуулан авах хүсэлтэй байгаа. Бид энэ үйлдлээс болж гэмтээгүй байсан бол цалингаа аваад хэвийн амьдралаар амьдрах байсан. Иймээс хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах талаар өөрчлөлт оруулан өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ж.Гантулга би эрүүгийн 25030003420653 дугаар хэргийн шүүгдэгч Д.Г-т хууль зүйн туслалцаа үзүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2380 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.
Нэг. Шүүгдэгч Д.Г- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудал дээр маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирогч нарт учирсан эмчилгээний зардлыг төлж оролцсон.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1462, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1909 дугаар дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Д.Г-ээс хохирогч С.Д-, П.Г- нарт сэтгэцэд учирсан хохиролд 9.504.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэн түүнд 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч Д.Г- гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учирсан эмчилгээний зардлыг төлсөн, анх удаагаа хөнгөн гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, өндөр настай эцгийн хамт ам бүл хоёул амьдардаг. Түүний хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчээс гаргуулахаар тогтоосон хохирлын хэмжээг багасгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлээр гомдол гаргаж байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2380 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Г-т шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлээр гомдол гаргаж байна” гэжээ.
Хохирогч С.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэжээ.
Хохирогч П.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд маш их гомдолтой байна. Одоогоор 2 кг дээш юм өргөж болохгүй байгаа. Мөн ажлаасаа халагдсан. Би тухайн компанид 26 жил ажилласан, тоосгоны үйлдвэрт 20 жил ажилласан. Намайг олон жил ажилласан тул 12 сар хүртэл ажлуулъя гэсэн. Намайг хүнд юм өргөж болохгүй, удаан хугацаагаар явж болохгүй гэсэн. Би 12 дугаар сард эмнэлэгт хэвтэж байгаад, сая эмнэлгээс гарсан. Эмчилгээний зардлыг би өөрөөсөө гаргасан. Би 3 дугаар сард дахиад хагалгаанд орно. Хагалгаанд орохын тулд 3.000.000 төгрөг шаардлагатай гэсэн. Даатгалын хөнгөлөлтөөр 300.000 төгрөг болно гэж байсан. Шүүгдэгчийн хувьд нэг удаа надаас уучлалт гуйгаагүй. Огт утсаар яриагүй. Би шүүх хурлын дараа хэрүүл хийж байж эм тарианы мөнгө авсан. Өмнө нь нэг ч эм, тариа авч өгөөгүй. Миний хувьд эхнэр, 80 гарсан аавын хамт амьдардаг. Эхнэрийн ажил 6 сар хүртэл ажиллаад зогсчихдог. Тухайн үед би шүүгдэгчид хандаж эмчилгээний мөнгөө авъя гэхэд “... би өмгөөлөгч авсан, өмгөөлөгч мэднэ” гээд өгөөгүй. Миний хувьд үнэхээр гомдолтой байна” гэжээ.
Хохирогч С.Д-, П.Г- нарын өмгөөлөгч Ч.Болд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шийдвэрт ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлүүлэх саналтай байгаа. Хохирогч С.Д-гийн хувьд тухайн үед 1.000.000 төгрөгийн цалинтай, хамгаалагчийн ажил хийж байсан. 4 сарын турш хүүхдүүдээрээ асруулж, хэвтэрт эмнэлэгт байсан. Хавирганы бэртэлийн талаарх баримтууд хэрэгт авагдсан. Хохирогч П.Г- 3.000.000 төгрөгийн цалинтай байсан. Энэ нь түүний өмнө авч байсан цалингийн хуулгаар нотлогддог. Байгууллагын тодорхойлолтыг авч хэрэгт өгсөн. Осолд орохоос өмнө биеийн эрүүл мэнд сайн, ажил хөдөлмөрөө хэвийн эрхэлж байсан. Улмаар хохирогч П.Г- нь эрүүл мэндийн шалтгаанаас болж ажлаасаа халагдсан. Одоо ажилгүй байгаа. Хохирогч нарын хувьд ажил үүргээ гүйцэтгэж байгаад осолд орсондоо гомдолтой байдаг. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож, шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Ж.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Шүүгдэгч Д.Г-ийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу болон зүйлчлэл дээр маргаагүй. Хохирогч П.Г- “... огт уучлал гуйгаагүй, ямар ч тусламж үзүүлээгүй, шүүх дээр тодорхой хэмжээний мөнгө өгсөн...” талаар ярьж байна. Хэрэг болсны дараа 2 хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж, улмаар томографикийн мөнгө буюу өөрийн санхүүгийн боломжид тааруулан хохирогч тус бүрд 1.000.000 төгрөг өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирогч С.Д-д учирсан 1.518.340 төгрөг, П.Г-т учирсан 1.569.550 төгрөгийг шүүх хуралдааны өмнө өгсөн. Иймд ямар ч уучлалт гуйгаагүй, гэм буруугаа хүлээгээгүй гэдэг нь тогтоогдохгүй байна. Гомдлыг эрүүгийн хариуцлага, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв хэрэглээгүй гэдэг үндэслэлээр гаргасан.
Тодруулбал, шүүгдэгч Д.Г-ийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарна. Гэм буруугийн хувьд болгоомжгүй гэмт хэрэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарт учирсан хохирлыг төлөөд явсан. Гэм буруугийн хурлын дараа шүүхийн шийдвэрт заасан сэтгэл санааны хохирол буюу 9.500.000 төгрөгийг төлөх завсарлага авсан. Улмаар шүүхийн шийдвэрт дурдсан мөнгөнөөс тус бүр 1.000.000 төгрөгийг өгсөн. 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хурлаас хойш хохирогч С.Д-д 3.100.000 төгрөг, хохирогч П.Г-т 3.500.000 төгрөгийг сэтгэл санааны хохирол гэж өгсөн. Эдгээр нь шүүгдэгч Д.Г-ийн Хаан банкны дансны хуулгаар нотлогдоно.
Шүүгдэгчийн хувьд 84 настай эцгийн хамт амьдардаг. Эцэг нь ходоодны хорт хавдартай. Өнөөдрөөс сэхээн амьдруулах тасгаас гарч, энгийн тасаг руу шилжиж байгаа. Шүүгдэгчийн хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээсэн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан 5.000.000 төгрөгийн торгох ялыг багасгаж өгнө үү. Сэтгэл санааны хохирлын 12 хувиар тогтоосон. Үүнийг бууруулж өгнө үү. Өөрөөр хэлбэл, сэтгэцэд учирсан хохирол, эрүүгийн хариуцлага буюу торгуулийн хэмжээг бууруулах үндэслэлээр гомдол гаргасан” гэжээ.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Хохирогч нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлс, асран хамгаалагчийн зардал, эрүүл мэндийн туслалцаа авахтай холбоотой нотлох баримтаа нотлох баримтын шаардлага хангуулан бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж буй хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Тухайн зүйл заалтын хамгийн бага ялыг шүүгдэгчид оногдуулсан. Мөн хохирогч нарын буруутай үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдээгүй. Сэтгэцэд учирсан хохирлыг дээрх байдлаар гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Д.Г-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
Хохирогч С.Д-гийн “... би 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 07 цаг өнгөрч байхад би ээлжнээс буух гээд барилгын даамал Г-ийн хамтаар барилгын хашаан дотор гүйдэг хаалганы харалдаа дотор талд нь яриад зогсож байтал нэг машин хаалга цөмлөөд орж ирээд хамгаалагчийн постны жижиг байшинг мөргөөд зогсож байсан намайг болон даамал Г-ийг мөргөсөн. Тэгээд би машин хаалга цөмлөж мөргөж орж ирэх үед би машинд мөргүүлээд машины доор ороод шавар зуурдаг тэвшний хооронд шахагдсан тэгээд би гайхаад тэр машины доод талаас зүтгээд гарсан тэгээд орчныг харахад саарал өнгийн Тоуоtа Аquа маркийн ..... УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хашааг цөмөлж мөргөөд ороод ирсэн байсан. Тэгээд барилгын ажилчид ирээд цагдаад дуудлага өгсөн байх тэгээд цагдаа нар ирээд хэмжилт үзлэг хийж байхад түргэн ирээд үзчихээд яваад өгсөн. Үзлэг хийж дууссаны дараа би ГССҮТ-д Г-ийн хамтаар очиж үзүүлсэн. Эмчид үзүүлэхэд миний баруун талын 5 хавирга хугарсан, баруун дал яс хугарсан, цээжний баруун талд шингэн хурсан, баруун гар хөхөрч гэмтсэн байсан...” /хх 15/,
Хохирогч, иргэний нэхэмжпэгч П.Г-ийн “... Би 2025 оны 04 сарын 03-ны өглөө 07 цагийн үед ажил Их мандал хотхоны барилгын хашааны харуул дээр ирээд ажлаа шалгах гээд харуул ах Д-тай цуг барилгын гүйдэг хашааны хажууд хашааны дотор талдаа юм яриад зогсож байхад түс гээд юм дуугараад хашааны хаалгыг нэг саарал машин цөмөлж мөргөөд ороод ирсэн. Тэгээд би тэр машин намайг мөргөх шинжтэй чиглээд ирэхээр нь би машиныг гараараа тулаад хойшлоод намайг түлхээд ороод ирсэн. Тэгээд тэр машин миний хөл рүү дараад наалдаад зогссон. Тэгээд Д- ахыг харахад машины дор орчихсон байсан тэр машин ачаа гаргадаг тэвшинд тулаад зогссон байсан. Тэгээд Д- ах машин дороос гараад ирсэн. Тэгээд нөгөө машины жолооч нь цагдаа, түргэн дуудсан юм. Тэгээд цагдаа нар ирээд хэмжилт үзлэг хийгээд явсан. Дараа нь би ГССҮТ-д очиж үзүүлэхэд миний биед баруун булчин хэсэгт зөөлөн эдийн гэмтэл, баруун өвдөгний үенд зөөлөн эдийн гэмтэл учирсан байсан ...” /хх 19, 22/
Шүүгдэгч Д.Г-ийн “ ...би 2025 оны 04 сарын 03-ны өдрийн өглөө 07 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоуоtа Аquа маркийн .... УНД улсын дугаартай автомашиныг жолоодоод Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг 51 дүгээр байранд байх гэрээсээ гараад Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороонд байх ажил руугаа явсан. Ингээд байрны хойд замаар зорчих хэсгийн тойрог хэсэг дээр эргэх үйлдэл хийх үедээ тоормос гишгэх гэж байгаад андуураад хаазан дээрээ гишгээд замын баруун талд байх төмөр хашааг мөргөөд мөн цаана нь байсан явган зорчигчтой машинаар тулаад зогссон. Тэгэхэд машины зүүн урд хэсгээс өндөр настай эрэгтэй хүн босоод ирсэн би машинаас буух гэтэл машины хаалга хашаанд дарагдсан байсан болохоор гарч чадахгүй байсан. Би өөрийн 99002544 дугаарын утаснаас 103 дугаарт дуудлага өгсөн дараа нь цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн. Дараа нь цагдаагийн автомашин ирсэн мөн түргэн тусламжийн автомашин ирсэн ... би Г- хохирогчид 1,500,000 төгрөг өгсөн, Д- хохирогчид 2,000,000 төгрөг тус тус өгсөн байгаа мөн тухайн үед гэмтлийн эмнэлэг үзүүлсэн төлбөрийг нь төлж, эм тариаг нь авч өгсөн ...” /хх 127/ гэсэн мэдүүлгүүд,
Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын “...Дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон П.Г- /........./ нь 5,267,930, С.Д- /РД:................/ 349.490 төгрөг Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 5,267,930 төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг холбогдогч /яллагдагч/-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь IBN-МN..........................дугаартай дансанд /гүйлгээний утга:хохирогчийн овог нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар / нөхөн төлүүлж өгнө үү”... гэх албан бичиг /хх 33/,
Хохирогч С.Д-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар №ЕГ0725/5253 дүгнэлт /хх 36-37/,
Хохирогч П.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар №ЕГ0725/5250 дүгнэлт /хх 43-44/,
Хохирогч П.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №ЕГ0525/818 дүгнэлт /хх 53-56/,
Хохирогч С.Д-н сэтгэцэд учирсан хор уршиг хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэх Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №1462 дүгнэлт /хх 62-64/,
Хохирогч П.Г-ын сэтгэцэд учирсан хор уршиг хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэх Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №1909 дүгнэлт /хх 73-74/,
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №198 дугаар дүгнэлт /хх 79-84/ гэсэн дүгнэлтүүд,
Мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 796 дугаар: “Жолооч Д.Г- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч С.Д-, П.Г- нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх магадлагаа (хх 90),
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 5-11) зэргийг харьцуулан шинжлэн судлахад;
шүүгдэгч Д.Г- нь Баянзүрх дүүргийн .. дугаар хороо Их мандал хотхоны зүүн замд 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Тоуоtа Аqua маркийн .... УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж барилгын хашааны хаалга болон хашааны хаалганы цаана зогсож байсан хохирогч С.Д-, П.Г- нарыг мөргөж улмаар тэдний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хохирогч С.Д-, П.Г- нарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан.
Шүүх Д.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч Д.Г- болон түүний өмгөөлөгч Ж.Гантулга нараас “...шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Мөн хохирогч С.Д-, П.Гантулга болон тэдгээрийн өмгөөлөгч Ч.Болд нараас “... эмнэлэгт эмчлүүлж байсан 4 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг шүүгдэгч Д.Г-ээс гаргуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, шүүх хуульд зааснаар нотлох баримтад үндэслэн хохирогч нарт учирсан хохирол хор уршгийн асуудлыг шийвэрлэдэг бөгөөд хохирогч нарын зүгээс давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлтэй холбоотой байгууллагын тодорхойлолтын хуулбар хувийг ирүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирогч нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэх нотлох баримт бүрэн авагдаагүй байна.
Харин анхан шатны шүүх хохирогч нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардал, ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хохирогчийн эрхийг хасаж, хязгаарласан гэж үзэхгүй.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Д-, П.Г-, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Болд, шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Г- нь хохирогч С.Д-д 2,100,000 төгрөг, хохирогч П.Гантулгад 2,000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2380 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Д-, П.Г-, шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР