Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2026/ДШМ/128

 

2026          01            29                                                                                    2026/ДШМ/128

           

 

Б.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Чингүүн,

шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2717 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Т-т холбогдох 2506 03999 3206 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т- овогт Б-ийн Т-, ......,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 730 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 140 дугаар захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтаар 02 жил 18 хоног хугацаагаар оногдуулсан хорих ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, 02 жил 18 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1595 дугаар шүүгчийн захирамжаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 02 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 01 жил 01 сар 02 хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн /РД:Б-/.

 

Шүүгдэгч Б.Т- нь 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Б- 03 дугаар гудамжны 62 тоотод хохирогч М.О-ийн 1.791.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Playstation” тоглоомыг 7 хоногийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцож авсан боловч тогтсон хугацаанд эд зүйлийг нь буцааж өгөлгүй хохирогчийг хуурч, хохирогчид 1.791.000 төгрөгийн хохирол учруулан залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-аас 1.791.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.О-ьд олгож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие нь ...2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 8 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан анхан шатны шүүх хурал дээр хохирол 1.791.000 төгрөгийг төлөх 5 хоногийн хугацаа хүссэн боловч эрх хааж, боломж олгоогүй. Миний бие ам бүл хоёр бөгөөд өндөр настай эмээтэйгээ хамт амьдардаг бөгөөд халамжлан асрах боломжийг минь олгож өгч хорихоос өөр төрлийн ялаар хорих ялыг солиулах хүсэлт гаргаж байна. Гэмт хэрэг хийж бусдыг хохироосондоо миний бие нь маш их харамсан гэмшиж байна. Цагдан хоригдох хугацаандаа маш их юм ойлгож ухаарсан, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, гэр бүлтэйгээ хамт байх боломж олгож өгөөч гэж хүсэж байна...”

“Өөрийн гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Б.Т- анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Улсын өмгөөлөгч томилуулах хүсэлт гаргасны дагуу миний бие өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүхээс оролцож байна. Хэрэг давж заалдах шатны шүүхэд ирсний дараагаар бид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Шүүгдэгчийн ар гэр болон найз нөхөдтэй нь хохирлыг барагдуулах талаар уулзсан. Шүүгдэгчийн эмээ нь өндөр настай тэтгэврийн хөгшин байдаг. Харвалт өгөөд саажилттай байгаа учраас ар гэрийн нөхцөл байдлыг хүнд гэж үзэх үндэслэлтэй. Хоёр найзтай нь холбогдож хохиролтой холбоотой асуудлын талаар ярих гэсэн боловч утас нь холбогдоогүй. Шүүгдэгч Б.Т- цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа учраас хохирлыг төлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Магадгүй шүүгдэгч батлан даалтад гарсан бол хохирлыг төлөх бүрэн боломжтой байсан. Гэвч цагдан хоригдож байгаа. Шүүгдэгчийн зүгээс 5 хоногийн завсарлага авч хохирлоо төлөх боломжтой байсан боловч гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилсэн нөхцөл байдал байдаг. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Тиймээс оролцогчийн эрх ашиг зөрчигдсөн байна гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирлоо хараахан төлөөгүй байгаа хэдий ч нөхөн төлөхөө илэрхийлж байгаа учраас шүүгдэгч Б.Т-т хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Цагаан сарын баяр болох гэж байна. Үүнтэй холбогдуулан шүүгдэгч Б.Т- өөрийн гэр бүлтэйгээ байх сонирхолтой байгаа. Тиймээс энэ боломжоор нь хангаж өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Чингүүн тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч гэм буруу дээрээ маргадаггүй. Давж заалдах гомдол дээр хохирол төлөх боломжийг олгоогүй гэх агуулгаар тайлбарлаж байна. Үүнтэй холбоотой тайлбар хэлье. Тухайн өдөр шүүх хуралдаан болж шүүгдэгч Б.Т-ыг гэм буруутайд тооцсон. Шүүхийн зүгээс хохирол төлөх, завсарлага авах санал асуухад шүүгдэгч завсарлага авъя гэж хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд зааснаар завсарлуулж болно гэж заасан. Заавал завсарлуулна гэж огт заагаагүй. Шүүгчийн зүгээс шүүгдэгч Б.Т-аас үнэхээр хохирол төлөх боломжтой юм бол түүнийг хэрхэн төлөх юм бэ гэж асуухад шүүгдэгч “би онлайнаар зээл аваад одоо төлчихнө” гэж хэлсэн. Үүнтэй холбоотой шүүхээс 15 минутын завсарлага өгөөд хэрвээ зээл авах боломжтой юм бол түүнийгээ авч болох эсэхийг үз гээд шүүх хуралдаан завсарласан. Шүүгдэгч өөрийн утаснаас зээл авахаар оролдсон боловч түүний хувьд онлайн зээлийн өртэй байсан. Тиймээс онлайнаар зээл аваад хохирол төлөх ямар ч боломж байгаагүй. Мөн шүүгдэгч Б.Т- эрхэлсэн тодорхой ажилгүй байсан. Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаад 5 хоногийн завсарлага авах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хэрвээ цагдан хоригдоогүй байсан бол шүүгдэгч хохирол төлөх боломжтой байсан гэж түүний өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. 2025 оны 03 дугаар сараас 12 дугаар сар буюу шийтгэх тогтоол гарах хүртэлх 8 сарын хугацаанд хохирлыг төлөх боломжтой байсан. Гэвч энэ хугацаанд хохирол төлөгдөөгүй. Шүүгдэгчийн хохирол төлөх эрхийг нь хаасан зүйл огт байхгүй. Шүүгдэгчийн хувьд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ өгсөн. Эрүүгийн хариуцлагын хувьд ялын төрөл хэмжээ тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд урьд гурван удаагийн ял шийтгэлтэй. Мөрдөн шалгах ажиллагаанд дуудсан цаг ирэхгүй саад учруулсан нөхцөл байдал байдаг. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Б.Т- нь 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Б- 03 дугаар гудамжны 62 тоотод хохирогч М.О-ийн 1.791.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Playstation” тоглоомыг 7 хоногийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцож авсан боловч тогтсон хугацаанд эд зүйлийг нь буцааж өгөлгүй хохирогчийг хуурч, хохирогчид 1.791.000 төгрөгийн хохирол учруулан залилан авсан болох нь:

Хохирогч Б.О-ийн: "...Би өөрийн “Playstation” тоглоомыг түрээслэж мөнгө олдог байсан. 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр над руу Б- овогтой Т- гэх хүүхэд О- гэсэн дугаараас залгаад PS-5 нэртэй тоглоом 7 хоногийн хугацаатай түрээсэлмээр байна гэсэн. Би тухайн тоглоомыг Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, О- 03 дугаар гудамжны 62 тоотод хүргэж өгсөн. Тэгээд би тухайн хүнээс 120,000 төгрөг авсан, үлдэгдэл мөнгө удахгүй 03 дугаар сарын 11-ний өдөр өгнө гээд алга болсон. Тэгээд би тухайн хүүхдийн гэрт нь очиход эмээ нь байсан. Миний тоглоомыг аваад гараад явсан байсан. ...Миний тоглоом 1,950,000 төгрөг...” /хх 7-8/,

“...Тэгээд маргааш нь “Playstation” тоглоомоо авах гэтэл “дахиад 7 хоног түрээслэе, би чам руу нийт 450,000 төгрөг өгье” гэж хэлсэн. Ингээд би тоглоомоо өгсөн, мөнгөө өгөхгүй байгаад байхаар нь 2 дахь өдөр нь өөрийн “Playstation” тоглоомоо авах гээд очиход гэртээ байгаагүй. Харин эмээ нь байсан бөгөөд “цаадах чинь тоглоомыг чинь аваад явсан” гэж хэлсэн. Ингээд би Б.Т-тай огт холбогдож чадалгүйгээр цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргаж өгсөн..." /хх 21-22/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4/, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан: "...1 дугаартай Б.Т-ын зургийг заасан ба энэ хүн миний тоглоомыг авсан хүн мөн байна...” гэх тэмдэглэл /хх 23-29/, “Дамно" ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний БЗД2-25-873 дугаартай: "... “Playstation 5” тоглоом 1,791,000 төгрөгөөр үнэлэв..." /хх 35-40/ гэх тайлан зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Б.Т-аас “... хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол гаргасан ба залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч буй залилах гэмт хэрэг нь хүн хүндээ итгэх итгэл болон нийгэм дэх итгэлцлийг ямар нэгэн хэмжээгээр алдагдуулдаг хортой үр дагавартай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөл, хугацаатай.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялыг оногдуулсан нь үндэслэлтэй, эдлэх ялыг 8 сарын хугацаагаар тогтоосон нь тохирсон байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдээд өнгөрсөн 10 сарын хугацаанд хохирогчид хохиролыг төлж барагдуулаагүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдэх болсон санаа сэдэл, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулсаныг өөрчлөх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2717 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-аас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Т-ын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нийт 58 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2717 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ын цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

 

 

                                          ШҮҮГЧ                                         Б.БАТЗОРИГ

 

 

                                          ШҮҮГЧ                                         Н.БААСАНБАТ