Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00888

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/00732 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

ХариуцагчН.С-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б-э, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөрН.С-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэг иж бүрдэл бүхий ундаа, усны үйлдвэрийн тоног төхөөрөмж, бэлдэц түүхий эдийг 83,000,000 төгрөгөөр худалдсан. Гэрээний дагуу эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй тоног төхөөрөмж, бэлдэц түүхий эдийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь 60,000,000 төгрөг төлсөн ба үлдэх 23,000,000 төгрөгийг хэсэгчлэн 3 удаа буюу 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 8,000,000 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 01-ний өдөр 8,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 01-ний өдөр 7,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохирсон боловч төлөөгүй байна. Хариуцагчийн хэлснээр түүхий эд бэлдэцийг одоо буцаан авах боломжгүй, тухайн түүхий эдийн чанар мууддаг, хугацаатай эд зүйл байдаг. Мөн тоног төхөөрөмж биет байдлын доголдолтой байсан гэж байгаа боловч энэ талаар шаардлага гаргаж байгаагүй, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэн өгсөн. Иймд хариуцагчН.С-аас гэрээний дагуу 23,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Г.Б-ээс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ашиглагдаж байсан хагас автомат цэвэр усны тоног төхөөрөмж болон 2 ширхэг микроавтобусыг 60,000,000 төгрөгөөр, түүхий эд болох хар өнгийн хуванцар савны бэлдэцийг 23,000,000 төгрөгөөр тус тус тооцон худалдан авсан. 60,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн, түүхий эдийн мөнгийг дараа төлөхөөр харилцан тохиролцсон. Уг тоног төхөөрөмжийг худалдан авч, цэвэр усны үйлдввэрлэлийг эхлүүлсэн боловч үйлдвэрийн тоног төхөөрөмжид үе үе саатал гарч, эвдрэл үүсдэг ба үүнийг байнга засуулж цаг алдах, мөн инженер, техникийн ажилчдыг ажиллуулж тооцоолоогүй зардал их гарсан. Эхний нэг дэх жил бид хавар, намрын идэвхитэй үеийн борлуулалтаас орлого олоогүй, алдагдал хүлээсэн. Түүнчлэн хар өнгийн савны бэлдэцийг ашиглах боломж бидний төлөвлөсөн зах зээлд үүсээгүй тул төлбөр төлөөгүй. Ингээд дараа жил нь цар тахалтай холбоотой зөвхөн манайх гэлтгүй бүх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн тул төлбөр төлөх боломж гараагүй. Бид 23,000,000 төгрөгийг төлөх боломжгүй. Мөн хэрэглэгдэхгүй байгаа сав баглаа боодолтойгоо байгаа бэлдэцүүдийг буцаан өгөх саналтай байна. Герман улсаас яг адил төрлийн тоног төхөөрөмж судалхад харьцангуй бага үнээр оруулж ирэх боломжтой байсныг мэдсэн ба Г.Б-э хэтэрхий өндөр үнэтэй, мөн биет байдлын доголдолдтой тоног төхөөрөмж бидэнд зарсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчН.С-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 23,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-эд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчН.С-аас 272,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-эд олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагчийн зүгээс гэрээ цуцлах талаар хүсэлт гаргасан. Доголдолтой эд хөрөнгө хүлээлгэж өгсөн учраас гэрээнээс татгалзсан. Хүлээлгэн өгсөн автомашинд 5,000,000 төгрөгийн үнэ бүхий засвар хийсэн боловч уг автомашин нь ажиллахгүй байгаа. Хар, бор шилийг буцаан өгөх талаар тохиролцоо хийсэн байдаг. Гэрээнээс татгалзсан учраас 23,000,000 төгрөг бус тухайн үед хүлээлгэж өгсөн дагалдах бүтээгдэхүүнийг буцаан өгөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Эвдрэлтэй зүйл хүлээлгэж өгөөгүй. Үйл ажиллагаа жигд явагдаж байсан үйлдвэрийг талууд хүлээлцсэн учраас ямар нэгэн санал гомдолгүйгээр гэрээ байгуулагдсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсгийн заасантай нийцжээ.

2.Нэхэмжлэгч Г.Б-э нь хариуцагчН.С-ад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тоног төхөөрөмж доголдолтой байснаас их зардал гарсан, дагалдаж ирсэн түүхий эдийг 23,000,000 төгрөгөөр тооцож өгсөн боловч уг бэлдэцийг ашиглах боломж олдоогүй учир буцааж өгнө гэж маргасан байна.

3.Хэрэгт авагдсан 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1047 дугаартай Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нэртэй гэрээ, зохигчдын тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

4.Талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй учир гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

5.Гэрээний дагуу худалдагч Г.Б-э нь 83,000,000 төгрөгийн үнэ бүхий үйлдвэрийн тоног төхөөрөмж болон түүхий эд бэлдэцийг худалдан авагчид шилжүүлэн өгсөн, худалдан авагчН.С- нь гэрээний үнэд 60,000,000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Гэрээгээр шилжүүлсэн тоног төхөөрөмж биет байдлын доголдолтой байсан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

Талууд гэрээний зүйлийн чанар, иж бүрдэлийн талаар гэрээнд сайн гэж тусгасан байна. Нэхэмжлэгч нь ундаа, усны үйлдвэрийн тоног төхөөрөмж, бэлдэц түүхий эдийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгчээ. /хх-4/ Уг эд хөрөнгөд баталгаат хугацаа тогтоогоогүй байна. Хариуцагч тал эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдол илэрсэн, үүнтэй холбоотой шаардлага нэхэмжлэгч талд гаргаж байсан гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсгийн заалтыг зөв хэрэглэжээ.

6.Гэрээний 3.2-т төлбөр төлөх нөхцөл, хугацааны хувьд урьдчилгаа төлбөрт 60,000,000 төгрөг бэлнээр төлсөн, үлдэгдэл төлбөр 23,000,000 төгрөгийг 3 хувааж төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна. /х-4/ Иймээс худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт дагалдаж ирсэн түүхий эд, бэлдэцийг буцааж өгнө гэх хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх, хариуцагчН.С-аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-эд олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/00732 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД