Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2026/ДШМ/81

 

 

 

 

    2026           01            20                                         2026/ДШМ/81

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.А,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Б,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2679 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор Б.М-д холбогдох эрүүгийн ....................... дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.М нь 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ...... дүүргийн .... дугаар хороо, ........ тоотод “аавыг дээрэлхлээ” гэх шалтгааны улмаас хохирогч М.П-ийн нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь баруун хацар ясны нум, хацар ясны духны сэртэн, баруун хоншоорын хөндийн урд, гадна хана, баруун нүдний ухархайн дотор, доод хананд цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны салстад цус харвалт, дух, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.П, Ц.Б нар нь газрын маргаанаас болж хоорондоо маргалдаж, тухайн хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд харилцан зодолдсоноос бие биедээ гэмтэл учруулсан нь эрүүгийн ..... дугаартай М.П-д холбогдох хэрэг, .... дугаартай Б.М-д холбогдох хавтаст хэргүүдэд цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд дээрх 2 эрүүгийн хэргийг нэгтгэн шалгуулах хүсэлтийг гаргахад М.П-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны тов зарлагдсан байсан. 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №2025/ШЦТ/2403 дугаартай шийтгэх тогтоолоор М.П-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Б.М-д холбогдох хэрэгт прокурорын шатанд хүсэлт гаргаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны дагуу нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй. Хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгт дурдагдсан н.Б-ын эхнэр, хүүхдүүд, насанд хүрээгүй гэрчүүдээс мэдүүлэг аваагүй. Мөн хэргийн газарт сүх байсан талаар гэрчүүд мэдүүлдэг ба тухайн сүхийг ямар зорилгоор хэн, яаж ашигласан, шаардлагатай тохиолдолд хураан авах, хохирогч М.П-ийн хувийн байдлыг тогтоогоогүй, М.П, М.О нар нь ямар холбоо харилцаатай эсэх, М.П нь Ц.Б-ээс ямар зорилгоор дансаар болон бэлнээр мөнгө авсан эсэх, Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар Б.Э хэнд холбогдох хэргийн материалд үзлэг хийсэн зэргийг шалгаж тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн. Гэрч Ц.Б “...Б надаас газар аваад тэр газрын гэрчилгээг нь би гаргаж өгч чадаагүй, тухайн ярианаас болж өгсөн, өгөөгүй гэж М.П-тэй маргалдаж, зодоон болсон, тэр үедээ би өөрийн төрсөн хүү болох Б.М-г дуудаж, намайг аваад тэндээс явсан. ...Миний бие гараараа нүүрэн хэсэгт нь 1 удаа цохсон” гэж, Ц.Б-ийн гараар бичиж өгсөн тайлбар “...Ц.Б миний бие М.П-д гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Иймд тухайн хүний эмчилгээний зардлыг зуун хувь хохирол барагдуулна. ...” гэж утасныхаа дугаарыг бичсэн. Гэрч, хохирогчийн мэдүүлгүүд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Б.М нь М.П-д мөнгө өгсөн талаар огт дурдаагүй, гэрч Ц.Б мөнгө өгсөн болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байхад Б.М-г өгсөн мэтээр тооцсон. Хохирогч М.П-ийн дахин өгсөн мэдүүлэгт “би сандал дээр сүх бариад сууж байсан. Тэгсэн Б-ийн хүү гаднаас ороод ирсэн. Тэгсэн чинь Б хүүдээ намайг сүхээр цохиж алах гэж байна” гэж хэлсэн, “би сүхийг булааж авахдаа толгойгоо Ц.Б-ийн цээжинд нь нааж байгаад авсан. Тэр толгойгоороо миний дагз руу мөргөөд байсан” гэж, гэрч А.О “...түүнээс би тэдний хоорондын зодооныг бол нүдээрээ хараагүй” гэж тус тус мэдүүлсэн. М.П-ийн биед гэмтэл учирсан талаар шинжээч “...Баруун нүдний ухархай дотор хананд цөмөрсөн, доод хананд сэлтэрсэн шинэ хугаралтай, бусад ухархайн хананууд хэвийн, хамар ясны зүүн хажуу хананд сэлтэрсэн хуучин хугаралтай, таславч дунд хэсгээр баруун тийш хуучин мурийлттай” гэж дүгнэсэн. Гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Б.М нь М.П-ийн биед гэмтэл учруулсан нь үгүйсгэгдэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлууд тогтоогдож мөрдөгч, прокуророос яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх бүхий л нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг бүрэн гүйцэд нотлоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.М-г цагаатгаж өгнө үү. Миний бие прокурорын шатнаас шүүгдэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж, хэргийг нэгтгэж шалгуулах хүсэлт гаргасан. М.П, Б.М нар нэг цаг хугацаанд бие биедээ гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон. Шүүх хуралдааны тов зарлагдсан байсан учраас урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах боломж байгаагүй. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тохиолдолд гэм буруу дээрээ маргалгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх байсан. Гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй учраас давж заалдах гомдол гаргасан. Залуу хүнд нэг удаа боломж олгож, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийг нэгтгэвэл үнэн зөвөөр шийдвэрлэгдэнэ гэдэг агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна. 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тухайн үйл явдал болсон. Анх шүүгдэгч Б.М-ийн эцэг Ц.Б-ийг хохирогч М.П зодсон гэдэг асуудлаар гомдол гаргасан. Тус хэргийг хянан шийдвэрлэж байх хугацаанд буюу 7-8 хоногийн дараа хохирогч М.П “Б.М миний нүүрэн тус газарт өшиглөснөөс болж миний эрүүл мэндэд хохирол учирсан” гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэргийг тусад нь шалгасан. Миний бие тус 2 хэрэгт хяналт тавьсан. “Тухайн цаг хугацаанд сүхийг хурааж аваагүй” гэдэг асуудал яригдаж байна. Хохирогч өөрөө яллагдагчаар татагдсан хэрэгт сүхний асуудал яригдах болохоос Б.М-д холбогдох хэрэгт сүхийг хураан авах шаардлагагүй гэж үзсэн. Прокурорын шатнаас өмгөөлөгч Ц.Б шүүгдэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж, дээр дурдсан үндэслэлээр дээд шатны прокурорт гомдол гаргаж, яллах дүгнэлтийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн цаг хугацаанд хамт байсан гэх гэрч нараас мэдүүлэг авсан. Мөн шинжээч тухайн гэмтлүүд нь шинээр үүссэн болохыг тогтоосон. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нотолгооны хувьд эргэлзээгүй, үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр .... дүүргийн ...дугаар хороо, .... тоотод “аавыг дээрэлхлээ” гэх шалтгааны улмаас хохирогч М.П-ийн нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь баруун хацар ясны нум, хацар ясны духны сэртэн, баруун хоншоорын хөндийн урд, гадна хана, баруун нүдний ухархайн дотор, доод хананд цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны салстад цус харвалт, дух, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.П-ийн “..Б-ийн гарт байсан сүхийг нь авах гээд 2 гараас нь бариад авсан чинь миний дагз руу Б толгойгоороо мөргөөд байсан. Тэр үед нь би гарт байсан сүхийг аваад холдоод суусан. Тэгтэл Б утсаар ярьсан бөгөөд удалгүй гаднаас цагдаагийн өмсдөг хар өнгийн хувцастай залуу ороод ирэхээр нь цагдаа дуудсан байна гэж бодоод сууж байтал гэнэт миний нүүр рүү өшиглөсөн. Тэгтэл миний хамраас цус гарахаар нь тогтоогоод хэсэг сууж байгаад гадаа гарсан. Тэр үед Б хүүтэйгээ зууралдаад зогсож байсан. Б-ийн хүү гэх залуу “та эд нарыг алуулах гэж намайг дуудаагүй юм бол яах гэж дуудсан юм бэ” гэж хэлээд зууралдаад зогсож байсан. Би хажуугаар нь гараад явсан. Нүүр лүү өшиглөхөд нүүрний баруун тал хавдсан. Өөрийн ганц байсан ясан шүд хөдөлсөн. Хамар хавдаж хөхөрсөн. ...” /хх 14-15/,

гэрч Ц.Б-ийн “...Маргааш нь М.П-тэй уулзахад нүдний шил зүүсэн байсан. Баруун нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Б.М намайг өмөөрч М.П-ийн биед гар хүрсэн гэж хүү надад хэлсэн. ...” /хх 18/,

гэрч А.О-ын “...Ц.Б, М.П хоёр нь хоорондоо газрын маргаанаас болоод л хэрэлдээд байсан. Тухайн үед би “та нар гэр оронд хэрүүл маргаан гаргахгүй шүү” гэж сануулж хэлж байсан. Ц.Б-ийн хүү Б.М нь аавыгаа өмөөрч М.П-ийн нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн гэж М.П өөрөө тухайн үед надад хэлсэн. Түүнээс өөр зодоон маргаан болсон асуудал бол байхгүй. ...” /хх 124-125/,

гэрч М.О-ын “...Тэгээд Ц.Б гар утсаа аваад хүүхэд рүүгээ залгаад “намайг хүн зодчихлоо ороод ир” гэж хэлэхэд төд удалгүй тэдний хүү Б.М нь гаднаас орж ирсэн. Ц.Б хүүдээ хандаад “наад хэдээ алаад өг” гэж хэлсэн. Би Б.М-д “миний дүү болохгүй ээ, чи цагдаа хүн шүү дээ” гэж хэлэхэд Б.М, М.П-г сандал дээр сууж байх үед нь хувцасных нь энгэр хэсгээс гараараа барьж заамдаад сэгсэрч байснаа, зүүн хөлөөрөө М.П-ийн нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн. Би очоод Б.М-г М.П-ээс холдуулж салгасан. ...” /хх 127-128/,

шүүгдэгч Б.М-ийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр би гэртээ харих гээд гэрийн ойролцоо явж байсан чинь 00 цагийн үед аав Ц.Б өөрийнхөө ..... дугаараас над руу залгасан. Согтуу байсан бөгөөд би урд Б-ын гэрт байна. Би зодуулчихлаа гэж хэлсэн. ... Би гэрт ороод юу болсон бэ аав гээд асуусан чинь М.П намайг цохиод зодчихлоо гэхээр нь та нар ууж идэж чадахгүй бол яах гэж анхнаасаа ууж идсэн юм бэ гэж хэлсэн. Намайг ороход аав М.П-тэй маргалдаад байсан. Тэгэхээр нь аавыг татаж босгоод гарья, та нар хоорондоо юундаа маргалддаг юм бэ гэхэд М.П зүүн гартаа архины шил барьчихсан далайгаад аавыг цохих гээд байхаар нь архины шилийг аваад түлхэж унагаад архины шилийг нь аваад Б-ын эхнэрт өгсөн юм. ...” /хх 55-57/ тус тус мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ0725/5275 дугаартай “...М.П-ийн биед баруун хацар ясны нум, хацар ясны духны сэртэн, баруун хоншоорын хөндийн урд, гадна хана, баруун нүдний ухархайн дотор, доод хананд цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны салстад цус харвалт, дух, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 25-27/ дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.М-ийн “аавыг зодлоо” гэх шалтгааны улмаас хохирогч М.П-ийн нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б “…2 эрүүгийн хэргийг нэгтгэн шалгуулах хүсэлтийг гаргасан, ... нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй, ... мэдүүлэгт дурдагдсан хүмүүсээс мэдүүлэг аваагүй, ... гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Б.М М.П-ийн биед гэмтэл учруулсан болох нь үгүйсгэгдэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мэдүүлгийн нотлох баримтын хувьд, мэдүүлэг өгөгч мэдүүлэг өгөх цаг хугацаанд ядарсан, согтуурсан байсан, эсхүл хэргийн талаарх хувийн ашиг сонирхол, ой тогтоолт зэрэг дотоод шалтгаанаас хамаарч хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв тусган тогтоосон байдалд тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч болдог бөгөөд шүүгдэгч Б.М-д холбогдох хэрэгт тухайн хэргийн нөхцөл байдлыг харсан, үйл явдлын талаар сонссон хүмүүс эх сурвалжаа тодорхойлон гэрчийн мэдүүлэг өгчээ.

- хохирогч М.П 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “...Б гар утсаар ярьсан. Тэгсэн удалгүй нэг залуу орж ирээд нөгөө залуу миний нүд рүү өшиглөсөн. ...” /хх 9-10/ гэж,

- гэрч А.О 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “...Ц.Б-ийн хүү Б.М нь аавыгаа өмөөрч, М.П-ийн нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн гэж М.П өөрөө тухайн үед надад хэлсэн. ...” /хх 124-125/ гэж,

- гэрч М.О 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “...хүү Б.М нь гаднаас орж ирсэн. Ц.Б хүүдээ хандаад “наад хэдээ алаад өг” гэж хэлсэн. Би Б.М-д “миний дүү болохгүй ээ, чи цагдаа хүн шүү дээ” гэж хэлэхэд Б.М, М.П-г сандал дээр сууж байх үед нь хувцасных нь энгэр хэсгээс гараараа барьж заамдаад сэгсэрч байснаа, зүүн хөлөөрөө М.П-ийн нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн. Би очоод Б.М-г М.П-ээс холдуулж салгасан. ...” /хх 127-128/ гэж тус тус мэдүүлжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлжээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг харьцуулан шинжлэн судлаж, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Гэм буруугийн санаатай хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж /сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай/, тухайн үйлдлийг хүсэж, эсхүл хохирол, хор уршигт зориудаар хүргэсэн байхыг ойлгоно.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд буюу хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч Б.М-ийн хохирогч М.П-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл алга байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2679 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                       

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР