| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/08126/И |
| Дугаар | 192/ШШ2025/10431 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/10431
2025 12 04 192/ШШ2025/10431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ...дугаар хороолол, Хатанбаатар Магсаржав гудамж, ...дүгээр байрны ...тоот хаягт оршин суух, ...ургийн овогт ...овогтой А /РД:..../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...дугаар хороо, ...дүгээр хэсэг, Ар зайсан гудамж, ...дугаар байрны ...тоот хаягт оршин суух, ...ургийн овогт ...овогтой Г /РД:.../-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
1.1. Н.Анар, Ц.Г нар нь харилцан тохиролцож 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 0403 дугаар зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Н.А нь зээлдэгчийн хүсэлтийн дагуу эхний 1 сарын хүү 10,000,000 төгрөгийг суутган 90,000,000 төгрөгийг зээлдэгчийн данс руу шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусаж 6 дугаар сарын 25-ны өдөр 1 сараар сунгаж өгөхийг хүсэн 10,000,000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээг 1 сараар сунгасан.
1.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож зээлдэгч өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ..дугаар хороолол /14182/ Алтайн гудамж, ...дугаар байрны ...тоот хаягт байршилтай 44.75 м.кв талбайтай 2 өрөө Ү-.....дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцыг барьцаалахаар тохиролцож 402 тоот барьцааны гэрээг байгуулсан.
1.3. Зээлийн гэрээний хугацаа дуусаж, сар гаруй хугацаа өнгөрсөн боловч зээлдэгч нь зээлийн гэрээний өр төлбөрийг огт төлөөгүй, үндсэн зээл 100,000,000 төгрөг, зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцоход өдөрт ногдох алданги 500,000 төгрөг, нийт 58 хоног хэтрүүлсэн хугацааны алданги 29,000,000 төгрөг, нийт 129,000,000 төгрөг болсон.
1.3. Хариуцагч нь 2025 оны 03 дугаар сарын 25-нд зээлийн хүүг төлөх ёстой байсан боловч төлөөгүй явж байгаад нийт 15,000,000 төгрөгийг 04 дүгээр сарын 25-нд төлж, 06 дугаар сарын 15-нд 11,000,000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй. 0..дугаар сарын 25-ны өдрөөс дахиад холбогдоход утсаа авахгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч тал 30,000,000 төгрөг төлснийг хасаад, одоо хариуцагч Ц.Г 99,000,000 төгрөг шаардаж байна.
1.4. Нэг удаагийн шинжтэй зээлд харилцан тохиролцож хүү тогтоож болно гэж Иргэний хуульд заасан эрхийн дагуу 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн. Зээлдүүлсэн мөнгө нь зээлийн үйл ажиллагаанд зарцуулагдах биш харин фирмийн үйл ажиллагаанд хэрэгтэй гэдгийг нь хамт ажиллаж байсан хүн нь мэдээд хариуцагч Ц.Г зээлүүлж өгсөн. Харилцан тохиролцоод зээлийн гэрээг барьцааны гэрээтэй байгуулсан учир энэ талаар гаргасан хариуцагч талын татгалзал үндэслэлгүй.
1.5. Хариуцагч тал зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа талаар тайлбарласан. Талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу иргэд хоорондын зээлийн гэрээг байгуулсан. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д нэг удаагийн шинжтэй, ашиг орлого олох зорилгогүйгээр хүү тооцож болохоор заасан. Нэг удаагийн шинж гэдэг нь Н.Амөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлээгүй, өөрт байсан мөнгөн хадгаламжийг түр хугацаанд Ц.Гзээлдүүлсэн. Ашиг орлого олох зорилгогүй ба хоёр талын ярилцан тохиролцож тогтоосон хүү нь 10 хувь байна. Талууд хэн аль нь эрх зүйн бүрэн чадамжтай хүмүүс юм. Барьцааны гэрээний хувьд хариуцагч талаас гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шааардлагатай гээд байна. Иргэний хуулийн 153.1-д барьцааны гэрээгээр хангагдах үүргийг заасан ба бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү...гэв.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын үндэслэл:
2.1. Ц.Гнь “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигч юм. “***” ХХК нь барилгын угсралтын үйл ажиллагаа тогтмол явуулдаг. Барилгын үйл ажиллагаанд тогтмол бэлэн мөнгө шаардлагатай байдаг. 2025 оны 02 дугаар сарын сүүлээр үл хөдлөх эд хөрөнгийн зууч хийдэг Н.Б ажил хэргийн шугамаар уулзаж байхад бусдад тогтмол мөнгө зээлдэг хүн байгаа талаар мэдсэн. Ингээд Н.Б дамжуулан Н.А уулзаж, мөнгө зээлэхээр тохиролцсон.
2.2. Н.А 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ хийж, 100,000,000 төгрөгийг зээлж авахаар тохиролцсон боловч 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгөнөөс Ц.Г нь 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 11,000,000 төгрөг, 06 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар уг үндсэн зээлийн төлбөрөөс 39,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.
2.3. Монгол улсад 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль батлагдсан. Уг хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл авсан этгээд мөнгөн хөрөнгийг хүүтэйгээр бусдад зээлдүүлж, алданги тооцож авах боломжтой. Гэтэл Н.Ань зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, сургалтад суугаагүй атлаа зээлийн гэрээ байгуулсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, энэ хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хэлцэлд хамаарна. Энэ нөхцөлд нэхэмжлэгч Н.Ань 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хүү, алданги шаардах эрхгүй. Тиймээс 39,000,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.4. Нэхэмжлэгч нь байнга зээлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй гэх тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй. Зээлийн хүүгийн хэмжээ сарын 10 хувь, зээлийн хугацаа 3 сар үргэлжлэхээр 30 хувийн хүүтэй болно гэсэн үг. Монголбанкнаас зөвшөөрөл авч зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа банк нь иргэнд зээл олгохдоо нэг жилийн 18-24 хувийн хүүтэй олгож байгаа. Банк бус санхүүгийн байгууллага сарын 3,5 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Гэтэл Н.Ань 10 хувийн хүүтэй зээл олгоод, үүнийгээ байнгын зээлийн үйл ажиллагаа биш гэж ярьж байна.
2.5. Зээлдэгчид 100,000,000 төгрөг зээлдүүлнэ гэж тохирчихоод 90,000,000 төгрөг бодитоор зээлдүүлсэн. Зээлдүүлээгүй мөнгөн дүнд хүү тооцсон нь үндэслэлгүй байна. Барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв бүртгүүлээгүй бол 156.3 дахь хэсэгт зааснаар тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бус гэрээ учраас энэ гэрээний дагуу шаардлага гаргах эрхгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэсэн байгаа. Үнэхээр хүү тооцох гээд байдаг юм бол 3-4 сарын хугацаандаа хүүгээ 1,5 хувиар тооцож гаргах ёстой. Ингэж байж энэ зээлийн гэрээ ашиг олох зорилгогүй буюу хуулийнхаа зорилго, зориулалтад нийцнэ...гэв.
3. Нэхэмжлэгч талын нотлох баримт: Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Ц.Г өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Н.А Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансны хуулга,
4. Хариуцагч талын нотлох баримт: Ц.Г Хаан банк, Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансны хуулгууд, Б.О Н.А 30,000,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Н.Ань хариуцагч Ц.Гхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 129,000,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэмж төлсөн 30,000,000 төгрөгийг нэхэмжлэлээс хасаж, 99,000,000 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах болгож багасгасан.
2.1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлийг “Н.А зээлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй, талууд нэг удаагийн шинжтэй харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж хүү тогтоохоор тохиролцсон, ашиг олох зорилгогүй байгуулсан. Зээлдэгчийн хүсэлтээр эхний сарын хүүгийн төлбөрт тооцож 10,000,000 төгрөг суутгаад 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Төлөгдөөгүй үлдсэн зээлийн төлбөр 99,000,000 төгрөгийг шаардана. Барьцааны гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардана” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 30,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад шаардлага болох 69,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзсан.
3.1. Хариуцагч тал татгалзлын үндэслэлийг “Ц.Гнь танилаараа дамжуулан хүүтэй мөнгө зээлдүүлдэг гэх Н.Атанилцаж 100,000,000 төгрөг зээлэхийг хүссэн боловч 90,000,000 төгрөг зээлдүүлсэн. Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагааг зөвшөөрөл авахгүйгээр явуулж байгаа учир талуудын байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох тул нэхэмжлэгч зээлийн хүү, алданги шаардах эрхгүй. Зээлийн хүү хэт өндөр тогтоож мөнгө хүүлсэн, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул мөн хүчин төгөлдөр бус болно” гэж тайлбарлан маргаж байна.
4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
4.1. Талууд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ бичгээр байгуулж, Н.А Ц.Г 100,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, алданги 0,5 хувиар тооцохоор харилцан тохиролцсон байна. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар Ц.Г өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалахаар тохиролцон, гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлэн, тухайн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. /хх-3-6/
4.2. Зээлийн гэрээний дагуу Н.А Ц.Г дансаар 90,000,000 төрөгийг “зээл олгов” гэх утгатайгаар гэрээ байгуулсан өдрөө шилжүүлж, Ц.Г нь Н.А дараах байдлаар эргэн төлөлт хийжээ.
- 2025 оны 04 дүгээр сарын 25-нд 3 удаагийн гүйлгээгээр нийт 9,000,000 төгрөг,
- 2025 оны 06 дугаар сарын 17-нд 11,000,000 төгрөг,
- 2025 оны 06 дугаар сарын 25-нд 2 удаагийн гүйлгээгээр нийт 10,000,000 төгрөг,
- 2025 оны 09 дүгээр сарын 24-нд иргэн Б.Оюунтуяагийн данснаас Н.А30,000,000 төгрөгийг “Ц.ГЧП78013018 88106125” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлж, нийт 60,000,000 төгрөгийг буцаан төлсөн байна.
5. Талууд зээлийн болон барьцааны гэрээ бичгээр байгуулагдсан, Н.А Ц.Г 90,000,000 төгрөг шилжүүлсэн, нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчаас нэхэмжлэгчид 30,000,000 төгрөг нэмж төлсөн зэрэг үйл баримтын талаар маргаагүй.
Харин талуудын байгуулсан зээлийн гэрээ иргэд хооронд нэг удаагийн шинжтэй хийгдсэн, эсхүл нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахгүйгээр ашиг орлого олох зорилготойгоор хариуцагчид мөнгө зээлдүүлсэн эсэх, зээлийн гэрээ хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болох эсэх, нэхэмжлэгч уг гэрээний дагуу зээлийн хүү шаардах эрхтэй эсэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргав.
6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, 282.2 дахь хэсэгт “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж, 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус хуульчилсан.
Харин Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг тус хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол улсын иргэн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлж болохоор зохицуулсан байна.
7. Хариуцагч талын татгалзалд нэхэмжлэгчийг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд зааснаар зохих зөвшөөрөл авахгүйгээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг учир маргаан бүхий зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь:
7.1. Гэрээний талууд бие биеэ танихгүй, гэрээний дагуу шилжүүлж буй мөнгөн дүн их хэмжээтэй, зээлийн хүү өндөр байгаа нь зээлдүүлэгч ашиг олох зорилгогүй гэж үзэхээргүй гэх зэрэг үндэслэлээр хариуцагч талын зүгээс маргаан бүхий зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тайлбарлах боловч зээлийн гэрээний хүүгийн хэмжээ, зохигчийн тайлбарыг үндэслэн Н.Анарыг зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг гэж дүгнэх боломжгүй. Хариуцагч тал нэхэмжлэгчийг байнгын зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг гэх тайлбар, татгалзлын үндэслэлийг баримтаар нотлоогүй байна.
7.2. Иймд шүүх талуудын хооронд нэг удаагийн шинжтэй, харилцан тохиролцож байгуулсан буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасанд нийцсэн, хүчин төгөлдөр зээлийн гэрээ хийгдсэн гэж үзлээ.
7.3. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба талууд зээлийн хэмжээг 100,000,000 төгрөг байхаар гэрээний 3.2-т зааж, мөн гэрээний 4.4-т “зээлдэгч гэрээнд заасан хэмжээгээр зээлийг авах эрхтэй” болохыг заасан байна. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн мөнгийг гэрээнд заасан хэмжээгээр бус 90,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь Н.А дансны хуулгаар тогтоогдсон. /хх-7/
7.4. Дээрх шилжүүлгийг нэхэмжлэгч талаас эхний сарын зээлийн хүүний төлбөр 10,000,000 төгрөгийг зээлдэгчийн хүсэлтээр суутгаж 90,000,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласан. Хариуцагчийн зүгээс бодитоор хүлээж аваагүй 10,000,000 төгрөгөөс хүү тооцох үндэслэлгүй гэх байдлаар тайлбарлаж, нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээх бөгөөд зээлийн гэрээнд эхний сарын хүүний төлбөрийг суутгах талаар тусгагдаагүй, тийнхүү суутгахаар тохиролцсон гэх тайлбараа нэхэмжлэгч тал нотлоогүй байх тул хариуцагч Ц.Г Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.А бодитоор хүлээн авсан 90,000,000 төгрөгийг буцаан өгөх үүрэг хүлээнэ.
8. Талууд зээлийн гэрээний хугацааг 3 сар байхаар, зээлийн хүүг сарын 10 хувь байхаар тогтоосон байна.
8.1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар нэг удаагийн шинжтэй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болохоор хуульчилсан. Зээлийн гэрээнд хүү тооцохоор тохиролцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.
8.2. Харин гэрээгээр тогтоосон зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болохоор Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд хариуцагч талаас хуулийн уг заалтын дагуу зээлийн хүүгийн хэмжээг 1,5% болгож багасгахыг хүссэн.
8.3. Зээлийн гэрээгээр тохирсон 10 хувийн хүүгийн хэмжээг зээлийн хүүгийн зах зээлд тогтсон жишиг буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх газар, түүнчлэн тухайн орон нутгийн иргэд хоорондын зээлийн гэрээгээр тогтоож буй хүүгийн дундаж хэмжээтэй харьцуулах нь зээлийн хүүгийн хэмжээ “зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон” гэж үзэх үндэслэл болж болно.
8.4. Гэрээнд тохирсон сарын 10 хувийн хүү нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 1,5 хувиар тооцуулах хүсэлтийн үндэслэлийг баримтаар нотлоогүй. Иймд шүүх 10 хувийн хүүгийн хэмжээг 5 хувь болгож багасгах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
8.5. Хариуцагч Ц.Г нь зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчээс шилжүүлсэн 90,000,000 төгрөгийг сарын 5 хувиар тооцвол сард 4,500,000 төгрөгийн хүү, 3 сарын хугацаанд 13,500,000 төгрөг, зээлийн төлбөр 90,000,000 төгрөгтэй нийлээд бүгд 103,500,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.
8.6. Зээлийн гэрээний хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хариуцагчаас нэхэмжлэгчид 6 удаагийн гүйлгээгээр нийт 30,000,000 төгрөг төлж, нэхэмжлэгч Н.А 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 30,000,000 төгрөг нэмж төлсөн нь шилжүүлгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах үед төлөгдсөн байсан 30,000,000 төгрөгийг гэрээний дагуу төлвөл зохих 103,500,000 төгрөгөөс хасвал 73,500,000 төгрөг болж байгааг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байсан байна.
9. Зээлийн төлөгдөөгүй дүн 73,500,000 төгрөгөөс алданги тооцож шаардах эрхтэй. Тодруулбал:
9.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар алдангийн талаар зээлийн гэрээнд тусгасан байх тул нэхэмжлэгч хариуцагчаас хэтэрсэн хугацааны алданги шаардах эрхтэй. Гүйцэтгээгүй үүрэг болох 73,500,000 төгрөгөөс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцвол хоногт 367,500 төгрөг, үүнийг хугацаа хэтрүүлсэн 58 хоногт тооцвол 21,315,000 төгрөг болж байна.
9.2. Нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл 73,500,000 төгрөг, алданги 21,315,000 төгрөг, нийт 94,815,000 төгрөг шаардахаас хариуцагчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нэмж төлсөн 30,000,000 төгрөгийг хасч, үлдэх 64,815,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэн, илүү шаардсан 34,185,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10. Нэхэмжлэлийн дараагийн шаардлагаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүсэж, хариуцагч тал нэхэмжлэлийн уг шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
10.1. Талуудын байгуулсан барьцааны гэрээгээр зээлдэгч Ц.Г өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалахаар тохиролцож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан үндсэн нөхцөлийг тусган, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасны дагуу бичгээр байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.
10.2. Гэвч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр зохицуулсан Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь заалтыг зөрчиж гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иймд хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан Н.А нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
11. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 873,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэлд тооцогдох тэмдэгтийн хураамж 482,025 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Г зээлийн гэрээний үүрэгт 64,815,000 /жаран дөрвөн сая найман зуун арван таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 34,185,000 /гучин дөрвөн сая нэг зуун наян таван мянган/ төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5..дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ..дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 873,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г482,025 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА