Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 660

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                          

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч С.Солонго,   

Нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

Шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Дт холбогдох эрүүгийн 1806013560669 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

     Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч С.Д нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Оргил-Энканто тоуны оффис дотор иргэн Д.Сайханбаярын зүүн гуян тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                            /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

         ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806013560669 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 хохирогч Д.Сайханбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 11-12 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто оффис дотор барилгын инженерүүдийн өрөөнд Бадмаараг, Шижир, Дөлгөөн нарын хамт ажлаа хийгээд сууж байтал гадаад харилцааны захирал Даваажав орж ирээд барилгын зургийн талаар асуухаар нь тэгж хийх боломжгүй гэхэд Даваажав захирал “чи тэнэг хүнтэй юм ярьж байгаа юм уу, ажлаа ингэж хийдэг юм уу пизда минь гэж хэлээд намайг ширээн дээр сууж байхад аяга авч шидсэн. Тэгээд би хажуу тийшээ болоход ширээний зүүн талаар тойрч ирээд зүүн гуя руу 2 удаа хүчтэй өшиглөсөн... Одоо  нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

 

Гэрч Ч.Шижирийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 14-15 цагийн орчим БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто” тоунд байрлах Энканто оффисын барилгын инженерүүд суудаг өрөөнд Сайханбаяр, Бадмаараг, Дөлгөөн нарын хамт байсан... Д орж ирээд Сайханбаяр руу хандаж сантехникийн инженер чиний ажлыг яриад байгаа юм бишүү, чи оролцдоггүй юм уу гэсэн. Тэгтэл Сайханбаяр би сантехникийн инженер болохоос барилгын өрлөгийн асуудлыг мэдэхгүй гэж хэлсэн. Тэгтэл Д дарга чи яахаараа мэддэггүй юм гэж хэлээд уур амьсгал муудаж, маргалдах болсон. Захирал хүн үг хэлээд Сайханбаяр хүлээж авахгүй болохоор Д захирал уур нь хүрсэн байх... Сайханбаярыг сууж байхад Д хөл рүү өшиглөөд авах шиг болсон. Тэгээд Сайханбаяр яагаад намайг өшиглөж байгаа юм гээд маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

 

            Гэрч Г.Бадмаарагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “...гаднаас Д захирал орж ирээд Сайханбаяр, Дөлгөөн нарыг барилгын талбай дээр хэмжилт, тэмдэглэгээ хийсэн асууж, яаралтай хийж дуусгахыг шаардаж байсан. Тэгээд Д дарга Сайханбаяр руу хандаж “ажлаа хийгээчээ, ажлаа хийж байгаа чинь энэ үү” гэхэд Сайханбаяр “хийж байгаа, нэг юм болохгүй байгаа” гээд тайлбарлаж байсан...Д дарга “ажлаа хийж чадахгүй бол зайл” гэж хэлсэн. Тэгээд цааш юу болсныг нь би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 сарын 03-ны өдрийн 2214 дугаартай:

Д.Сайханбаярын биед зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 24/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын     03-ны өдрийн 560 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2214 дугаартай дүгнэлт үндэслэлтэй” гэх дүгнэлт,

 

            Шүүгдэгч С.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2018 оны 01 дүгээр сарын 23, 24-ний үеэр Сайханбаярт 7 хоногийн хугацаатай ажлын үүрэг даалгавар өгсөн. 7 хоногийн дараа асуухад ажлыг хийгээгүй байсан ба маргааш бэлэн болгоно гэсэн хариу өгсөн. Түүнээс 2-3 хоногийн дараа буюу 2018 оны 02 сарын 02-ны өдөр Сайханбаярт хандаж наад зурагаа хурдан гаргахад яадаг юм бэ, 1-2 хоногийн дараа хийж дуусгана биздээ гэж хэлэхэд Сайханбаяр урдаас өөр хүнээс болсон гэх хариу хэлсэн. Би уурлаад чи наад ажлаа хийж чадахгүй бол, хийж чаддаг хүнд нь өгөөд ажлаасаа гар гэж хэлсэн... Тэгээд хэрэлдэж маргалдаж байгаад Сайханбаярыг зүүн хөл рүү нь хальт өшиглөсөн...” эх мэдүүлэг /хх-ийн 19-20/

 

- цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 6/

-С.Дын иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-35/, \

-С.Дын цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийн бүртгэлийн хуулбарууд /хх-ийн 36-39/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч С.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч С.Дын хохирогч Д.Сайханбаярын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч С.Д нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч С.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.           

  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  

5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай. 

  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Дт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.     

  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ