| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/02750/И |
| Дугаар | 192/ШШ2026/00806 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2026/00806
2026 01 16 192/ШШ2026/00806
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ** байранд байрлах, Т /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, З овогт Э.Э /РД:**/,
Хариуцагч: ** тоотод оршин суух, Б овогт Б.Б /РД:**/ нарт холбогдох,
Төрд учруулсан хохиролд 42 546 111 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагч Э.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Э.Э-ийн өмгөөлөгч Э.Э, хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, иргэдийн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д "Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй" гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж, 50.2-т "Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасан. Э.Э нь Оюуны өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/07 дугаар тушаалаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучин нэрээр/ Тамгын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Т.Г-ыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Иргэн Т.Г нь дээрх 2018 оны Б/07 дугаар тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0280 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2019/0368 дугаар магадлал тус тус гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" А/80 дугаар тушаалаар 13 042 736 төгрөг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019-2021 оны нийгмийн даатгалын шимтгэлд 1 766 555 төгрөг, нийт 14 809 291 төгрөгийг Т.Г-ын ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож олгожээ. Түүнчлэн Т.Г-ыг шүүхийн шийдвэрийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/66 дугаар тушаалаар эгүүлэн томилсон байна. Иргэн Т.Г нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2021/01852 дугаар захирамжаар хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож баталсан байна. Дээрх иргэний хэргийн шийдвэрийн дагуу нийт 27 736 820 төгрөгийг Т.Г-д ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох байснаас Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" А/82 дугаар тушаалаар 20 000 000 төгрөгийг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 02 дугаар гарын 06-ны өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" А/36 дугаар тушаалаар 7 736 820 төгрөгийг тус тус олгосон байна. Иймд Э.Э, Б.Б нарын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 42 546 111 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагч Э.Э-ээс 14 809 291 төгрөгийг, хариуцагч Б.Б-оос 27 736 820 төгрөгийг тус тус гаргуулж, Төрийн сангийн 100900021501 тоот дансанд оруулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Э.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ "...Э.Э нь Оюуны өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/07 дугаар тушаалаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Т.Г-ыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Иргэн Т.Г нь дээрх 2018 оны Б/07 дугаар тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0280 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2019/0368 дугаар магадлал тус тус гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн "Хөрөнгийн хуваарилах тухай” А/80 дугаар тушаалаар 13 042 736 төгрөг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019-2021 оны нийгмийн даатгалын шимтгэлд 1766 555 төгрөг, нийт 14 809 291 төгрөгийг Т.Г-ын ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож олгожээ. Э.Э-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 14 809 291 төгрөгийг буруутай албан тушаалтан Э.Э-ээс гаргуулж өгнө үү гэжээ. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дох хэсэгт "Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна" гэж зааснаар Т.Г нь өөрт учирсан хохирлоо Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэхэмжилсэн байдаг. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр дээр тухайн ажилгүй байсан хугацааны цалинг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх мөн адил УБЕГ-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэн байдлыг харвал Т.Г-ын ажилгүй байх хугацааны цалинг буруу шийдвэр гаргасан хариуцлага хүлээх ёстой этгээдээс гаргуулахаар шийдвэрлэсэн байгааг хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн байдлаас харж болохоор байна. Ажилгүй байсан хугацааны цалинг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн энэ нь өөрөө төрд хохирол учруулсан этгээд нь Э.Э бус харин тухайн үеийн буруутай шийдвэр гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан гэдгийг харуулж байна. Э.Э нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан биш. Мөн Э.Э-ийн гаргасан шийдвэрээс болж төрд хохирол учраагүй, төрд хохирол учруулсан, төрөөс хохирол гаргуулсан этгээд нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан байна. Өөрөөр хэлбэл гурван шатны шүүхийн шийдвэр дээр дүгнэснээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг үндэслэж Оюуны өмчийн газрын дарга байсан Э.Э-ийн шийдвэр тушаал гарсан байна. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 365 дугаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Э.Э-г Оюуны өмчийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Мөн Э.Э нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалыг хашиж байгаагүй болно. 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2019/0368 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын эс үйлдэхүйн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар Т.Г нь Улсын бүртгэлийн ерөнхий газард холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул зохигчдын эвлэрлийг шүүхээр баталсан. Иймд Э.Э нь хууль бус шийдвэр гаргасан этгээд биш байх тул Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй Э.Э-д холбогдох 42 546 111 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Их Хурлын "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2018 оны 31 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын "Засгийн газрын зарим агентлагийн талаар авах арга хэмжээний тухай" 175 дугаар тогтоолоор Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газрыг тус тус байгуулсан байдаг. Б.Б нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилогдсон. Б.Б нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/103 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгээс өгсөн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн "Ажлын хэсэг байгуулах тухай А/01 тушаалаар "Засгийн газрын зарим агентлагийн талаар авах арга хэмжээний тухай" 175 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар холбогдох арга хэмжээ авах үүрэг бүхий Ажлын хэсгийг Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн даргаар ахлуулан байгуулж ажиллуулсан бөгөөд уг Ажлын хэсгийн танилцуулгыг үндэслэн "Санал хүргүүлэх тухай" 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 дугаар албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар тогтоолд заасны дагуу Оюуны өмчийн газарт шилжүүлэх ёстой 31 орон тоонд нэр бүхий 29 албан хаагчдын нэрс, дэлгэрэнгүй танилцуулгын хамт Ажлын хэсгийн ахлагч болох Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн. Харин дээрх албан бичгээс өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/123 дугаар тушаалаар "Оюуны өмчийн газар"-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал зэрэглэлийг баталсан, ийнхүү батлахдаа Т.Г-ын эрхэлж байсан ажил багтаагүй гэдгийг хувьд мэдээгүй, мэдэх ч боломжгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрийн бүрэн эрхийн дагуу харьяа агентлагийнхаа бүтцийг баталсан, энэ ажиллагаанд Б.Б-ийн хувьд оролцох ч боломжгүй, оролцоогүй. Түүнчлэн Оюуны өмчийн газрын бүтцийг баталсан талаараа тухайн үед Ажлын хэсэг болоод Хууль зүй, дотоод хэргийн яамнаас түүнд мэдэгдээгүй байдаг. Хэрэв мэдэгдсэн бол Т.Г-ыг шилжүүлэхээр хүргүүлэхгүй байх, хохирол учрахаас сэргийлэх боломжтой байсан гэж үзэж байна. Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулсан Ажлын хэсгээс уг албан бичгийг судлан үзсэний үндсэн дээр Төсвийн ерөнхийлөн захирагч уг асуудлыг эцэслэн шийдвэрлэж, "Орон тоо, төсөв, хөрөнгө шилжүүлэх тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/128 дугаар тушаалыг баталж, Оюуны өмчийн газарт 31 орон тоо 262 290 700 төгрөгийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн тушаалын хаагчдыг заалтаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газрын дарга нарт албан хаагчдыг тус тусын агентлагт томилохыг даалгасан. Өөрөөр хэлбэл, Оюуны өмчийн газарт шилжүүлэх 31 орон тоо, албан хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Оюуны өмчийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн болно. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/128 дугаар тушаалын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1-4/3298 дугаар албан бичгээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг өөрчлөн зохион байгуулж байгаатай холбогдуулан Төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд үлдээх албан хаагчдын санал болон Оюуны өмчийн газарт орон тоо, төсөв, хөрөнгийг шилжүүлэх, хүлээлцэхтэй холбоотой бэлтгэл ажлын талаарх танилцуулгыг Оюуны өмчийн газарт хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлохдоо Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон байна. Энэ тохиолдолд хэрэгт авагдсан захиргааны акттай холбоотой маргааныг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдэд хариуцагчийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан гэм буруутай болохыг ямар ч эргэлзээгүй шууд тогтоогдсон гэж үзэх үндэслэл болохгүй юм. Тийм ч учраас Захиргааны хэргийн шүүх гэм буруугийн шууд санааны үед илэрдэг өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдэж, үүний улмаас бий болох үр дүнг хүсэж бий болгосон шинжийн талаар дүгнээгүй. Мөн захиргааны актаа хууль бус болохыг мэдсэн, мэдэх боломжтой байсан боловч түүний эцэст учрах хохирлыг гаргуулахгүй урьдчилан сэргийлж чадна гэж хөнгөмсгөөр найдсан, эсхүл хайхрамжгүй хандсан буюу болгоомжгүй гэм буруугийн талаар ч дүгнэлт өгөөгүй юм. Энэхүү маргааныг шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийг тухайн маргаанд шууд хамааран хэрэглэгдэх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсэг, 498 дугаар зүйлтэй уялдуулж буюу системийн хүрээнд тайлбарлан авч үзэх ёстой. Ийнхүү авч үзвэл, гэм хор учруулсан этгээд зайлшгүй гэм буруутай байхыг, нарийвчлан авч үзвэл шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй байдлаар гэм хор учруулсан байхаар байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан журмын дагуу хохирол нэхэмжилж байгаа бол дээр дурдсанчлан гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэлээ тодорхой гаргахын зэрэгцээ тухайн захиргааны акт гарахад олон этгээдийн оролцоо байсан бол хариуцагчид ногдох хохирлын хэмжээг зөв тодорхойлох ёстой. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт "Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө." гэж заасан. Түүнчлэн, байгууллага, албан тушаалтны бусдад гэм хор учруулсны хохирлыг хэрхэн арилгахтай холбогдсон харилцааг тусгайлан зохицуулсан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт гэм буруугийн шууд санаатай, илтэд болгоомжгүй хэлбэр байхыг шаардсан байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага буюу хохирлыг хариуцахын тулд гэм буруутай үйлдэл ба хохирол хооронд шалтгаант холбоо байх учиртай, хохирол буюу үр дагавар гарсан хэдий ч гэм буруутай үйлдэл байхгүй, энэ тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497 2, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу хариуцлагаас чөлөөлөгдөнө. Эдгээрээс нэгтгэн авч үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдахын тулд (1) хариуцагчийн шууд санаатай, өөрөөр хэлбэл, Т.Г-ыг үндэслэлгүйгээр дур зоргоор халсан байх, (2) илтэд болгоомжгүй буюу Т.Г-ыг ажлаас халах процессыг зохих журмын дагуу явуулаагүй эс үйлдэхүй байх шаардлагатай болно. Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ." гэж, 50.2 дахь хэсэгт "Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана." гэж тус тус заасан. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны зөвлөл нь төрд учирсан хохирлыг шаардах эрхтэй хэдий ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн хохирлыг арилгасан байгууллага нь гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэм хорыг арилгасан байгууллага нь Төрийн албаны зөвлөл биш, харин Хууль зүй, дотоод хэргийн яам байх бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар 14 809 291 төгрөгийг, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" А/82 дугаар тушаалаар 20 000 000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" А/36 дугаар тушаалаар 7 736 820 төгрөгийг, нийт 42 546 111 төгрөгийг Т.Г-д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмнөх хоёр шүүхийн шийдвэрийг хангаж өгнө үү.” гэв.
5. Нэхэмжлэгчээс, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дугаартай Төрийн албаны зөвлөлийн даргаар улируулан томилох тухай тогтоол, 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 04/848 дугаар Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаал, Төсөвт байгууллагад холбогдох гүйцэтгэх баримт бичгийн судалгаа, Төлбөрийн хүсэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019, 2020, 2021 оны нөхөн төлөлтийн тайлан, Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж байгаа даатгуулагчийн 2019, 2020, 2021 оны нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /шүүхийн шийдвэрээр/, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0280 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2019/0368 дугаар магадлал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/66 дугаар Т.Г-ыг албан тушаалд томилох тухай тушаал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2021/01852 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаал, Төлбөр төлөгч-Улсын төсвийн байгууллагад холбогдох гүйцэтгэх баримт бичгийн жагсаалт, Төлбөрийн хүсэлт, Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/36 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаал, Төлбөрийн хүсэлт, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар өгсөн.
Хариуцагч Э.Э-ээс, итгэмжлэл, хариу тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/01466 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/01262 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2024/00236 дугаар тогтоол, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар өгсөн.
Хариуцагч Б.Б-оос, итгэмжлэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/01 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаал, Т.Г-ын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Д-д гаргасан өргөдөл, Өргөдөл гомдлын бүртгэлтийн карт, Т.Г-ын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Захиргаа, эрх зүйн хэлтэст гаргасан өргөдөл зэргийг нотлох баримтаар өгсөн.
Шүүхээс, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газраас Т.Г-ыг Оюуны өмчийн газар руу шилжүүлэн томилсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал, Э.Э-г түр үүрэг гүйцэтгэгчээр томилж байсан талаарх баримт, Хууль зүй, дотоод хэргийн яам, Оюуны өмчийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар тушаал, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/80 дугаар тушаал, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Т.Г-д 13 042 736 төгрөг шилжүүлсэн №84 дугаартай төлбөрийн хүсэлт, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Засгийн газрын дугаар тогтоолоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар болгон төрийн байгууллагыг өөрчлөн байгуулсантай холбоотой Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газруудын бүтэц орон тоог шинэчлэн баталсан шийдвэр, Оюуны өмчийн газраас Э.Э-г Оюуны өмчийн газрын даргаар томилсон шийдвэрийг, томилсон шийдвэр, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Б.Б-ийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилсон, чөлөөлсөн шийдвэр, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" А/36 дугаар тушаал, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Сайдын 2018 оны 05 сарын 28-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/103 дугаар тушаал, Сайдын 2018 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн “Оюуны өмчийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын хөтөлбөр, бүтцийг батлах тухай” А/123 дугаар тушаал, Сайдын 2018 оны 06 сарын 28-ны өдрийн “Орон тоо, төсөв, хөрөнгө шилжүүлэх тухай А/128 дугаар тушаал, Сайдын 2018 оны 06 сарын 29-ны өдрийн 1-4/3298 дугаартай Оюуны өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Э-д хүргүүлсэн албан бичгийг хавсралтын хамт нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Т нь хариуцагч Э.Э-ээс 14 809 291 төгрөг, хариуцагч Б.Б-оос 27 736 820 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Б.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 дугаар Санал хүргүүлэх тухай албан бичгээр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Т.Г-ыг Оюуны өмчийн газар шилжүүлсэн, хариуцагч Э.Э нь Оюуны өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Т.Г-ыг албан тушаалаас нь чөлөөлсөн, ...дээрх саналын холбогдох хэсэг, тушаал шүүхийн шийдвэрээр хүчингүй болж, Т.Г-ыг ажилд нь эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн шийдвэр, магадлалаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 14 809 291 төгрөгийг төрөөс гаргуулан олгосон. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн олгосон 14 809 291 төгрөгийг хариуцагч Э.Э-ээс гаргуулна. Хариуцагч Б.Б шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйгээс Т.Г Иргэний шүүхэд хандаж, улмаар түүнд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 27 736 820 төгрөгийг олгосон уг мөнгийг Б.Б-оос гаргуулахаар шаардлага гаргасан...” гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагч нар гэм хор учрахад хэний буруутай үйлдэл, эс үйлдэл байсан эсэх талаар маргасан. Харин хариуцагч Э.Э нь Оюуны өмчийн газрын даргын албан үүргийг, хариуцагч Б.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг гүйцэтгэж байсан талаараа маргаагүй.
5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар Ажлаас чөлөөлөх тушаалаар “Монгол улсын Засгийн газрын 2018 оны 175 дугаар тогтоолоор Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/ татан буугдаж, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/123 дугаар тушаалаар Оюуны өмчийн газрын бүтэц, орон тоо батлагдсантай холбогдуулан Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/-ын Тамгын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Т. Г-ыг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. Уг тушаалыг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Э гаргасан байна.
5.2. Т.Ганжаргал нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0280 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 22/МА2019/0368 дугаар магадлалаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 дугаар Хууль зүй, дотоод хэрийн яаманд “Санал хүргүүлэх тухай” албан тоотын 1 дүгээр хавсралтын 8-д дурдсан Т.Г-д холбогдох хэсэг, Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Т.Г-ыг урьд эрхэлж байсан албан тушаалтай нь дүйцэхүйц Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 13 042 736 төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж Т.Г-д олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж зохих бичилт хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.
5.3. Дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг үндэслэн Хууль зүй дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаал, түүний хавсралтын 43 дугаарт, 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр төсвөөс Т.Г-д ажилгүй байсан хугацааны цалин 13 042 736 төгрөг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019-2021 оны нийгмийн даатгалын шимтгэлд 1 766 555 төгрөг, нийт 14 809 291 нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож олгосон болох нь тогтоогдож байна.
5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Тодруулбал, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч энэхүү үүргээ биелүүлэх учиртай.
5.5. Т.Г нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Б-д хандан “...шүүхийн шийдвэрийг биелүүлж үүрэгт ажилд маань эгүүлэн томилж өгнө үү...” гэх хүсэлт, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Захиргаа, эрх зүйн хэлтэст “...шүүхийн шийдвэрийг биелүүлж, үүрэгт ажилд эгүүлэн томилж өгөх өргөдөл гаргасан боловч албан ёсоор хариу өгөөгүй...” гэх өргөдөл, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мөн шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилд томилж өгнө үү гэх өргөдлийг тус тус гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
5.6. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар Т.Г-ыг шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилд томилж шийдвэрлэжээ.
5.7. Ажилтан Т.Г нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шүүхэд мэдүүлэх эрхээ дахин хэрэгжүүлсэн байх ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2021/01852 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 27 441 662 төгрөгийг нэхэмжлэгч Т.Г-д төлөх, нийгмийн даатал боон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхээр тохирсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5.8. Дээрх шийдвэрийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаал, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/36 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаалаар Т.Г-д төсвөөс 27 441 662 төгрөгийг олгосон болох нь баримтаар тогтоогдож байна.
5.9. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр заасан.
5.10. Иргэний хуулийн 498 дугаар зүйл нь албан хаагч, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтнуудын бусдад учруулсан хохирлыг хэрхэн арилгахтай холбоотой харилцааг зохицуулсан тусгай хэм хэмжээ бөгөөд мөн зүйлийн 498.5 дахь хэсэг нь ажилтны бусдад учруулсан хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах харилцаанд үйлчилнэ.
5.11. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт ийнхүү ажилтнаас шаардах эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг бус, тодорхой хэлбэрийг дурдан “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зөрчил гаргасан этгээд уг зөрчилд гэм буруутай байхыг шаардсаныг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгтэй уялдуулан тайлбарлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч гаргасан зөрчилдөө шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй гэм буруутай бол тус хуульд заасан хариуцлага хүлээхээр заасан.
5.12. Хуульд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбоотой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0280 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 22/МА2019/0368 дугаар магадлал “...Монгол улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, 2 дахь заалтаар Улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, 2 дахь заалтаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газрыг тус тус байгуулсан байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/123 дугаар тушаалаар Оюуны өмчийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын хөтөлбөр бүтцийг, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/131 дүгээр тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг баталжээ. Гэтэл дээрх бүтцийн өөрчлөлтийн дагуу тус хоёр агентлагийн үйл ажиллагааны стратеги, бүтэц, зохион байгуулалтыг батлагдахаас өмнө Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 албан бичгээр Т.Г-ыг Оюуны өмчийн газарт шилжүүлж, харин Оюуны өмчийн газрын 7даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Төрийн албаны тухай /2002/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг үндэслэн төрийн албанаас чөлөөлсөн...” үйл баримтыг дүгнэсэн байна.
5.13. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагыг өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг ямар хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, ямар үүрэг хүлээсэн нь тодорхойгүй байхын зэрэгцээ татан буугдаж байгаа болон шинээр байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтны тухайн тохиолдолд хэрэгжүүлэх эрх, үүргийг нарийвчлан зохицуулаагүй, тодорхой бус байснаас ажилтан, албан хаагчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн үйлдэлд хариуцагч Э.Э шууд санаатай болон болгоомжгүй гэм буруутай гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 14 809 291 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Харин, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцагч Б.Б-ийн шууд санаатай үйлдлийн улмаас төрд хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
6.1. Тодруулбал, Т.Г-ыг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон цаг хугацаанд хариуцагч Б.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд Т.Г нь хариуцагч Б.Б-д хандан шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилд томилох хүсэлт гаргаж байсан байх боловч тэрээр ямар шалтгаанаар шийдвэрлээгүй болох нь тодорхойгүй байна.
6.2. Дээр 5.5-5.8-д дүгнэсэнчлэн, хариуцагч Б.Б-ийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас 27 441 662 төгрөгийн хохирол төрд учирсан байх тул нэхэмжлэгч Т-ийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй тогтоогдов.
7. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч Т-ийн хариуцагч Э.Э-д холбогдуулан гаргасан 14 809 291 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Баасандоржид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Б.Б-оос 27 441 662 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
8. Томилогдсон иргэдийн төлөөлөгч Д.Д нь нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй талаар дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т-ийн хариуцагч Э.Э-д холбогдуулан гаргасан 14 809 291 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Б-оос 27 441 662 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 295 158 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХЖАРГАЛ
Ц.ОЮУНБИЛЭГ