2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2026/01114

 

 

 

 

 

 

 

        2026           01               23                                        192/ШШ2026/01114

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, шүүгч Т.Батсүх, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******-нд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 27,664,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариун-Эрдэнэ нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэм хорын хохиролд 27,664,250 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна.

Үүнд:

1.1.Намайг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг 06 минутын үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын хойд уулзвар замд урдаас хойш чиглэлд УКС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явж байхад хариуцагч нь УКС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөргөж осол гаргасан. Ослын улмаас миний өмчлөлийн автомашинд их хэмжээний хохирол учирсан. Замын цагдаагийн хэргийн газарт үзлэг хийсэн магадалгаагаар хариуцагчийн буруу болохыг тогтоосон.

1.2.Ослын дараа хөрөнгийн үнэлгээний компаниар хохирлын үнэлгээ гаргуулахад 32,664,250 төгрөг гэж тогтоосон ба үүнээс жолоочийн хариуцлагын даатгалаас 5,000,000 төгрөг гаргуулж, үлдэх төлбөрийг төлөөгүй байна гэжээ.

 

2.Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гардуулж, мөн өдөр хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж, баримтжуулсан байх боловч хариуцагч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

 

3.Шүүхийн иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах хүсэлтээ илэрхийлсэн болно.

 

4.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, “Таван Богд” ХХК-ийн үнийн санал, 15,000 төгрөгийн үнийн дүн бүхий “Ашидбилгүүн” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалаас эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, магадалгаа, нэхэмжлэгч, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шийтгэлийн хуудас, хариуцагч нь торгууль төлсөн тухай баримтын Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн “Хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэм хорын хохиролд 27,664,250 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ намайг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын хойд уулзвар замд урдаас хойш чиглэлд УКС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явж байхад хариуцагч нь УКС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөргөсний улмаас миний өмчлөлийн автомашинд 32,664,250 төгрөгийн хохирол учирсан. Замын цагдаагийн хэргийн газарт үзлэг хийсэн магадалгаагаар хариуцагчийн буруу болохыг тогтоосон ба жолоочийн хариуцлагын даатгалаас 5,000,000 төгрөг төлөгдсөн учир үлдэх 27,664,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гардуулж, мөн өдөр хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж, баримтжуулсан байх боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбарын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 18:06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын хойно уулзвар замд хариуцагч нь Lexus hs250 маркийн УКС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ нэхэмжлэгчийн жолоодон явсан Toyota Land маркийн 40-55 УКС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9, 1.3 дахь заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасан. (Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Мягмарбаатарын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны магадалгаа”)

4.2.Дээрх зам тээврийн ослын улмаас 40-55 УКС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 32,664,250 төгрөгийн үнэ бүхий эвдрэл, гэмтэл учирсан. (хавтаст хэргийн 9-13 дахь тал)

 

5.Хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны магадалгаа”-аар хариуцагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.9 дэх хэсэгт “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж тус тус заасныг зөрчсөн болохыг тогтоосон, уг магадалгаа нь хүчин төгөлдөр байна.

 

6.Иймд хариуцагчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.9, 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгө буюу 40-55 УКС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учирсан байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь уг зам тээврийн ослын улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй

 

7.Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээг гаргаж, 40-55 УКС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 32,664,250 төгрөгийн хохирол учирсан болохыг дүгнэсэн, нэхэмжлэгч нь жолоочийн хариуцлагын даатгалаас 5,000,000 төгрөг гаргуулан авч, үлдэх 27,664,250 төгрөгийг хариуцагч төлөөгүй гэж тайлбарлаж байна.

 

7.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зөвшөөрөхгүй тохиолдолд өөрийн татгалзал, түүний үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

7.1.Хариуцагчийн хувьд хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгчийн “…үлдэгдэл хохирлоо өнөөг хүртэл төлөхгүй байсаар байна…” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 27,664,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296,271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 296,271 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор хуваариллаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч өөс 27,664,250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296,271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч өөс 296,271 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ТӨРБОЛД

 

                                               ШҮҮГЧ                              Т.БАТСҮХ

                                                                                         

                                                                                       Ч.НЯМСҮРЭН