Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 696

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч С.Солонго,    

Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

Хохирогч П.Цогтбаатар,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 1806024520784 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    

     Үйлдсэн хэргийн талаар:

            Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Марал зочид буудал дотор П.Цогтбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсэн гэмт хэрэгт холбогджээ.                                                                    /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Д.Бд холбогдох эрүүгийн 1806024520784 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч П.Цогтбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 02 сарын 03-ны өдөр Мөнхсайхан надруу залгаад Марал гэх зочид буудалд хүрээд ир гэсэн. Би 18 цаг өнгөрч байхад очсон. Тэнд Мөнхсайхан, Чинбат, Шоогий, тэр өдөр танилцсан Б, Ганзориг нар архи уугаад сууж байсан. 2 шил архи байснаас уулцсан. Архи ууж байхдаа Б,  Ганзориг нартай хөзөр тоголсон. Ингээд хөзөр тоглож байгаад би больё гэсэн. Хажуугаас Шоогий ч бас тоглохоо боль гээд хөзөр ураад хаячихсан. Би гадуур хувцасаа өмсөөд сууж байсан орноос босох гэтэл Б өөдөөс хараад сууж байснаа ширээн дээрээс архины шил аваад миний толгой дээр цохьсон. Тэгээд шил нь хагарч архи нь толгой дээр асгарсан байсан. Ингээд Б гарч яваад бусад нь араас нь гарцгаасан. Дэлгүүрээс архи аваад бүгд Мөнхсайханы гэрт орсон. Гал тогооны өрөөнд сууж байхад Б орж ирээд намайг эргээд хартал шууд зүүн нүд рүү цохьсон. Ганзориг салгаад аваад явсан. Анх Б миний толгойн оройд шилээр цохиход толгой өвдөж байсан ба гаднаа ямар нэгэн шарх үүсээгүй. Дараа зүүн талын хөмсөг рүү цохиход нүд хөхөрсөн. Би тухайн үед Мөнхсайхан ахын гэрт толгой өвдөөд 3 хоносон. Тэгээд 2-р сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30-р хорооны өрхийн эмнэлэгт очиж үзүүлэхэд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гээд бичиг хийж өгсөн. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд томографийн зураг авхуул гэсэн. Тэгээд дугаар аваад 2-р сарын 12-ны өдөр томографийн зураг авхуулаад эмчид үзүүлэхэд хэвтэж эмчлүүлнэ гэсэн. Ор байхгүй, цагаан сарын дараа бол" гэсэн. Тэгээд надад эм, тариа бичиж өгөөд хөдөлгөөнгүй хэвтрийн дэглэм сахиарай гэж хэлсэн. Томографийн зурагаар тархинд цус хурсан байна. Цусыг шимэгдүүлэх эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэж хэлсэн.

Би "Жинст" гээд хувийн эмнэлэгт 2-р сарын 28-наас 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Цаашид намайг дахиж зураг авхуулаарай гэсэн ба Цэргийн коспиталийн эмнэлэгт томографийн зургийг Жинст эмнэлэгт хэвтэхээс өмнө авахуулахад “шимэгдүүлэхгүй бол цэлцэгнүүр үүссэн байна, эмчилгээ хийлгэхгүй бол унаж татдаг өвчтэй болно" гэж хэлсэн. Одоо дахиад томографийн зураг авхуулж цус хуралт нь яаж шимэгдснийг шинжлүүлэх шаардлагатай байна. Одоо би эмчийн бичиж өгсөн эмийг хэрэглэж байгаа. Надад эмчилгээний зардалд гарсан баримтууд бүгд байгаа. Мөн 2018 оны 2-р сарын 3-наас хойш 3-р сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан ба ажилдаа яваагүйгээс цалин бодогдоогүй тул энэ хугацааны цалингаа нэхэмжилнэ. Учирсан хохирол болон цаашид эмчилгээнд гарах зардлаа төлүүлбэл гомдол санал байхгүй  гэх мэдүүлэг /хх-ийн 12-15/,

 

Гэрч Г.Мөнхсайханы мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 2-р сарын 3-ны өдөр Б нэг хэт хутга үзүүлж зарах гээд нутгийн найзууд болох Чинбат, Ганзориг, Шонтуу бид нар Баянзүрх дүүргийн 16-р хороо, Батлан хамгаалахын их сургуулийн замын эсрэг талын Марал гээд зочид буудлын үүдэнд уулзаад тэр буудалд өрөө авч орсон. Тэгээд тэр хутгыг үзэнгээ 2 шил архи ууцгаасан. Тэгээд нутгийн дүү болох Цогтбаатар нь бид нар руу утсаар яриад ирсэн. Цогтбаатар ирээд сууж байсан ба түүнийг ирснээс хойш нэг шил архи задлаад 2-3 хундага ууцгаагаад сууж байтал гэв гэнэт Б сууж байсан Цогтбаатарын толгой руу ширээн дээр байсан ууж байсан архины шилийг аваад цохьсон. Архи нь арай дуусаагүй байсан ба шил нь тэр дороо хагарсан. Тэгэхэд Цогтбаатар цус гоожлоо гэсэн ба түүний толгойг үзэхэд цус биш хагарсан шилэнд байсан архи гоожсон байсан. Яагаад цохиж байгаа юм гэхэд Баатархүү ч юм яриагүй, Цогтбаатар ч нэг их юм яриагүй. Хэрүүл, зодоон ч болоогүй. Тэгээд архи уухаа больцгооё, тарья гээд буудлаас гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 сарын 20-ны өдрийн 2585 дугаартай:

П.Цогтбаатарын биед тухайн үед тархи доргилт, их тархины баруун зулайн дэлбэнгийн тархины эдрийн няцрал /1,4 х 0,7/ гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 24/

 

Шүүгдэгч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Цогтбаатар нар хоёр, гурвуулаа нийлж намайг зальдаж хөзрийн гараан дээр маргаан үүсгээд Шоогий нь хөзөр аваад урчихсан. Уг нь энэ тоглоомон дээр би хожчихоор байсан. Тэгээд л бухимдахдаа ширээн дээр байсан архины шилээр Цогтбаатарын толгойд цохьсон.

Эхлээд нэг хүний 25,000 төгрөгийн мөрийтэй муушги тоглосон. Анх би тоглоогүй ба тоглох зорилготой ч очоогүй, ингээд тэд 5-уулаа тоглож байгаад нэг нь архинд явахаар гарч нэг суудал гарахаар нь намайг өдөж тоглох уу гэхээр нь би тоглохоор суусан. Тэгээд архидалт болоод би мөнгөө алдаж эхэлсэн. Ингээд муушги тоглож байгаад хүмүүс нь цөөрсөн. Тэр хооронд Намараа ч гэсэн яваад өгсөн. Тэгээд үлдсэн цөөн хүмүүс нь 13 гэдэг хөзөр тоглосон гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/

 

-хохирогчийн өргөдөл /хх-ийн 5/

-шүүгдэгч Д.Бгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 33/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: ГССҮТ-ийн компьютерт томографийн дүгнэлт, Цэргийн төв эмнэлэгийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 51-52/, хохиролын талаарх баримтууд /хх-ийн 53-60/, Д.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа  хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 27-29/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч Д.Б иргэн П.Цогтбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч П.Цогтбаатар нь шүүгдэгчээс нийт 3.450.600 төгрөг нэхэмжилсэн байна. Хэрэгт авагдсан материалаас дүгнэхэд хохирогч П.Цогтбаатар нь Д.Бд зодуулж биедээ гэмтэл авсны улмаас ямар онош, шалтгаанаар хэзээнээс хэзээг хүртэл Эко констракшн ХХК-д ажиллаагүй талаарх ажил олгогчийн баримт хэрэгт авагдаагүй байна. Уг баримт байхгүй байх учир хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцох боломжгүй байна.

Мөн хохирогч нь эм тариа худалдаж авч хэргэлсэн гэх баримтууд хэрэгт байх боловч ямар эмчилгээг хэрхэн хийх талаарх эрх бүхий этгээдийн заалт, заавар бүхий баримт байхгүй байгаа учир эмчилгээний талаарх хохиролыг гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд хохирогч П.Цогтбаатарын хохиролын талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Бгээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч П.Цогтбаатар нь хохиролын талаарх баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  6. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ