| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/04792/И |
| Дугаар | 192/ШШ2026/00666 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2026/00666
2026 01 14 192/ШШ2026/00666
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...дугаар хороо, ....дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ...дугаар байрны ....тоот хаягт оршин суух, .... ургийн овогт ....С/РД:...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн ...дугаар хороо, Сөүлийн гудамж-42, өөрийн байранд байрлах, ... /РД:..../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу олгогдсон тэтгэмж 4,966,906.33 /дөрвөн сая есөн зуун жаран зургаан мянга есөн зуун зургаан төгрөг, гучин гурван мөнгө/ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Д.Э нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
1.1. .... /цаашид У ХНН гэх/-ийн харьяа Зорчигчийн вагон депогийн даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б-671 дугаар тушаалаар Г.С миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөн, би өндөр насны тэтгэвэрт гарсан. Уг тушаалаар У ХНН-т тасралтгүй 21 жил 4 сар ажилласан тул 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасан боловч миний ээлжийн амралтын цалин, тэтгэмжийг дутуу тооцож олгосон.
1.2. Байгууллага тэтгэмжийг тооцохдоо Эдийн засаг ба санхүү хариуцсан замын орлогч даргын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 171Б тоот цахилгаан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам, тус журмын нэмэлт өөрчлөлт, Замын даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-15 дугаар тушаалын хавсралтаар баталсан Сарын цалин хөлс тооцох аргачлал-ыг буруу хэрэглэж тооцоолсон нь холбогдох журмын заалтуудтай нийцээгүй байна. Иймд дутуу олгосон тэтгэмж 5,608,458.56 төгрөгийг У ХНН-ээс гаргуулахаар шаардсан.
1.3. Тэтгэмжийн тооцоололтой холбоотойгоор анх 2025 оны 03 дугаар сард гомдол гаргасан. 2022 онд өндөр насны тэтгэвэрт гарж, тэтгэмжийг 2022 ондоо авсан. Тэтгэмж буруу тооцогдсон гэдгийг хамт ажиллаж байсан н.Х гэдэг хүн тэтгэвэрт гарахдаа тэтгэмжээ зөв, буруу бодсон эсэхийг тодруулахаар аудитад хандаж, улмаар 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр аудитын дүгнэлт гарснаар олж мэдсэн. Ингээд мэдсэн даруйдаа У ХНН-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Ижаудит ХХК-ийн дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэл болгож тэтгэмжийг тооцоолсон.
1.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.2, 82.3, 82.5 дахь хэсгүүдэд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийн талаар зохицуулсан байдаг. Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон ажилтанд ажил олгогч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгож буй ажилтанд хуульд заасан болон хамтын гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хэмжээгээр олгох боломжтой. Хариуцагч ийнхүү тэтгэмжийг олгохдоо хамтын гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн. Гэвч ийнхүү 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг тооцохоор дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хуваахгүйгээр, нийт ажилласан цагийг хоног руу шилжүүлээд, ажилласан хоногоосоо нэг өдрийн цалин хөлс гаргаж байгаа нь буруу юм. Үүнийгээ бид нар угаасаа ингэдэг гэж тайлбарлаад ажилтны эрх ашгийг дордуулж болохгүй.
1.2. Анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 5,608,458.56 төгрөг нэхэмжилсэн. Ингэхдээ сүүлийн 6 сард аваагүй 481,164.17 төгрөгийн цалинг нэмээд оруулсан байжээ. Нэгэнт 481,164.17 төгрөгийг аваагүй учир 2022 оны 04 дүгээр сард авсан 1,843,000.76 төгрөг, 05 дугаар сард авсан 1,915,635 төгрөг, 06 дугаар сард авсан 2,283,608 төгрөг, 07 дугаар сард авсан 1,923,274 төгрөг, 08 дугаар сард авсан 1,721,000 төгрөг, 09 дүгээр сард авсан 5,381,000 төгрөгийн цалингаас тус тус тооцож нэхэмжлэлийн шаардлагаа 481,164.17 төгрөгөөр багасган, хариуцагч У ХНН-ээс 4,966,906.33 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгаллын үндэслэл:
2.1. Г.С нь Зорчигчийн вагон депогийн даргын 2001 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 114 тоот тушаалаар 2001 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс вагоны үйлчлэгчээр ажилд орсон. Зорчигчийн вагон депогийн даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/671 тоот тушаалаар 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан ба тэрээр У ХНН-т тасралтгүй 21 жил 4 сар ажилласан тул 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж тооцож олгосон.
2.2. Дундаж цалин хөлсийг тооцохдоо Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот Журам батлах тухай тушаал, уг журамд зааснаас бусад олговор, тэтгэмж нөхөн олговор, хөнгөлөлт гэх мэтийг тооцоолох Сарын цалин хөлс-ийг тооцохдоо Замын даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/15 тоот Аргачлал батлах тухай тушаалыг мөрдөг болгон бодож, тэтгэмжийн мөнгө болох 15,132,236.04 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Голомт банкны №671 дүгээр шилжүүлгээр шилжүүлсэн байна. Иймд тэтгэмж бодолтын талаарх нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
2.3. У ХНН нь нэхэмжлэгч Г.С 2022 оны 06 дугаар сард 160 цаг ажиллах байснаас 160 цаг, баяр ёслолоор 18 цаг, нийт 178 цаг, 2022 оны 07 дугаар сард 128 цаг ажиллах байснаас 128 цаг, баяр ёслолын 6 цаг, илүү 4 цаг, нийт 138 цагт ногдох цалинг олгосон. Гэтэл И ж аудит ХХК-иас тэтгэмжийг тооцоолохдоо Г.С 2022 оны 06, 07 дугаар саруудын баяр ёслолын болон илүү цагийг оруулаагүй, ээлжийн амралтын сүүлийн тооцоо болох 3,589,770 төгрөгийг нэмж оруулсан боловч ажилласан цагийг оруулаагүй тооцсоны улмаас 5,508,458.56 төгрөгийн илүү тооцоолол гаргасан байна.
2.4. Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тэтгэмжийг авсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасны дагуу тэтгэмжийг авсан үеэс эрх зөрчигдсөн эсэхийг мэдэх ёстой байсан гэж ойлгоно. Тодруулбал: тэтгэмжийн мөнгийг аваад тухайн үед тэтгэмж зөв, буруу байсан эсэхийг энэ үеэс эхлэн тооцох ёстой. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
3. Нэхэмжлэгч талын гаргасан баримтууд: У ХНН-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/15 тоот хуралдааны тэмдэглэл /хх-4-7/, У-ын Зорчигчийн вагон депогийн даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б-671 тоот тушаалын хуулбар /хх-13/, цалингийн карт /хх-14-15/, Г.С2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-16/, Дундаж цалин хөлс тодорхойлох журам /хх-17-18/, И ж аудит ХХК-ийн хараат бус аудиторын 25/6 тоот дүгнэлт /хх-38-44/, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 23869 тоот захирамжийн хуулбар /хх-45-48/, Г.С иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-49/,
4. Хариуцагч талын гаргасан баримтууд: Г.С цалингийн хүснэгт /хх-148-150/, Цалингийн карт /хх-151/, Табель хүснэгтийн хуулбар /хх-155-166/, Цалингийн тооцооны картын хуулбар /хх-167-169/, Тойрох хуудсын хуулбар /хх-170/, У-ын Зорчигчийн вагон депогийн даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б-671 тоот Г.С хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хх-171/, У-ын Зорчигчийн вагон депогийн даргын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б-460 тоот Нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласны хөлс олгох тухай тушаалын хуулбар /хх-172-174/, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б-459 тоот Нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласны хөлс олгох тухай тушаалын хуулбар /хх-175-177/
5. Зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Хариуцагч талаас шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн: У ХНН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/15 дугаар тушаал, уг тушаалаар батлагдсан Сарын цалин хөлсийг тооцох аргачлалын хуулбар /хх-84-87/, У ХНН-ийн даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А-195 дугаартай Журам шинэчлэн батлах тухай тушаал, уг тушаалаар батлагдсан У ХНН-ээс тэтгэвэр тогтоолгосон ажилтанд тэтгэмж олгох журмын хуулбар /хх-88-90/, У ХНН-ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/579 дугаар тушаал, уг тушаалаар батлагдсан У ХНН-ийн ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж олгох ажилласан хугацааг тооцох журмын хуулбар /хх-91-94/, У ХНН болон МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2024-2025 оны Хамтын гэрээний хуулбар /хх-95-112/, 2022-2023 оны Хамтын гэрээний хуулбар /хх-113-130/
Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 24 тоот хуралдааны тэмдэглэл/шийдвэрийн хуулбар /хх-8-12/, У-ын Хүний нөөцийн албанаас О.А, Д.Амаржаргал, С.Х, Г.С, М.М нарт хүргүүлсэн өргөдлийн хариу бүхий албан бичгийн хуулбар /хх-19/,
ҮНДЭСЛЭХ нь:
Г.С нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч У ХНН-т холбогдуулан дутуу олгогдсон тэтгэмж 4,966,906.33 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарснаар хөдөлмөрийн харилцаа цуцлагдсан. Хөдөлмөрийн тухай хууль болон Хамтын гэрээний дагуу өндөр насны тэтгэвэрт гарсантай холбоотой нэг удаагийн тэтгэмжийг ажил олгогч дутуу олгосон. Энэ талаар 2025 оны 03 дугаар сард мэдэж, мэдсэн үеэсээ маргаан таслах комисс, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх гурван талт хороонд тус тус гомдол гаргаж, шийдвэрлүүлж чадаагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэтгэмж дутуу олгогдсон болох нь аудитын дүгнэлтээр тогтоогдсоны дагуу шаардаж байна гэж тодорхойлсон.
2. Хариуцагч У ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг тэтгэмжийг хууль болон дундаж цалин хөлс тооцох тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан журам, Хамтын гэрээ болон байгууллагын даргын тушаалаар батлагдсан журам, аргачлалуудыг үндэслэж олгосон. Нэхэмжлэгч нь тэтгэмж авсан хугацаанаас хойш хуульд заасан гомдол гаргах 90 хоногийн хугацааг хэтрүүлсэн учир шаардах эрхгүй, маргаан бүхий нэхэмжлэлд хамааралтай ээлжийн амралтын дутуу олгогдсонтой холбоотой нэхэмжлэлийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй зэрэг үндэслэл заан маргаж байна.
3. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогчдоос гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон үйл баримтууд:
3.1. Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч У ХНН-ийн харьяа, Зорчигчийн вагон депод 2001 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс вагоны үйлчлэгчээр томилогдон, тасралтгүй 21 жил 4 сар ажилласан байна.
3.2. Г.С өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэнээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, ажил олгогчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/671 тоот тушаал гарч, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3 дахь хэсэгт заасны дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөн, У ХНН, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2022-2023 оны Хамтын гэрээний 6.4.2, У ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам, У ХНН-ээс тэтгэвэр тогтоолгосон ажилтанд тэтгэмж олгох журам, ажилтны өргөдөл зэргийг үндэслэн Г.С 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж тооцож олгохоор шийдвэрлэжээ.
3.3. Дээрх тушаалын дагуу У ХНН-ээс Г.С 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тэтгэмжийн мөнгө 15,132,236.04 төгрөгийг олгосон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба энэ талаар хэн аль нь маргаагүй.
3.4. Иргэн О.А, Д.Амаржаргал, С.Х, Г.С, М.М нарын захиалгын дагуу Ижаудит ХХК-иас эдгээр иргэдийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж, ажилласан хугацааны ээлжийн амралтын цалингийн холбогдох баримт материалыг шалган, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хараат бус аудиторын дүгнэлт гаргажээ.
Уг дүгнэлтийн Г.С холбогдох хэсэгт Өндөр настан, иргэн Г.С5,608,458.56 төгрөгийн тэтгэмж, 481,164.17 төгрөгийн ээлжийн амралтын цалин тус тус дутуу тооцож олгосон гэж үзэхээр байна гэж дүгнэн, тэтгэмжийн тооцооллыг хүснэгтээр гаргасан байна. /хх-41-42/
3.5. Нэхэмжлэгч Г.Снь Ижаудит ХХК-ийн дүгнэлт гарсны дараа У ХНН-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандан гомдол гаргасныг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хэлэлцэж, талууд харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгожээ. /хх-4-7/
3.6. Үүний дараа нэхэмжлэгч Г.С Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан гомдол гаргаж, мөн талууд тохиролцоонд хүрээгүй гэх үндэслэлээр 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болсон талаар нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч няцааж маргаагүй. Уг үйл баримттай холбоотойгоор холбогдох хуралдааны тэмдэглэл/шийдвэрийг нэхэмжлэгч нотлох баримтаар гаргасан боловч хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
3.7. Улмаар нэхэмжлэгч 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч У ХНН-ээс 6,089,622.73 төгрөг гаргуулахаар шаардсаныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 197/ШЗ2025/... дугаар захирамжаар Г.С нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
3.8. Нэхэмжлэгч Г.С хамгийн сүүлд 2022 оны 11 дүгээр сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдсон.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт үндэслэлгүй байна.
4.1. Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт хуульчилдаг.
4.2. Нэхэмжлэгч Г.С гаас Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хариуцагч У ХНН-т холбогдуулан, дутуу олгогдсон ээлжийн амралтын цалин 481,164.17 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
4.3. Нэхэмжлэгчийн гаргасан дээрх нэхэмжлэл нь тус шүүхэд хянагдаж буй, маргаан бүхий энэхүү хэрэгтэй шууд хамааралгүй, тэтгэмжийн зөрүү гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээс өөр агуулга бүхий нэхэмжлэл байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
5. Харин шүүх нэхэмжлэгч Г.С г Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн энэхүү нэхэмжлэлийг гаргасан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2 дахь хэсгүүдэд зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш ...хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор... хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, уг комисс байхгүй бол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхийг зааж өгсөн.
5.2. Нэхэмжлэгч Г.С 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, нэг удаагийн тэтгэмжийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажил олгогчоос авсан талаар талууд маргаагүй. Ажил олгогчоос тэтгэмж олгогдсон энэ үеэс нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөн эсэхийг мэдэх ёстой байсан гэж үзэх үндэслэлтэй.
5.3. Харин аудитын дүгнэлт 2025 онд гарсан нь нэхэмжлэгчид хөдөлмөрийн эрхийн маргаан үүсгэж, гомдол гаргах шинэ эрх үүсгэх үндэслэл болохгүй юм. Ийнхүү шүүх нэхэмжлэгчийг гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн учраас хариуцагч У ХХН-ээс түүнд нэг удаагийн тэтгэмжийг тооцохдоо Хөдөлмөрийн тухай хууль, Дундаж цалин хөлс тогтоох журмыг тус тус зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,686 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч У ХНН-ээс 4,966,906.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.С нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,686 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА