| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/09183/И |
| Дугаар | 192/ШШ2026/00131 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2026/00131
2025 12 25 192/ШШ2026/00131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,*******ж,, 503 тоот хаягт байрлах “Асиансити” ХХК (РД:5517222)-д холбогдох
17,600,000 төгрөг гаргуулах, шинэ байрнаас давхар, байршил эхний ээлжинд сонгох эрхийг эдлүүлж захиалгын гэрээ байгуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ,
Нэхэмжлэгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нар нь хариуцагч компанид холбогдуулж 17,600,000 төгрөг гаргуулах, шинэ байрнаас давхар, байршил эхний ээлжинд сонгох эрхийг эдлүүлж захиалгын гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1.Бид хариуцагч компанитай 2024 оны 02 дугаар сарын 02, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрүүдэд “Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ”, “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ”-г тус тус байгуулсан. Уг гэрээний дагуу хариуцагч компани нь сар бүр төлөх түрээсийн урамшууллыг улирал тутам олгох, зохих хэмжээний орон сууцыг эхний ээлжинд сууц өмчлөгчдөд шилжүүлэх, өмчлөгчид шилжүүлснээс бусад орон сууцыг бусдад худалдах, орон сууцны давхар, тоотыг тодорхой тусгасан нэмэлт дараа нь хийхээр тохиролцсон. Гэтэл хариуцагч компани нь 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн урамшууллыг олгоогүй, бидний сонгох эрхийг эдлүүлэхгүйгээр бусдад орон сууцыг худалдаж байна. Иймд , , Ө.Тунгалаг нарт төлбөл зохих түрээсийн урамшуулал 9,600,000 төгрөг, нэхэмжлэгч Ө.Тунгалагт төлбөл зохих түрээсийн урамшуулал 8,000,000 төгрөг, нийт 17,600,000 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж, шинэ байрнаас давхар, байршил эхний ээлжинд сонгох эрхийг эдлүүлж, захиалгын гэрээ байгуулахыг даалгуулахаар шаардаж байна гэжээ.
2.Хариуцагч компани нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Хариуцагч компани нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Арьс ширний 31 дүгээр байрыг буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, нэхэмжлэгч нартай “Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ” болон “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ”-г тус тус байгуулсан. Гурван талт гэрээний 2.5-д “...орон сууц өмчлөгчид төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр төлөх түрээсийн урамшууллыг... улиралд нэг удаа олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нартай 1,000,000 болон 1,200,000 төгрөгийн түрээсийн урамшуулал олгох гэрээ байгуулж, ад нийт 55,000,000 төгрөг төлөх байснаас 2023 оны 08 дугаар сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэл нийт 80,000,000 төгрөг, , , Ө.Тунгалаг нарт нийт 217,504,145 төгрөг төлсөн. Иймд 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн урамшуулал олгоогүй гэдэг нь үндэслэлгүй. Түүнчлэн, түрээсийн урамшуулал гэдэг нь тухайн орон сууцнаас өөр орон сууцгүй иргэдийн орон сууц нь дахин төлөвлөлтөд хамрагдаж нураагдаад тэр орон сууцаасаа гараад шууд гудамжинд гарч байгаа иргэдэд олгож байгаа мөнгөн төлбөрийг хэлнэ гээд 2018 оны 222 дугаар Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөн олговор олгох журамд заасан байгаа. Энэ журамд зааснаар нөхөн олговрын асуудал яригдах ёстой болохоос биш эндээ амьдардаггүй, үүнийгээ ямар нэгэн байдлаар түрээсийн журмаар ашиглаж ашиг олдог байсан этгээдүүдэд орон сууц ашиглалтад орох хүртэл хугацаагаар түрээсийн төлбөр төлж, эдгээр хүмүүсийг ямар нэгэн байдлаар хөрөнгөжүүлэх асуудлыг зохицуулсан харилцаа биш. Гэтэл нэхэмжлэгч нар нь тухайн арьс ширний 31 дүгээр байранд оршин суудаггүй хүмүүс.
2.2.Нэхэмжлэгч нар нь гурван талт гэрээний нэг талын оролцогч болох Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан буюу давхар, байрлал тэргүүн ээлжинд сонгох шаардлагатай холбоотой асуудал нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтэст хянагдаж, шийдвэрлэгдэх шатанд байгаа тул шүүхийн журмаар шийдвэрлэх боломжгүй. Мөн гурван талт гэрээний 4.1.3-т “...гэрээгээр тохирсон хэмжээний орон сууцыг эхний ээлжид сууц өмчлөгчийн өмчлөлд шилжүүлнэ” гэдэг нь сонгох эрх биш, зөвхөн өмчлөх эрхийг шилжүүлэх буюу улсын бүртгэлийн гэрчилгээг тэргүүн ээлжинд гаргуулж өгнө гэсэн агуулгатай гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн АШ31/12 болон 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн АШ31/04 дугаартай “Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг, давхар, байрлал сонгох хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг,
Хариуцагч талаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариуцагч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариу тайлбар, түрээсийн урамшуулал олгож байсан тооцоолол, гүйлгээний баримт, Худалдаа, хөгжлийн банк дахь “Асиансити” ХХК-ийн эзэмшлийн 435000437 дугаар дансны 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулга, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны ,, дугаар захирамжуудын тус шүүхийн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “Асиан сити” ХХК-нд хаягласан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 05-02/7818 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч нар нь хариуцагч компанид холбогдуулан 17,600,000 төгрөг гаргуулах, шинэ байрнаас давхар, байршил эхний ээлжинд сонгох эрхийг эдлүүлж захиалгын гэрээ байгуулахыг даалгахаар шаардаж, үндэслэлээ хариуцагч компани нь бидэнтэй байгуулсан “Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ”, “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ”-ээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн урамшуулал болох 17,600,000 төгрөгийг олгоогүй, зохих хэмжээний орон сууцыг эхний ээлжинд сууц өмчлөгчөөр сонгуулах боломжийг олгохгүй бусдад орон сууцыг худалдаж байна гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч ад 2023 оны 08 дугаар сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэл нийт 55,000,000 төгрөгийн түрээсийн урамшуулал олгохоос 80,000,000 төгрөг олгосон, нэхэмжлэгч , , Ө.Тунгалаг нарт нийт 217,504,145 төгрөг олгосон учир 17,600,000 төгрөг төлөх үндэслэлгүй. Түүнчлэн, түрээсийн урамшууллын зорилго нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль тогтоомжид зааснаар орон сууц чөлөөлсөн айл өрхийг түр байрлуулах газар, байр, сууцаар хангахтай холбоотой олговор юм. Гэтэл нэхэмжлэгч нар нь тухайн арьс ширний 31 дүгээр байранд оршин суудаггүй хүмүүс учраас тэдэнд уг олговрыг олгох үндэслэлгүй. Нэхэмжлэгч нар гэрээ байгуулахыг даалгах асуудлаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байгаа учир шүүх шийдэх боломжгүй. Мөн гэрээнд сууц өмчлөгч нь давхар, байршлыг тэргүүн ээлжинд сонгох зохицуулалт байхгүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1., Ө.Тунгалаг, , “Асиансити” ХХК болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр АШ31/12 дугаартай “Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ” байгуулагдсан. (хавтаст хэргийн 4-6 дахь тал)
4.2.Ө.Тунгалаг, “Асиансити” ХХК болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр АШ31/04 дугаартай “Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ” байгуулагдсан. (хавтаст хэргийн 10-12 дахь тал)
4.3.Дээр дурдсан АШ31/12 дугаар гэрээний 2.5-д “…сар бүр төлөх түрээсийн урамшууллыг 1 200 000 төгрөгөөр тооцож, улиралд нэг удаа олгоно”, 4.1.3-т “Шинээр баригдсан орон сууцны барилгаас энэ гэрээгээр тохирсон хэмжээний орон сууцыг эхний ээлжид сууц өмчлөгчийн өмчлөлд шилжүүлнэ”, 4.1.5-д “Шинээр баригдсан орон сууцнаас энэ гэрээний дагуу сууц өмчлөгчид шилжүүлснээс бусад орон сууцыг зах зээлийн үнээр бусдад худалдах эрхтэй”, 4.2.11-т “Сууц өмчлөгч, түүний төлөөлөгч нь энэ гэрээнд зааснаас өөр ямар нэгэн нэмэлт шаардлага тавьж, төслийн ажлыг удаашруулах, бусад сууц өмчлөгчдөөс давуу эрх эдлэхээр төсөл хэрэгжүүлэгчийн бизнесийн үйл ажиллагаа, нэр хүндэд халдах, худал мэдээлэл санаатайгаар тараах зэрэг үйлдлийг гаргуулахгүй байх, гаргасан тохиолдолд энэ гэрээний 2.3, 2.4-т заасан урамшуулал, хөнгөлөлтийг эдлэх эрхгүй болно” гэж,
АШ31/04 дугаартай гэрээний 2.5-д “…сар бүр төлөх түрээсийн урамшууллыг 1 200 000 төгрөгөөр тооцож, улиралд нэг удаа олгоно”, 4.1.3-т “Шинээр баригдсан орон сууцны барилгаас энэ гэрээгээр тохирсон хэмжээний орон сууцыг эхний ээлжид сууц өмчлөгчийн өмчлөлд шилжүүлнэ”, 4.1.5-д “Шинээр баригдсан орон сууцнаас энэ гэрээний дагуу сууц өмчлөгчид шилжүүлснээс бусад орон сууцыг зах зээлийн үнээр бусдад худалдах эрхтэй”, 4.2.11-т “Сууц өмчлөгч, түүний төлөөлөгч нь энэ гэрээнд зааснаас өөр ямар нэгэн нэмэлт шаардлага тавьж, төслийн ажлыг удаашруулах, бусад сууц өмчлөгчдөөс давуу эрх эдлэхээр төсөл хэрэгжүүлэгчийн бизнесийн үйл ажиллагаа, нэр хүндэд халдах, худал мэдээлэл санаатайгаар тараах зэрэг үйлдлийг гаргуулахгүй байх, гаргасан тохиолдолд энэ гэрээний 2.3, 2.4-т заасан урамшуулал, хөнгөлөлтийг эдлэх эрхгүй болно” гэж тус тус заасан. (хавтаст хэргийн 4-6, 10-12 дахь тал)
4.4.Нэхэмжлэгч , Ө.Тунгалаг, болон хариуцагч “Асиансити” ХХК-ийн хооронд “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ”, нэхэмжлэгч Ө.Тунгалаг болон хариуцагч “Асиансити” ХХК-ийн хооронд “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ” тус тус байгуулагдсан үйл баримтын хувьд зохигч талууд маргаангүй. (хавтаст хэргийн 1, 78-81 дэх тал)
5.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Төсөл хэрэгжүүлэхэд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч оролцсон гурван талт гэрээ байгуулна”, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана”, 15.4 дэх хэсэгт “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгчид нь хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжид өмчлөх эрх эдлэх бөгөөд шинээр өмчлөх орон сууцны талбайн хэмжээ хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй байна”, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж тус тус зааснаар зохигч талууд гэрээний нөхцөл, агуулгаа хуульд нийцүүлэн өөрсдөө тодорхойлж, гурван талт гэрээ байгуулсан байна.
6.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй”, хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч , Ө.Тунгалаг, болон хариуцагч “Асиансити” ХХК-ийн хооронд байгуулагдсан АШ31/12 дугаар гэрээний 2.5-д “…сар бүр төлөх түрээсийн урамшууллыг 1 200 000 төгрөгөөр тооцож, улиралд нэг удаа олгоно” гэж, нэхэмжлэгч Ө.Тунгалаг болон хариуцагч “Асиансити” ХХК-ийн хооронд АШ31/04 дугаартай гэрээний 2.5-д “…сар бүр төлөх түрээсийн урамшууллыг 1 200 000 төгрөгөөр тооцож, улиралд нэг удаа олгоно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нар нь сар бүр төлөх түрээсийн урамшууллыг хариуцагч компаниас шаардах эрх үүсжээ.
6.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс татгалзлын нэг үндэслэлээ “түрээсийн урамшуулал нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль тогтоомжид зааснаар чөлөөлж буй орон сууцанд амьдарч байсан өмчлөгч, эзэмшигчид олгох олговор” гэж тайлбарлах боловч зохигч талууд нэгэнт гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд сар сүр түрээсийн урамшуулал олгохоор харилцан тохиролцсон байх тул уг татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.
7.Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт “Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно”, 236.1.1-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” гэж заажээ.
7.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс татгалзлын нэг үндэслэлээ “түрээсийн урамшууллыг бүрэн олгосон” гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус зааснаар татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй.
7.2.Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор хавтаст хэрэгт түрээсийн урамшуулал төлж байсан талаарх баримтыг гаргаж өгсөн боловч тухайн баримтуудад дурдсан төлөлт нь аль гэрээний дагуу, ямар цаг хугацаанд хамаарах түрээсийн урамшууллыг төлж байгаа нь тодорхойгүй буюу нэхэмжлэлд дурдсан АШ31/12, АШ31/04 дугаартай гэрээний дагуу төлбөл зохих 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны төлбөр болох нь тогтоогдохгүй байна.
7.3.Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хариуцагч компанийг үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй учир мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй.
8.Гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч талаас “тохирсон хэмжээний орон сууцыг эхний ээлжинд сууц өмчлөгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүй, тэргүүн ээлжинд орон сууцны давхар, байршлыг сонгох сууц өмчлөгчийн эрхийг зөрчсөн” гэх агуулгаар шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч талаас “эхний ээлжинд сууц өмчлөгчийн өмчлөлд шилжүүлнэ гэдэг нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, холбогдох баримт бичгийг эхний ээлжинд бүрдүүлж өгөхийг ойлгох болохоос эхний ээлжинд давхар, байршлыг сонгох агуулгагүй” гэх агуулгаар тайлбарлаж байна.
8.1.Энэ тохиолдолд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, 198.2 дахь хэсэгт “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж тус тус зааснаар гэрээнд заасан үгийн шууд утга, бусад нөхцөл, гэрээний ерөнхий агуулгатай харьцуулан тайлбарлах шаардлагатай.
8.2.Зохигч талуудын хооронд байгуулагдсан АШ31/12, АШ31/04 дугаартай гэрээнүүдийн 4.1.3-т “Шинээр баригдсан орон сууцны барилгаас энэ гэрээгээр тохирсон хэмжээний орон сууцыг эхний ээлжид сууц өмчлөгчийн өмчлөлд шилжүүлнэ”, 4.1.5-д “Шинээр баригдсан орон сууцнаас энэ гэрээний дагуу сууц өмчлөгчид шилжүүлснээс бусад орон сууцыг зах зээлийн үнээр бусдад худалдах эрхтэй” гэж тус тус заасныг харьцуулан үзвэл хариуцагч компани нь барилгын ажлын санхүүжилтыг бүрдүүлэх зорилгоор барьж буй орон сууцыг бусдад худалдах тохиолдолд гэрээний нөгөө тал буюу нэхэмжлэгч нарт тохирсон хэмжээний орон сууцыг эхний ээлжид санал болгох буюу шилжүүлсэн байх үүрэгтэй байна.
Тодруулбал, хариуцагч компани нь баригдаж буй орон сууцнаас нэхэмжлэгч нартай тохирсон хэмжээтэй адил орон сууцуудыг бусдад худалдан борлуулсны дараа үлдэх орон сууцыг нэхэмжлэгч талд санал болгох нь гэрээний 4.1.3, 4.1.5-д заасанд нийцэхгүй буюу “сууц өмчлөгчид шилжүүлснээс бусад орон сууцыг” бус “бусдад худалдан борлуулаад үлдсэн орон сууцыг сууц өмчлөгчид шилжүүлэх” үр дагаврыг үүсгэхээр байна.
8.3.Иймд нэхэмжлэгч нарын давхар, байршлыг эхний ээлжинд сонгох эрхийг эдлүүлж захиалгын гэрээ байгуулахыг даалгах шаардлага үндэслэлтэй гэж үзнэ.
8.4.Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх…” гэж зааснаар гэрээ байгуулахыг даалгахаар шаардсан нь үндэслэлтэй.
9.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч компанид холбогдох нэхэмжлэлийг хангаж, хариуцагч компаниас 17,600,000 (1,000,000*8+1,200,000*8=17,600,000) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч , Ө.Тунгалаг, нарт 9,600,000 төгрөг, нэхэмжлэгч Ө.Тунгалагт 8,000,000 төгрөг олгож, нэхэмжлэгч , Ө.Тунгалаг, нарын өмчлөлд 66.38 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэх захиалгын гэрээг , Ө.Тунгалаг, нартай, нэхэмжлэгч Ө.Тунгалагийн өмчлөлд 52.16 м.кв талбай бүхий орон сууц шилжүүлэх захиалгын гэрээг Ө.Тунгалагтай тус тус байгуулахыг хариуцагч компанид даалгаж шийдвэрлэлээ.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,264,562 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч компаниас 3,264,562 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Тунгалагт 1,347,198 төгрөг, нэхэмжлэгч , Ө.Тунгалаг, нарт 1,917,364 төгрөг олгож хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Асиансити” ХХК-аас 17,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Тунгалагт 8,000,000 төгрөг, нэхэмжлэгч , Ө.Тунгалаг, нарт 9,600,000 төгрөг олгож, нэхэмжлэгч , Ө.Тунгалаг, нарын өмчлөлд 66.38 м.кв талбай бүхий орон сууцыг эхний ээлжид шилжүүлэх захиалгын гэрээг нэхэмжлэгч , Ө.Тунгалаг, нартай, нэхэмжлэгч Ө.Тунгалагийн өмчлөлд 52.16 м.кв талбай бүхий орон сууц эхний ээлжид шилжүүлэх захиалгын гэрээг нэхэмжлэгч Ө.Тунгалагтай тус тус байгуулахыг хариуцагч “Асиансити” ХХК-нд даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч , Ө.Тунгалаг, нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,264,562 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Асиансити” ХХК-аас 3,264,562 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Тунгалагт 1,347,198 төгрөг, нэхэмжлэгч , Ө.Тунгалаг, нарт 1,917,364 төгрөгийг тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД