| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2508004941238 |
| Дугаар | 2026/ДШМ/98 |
| Огноо | 2026-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Мөнхболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2026/ДШМ/98
2026 01 21 2026/ДШМ/98
Х.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.М,
шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Н,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2642 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн ................ дугаар хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр .... дүүргийн ... дугаар хороо, .... тоот байшингийн гадаа эхнэр Ш.О-ыг “өөр хүнтэй явалдлаа” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн, баруун шуу, зүүн бугалга, баруун бугалга, баруун тохой, баруун өгзөг, зүүн гуя, баруун шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Б-ийг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч Ш.О нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан “ялыг хөнгөрүүлж өгнө үү” хэмээн давж заалдах гомдол гаргаж байна. Надад ял оногдуулахдаа дараах асуудлыг анхан шатны шүүх анхаарч, харгалзан үзээгүй байна. Үүнд:
1. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлэг өгч, дуудсан цагт хүрэлцэн ирэх зэргээр мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн.
2. Тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн. /Энэ талаар мэдүүлэгт дэлгэрэнгүй ярьсан ба хавтаст хэрэгт баримт авагдсан/
3. Миний бие урьд гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас уг хэргийг үйлдсэн. Дахин ийм үйлдэл гаргаж болохгүй гэдгийг маш их ойлгож, харамсаж байгаа.
4. Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан, тийм ч учраас шүүх хуралд оролцоогүй болно. Гэтэл анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлууд болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байхад харгалзан үзээгүй, шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн болно. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасанд миний нөхцөл байдал тохирч байхад ялаас чөлөөлөх, эсхүл хамгийн хөнгөн ял оногдуулах боломжтой, улсын яллагчаас 900,000 төгрөгөөр торгох санал гаргасан байхад тодорхой үндэслэл дурдалгүйгээр 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн. Энэ нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэх шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би хөл муутай настай эхийгээ асардаг. Хоёр хүүхдээ хичээл, сургуульд нь зөөхийн хажуугаар барилгын ажил эрхэлдэг. Энэ нөхцөл байдлыг минь харгалзан үзэж, ... торгох ялаар сольж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогч гомдлоо татаж авна гэж хэлсэн байдаг. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байсан. Эрх зүйн туслалцаа авалгүй явсаар анхан шатны шүүхээс түүнд ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Х.Б-ийн тухайд, өөрийнх нь 10 дугаар ангийн дагавар охин түүний асрамжид байдаг. Мөн Ш.О-ын 7 настай хүүхдийг асарч байгаа. Хоёр хүүхдээ зөөх шаардлага хэрэгцээ байдаг. Шүүгдэгч барилгын мужаан, гагнуурын ажил эрхэлдэг бөгөөд надад хоёр гэрээ үзүүлж байсан. Ш.О-тай холбоотой нийт гурван газар залилангийн хэрэг үүссэн байгаа. Бид хоёр гэрчээр мэдүүлэг өгөх ёстой болсон. Бодит байдалд хохирогчийн буруутай үйл ажиллагаа байдаг. Х.Б нь Ш.О-т зодуулж байсан олон зураг байдаг. Манай улсын цагдаагийн байгууллага эрчүүдийг хохирогч болсонтой холбоотой асуудлыг сайн шалгадаггүй. Эдгээр нөхцөл байдал байгаа учраас шүүгдэгч Х.Б-д торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900,000 төгрөгийн торгох ялын саналыг гаргасан. Гэвч анхан шатны шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Прокурорын зүгээс шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл зэргийг харгалзаад торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон бусад шалтгааныг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэй байхаар заасан. Иймд прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ..... дүүргийн ... дугаар хороо, .... тоот байшингийн гадаа эхнэр Ш.О-ыг “өөр хүнтэй явалдлаа” гэх шалтгааны улмаас хүч хэрэглэн эрүүл мэндэд нь зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн, баруун шуу, зүүн бугалга, баруун бугалга, баруун тохой, баруун өгзөг, зүүн гуя, баруун шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ш.О-ын “...Нөхөр намайг хардаад унтаж байсан чинь хамар луу гараараа 2 удаа цохисон. Би сэрээд хоёр гарыг нь бариад авсан чинь миний зүүн хацраас хазаад, зүүн, баруун гарын хоёр шуунаас хазаад байсан. Тэр үед хашаан дотор ороод гарааш руу машин хийх гэж байхаар нь би машинаас нь бууж зугтсан чинь намайг татаж унагаад нүүр нүдгүй дээрээс зодоод нүүр лүү өшиглөөд байсан. Намайг нүцгэн цасан дээр чирээд гэр лүү чирч ороод хаалга түгжээд гаргахгүй, миний нүүр, толгой руу цохиод шалан дээр унагаад цээжин дээр сандлаар дараад өөрөө сандал дээр суугаад миний нүүр лүү цохиод байсан. Би тухайн үед туслаарай гэж зөндөө орилсон. Тэгсэн чинь нөхөр Х.Б “чи энэ байшин, хөрөнгөөс юу ч авахгүй, дахиж энд ирэхгүй” гэж бичиж өг гээд зодоод байхаар нь би тэрийг нь бичиж өгсөн. Тэр үед өглөө болж байсан. Тэгээд би явмаар байна, миний зүрх өвдөөд байна гэж хэлсэн чинь “үгүй чамайг явуулахгүй, чиний унтсан Д-тай очиж уулзана” гэж хэлсэн. Тэгээд намайг аваад .... тоотод ирсэн. Бид хоёр орж уулзах гэтэл гэр нь хүнгүй байхаар нь хажууд нь байх дэлгүүр лүү ороод дэлгүүрийн хүний утсаар цагдаа дуудсан. ...” /хх 7-8, 11-12/,
шүүгдэгч Х.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 70-71/ тус тус мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1493 дугаартай “...Ш.О-ын биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн, баруун шуу, зүүн бугалга, баруун бугалга, баруун тохой, баруун өгзөг, зүүн гуя, баруун шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд өөрөө өөртөө үүсгэх боломжгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /хх 18-19/ дүгнэлт,
аюулын зэргийн үнэлгээ /хх 21-22/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Х.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Х.Б-ийн өөрийн эхнэр Ш.О-тай гэр бүлийн хүрээнд хэрүүл маргаан үүсгэж, улмаар хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Х.Б “…Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний бие урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас уг хэргийг үйлдсэн. Дахин ийм үйлдэл гаргаж болохгүй гэдгийг маш их ойлгож, харамсаж байгаа. ...хохирогчийн буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн. …Би хөл муутай настай эхийгээ асардаг. Хоёр хүүхдээ хичээл, сургуульд нь зөөхийн хажуугаар барилгын ажил эрхэлдэг. Энэ нөхцөл байдлыг минь харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг торгох ялаар сольж ... өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалздаг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй байх боловч түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийхэд, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон байна гэж үзлээ.
Түүнчлэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2642 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР