| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/03149/И |
| Дугаар | 192/ШШ2026/02195 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2026/02195
2026 02 26 192/ШШ2026/02195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ...дүгээр хороо, ....ам, ....-...тоот хаягт оршин суух, ....овогтой Н,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...дугаар хороо, ...дугаар бичил хороолол, Хасбаатар гудамж, ...дүгээр байрны ...тоот хаягт оршин суух, ...овогтой Д,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн ...дүгээр хороо, ...дугаар хороолол, ....хотхон, ....дугаар байрны ....тоот хаягт оршин суух, ...овогтой Э нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн ...дугаар хороо, ...дугаар хороолол, ...-...тоот хаягт байрлах Д ХХК,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...дугаар хороо, Хан-Уул тауэр, ...дугаар давхар ...тоот хаягт байрлах П ХХК нарт холбогдох,
Гуравдагч этгээд: Баянгол дүүргийн ...дугаар хороо, ...дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ....тоот хаягт байрлах Н ХХК,
Гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн ...дүгээр хороо, ...дугаар байрны ...тоот хаягт оршин суух, ...овогтой ....,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай Н.Н, Ц.Д, Э.Энарын үндсэн нэхэмжлэл,
Д ХХК-ийн Н.Н, Ц.Д, Э.Энартай байгуулсан Орон сууц захиалгын гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтлэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Н, Ц.Д, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ш.А, хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, Б.Б, С.Д, гуравдагч этгээд Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гнар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
1.1. Нэхэмжлэгч Н.Н: Миний бие 2022.10.25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам, А хотхоны С2 блокийн 2 дугаар орц, 3 давхрын А тоот 79.68 м.кв 3 өрөө орон сууцыг худалдаж авахаар Д ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, орон сууцны нийт үнэ 119,520,000 төгрөгийг тус компанийн дансанд 100 хувь төлж барагдуулан гэрээний үүргээ биелүүлсэн. Д ХХК нь Ахотхоны төслийн туслан гүйцэтгэгч бөгөөд П ХХК-иас ажлын хөлсөндөө авсан гэх дээрх орон сууцыг надад худалдсан. Гэрээ байгуулахдаа ч энэ талаар хэлж, барилгын ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан 2022.08.10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн, гэрээний 1.1-д тусгайлан заасан байдаг. Гэтэл 2023 оны өвөл С2 блокийн ажил илт удааширсан тул шаардлага тавихад материалаа татаж байна, дулаанаа авчихвал хугацаандаа амжаад дуусгана гэх мэт хариу хэлж байгаад 2024 он гараад захирал Г.Гнь холбоо барихаа больсон. Энэ байдлыг тодруулахаар ерөнхий гүйцэтгэгч П ХХК-иас асуухад Д ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан, мөнгө өгсөн компанитайгаа учраа ол гээд мөн л харьцахаа больсон. Миний бие цуглуулсан бүх мөнгөөрөө энэ байрыг авч амьдрал ахуйгаа эрхлэхээр хүсэж байсан боловч хоёр компанийн дунд эд хөрөнгөөрөө хохирч байна. Миний зүгээс хоёр компани хоорондын зөрчилдөөний асуудлаа шийдэхийг хүсэж байна. П ХХК-ийн С.Дбид нарыг танихгүй байх учиргүй. Би байнга, өдөр бүр очиж уулздаг байсан. Тэр компани зарах эрхгүй гэдгийг энэ хүн мэдэж байсан байж хэлж өгөөгүй сонголт та нарынх гээд хаясанд гомдолтой байна. Иймд намайг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, холбогдох баримт бичгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү...гэв.
1.2. Нэхэмжлэгч Ц.Д: Миний бие 2022.12.15-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам, А хотхоны С2 блокийн 2 дугаар орцны 14 давхрын D тоот 70.39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар Д ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, орон сууцны нийт үнэ 140,780,000 төгрөгийг тус компанийн захирлын хэлснээр түүний хүү Г.Мдансанд 70,080,000 төгрөг, үлдэх 70,000,000 төгрөгт тооцон гаальтай шинэ автомашин өгч төлбөрийн үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл 2023 оны өвөл С2 блокийн ажил илт удааширсан тул гэрээ байгуулсан компанидаа шаардлага тавихад материалаа татаж байна, дулаанаа авчихвал хугацаандаа амжаад дуусгана гэх мэт хариу хэлж байгаад 2024 он гараад компанийн захирал Г.Гхолбоо барихаа больж, Г. Мхолбогдоход болгоно, асуудалгүй гэж хэлсээр 2 жилийн хугацаа өнгөрч байна. Барилгын ерөнхий захиалагч П ХХК-иас асуухад Д ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан, мөнгө өгсөн компанитайгаа учраа ол, танай байгуулсан гэрээ хүчингүй, бид байрыг эзэмшиж, бусдад худалдан борлуулах эрхтэй гээд харьцахаа больсон. Хоёр компанийн дунд асуудал шийдэгдчих байх гэж итгэж хүлээсээр жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хооронд барилга дуусах дөхөж, улсын комисс хүлээн авах гэж байгаа гэх дам яриа сонсогдож байгаа ба хоёр компани иргэдэд худалдаж байгаа асуудал гарч байна. Үүнээс болж байр ч үгүй, мөнгө ч үгүй болж хоцрох эрсдэлт байдал үүсэж байна. Иймд дээрх орон сууцны өмчлөгчөөр Ц.Дыг тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү...гэв.
1.3. Нэхэмжлэгч Э.Э: Миний бие 2022.11.10-ны өдөр Д ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам, Ахотхоны С2 блокийн 1 дүгээр орцноос 1, 2 дугар орцноос 1, нийт 2 ширхэг орон сууц худалдан авахаар болсон. Гэрээ байгуулсан Д ХХК нь Ахотхоны төслийн туслан гүйцэтгэгч компани бөгөөд С2 блокийн 2 дугаар орцны захиалагч П ХХК-иас ажлын хөлсөндөө авсан гэх орон сууцыг надад худалдсан. Гэрээ байгуулахдаа ч орон сууцны ерөнхий гүйцэтгэгч гэх Х ХХК-тай байгуулсан 2022.08.10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн, энэ талаар гэрээний 1.1-д заасан. Миний захиалсан байр орцноосоо шалтгаалж, барилгын захиалагч нь өөр өөр байсан. 1 м.кв талбайг 1,700,000 төгрөгөөр тооцож, С2 блокийн 2 дугаар орцны D тоотын 72.04 м.кв орон сууцыг 122,468,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг Д ХХК-ийн дансанд төлж барагдуулсан. 2023 оны өвөл С2 блокийн ажил илт удааширсан тул компанид шаардлага тавихад холбогдож байгаад 2024 он гараад холбоо барихаа больсон. Барилгын захиалагч гэгдээд байгаа П ХХК-иас асуухад Д ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан, мөнгө өгсөн компанитайгаа учраа ол гээд харилцахаа больсон. Хоёр компанийн үл ойлголцол дунд бид эд хөрөнгөөрөө хохирч байна. Иймд Э.Энамайг дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү...гэв.
1.4. Нэхэмжлэгч Н.Н 3 өрөө орон сууц, Э.Э2 орон сууц, Ц.Д 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар гэрээ байгуулж захиалга өгсөн. Гэрээ байгуулах үед Д ХХК-ийн зүгээс барилга барьж буй талбайд үйл ажиллагаа явуулж байсан. Нэхэмжлэгч нар гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн боловч захиалсан орон сууцаа өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасны дагуу хүлээн зөвшөөрөх үүргийг хэрэгжүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
1.5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Худалдагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлж орон сууцыг захиалагч талд хүлээлгэж өгөөгүй шалтгаан нь Д ХХК-иас бус харин тус компанитай хамтран ажилласан захиалагч П ХХК-ийн зүгээс байсан гэдэг нь тодорхой байна. Хариуцагч Д ХХК-ийн нэхэмжлэгч нарын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Үүргээ гүйцэтгэхэд саад учирсан нөхцөл байдлын хувьд нэхэмжлэгч нарын зүгээс нөлөөлөх зүйл байгаагүй. Хариуцагч П ХХК-ийн тайлбараар анхнаасаа Д ХХК нь 43 байр 6 гараж хүлээж аваагүй, худалдан борлуулах эрхгүй байсан, ажлаа 100 хувь гүйцэтгэснээр эрх шилжих ёстой байсан гэдэг...гэв.
2. Хариуцагч Д ХХК-ийн хариу тайлбар:
2.1. Г.Гминий бие *** барилгын 1, 2 дугаар орцны нийт дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр 2022.04.23-ны өдөр хүү Г.Бямбадоржийн ЦХХК-иар 1 дүгээр орцны ажлыг Х ХХК-тай, 2 дугаар орцны ажлыг П ХХК-тай тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласан. ЦХХК 2022.06 сараас ажлаа явуулж байхад тус компанийн 40 хувийн хувьцаа эзэмшигч Б.Бааасандорж уг төслөөс татгалзсан тул бид Х ХХК, П ХХК нартай харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээгээ миний байгуулсан Д ХХК-д шилжүүлэн 2022.08.10-ны өдөр гэрээ байгуулсан. Ингэснээр ЦХХК-ийн гүйцэтгэж байсан ажлыг Д ХХК үргэлжлүүлэн хийхээр болсон. ЦХХК нь 2022.04.23-ны өдрөөс 2022.08 сар хүртэл барилгын ажил эхлүүлэх бэлтгэл ажлуудыг хангаж ажилласан.
2.2. Д ХХК 2022.08-2023.09 сар хүртэл 1 дүгээр орцны 1-16 давхрын 17,420 м.кв талбай бүхий шаврын ажил, 20мм-ийн дотор өрлөг 284м.куб, 12-ын тоосгон өрлөг 3,081 м.кв, шахтын тоосгон өрлөг 870 м.кв, шавар 875 м.кв талбайн ажлыг хийж гүйцэтгэсэн. 2 дугаар орцны 1-16 давхрын 16,800 м.кв талбай бүхий шаврын ажил, 20мм-ийн дотор өрлөг 284м.куб, 12-ын тоосгон өрлөг 3,081 м.кв, шахтын тоосгон өрлөг 450 м.кв, шавар 410 м.кв талбайн ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ тоо хэмжээг мөнгөөр илэрхийлбэл материалын зардалд 1,200,000,000 төгрөг, ажлын хөлсөнд 813,000,000 төгрөгийг тус тус бэлэн мөнгөөр гаргасан. Бид иргэн, аж ахуйн нэгжтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж, тэдгээр туслах гүйцэтгэгч компаниуд гэрээний дагуу тус тусын ажлыг 25-100 хувь хийж гүйцэтгэсэн.
2.3. Х ХХК, П ХХК нартай хийсэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2022.11 сар гэхэд тус хоёр компани дулааны шугамыг холбож барилгыг дулаанаар хангах ёстой байсан боловч энэ үүргээ биелүүлээгүйгээс болж маргаан эхэлсэн юм. Энэ хугацаанд бид ажлаа гүйцэтгэх зайлшгүй санхүүгийн хэрэгцээг хангахын тулд тус компаниудтай байгуулсан гэрээний дагуу ажлын төлбөрт шилжүүлэн өгсөн бартерын байрнуудаас иргэдэд худалдан борлуулж байсан. Нэхэмжлэл гаргасан иргэн Н.Н, Э.Энарт манай компани тус орон сууцуудыг худалдан борлуулсан нь үнэн бөгөөд төлбөрийг барилгын ажилд 100 хувь зарцуулсан. Иймд Н.Н, Э.Энарыг захиалсан орон сууцуудын өмчлөгчөөр тогтоож өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Ц.Дын хувьд Д ХХК, Г.Мнарын хооронд С2 барилгын 1, 2 дугаар орцны барилгын хаалга, цонхны амлагаа, цагаан замаск, зүлгүүр, эмульсийн ажлыг хийж гүйцэтгэх 739,000,000 төгрөгийн гэрээ байгуулагдсан. Г.Мгэрээний төлбөрт манай компанийн зүгээс маргаан бүхий 2 дугаар орцны 14 давхрын D тоотын 70.39 м.кв орон сууцыг шилжүүлсэн. Г.Мнь тодорхой хэмжээний ажил гүйцэтгэж, тус байрыг Ц.Дд худалдан борлуулж төлбөрийг өөрийн дансаар авсан байдаг. Г.Мнь тус барилгад 169,000,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэлийн дагуу орон сууцыг Ц.Дыг өмчлөгчөөр тогтоож өгөхийг хүсэж байна.
2.4. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар: Д ХХК өмнө нь ЦХХК гэдэг нэртэй байж байгаад нэрээ өөрчилсөн. П ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тодорхой хэмжээний ажил хийсэн боловч тус захиалагч компанитай баталгаажуулалт хийгээгүйн улмаас энэ асуудал гарч байгаа. Ажлаа баталгаажуулаагүй учраас ийм хэмжээний ажил хийсэн гэх баримт одоогоор байхгүй ба тийм хэмжээний ажил хийсэн гэж хэлж чадахааргүй байна. Манай компани энэ хүмүүст байр зарсан нь үнэн. Бид ийм хэмжээний ажил хийж чадсан үгүйг баталгаажуулаагүй. Өмнө нь ЦХХК байх үедээ 2022.04-2022.07 сар хүртэл барилгын өрлөг, шавардлагын ажлыг хийсэн. Д ХХК дээр хэр хэмжээний ажил хийснийг мэдэхгүй байна. Мөнгөний зарцуулалтыг яаж хийснийг ч мөн хэлж мэдэхгүй байна. Зарцуулах эрх надад байгаагүй, захирал Г.Гбайсан. 2022.12 дугаар сард дотор заслын ажил хийх ёстой байсан. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан гарч, санхүүжилтийн шалтгаанаар саатал болсон. П ХХК-иас ажлаа гүйцэтгэхийг шаардаж байсан. Туслан гүйцэтгэгч нартай бол ирээдүйд ашиглалтад орох орон сууцуудаас олгохоор гэрээ хийж байсан. Манай компанийн санхүүжилтийн асуудал хүндрэлтэй байсан учраас ажлаа хурдан явуулахгүй байна гээд шаардлага тавьж байсан. Захиалагчийн зүгээс манайхыг гэрээнд заасан нөхцөлөөр орон сууцуудыг зарахгүй байна гэж байсан. Тодорхой хэмжээний ажил гүйцэтгээд, түүнийгээ баталгаажуулсны үндсэн дээр түүнд таарсан орон сууцыг зарах харилцаа үүсэх байсан. Үүнээс болж маргаан үүссэн. Энэ хүмүүсийн мөнгийг 2022.08 дугаар сард Э.Нд зарсан ба энэ үед бид тодорхой ажил гүйцэтгэж байсан. 11, 12 дугаар сард ажил зогссон байсан. Манай компанийн захирал хийсэн ажлаа тодорхой хэмжээнд баталгаажуулсан байсан бол өнөөдөр ийм байдал болохгүй байсан гэж бодож байна. Энэ гурван хүний асуудлыг манай компани шийдвэрлээд өгчих боломжтой байсан гэж үзэж байна. Тооцоогоо нийлээд ажлаа тухай бүрд нь баталгаажуулаад явсан бол ийм байдалд хүрэхгүй байсан байх...гэв.
3. Хариуцагч П ХХК-ийн хариу тайлбар:
3.1. П ХХК нь нэхэмжлэгч нарт орон сууц худалдан борлуулаагүй, тус иргэдээс орон сууцны төлбөр аваагүй бөгөөд тэднийг хохироосон хууль бус, худал, үндэслэлгүй ямар ч үйлдэл хийгээгүй. Харин Д ХХК нь нэхэмжлэгч Н.Нтэй 2022.10.25-ны өдөр, Э.Этай 2022.11.10-ны өдөр, Ц.Дтай 2022.12.15-ны өдөр тус бүр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, эдгээр иргэдийн өмнө орон сууцны барилгын ажлыг 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж өгөх үүрэг амлалт хүлээжээ. Д ХХК нь нэхэмжлэгч нарын орон сууц захиалсан тус барилгын барилга угсралт болон гадна дэд бүтцийн ажлаас бусад бүх ажлыг 2022.12.28-ны өдөрт багтаан гүйцэтгэх үүрэг амлалтыг баталгаажуулсан Ажил гүйцэтгэх гэрээг 2022.08.10-ны өдөр манай компанитай байгуулсан. Гэвч захиалагч П ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ зөрчөөд зогсохгүй нэхэмжлэгч иргэдийн хэт хариуцлагагүй, аливаа асуудалд судалгаагүй ханддаг, гэнэн итгэмтгий байдлыг ашиглан өөрийн бодит нөхцөл байдал, хөрөнгө санхүү, хүн хүчний боломжийг хэт төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар Орон сууц захиалгын гэрээ байгуулсан болох нь тодорхой харагдаж байна. Мөн эдгээр иргэдтэй дээрх хугацаанд гэрээ байгуулах үед барилгын ажлыг хэвийн үргэлжлүүлэх ямар ч боломжгүй, барилгын ажил илт удаашралтай явагдаж байсан бөгөөд манай компанийн зүгээс гэрээний хугацаа дуусаж буйг анхааруулж, гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдээд байсан.
3.2. Д ХХК-д иргэдтэй Орон сууц захиалгын гэрээ байгуулах эрх хууль болон гэрээгээр олгогдоогүй байсан. Учир нь хоёр компанийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 7.1-д Гэрээт ажлын нийт үнийн дүн: Гүйцэтгэгч **** баригдах Атөслөөсөө орон сууцны талбайн 40 хувийг ажлын төлбөрт авна. Төлбөр тооцоог бэлэн бус /бартер/ тооцооны хэлбэрээр төлөхөөр талууд харилцан тохиролцсон болно гэж, 7.2-т Гэрээний 7.1-т заасан дурдсан төлбөрийг тооцох үндсэн баримт нь 2 талын тооцоо нийлсэн актаар баталгаажна гэж, 7.3-т Гэрээт ажлын төлбөрийг ажлын графикийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлаар дүгнэж, захиалагчийн зөвшөөрлийн дагуу давхрын сонголтоор олгоно гэж тус тус заасан.
Гэтэл Д ХХК нь өөрийн нэрээр иргэдтэй Орон сууц захиалгын гэрээ байгуулсан нь анхнаасаа хууль бус, хууран мэхлэх зорилготой байсныг нотолно. Д ХХК нь манай компанийн өмнө гэрээгээр хүлээсэн бүх ажлаа туслан гүйцэтгэгч нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 100 хувь бартерын нөхцөлөөр буюу тухайн барилгаас орон сууц өгөхөөр тохиролцож хийлгэж байсан ба туслан гүйцэтгэгч нараа ажлын удирдлага, зохион байгуулалтаар хангаж, төлөвлөгөөт хугацаанд ажлыг явуулаагүйгээс захиалагчийн зүгээс гэрээг цуцалсан байдаг. Улмаар тус барилга дээр ажиллаж байсан, ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй туслан гүйцэтгэгч нартай өмнөх гүйцэтгэгчтэй тохиролцсон нөхцөлийг дордуулахгүйгээр ажил гүйцэтгэх гэрээг бид шинэчлэн байгуулж, холбогдох төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцсон.
Харин туслах гүйцэтгэгч нарын Д ХХК-ийн үед болон манай компанийн үед хийж гүйцэтгэсэн ажлын өртөг, зардалд иргэдэд орон сууц худалдан борлуулсан мөнгөн хөрөнгө орсон гэх тооцоо, үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас Д ХХК-ийг иргэдээс орон сууц захиалгын гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгөө барилгад оруулалгүй мөнгө угааж, улмаар иргэдийн мөнгийг барилга руу оруулсан мэтээр шүүн таслах ажиллагааг илт төөрөгдүүлж, нэхэмжлэгч иргэдтэй нэг тал болж, ямар ч буруугүй П ХХК-ийг их хэмжээний алдагдал руу түлхэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
3.3. Иймд иргэдэд учруулсан мөнгөн хөрөнгийн хохирлыг хариуцагч Д ХХК хариуцах ёстой гэж үзэж байна. Хоёр компанийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон нөхцөлүүд нь хэрэгт хүргүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдоно. П ХХК нь нэхэмжлэгч нартай уулзаж байгаагүй, гэрээ хийгээгүй, төлбөр аваагүй, төлбөрийг зарцуулсан ямар ч үйлдэл хийгээгүй. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлийг Д ХХК, П ХХК-тай гэрээ байгуулсан байсан учраас Орон сууц захиалгын гэрээ байгуулсан гэдэг. Хэрэв энэ хоёр компанийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь Орон сууц захиалах гэрээ байгуулах үндэслэл болсон бол тухайн ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлснээр уг гэрээ биелэгдэх нөхцөл болно гэдгийг харж чадаагүй. Нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээний 2.1-д орон сууцыг хүлээлгэж өгөх хугацааг зааж үүрэг хүлээсэн байдаг. Гэвч Д ХХК нь энэ үүргээ огт биелүүлээгүй төдийгүй барилгын заслын ажил гүйцэтгэх үүргээ манай компанийн өмнө биелүүлээгүй. Энэ хугацааг эргэж харахад С2 блокийн барилгын дулаанд холбох ажил өнгөрсөн, энэ үед барилга угсралтын ажил огт явагдаагүй, барилгын ажил дараагийн дулааны үеийг хүлээх байдалд шилжсэн байсан.
3.4. Манай компаниас 2023.08.27-ны өдөр Д ХХК-д хийж гүйцэтгэсэн ажлаа баталгаажуулах шаардлага хүргүүлсэн. Үүнийг хүлээж аваад захиалагч компанитай огт холбогдохгүй ажлыг хаяж явсан. Улмаар бид 89 тоот албан бичгээр гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, 7 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын баримтаа гаргаж баталгаажуулах саналыг хүргүүлсэн. Гэвч Д ХХК огт холбогдоогүй учраас ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлийн 2.7-д заасан үндэслэлээр гэрээг цуцалж, дараагийн туслан гүйцэтгэгч компанийг оруулсан.
4. П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага:
4.1. Манай компани Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын амандА ХХК-ийн хууль ёсны дагуу эзэмшиж буй 5 га газарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Н цогцолбор буюу одоогийн Ацогцолбор хорооллын төслийн С2 дугаар блокийн 2 дугаар орцны барилга угсралтын ажлын төслийг хэрэгжүүлэхээр 2022.03.31-ний өдөр Хамтран ажиллах гэрээг А ХХК-тай байгуулсан. Төсөл эзэмшигчээс төсөл хэрэгжүүлэгч буюу захиалагчийн эрхээ авсны дараа Д ХХК-тай 2022.08.10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр П ХХК нь захиалагч тал, Д ХХК нь гүйцэтгэгч тал бөгөөд гүйцэтгэгч нь захиалагчийн зоорьтой 16 давхар барилгын С2-2 блокийн барилга угсралт болон гадна дэд бүтцийн ажлаас бусад бүх ажлуудыг хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх, захиалагч нь ажил гүйцэтгэгчид хөлс төлөх үүргийг хүлээсэн. Эндээс С2 блокийн 2 дугаар орцны барилгын хууль ёсны өмчлөгч, захиалагч нь П ХХК болох нь тогтоогдоно.
4.2. Хариуцагч Д ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон нөхцөл, гэрээний ерөнхий нөхцөлд заасан дундын санхүүжилт авах үүргээ зөрчихийн зэрэгцээ Ахотхонд өөрийн болон иргэдийн орон сууц захиалгын төлбөрөөр огт ажил хийгээгүй бөгөөд захиалагчийн зөвшөөрөлгүйгээр, гэрээний 7.3-т заасныг зөрчиж, бусдын хөрөнгийг дур мэдэн зарж борлуулсан, нэхэмжлэгч нар нь холбогдох этгээдийн зөвшөөрлийг шаардаагүй, энэ талаар захиалагчаас тодруулаагүй байна. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх бөгөөд 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар сонирхогч этгээд буюу энэ хоёр этгээдийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар П ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нөхцөл бололцоо үүснэ гэж бодож сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээж авсан. Хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөл гэдгийг нэхэмжлэгч талаас Д ХХК-ийн захирал Г.Ггэж ойлгож тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй юм. Мөн гэрээнүүдэд Д ХХК нь орон сууцуудыг өөрийн хөрөнгөөр барина гэсэн байсан. Гэвч энэ компани ямар ч хөрөнгө оруулаагүй. Иймд нэхэмжлэгч нарын хариуцагч Д ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү...гэв.
5. Нэхэмжлэгч нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
5.1. Д ХХК нь Ахотхоны төслийн ерөнхий гүйцэтгэгч П ХХК-ийн туслах гүйцэтгэгч бөгөөд орон сууцны барилгын захиалагчтай байгуулсан 2022.08.10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн ажлын хөлсөндөө авсан гэх орон сууцуудыг нэхэмжлэгч нарт худалдан борлуулахаар тохиролцсон. Бид тус бүрдээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрийг бүрэн төлж барагдуулсан ба төлбөрийн талаар Д ХХК-ийн талтай маргаан байхгүй. Сөрөг нэхэмжлэлээр бидний байгуулсан гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэснийг зөвшөөрөх боломжгүй. Учир нь гэрээг Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ганбаттай байгуулсан. Энэ хүн одоо ч тус компанийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд хуулийн этгээдийг төлөөлж үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй байна. Нэхэмжлэгч Н.Н, Ц.Д, Э.Эбид эрх зүйн бүрэн чадамжтай бөгөөд тухайн байрыг худалдах, худалдан авах харилцаанд өөрсдийн сайн дурын үндсэн дээр хэн нэгнээс хараат бусаар шийдвэрээ гаргаж гэрээг байгуулан, төлбөр тооцоог дуусгавар болгосон.
5.2. Мөн нэхэмжлэгч нар Д ХХК-тай гэрээ байгуулахад заавал П ХХК-иас зөвшөөрөл авах, Д ХХК байрыг худалдан борлуулах эрхтэй байсан эсэхийг бүрэн тодруулах шаардлагатай байсан талаар сөрөг нэхэмжлэлд дурдсан байна. Гэтэл энэ хоёр компанийн хооронд Компанийн тухай хуулиар тогтоосон хамаат, охин, нэгдмэл компанийн хамаарал байхгүй, тусдаа бие даасан хуулийн этгээдүүд байна. Иргэд бид хариуцагч компаниудын хоорондын хамтран ажиллах гэрээний биелэлт хэрхэн, ямар процессыг дамжиж, хоорондоо гэрээний үүргээ хэрхэн хяналт тавьж хамтран ажиллаж байгааг мэдэх боломжгүй ба барилга баригдаж ашиглалтад орох үед байрандаа орох талаар шаардлага тавих мөчид бид гэрээгээр хамтран ажиллахаа больсон та нарт байр олгохгүй гэдэг нь хууль зүйн болон хүн ёсноос гадуур, илтэд иргэдийг хохироох гэсэн үйлдэл тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
5.3. Хоёр компанийн ажил гүйцэтгэх гэрээнд Д ХХК-ийг орон сууц зарж борлуулах эрхгүй байсан, 7.3-т зааснаар захиалагчийн зөвшөөрөлгүйгээр зарсан гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд тайлбарласан байна. Гэвч эдгээр гэрээнүүдийн юуг хууль бус гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Хоёр компанийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон өмнө байгуулагдсан ЦХХК болон Х ХХК нарын хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралтууд зэргийг иргэд хараад, итгэж үнэмшээд, бодитоор барилгын талбай дээр очихоор ажил явагдаж байсан учраас гэрээг байгуулсан. Захиалаг нар энэ тохиолдолд гэрээ бүр дээр гарын үсэг зурсан хүн бүхэнтэй уулзаж асуух боломжгүй. Иймд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох бүрэн боломжтой.
5.4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл мөн ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг үндэслэл болгосон талаар тайлбарласан боловч нэхэмжлэлийн үндэслэлийг Орон сууц захиалгын гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 56 дугаар зүйл нь гэрээний талуудын хоорондын маргаанд хамаардаг. Хуулийн 56.1-д заасан үндэслэлүүд нэхэмжлэгч нарын хувьд, эсвэл гэрээний нөгөө тал болох Д ХХК-ийн зүгээс бие биедээ тавих шаардлага юм. Түүнээс биш П ХХК-д хамааралгүй. Хуулийн 56.4-т зааснаар сонирхогч этгээд шаардаж болно Гэхдээ сонирхогч этгээдийн хувьд шаардахдаа тухайн гэрээний үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй. Иймд сөрөг нэхэмжлэл бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н ХХК-ийн тайлбар: Манай байгууллага П ХХК-ийн Хан-Уул дүүргийн ****, Ахотхон, С2 блок 2 дугаар орц барилгад 465,350,000 төгрөгийн үнийн дүнтэй дотор заслын бараа материал нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 2 дугаар орц барилгаас 1 м.кв-ын үнийг 2,500,000 төгрөгт тооцон 14 давхарт D тоот 70.39 м.кв 2 өрөө, 3 давхарт А тоот 79.68 м.кв 3 өрөө орон сууцуудыг бартерт авсан. Гэрээний дагуу паркет, блинтүс, бүргэд хаалга, дотор модон хаалга зэргийг П ХХК-д хүлээлгэн өгч гэрээ дуусгавар болсон. Дээрх хоёр орон сууцыг захиалагч компанийн зөвшөөрлийн дагуу захирал Г.Анхболорын нэр дээр захиалгын гэрээ байгуулж аваад 3 давхрын А тоот 79.68 м.кв 3 өрөө орон сууцыг Ц.Бгэх иргэнд худалдан борлуулсан. 14 давхрын D тоот 70.39 м.кв орон сууцыг худалдан борлуулаагүй, захирал Г.А өөрөө амьдарч байгаа. Энэ байранд давхар эзэн гарчихаад эрх ашиг зөрчигдөх магадлалтай байгаа учраас гуравдагч этгээдээр оролцож байгаа. Бид П ХХК-тай гэрээ хийж, гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэж, албан ёсны журмаар ажлын хөлсөндөө тооцож авсан...гэв.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бшүүхэд бичгээр тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтггаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
8. Нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд: Нэхэмжлэгч нарын Д ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээнүүдийн хуулбар /1-р хх-5-10, 45-48, 76-78/, Н.Н төлбөр шилжүүлсэн Ө К Хаан банк дахь харилцах дансны хуулга /1-р хх-11-12/, Н.Н, Д ХХК нарын тооцоо нийлсэн баримтын хуулбар /1-р хх-13/, Ц.Даас Г.Мбайрны төлбөр шилжүүлсэн шилжүүлгийн баримт /1-р хх-49-55/, Д ХХК-иас Н.Нд хүргүүлсэн 2024.09.17-ны өдрийн 9/3 тоот албан бичиг /1-р хх-136/, Д ХХК-иас П ХХК-д хүргүүлсэн 2025.01.26-ны өдрийн 01/9 тоот албан бичиг /1-р хх-137/,
9. Хариуцагч Д ХХК-иас гаргасан баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-25, 100/,
10. Хариуцагч П ХХК-иас гаргасан баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-92/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2025.06.26-ны өдрийн ****тоот Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолын хуулбар /1-р хх-227-238/, П ХХК-ийн Атөслийн туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээнүүд, тэдгээртэй холбоотой баримтуудыг агуулсан 1 хавтас нотлох баримт /1 хавтас, 312 хуудас/
11. Гуравдагч этгээд Н ХХК-иас гаргасан баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар /1-р хх-156-158/, П ХХК-тай 2023.11.26-ны өдөр байгуулсан 11/26-1 тоот Бараа материал нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /1-р хх-167-169/, Г.Анхболорын Хаан банк дахь харилцах дансны хуулга /1-р хх-170/, Тооцоо нийлсэн баримтын хуулбар /1-р хх-171/
12. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Хариуцагч П ХХК-иас С2 блокийн 2 дугаар орц, 3 давхрын А тоот 79.68 м.кв 3 өрөө, 14 давхрын D тоот 70.39 м.кв 2 өрөө, 4 давхрын D тоот 72.04 м.кв 2 өрөө орон сууцуудыг худалдахтай холбоотой ирүүлсэн баримтууд /1-р хх-115-131/, Хариуцагч Д ХХК-иас ирүүлсэн: ЦХХК-ийн Г.Гхүргүүлсэн Гэрээний эрх шилжүүлэх тухай 2022.08.06-ны өдрийн 15/22 тоот албан бичиг, хавсралт баримтууд /1-р хх-202-207, 2-р хх-79-80/, Хас банк ХК-иас ирүүлсэн Г.Ганбатын дансны хуулга /2-р хх-42-53/, Хаан банк ХК-иас ирүүлсэн Д ХХК-ийн дансны хуулга /2-р хх-54-70/, Конвишн ХХК-ийн 2026.01.29-ний өдрийн А-26/42 тоот Тодруулга хүргүүлэх тухай албан бичиг /2-р хх-97/, Про салхивч комфорт ХХК-ийн 2026.01.28-ны өдрийн 26/01 тоот Тодруулга хүргүүлэх тухай албан бичиг /2-р хх-98/, Х ХХК, ЦХХК нарын 2022.04.25-ны өдөр байгуулсан 22/10-01 тоот Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар /2-р хх-99-100/, Х ХХК-иас ЦХХК-д хүргүүлсэн 2022.06.16-ны өдрийн 22/43 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбар /2-р хх-101/
ҮНДЭСЛЭХ нь:
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Н.Н, Ц.Д, Э.Энар хариуцагч Д ХХК, П ХХК нарт холбогдуулан Орон сууц захиалгын гэрээний дагуу тус бүрийн захиалсан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Н.Н нь Д ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд баригдаж буй Ахотхоны С2 блокийн 2 дугаар орц, 3 давхрын А тоот 79,68 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг захиалсан. Гэрээний дагуу төлбөрийг компанид дансаар төлж, төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн боловч Д ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Уг орон сууцны барилгын ерөнхий захиалагч П ХХК нь Д ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан гэх тайлбар тавьж надад орон сууцыг хүлээлгэж өгөхөөс татгалзаж өмчлөх эрхийг зөрчиж байна гэж,
1.2. Ц.Д Д ХХК-тай хүчин төгөлдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Ахотхоны С2 блок, 2 дугаар орц 14 давхрын D тоот 70,39 м.кв 2 өрөө орон сууц захиалсан. Гэрээний дагуу төлбөрийн 70,000,000 төгрөгт тооцож автомашин бартераар, үлдэх төлбөрийг Д ХХК-ийн захирлын хүүхдийн дансанд шилжүүлж төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн. Гэвч Д ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Төлбөрөө бүрэн төлсөн байхад захиалсан орон сууцандаа орж чадахгүй байна. Энэ хоёр компанийн хоорондын гэрээнийх нь маргаанаас болж хохирч байна гэж,
1.3. Э.Э: Д ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Ахотхоны С2 блок, 2 дугаар орц 4 давхрын D тоот 72,04 м.кв 2 өрөө орон сууцыг захиалсан. Гэрээний дагуу төлбөрийг компанийн дансанд шилжүүлж төлбөр төлөх үүргээ биелүүлсэн. Гэвч Д ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж тус тус тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нар хариуцагч Д ХХК-ийг Ахотхоны төслийн туслан гүйцэтгэгч компани ба хариуцагч П ХХК-иас ажлын хөлсөндөө бартераар авсан орон сууцуудаас худалдан борлуулсан гэж тайлбарласан.
2. Хариуцагч Д ХХК нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нартай хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, гэрээний дагуу нэхэмжлэгч нараас төлбөрийг бүрэн хүлээж авсан. П ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлаа тооцуулж байгаагүй, хэрвээ тооцуулж байсан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. П ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээг цуцлах үед манай компани тодорхой өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэгдсэн байсан боловч ямар хэмжээтэй гүйцэтгэгдсэн гэдгийг хэлэх боломжгүй, баримт байхгүй гэж тайлбарлав.
3. Хариуцагч П ХХК нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг Н.Н, Ц.Д, Э.Энарын Д ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээнүүд Иргэний хуулийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Д ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгөлгүй ажлаа хаяад явсан учир гэрээний 2.7-д зааснаар гэрээг цуцалсан. Мөн гэрээний 7.3-т заасны дагуу гүйцэтгэсэн ажлаа баталгаажуулснаар захиалагчийн зөвшөөрлөөр гэрээний зүйл болох бартерын байрны давхрын сонголтоор худалдан борлуулах зөвшөөрөл олгогдох ёстой байсныг зөрчиж зөвшөөрөл авалгүйгээр бусдад шилжүүлсэн учир нэхэмжлэгч нар өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй гэж тайлбарлан маргаж байна.
4. Хариуцагч П ХХК нь үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгч нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж, Н.Н, Ц.Д, Э.Энарын Д ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан.
4.1. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг сонирхогч этгээдийн зүгээс нэхэмжлэгч нарын хохирлыг барагдуулах зорилгоор, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д заасны дагуу шаардана гэх байдлаар тайлбарлан тодорхойлж байна.
5. Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг П ХХК нь Н.Н, Ц.Д, Э.Энарын Д ХХК-тай байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй этгээд биш. Гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж тайлбарлан маргаж байна.
6. Гуравдагч этгээд Б.Б зүгээс маргаан бүхий байрны 4 дүгээр давхрын D тоот 72,04 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг туслан гүйцэтгэгч К ХХК-тай байгуулсан гэрээний дагуу авахаар тохиролцож, улмаар П ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж төлбөрийг төлж барагдуулсан тул эзэмшилдээ авсан байна.
7. Гуравдагч этгээд Н ХХК-ийн зүгээс П ХХК-тай байгуулсан Бараа материал нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээний төлбөрт тооцож авсан Ахотхоны С2 блок 2 дугаар орц 14 дүгээр давхрын D тоот 70,39 м.кв талбайтай орон сууцыг, 1 дүгээр орцны 3 дугаар давхрын А тоот 79,68 м.кв талбайтай орон сууцыг тус тус шилжүүлэн авч, 3 давхрын 79,68 м.кв байрыг бусдад худалдан борлуулж, 14 давхрын 70,39 м.кв байрыг тус компанийн захирал Г.А өөрийн эзэмшилд авсан байна.
8. Хэрэгт авагдсан бичмэл баримтууд, зохигчдоос гаргасан тайлбар зэргээс тогтоогдсон үйл баримтууд:
8.1. Хариуцагч П ХХК нь 2022.03.31-ний өдөрА ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулж, тус компанийн ашиглаж буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд байрлах 5 га газарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Н цогцолборын төслийн С2 блокийн 2 дугаар орцны хэсгийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна. /Нотлох баримтын 1-10/
Улмаар С2 блокийн 2 дугаар орцны барилга угсралт, гадна дэд бүтцийн ажлаас бусад бүх ажлыг 2022.11.01-ний өдрийн дотор гүйцэтгүүлэхээр ЦХХК-тай 2022.04.23-ны өдөр №02 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсийг 100 хувь бартерын нөхцөлтэйгөөр, орон сууцны нийт талбайн 45 хувийг гүйцэтгэгчид олгохоор тохиролцож, гэрээний хавсралтаар орон сууц болон гаражийг жагсаалтаар заан баталгаажуулжээ. /Нотлох баримтын 11-27/
Дээрх гэрээний гүйцэтгэгч ЦХХК нь 2022.08.06-ны өдрийн 15/22 дугаар албан бичгээр иргэн Г.Г №02 дугаартай гэрээний эрх, үүргээ шилжүүлж байгаа талаар мэдэгдэж, ажил гүйцэтгэх гэрээний дагуу ЦХХК 2022.06.10-2022.08.01 хооронд барилгын ажил эхлүүлэх бэлтгэл ажиллагаа, бараа материал татах, туслан гүйцэтгэгч компаниудыг сонгож гэрээ байгуулан, С2 барилгын дотор өрлөг, шаврын ажлыг эхлүүлсэн талаар дурдсан байна. /1-р хх-202-203/
8.2. Иргэн Г.Г 2022.08.09-ний өдөр Д ХХК-ийг үүсгэн байгуулж, тухайн өдөртөө улсын бүртгэлд бүртгүүлэн, 2022.08.10-ны өдөр Д ХХК нь захиалагч П ХХК-тай №01 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. /Нотлох баримтын 28-49/
Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд баригдах зоорьтой 16 давхар барилгын С2-2 блокийн барилга угсралт, гадна дэд бүтцийн ажлаас бусад бүх ажлыг 2022.12.28-ны өдрийн дотор гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлсийг 100 хувь бартерын нөхцөлтэйгөөр, орон сууцны нийт талбайн 40 хувийг гүйцэтгэгч Д ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож, 2022.08.11-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээний хавсралтыг талууд баталгаажуулсан байна. Энэ гэрээнд ЦХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлоогүй, 2022.04.23-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл хүлээлцсэн акт хэрэгт авагдаагүй байна.
Харин ЦХХК, Д ХХК нар 2023.10 дугаар сарын байдлаар гэх зардлын товчоо, тоног төхөөрөмжийн зардал, материалын зардал, туслан гүйцэтгэгчдийн гэрээний бүртгэл, бусад зардал гэх хоёр компанийн тамга дарсан хүснэгт бүхий баримтыг хариуцагч Д ХХК-иас нотлох баримтаар гаргасан бөгөөд эдгээр баримтыг захиалагч П ХХК-тай хийгээгүй байна. /1-р хх-204-208/
8.2. П ХХК, Д ХХК нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралтад заагдсан гүйцэтгэгч талд ажлын хөлсөнд олгогдох орон сууцуудаас 3 давхрын А тоот 79.68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Н.Нд, 14 давхрын D тоот 70.39 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Ц.Дд, 4 давхрын D тоот 72.04 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Э.Эд тус тус 2022 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, хүлээлгэн өгөхөөр Д ХХК нь Орон сууц захиалгын гэрээг Н.Нтэй 2022.10.25-ны өдөр, Ц.Дтай 2022.12.15-ны өдөр, Э.Этай 2022.11.10-ны өдөр тус тус бичгээр байгуулжээ. /1-р хх-5-10, 45-48, 76-78/
8.3. Нэхэмжлэгч Н.Н нь гэрээний төлбөр 119,520,000 төгрөгийг хариуцагч Д ХХК-ийн дансаар 2022.10.25, 26-ны өдрүүдэд хуваан төлж, талууд 2023.11.29-ний өдөр тооцоо нийлэн, Д ХХК-иас 2025.01.26-ны өдөр 01/9 тоот албан бичгээр Н.Н захиалсан орон сууцыг өөрийн компанийн хийсэн ажлын дүнгээс хасаж тооцох байдлаар олгохыг П ХХК-д хүссэн байна. Үүний өмнө 2024.09.17-ны өдөр Д ХХК нь Н.Нд 9/3 тоот албан бичгээр өөрийн компанийг Арвай төслийн С2 блокийн ерөнхий гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэсэн, төслийн захиалагч П ХХК-тай ажил гүйцэтгэлийн тооцоо нийлсний дараа орон сууцыг төслийн захиалагчтай гэрээ байгуулж өгөх талаар мэдэгдсэн байна. /1-р хх-11-13, 136-137, 2-р хх-54-70/
Нэхэмжлэгч Ц.Дын хувьд Орон сууц захиалгын гэрээгээр Д ХХК-д төлөх ажлын хөлс 140,780,000 төгрөгийг бүрэн төлсөн талаар гэрээнд тусгаж, тэрээр 2022.12.15-2023.03.09 өдрийн хооронд 70,780,000 төгрөгийг Г.Мгэх иргэнд А70мк 2 өрөө байр гэх утгаар хуваан төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-49-55/
Нэхэмжлэгч Э.Эын хувьд гэрээний дагуу Д ХХК-д төлөх 122,468,000 төгрөгийг хэрхэн төлсөн талаарх баримт гаргаагүй боловч хариуцагч Д ХХК-иас нэхэмжлэгч нарыг гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд төлбөрүүд барилгын ажилд зарцуулагдсан гэж тайлбарласан. /1-р хх-143-144/
8.4. Д ХХК нь П ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчээр Батмандал намуун ХХК-тай, Про салхивч комфорт ХХК, К ХХК, Конвишн ХХК, Эх цайз цонх ХХК, Дөл болд дэвжих капитал ХХК-тай тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, эдгээр туслан гүйцэтгэгч компаниудад ажлын хөлсийг бартер хэлбэрээр төлөхөөр тохиролцсон боловч Д ХХК нь гэрээний төлбөр тооцоо хийхгүй барилгыг эзэнгүй орхиж, харилцаа холбоогүй болсны улмаас туслан гүйцэтгэгч компаниуд захиалагч П ХХК-д хүсэлт гаргаснаар захиалагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласан болох нь зохигчдын тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ, туслан гүйцэтгэгч компаниудын П ХХК-д хандаж гаргасан хүсэлт, П ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ дүгнэсэн акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /Нотлох баримтын 54-245/
8.5. П ХХК-иас Д ХХК-д 2023.08.24-ний өдрийн 85 тоот албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдэж, дахин 2023.09.11-ний өдрийн 89 тоот албан бичгээр гэрээ цуцлагдаж, гэрээт ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх болсныг мэдэгдэн, мэдэгдлийг Д ХХК-ийн менежер Д.Нхүлээн авчээ. /Нотлох баримтын 50-53/
8.6. Д ХХК-ийн захирал Г.ГХан-Уул дүүргийн 23 дугаар хороонд баригдаж буй Ахотхоны С2-1 блок барилгын ажлыг бүрэн хийгээгүй атлаа хэд хэдэн орон сууцыг бусдад худалдан борлуулсан гэх иргэдийн гомдлын дагуу 2024.01.03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2025.06.26-ны өдрийн ****дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Г.Гяллагдагчаар татсан байх бөгөөд тус хэрэгт нэхэмжлэгч Н.Н, Ц.Д нар хохирогчоор мэдүүлэг өгсөн байна. Тус эрүүгийн хэрэгтэй холбоотой өөр хэрэгт нотлох баримтаар авагдаагүй болно. /1-р хх-227-238/
8.7. Нэхэмжлэгч нарын өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж буй маргаан бүхий С2 блок 2 дугаар орц, 4 давхрын 72.04 м.кв 2 өрөө орон сууцыг гуравдагч этгээд Б.Б, 14 давхрын 70.39 м.кв 2 өрөө орон сууц, 3 давхрын 79.68 м.кв 3 өрөө орон сууцыг тус тус гуравдагч этгээд Н ХХК-д Орон сууц захиалгын гэрээний дагуу П ХХК нь шилжүүлсэн байна. /1-р хх-115-131, 167-171/
9. Нэхэмжлэгч нарын шаардах эрхийг тодорхойлохын тулд тэдний хариуцагч Д ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар гаргасан хариуцагч П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлээ.
9.1. П ХХК-иас Н.Н, Ц.Д, Э.Энарын Д ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж тодорхойлон, гэрээний зүйл болох орон сууцуудыг Д ХХК нь П ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулах эрх олгогдоогүй тул хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэх агуулгаар сөрөг нэхэмжлэлээ тайлбарласан.
9.2. Нэхэмжлэгч нарын зүгээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг гэрээг эрх зүйн бүрэн чадамжтай иргэд, орон сууцыг барьж хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн компанийн гүйцэтгэх захиралтай хийсэн, П ХХК нь хуульд заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардах эрхгүй гэж тайлбарлан маргаж байна.
9.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Энэ хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөл гэдэг нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдийн зөвшөөрлөөс хамаарах эрх зүйн үйлдлийг ойлгох ба энэ нь хэлцэл хийгдсэний дараа гуравдагч этгээдээс бусад этгээдийн байгуулсан хэлцлийг дэмжин зөвшөөрөх тухай мэдэгдлийг ойлгоно. Иймд гэрээг Д ХХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан учир зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийсэн гэх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
9.4. Маргаан бүхий Орон сууц захиалгын гэрээнүүдийг байгуулахдаа Д ХХК болон П ХХК нарын байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн байгуулсан талаар гэрээний ерөнхий нөхцөлд заасан бөгөөд тус гэрээний Ерөнхий нөхцөлийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 7.4 дэх хэсгүүдэд зааснаар гүйцэтгэгч Д ХХК нь гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үнэлгээг тооцон нэхэмжлэх ба гэрээт ажлын төлбөрийг ажлын графикийн дагуу хийж гүйцэтгэсэн захиалагчийн зөвшөөрлийн дагуу давхрын сонголтоор олгохоор байхад захиалагч П ХХК-д гүйцэтгэсэн ажлыг актаар хүлээлгэж өгөлгүй, захиалагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад буюу Н.Н, Ц.Д, Э.Энарт шилжүүлэхээр гэрээ байгуулсан байна.
9.5. Гэвч П ХХК нь дээрх гэрээнүүдийн оролцогч бус бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасан. Хариуцагч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хуулийн дээрх зохицуулалтын дагуу шаардлага гаргаж, хүчин төгөлдөр бусд тооцуулснаар Д ХХК-иас нэхэмжлэгч нарын төлбөрт өгсөн мөнгийг мөн хуулийн 56.5-д заасны дагуу буцааж өгөх үр дагавар үүснэ гэх байдлаар тайлбарласан.
9.6. Хуульд заасан дээрх үндэслэлд гэрээний талууд өөрсдөө хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг нотолж шаардаагүй байхад гуравдагч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгахыг шаардах тухай асуудал хамаарах ба П ХХК нь Орон сууц захиалгын гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар ямар үр дагавар шаардаж байгаа, уг гэрээний улмаас тус хариуцагчийн ямар эрх зөрчигдөж байгаа нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар тодорхой бус, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхгүй этгээд байна. Иймд дээрх үндэслэлээр П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10. Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай Н.Н, Ц.Д, Э.Энарын үндсэн нэхэмжлэлийн тухайд:
10.1. Нэхэмжлэгч нар нь хариуцагч Д ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээнүүдийн дагуу гэрээгээр тохирсон орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох, шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг гэрээний гүйцэтгэгч тал болох Д ХХК болон тус компанитай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, барилгын захиалагч П ХХК нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
10.2. Гэрээний зүйл болсон орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд гэрээ байгуулагдах үед бодитоор бий болоогүй байсан ба Д ХХК нь тодорхой хугацааны дараа барьж дуусган нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Тиймээс талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
10.3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба талууд гэрээний дагуу П ХХК-ийн Д ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээг үндэслэл болгосон талаар ерөнхий нөхцөлд тусгасан байна.
10.4. Орон сууц захиалгын гэрээнүүдийг байгуулахад үндэслэл болгосон 2022.08.10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний Ерөнхий нөхцөлийн 3.7 дахь хэсэгт Гүйцэтгэгч нь ажлыг бүхэлд нь туслан гүйцэтгэгчид шилжүүлэхгүй байх, захиалагчийн зөвшөөрөлгүйгээр туслан гүйцэтгэгч оруулахгүй байх үүрэгтэй гэж, 4.6 дахь хэсэгт Ажил дууссан актыг үндэслэн захиалагч төлбөрийн мэдэгдэл үйлдэж, төлбөрийн мэдэгдлийг үндэслэн гүйцэтгэлийн төлбөр болох байрыг сонголтоор шилжүүлнэ гэж заасан байна.
Мөн гэрээний тусгай нөхцөлийн 13 дугаарт: ...Төлбөрийн урьдчилгаа төлбөрт: бартерын төлбөр, Нормчлолын сангийн шимтгэлийг нийт гэрээний үнийн дүнгээс 0,18 хувиар тооцож төлнө гэж заан, 2022.08.11-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээний хавсралт гэх 01/03 тоот нэмэлт гэрээ байгуулж, төлбөрийн талаар: байрны үнийг 3,000,000 төгрөгөөс доош оруулахгүй байхыг мөрдөж ажиллах, байрны үнэ унагаах тохиолдол гарвал үнийн дүн бууруулсан хэмжээгээр торгууль тавина гэж заан, ажлын хөлсөнд авч буй байрны жагсаалтыг хүснэгтээр гаргажээ.
10.5. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагадаа Д ХХК-ийг П ХХК-иас ажлын хөлсөнд хүлээн авсан орон сууцуудыг өөрт худалдан борлуулсан гэж тайлбарласан. Гэвч П ХХК-иас Д ХХК-д Ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох орон сууцуудыг ажлын гүйцэтгэлээс шалтгаалан хүлээлгэж өгөх талаар тохиролцсон байх бөгөөд ажлын гүйцэтгэлийг гэрээний талууд хүлээлцээгүй, Д ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас захиалагч тал хэд хэдэн удаа мэдэгдэл хүргүүлж, улмаар 2023 оны 9 дүгээр сард гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан байна.
10.6. Хариуцагч Д ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар хэрэгт аливаа нотлох баримт гаргаагүй, ажлын гүйцэтгэлийг захиалагч талд хүлээлгэн өгч тооцоо нийлээгүй болохоо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байх тул цуцлагдсан гэрээний төлбөр болох орон сууцуудыг нэхэмжлэгч нарт өмчлөх эрх үүсэх боломжгүй. Өөрөөр хэлбэл: захиалагчаас хүлээж аваагүй, бусдад худалдан борлуулах, шилжүүлэх эрх олгогдоогүй байхад Орон сууц захиалгын гэрээг нэхэмжлэгч нартай байгуулсан байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Н.Н, Ц.Д, Э.Энар нь маргаан бүхий орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргуулахаар шаардах эрхгүй гэж үзлээ. Харин нэхэмжлэгч нар Д ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээнүүдийн улмаас учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүй.
11. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Н төлсөн 755,550 төгрөг, Ц.Дын төлсөн 861,850 төрөг, Э.Эын төлсөн 770,290 төгрөг, хариуцагч П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,071,800 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг Д ХХК, П ХХК нарт даалгах тухай нэхэмжлэгч Н.Н, Ц.Д, Э.Энарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Н, Ц.Д, Э.Энарын хариуцагч Д ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Н төлсөн 755,550 төгрөг, Ц.Дын төлсөн 861,850 төрөг, Э.Эын төлсөн 770,290 төгрөг, хариуцагч П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,071,800 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА