| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/04753/И |
| Дугаар | 192/ШШ2025/10692 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/10692
2025 12 12 192/ШШ2025/10692
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ...дүгээр хороо, Буянт-Ухаа ..., Архивчдын гудамж, ....дүгээр байрны ....тоот хаягт оршин суух, ...овогт ....Э /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн ...дүгээр хороо, ...тоот хаягт байрлах бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Horse motors төв, Е блок, ...дугаар давхар, .....хаягт үйл ажиллагаа явуулдаг, “Т” ХХК /РД:..../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 75,061,060 /далан таван сая жаран нэгэн мянга жаран/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б /0321/ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
1.1. Ж.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Т” ХХК-тай Автомашин худалдах, худалдан авах №24/25 тоот гэрээ байгуулж HONGQI EQM5 маркийн, ****арлын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, шинэ цахилгаан автомашиныг худалдан авсан. Гэтэл автомашиныг худалдаж аваад 10 хүрэхгүй хоногийн дараа 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн уг автомашинд дараах доголдлууд үүсч эхэлсэн. Үүнд:
- Дэлгэц асахгүй байх, дэлгэцний мэдрэгч ажиллахгүй байх, мэдрэгч нь халаалтаа удирдахгүй цанталт үүсгэх, дэлгэцийн гэрэл байнга бүдгэрч тодрох, ФМ огт ажиллахгүй байх,
- Хол замд явж байхад гэнэт хүйтнээр үлээж, халуун хүйтний тохируулга ажиллахгүй байх, салон нь хуучин машин шиг чимээ гарч тухгүй байдал үүсгэх, жолоочийн суудал хөдөлгөөн орох гэх мэт доголдлууд үүссэн.
1.2. Дээр дурдсан доголдолтой холбоотой гомдлыг тухай бүрт нь хариуцагч байгууллагын худалдааны зөвлөх, менежер, инженерт хэлж, засуулах гэж оролдсон ч үр дүнд хүрээгүй ба доголдлыг арилгахын тулд автомашинаа бүтэн сарын турш хариуцагч байгууллагын засварын төвд үлдээсэн боловч БНХАУ-аас захьсан гэх сэлбэг нь огт ирээгүйгээс маргаан үүсч, сүүлдээ холбогдох хүмүүс нь утсаа авахаа больсон байна.
1.3. Албан ёсны эрхтэй гэх байгууллагаас цоо шинэ автомашин худалдан авч, тав тух, сэтгэл ханамж мэдрэхийг хүссэн боловч авсан цагаас эхлэн үүссэн доголдлуудаас болж маш их бухимдаж, зарим тохиолдолд автомашиныг унаж, ашиглаж чадахгүйд хүрч байсан хэдий ч уг автомашиныг авах зорилгоор Төрийн банкнаас авсан зээлийн хүүг тогтмол төлсөөр иржээ.
Иймд Автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт Төрийн банкнаас зээлж өгсөн 65,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, уг мөнгөний хүү 10,061,060 төгрөгийг гэрээнээс татгалзаж байгаатай холбоотой хохиролд тооцон шаардаж байна.
1.4. Хүн шинэ автомашин авдаг шалтгаан бол урт хугацаанд, ядаж 2-3 жилдээ ямар нэг толгой өвдөх зүйлгүйгээр автомашиныг унаж эдэлж хэрэглээд, сэтгэл амгалан байхын тулд авч байгаа. Гэтэл тухайн автомашиныг худалдаж аваад 7 хоноогүй байхад нэхэмжлэгчид асуудал үүсгэж эхэлсэн. Тэр дундаа цахилгаан автомашин бол цахилгаантай холбоотой доголдлууд гаргаж байгаа нь өндөр эрсдэлийг харуулж байгаа.
Цахилгаан автомашины хувьд сэнс үлээхгүй байх, дэлгэц нь асаж, унтрах, удирдлага нь удирдахгүй байх зэрэг доголдлууд маш ноцтой доголдол гэж үзэж байна. Бүтэн сарын хугацаанд хариуцагч байгууллагад боломж олгоод цоо шинээр авсан машинаа буцааж засварт өгөөд, бүтэн сарын хугацаанд өөр машин унаж яваад хүлээцтэй хандсан боловч БНХАУ руу явуулсан сэлбэг гэх зүйл нь ирэхгүй байснаас болж энэ асуудал хурцдаж, арга буюу нэхэмжлэгч хуульд болон гэрээнд заасны дагуу гэрээнээсээ татгалзаж, автомашиныг буцаан хүлээлгэж өгсөн үйл баримт нотлох баримтаар тогтоогдож байна.
1.5. Хариуцагч тал тухайн доголдлыг баталгаанд хамаарахгүй гэж байна. Гэвч нотлох баримтад тухайн автомашины ямар доголдлыг баталгаанд хамааруулах, ямрыг хамааруулахгүй гэдэг асуудал огт дурдагдаагүй. Мөн автомашиныг 05 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч байгууллага хүлээгээд авсан байгаа. Гэтэл наадмын дараа завсарлаж дуусаад, нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх гэхэд аваагүй гэдэг асуудал яриад байна. Энэ зүйл бодитоор огт болоогүй ба үүнтэй холбоотой ямар ч баримтыг хариуцагч байгууллагаас өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэсэн байр суурь хэвээрээ байна.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
2.1. Манай компани 2024 оны Хятад улсад үйлдвэрлэгдсэн HONGQI EQM5 гэдэг машиныг борлуулсан. Зарим жижиг гэмтэл засвар үйлчилгээ хийх шаардлага гарсан. Бид машиныг баталгаат хугацаанд засаж бүрэн бүтэн хүлээлгэж өгч байсан бөгөөд баталгаат хугацаандаа ямар нэгэн гэмтлийг баталгаат хугацааг дуустал үйлчилгээ хийх ёстой машиныг буцааж болон бүтэн төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. Ямар нэгэн эвлэрэлд хүрэх боломжтой.
2.2. Худалдагч тал үйлдвэрлэлийн баталгаа олгож байгаа гэдэг нь мотор, кроп болон үндсэн явах эд анги, батарейны асуудал дээр баталгаа олгосныг хэлж байгаа. Харин дэлгэц тодорхой хэмжээнд асаж унтрах, суудал дугарах, битүүмж муу байгаа гэх зэрэг нөхцөл байдлууд нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт зааснаар нэг хэсэг нь доголдолтой байсан бол түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэх үндэслэлгүй гэж зааснаар автомашин бүхэлдээ доголдолтой гэж үзэхгүй. Хариуцагч тал 07 дугаар сарын эхээр наадмаас өмнө автомашиныг бүрэн засварлаж дуусаад нэхэмжлэгч Ж.Э танилцуулсан боловч сэтгэл ханамж байхгүй болсон гээд гэрээнээс татгалзсан гэж байгаа нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй юм.
2.3. Гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “худалдан авагч нь автомашины доголдлыг арилгуулсан бол ямар ч тохиолдолд гэрээ цуцлах, татгалзах эрхгүй” гэж заасан байгаа. Иргэний хуульд талууд өөрийн хүсэл зоригийг чөлөөтэй илэрхийлж, гэрээ хэлцэл байгуулах бүрэн боломжтой ба талууд гэрээний үндсэн нөхцөлийг тогтоосон. Аль ч компани техник хэрэгсэлтэй холбоотой асуудал дээр сэтгэл ханамжийн баталгаа өгдөггүй. Тиймээс нэхэмжлэгчийн гаргаж байгаа сэтгэл ханамжгүй болсон гэдэг нь үндэслэлгүй юм.
2.4. Мөн банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүүгийн төлбөрийг хохиролд тооцож гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна. Ж.Э сайн дурын үндсэн дээр банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ хийж зээл авсан. Энэ эрсдэлийг өөрөө мэдэж байгаа, мэдэх байх боломжтой байсан. Тийнхүү зээл авснаараа хохирол учирчихлаа гэдэг байдлаар тайлбарлах үндэслэлгүй тул гэрээнээс учирсан хохиролд шаардаж буй нэхэмжлэлийг хариуцагч төлөх үндэслэлгүй байна. Нөгөөтээгүүр нэгэнт бэлэн автомашиныг гэрээний үүргийн хүрээнд нэхэмжлэгч ирж аваагүй нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байна.
3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлохоор гаргасан баримтууд: Ж.Э оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-5/, Автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх-6-9/, Ж.Э “Төрийн банк” ХК-тай байгуулсан Барьцаат зээлийн болон Фидуцийн гэрээ /хх-10-14/, Тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа /хх-15/, Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ /хх-16-17/, фото зургууд-нотлох баримтын шаардлага хангаагүй /хх-18-27/, 2025.05.20-ны өдрийн Машин хүлээж авсан тэмдэглэл /хх-31/, Автомашин хүлээн авах хуудас /хх-32/, дүрс бичлэг бүхий 2ш компакт диск,
4. Хариуагч талаас тайлбар, татгалзлаа нотлохоор гаргасан баримтууд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-38/, Шүүгчийн захирамжид гаргасан гомдолтой холбоотой баримтууд /хх-53-146/, тайлбар, татгалзалтай холбоотой аливаа нотлох баримт гаргаагүй байна.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар бүрдүүлсэн баримтууд: Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан дүрс бичлэг бүхий компакт диск, нэхэмжлэгчийн гар утасны чатад тус тус үзлэг хийсэн тэмдэглэл /хх-164-204/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Ж.Э хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан, 75,061,060 /далан таван сая жаран нэгэн мянга жаран/ төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлийг “хариуцагч биет байдлын доголдолтой хөрөнгө шилжүүлсэн, доголдлыг арилгуулахаар хэд хэдэн удаа хүлээлгэн өгч засварлуулахаар үлдээсэн ч доголдол арилаагүйн улмаас гэрээнээс татгалзан акт үйлдэж гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн учир төлбөрт төлсөн 65,000,000 төгрөг, тээврийн хэрэгслийг худалдаж авахын тулд Төрийн банк ХК-иас авсан зээлийн хүү 10,061,060 төгрөгийг гэрээнээс учирсан хохиролд тооцон шаардана” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг “тээврийн хэрэгслийг засварлаж, эд ангиудыг солих зэргээр доголдлыг арилгасан. Тээврийн хэрэгслийн явах эд анги доголдолгүй, баталгаа зөвхөн мотор, хроп, явах эд ангийн гэмтэлд хамаарах ба эдгээр эд ангиудад доголдол илрээгүй учир гол эд хөрөнгө доголдолгүй байна” гэж тайлбарлан маргав.
4. Хэргийн үйл баримт:
4.1. Талууд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчаас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, цахилгаан хөдөлгүүртэй HONGQI EQM5 маркийн шинэ тээврийн хэрэгслийг 65,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байна.
Дээрх гэрээнд худалдаж буй автомашиныг “эрхийн зөрчилгүй, зориулалтын дагуу хэвийн ашиглах боломжтой, зориулалтын дагуу хэвийн ашиглах боломжтой биет байдлын доголдолгүй, Олон улсын болон дотоодын чанар, стандарт, Худалдан авагчийн шаардлагад нийцсэн байна” гэж тодорхойлжээ.
4.2. Нэхэмжлэгч Автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэхээр 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Төрийн банк” ХК-тай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 65,000,000 төгрөгийг эд хөрөнгө худалдан авах зориулалтаар сарын 1 хувийн хүүтэй 30 сарын хугацаагаар зээлж аваад, гэрээний төлбөрийг хариуцагч “Т” ХХК-д төлсөн болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон.
4.3. Тээврийн хэрэгслийг худалдан авагчид “Автомашин хүлээн авах хуудас” гэх баримтаар хүлээлгэн өгч, уг баримтад Худалдах худалдан авах гэрээний хавсралтуудыг худалдан авагч талд өгөөгүй, автомашины баталгааны сертификат өгсөн талаар тэмдэглэж, автомашины бүрэн бүтэн байдлыг шалгах жагсаалтад “гадна өнгө үзэмж, дотор салоны өнгө үзэмж, түлхүүр” зэрэг шалгах хэсгүүдийг бөглөсөн байна.
Гэрээгээр худалдагч тал нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, үйлдвэрээс гарсан, шинэ, гэрээнд заасан нөхцөл шаардлага хангасан автомашиныг тогтоосон хугацаанд багтаан холбогдох бичиг баримтын хамт худалдан авагчийн өмчлөлд актаар хүлээлгэн өгөх, мөн автомашинтай хамт, түүний ашиглалтын заавар, танилцуулга, гарын авлага болон бусад шаардлагатай баримтуудыг иж бүрнээр худалдан авагчид хүлээлгэн өгөх, үүнтэй холбоотой нэмэлт мэдээллийг худалдан авагчийн хүсэлтээр гаргаж өгөх үүрэг хүлээсэн байх бөгөөд энэ үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэхээр байна.
4.4. Гэрээний зүйлийг хүлээн авснаас хойш 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэлд гарч буй доголдолтой холбоотойгоор нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын ажилтантай мессеж, вайбер чатаар холбогдож, доголдлыг засварлуулахаар буцааж хүлээлгэн өгч, доголдлуудыг дүрс бичлэгээр баримтжуулсан болох нь нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан дүрс бичлэгүүд, шүүхийн журмаар дүрс бичлэг болон чатад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нэхэмжлэлд дурдсан доголдлууд илэрсэн, улмаар худалдан авагч тал гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг худалдагч талд 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр буцаан хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдсон.
4.5. Хариуцагч талаас хэргийн 53-146 дугаар талд авагдсан баримтуудыг гаргасан ба тэдгээр баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдолтой холбоотой баримтууд бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг няцаах аливаа баримт хариуцагч талаас гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
5. Зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, ерөнхий нөхцөл болон төлбөр бүрэн төлөгдсөн, тээврийн хэрэгсэлд илэрсэн доголдлуудын улмаас гэрээний зүйлийг буцааж засварлуулах, БНХАУ-аас шинэ сэлбэг захиалж засварлуулах зэрэг арга хэмжээ авсан, худалдан авагч нь гэрээний зүйлийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр худалдагч талд хүлээлгэн өгч, буцааж аваагүй байгаа зэрэг үйл баримтын талаар маргаагүй.
Харин гэрээний зүйлийн доголдлын талаар харилцан адилгүй тайлбар гаргаж маргасан бөгөөд нэхэмжлэгч тал тээврийн хэрэгсэлд гарч буй доголдлуудын улмаас зориулалтын дагуу ашиглах боломжгүй тул гэрээнээс татгалзсан гэж, харин хариуцагч талаас тээврийн хэрэгслийн гол эд ангиудад доголдол илрээгүй байхад нэхэмжлэгч үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсан гэж тайлбарлан маргаж байна.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Мөн хуулийн 243.2 дахь хэсэгт “Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй” гэж заасан ба талуудын байгуулсан гэрээнд энэ үүргийг тодорхойлон зааж, холбогдох хавсралтуудыг дурдсан байна.
7. Маргаан бүхий гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн, талууд хэн аль нь хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн байгуулж, худалдан авагч Ж.Э гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон нотлох баримтаар тогтоогдсон.
7.1. Харин худалдагч тал нь хууль болон гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж биет байдлын доголдолгүй хөрөнгө, тухайн хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч талын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буюу гэрээгээр хүлээлгэж өгсөн тээврийн хэрэгсэлд “дэлгэцийн мэдрэгч ажиллахгүй, дэлгэц асахгүй, мэдрэгч нь халаалтаа удирдахгүйгээс цанталт үүсэж, удирдлагагүйгээр халуун хүйтнээр үлээж тохируулга ажиллагаагүй байх, салонд чимээ их, жолоочийн суудал хөдөлгөөн орох” зэрэг доголдлууд худалдаж авсан үеэс эхлэн илэрч байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дүрс бичлэгүүд, нэхэмжлэгчийн хариуцагч талтай харилцсан чат, мессеж зэргээр нотлогдож байна.
8. Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлийг “тээврийн хэрэгсэлд гарсан доголдлуудыг тухай бүрт нь засварлаж байсан учир гэрээний 8.3-т заасны дагуу гэрээг цуцлах, татгалзах эрхгүй. Мөн тээврийн хэрэгслийн мотор, хроп болон үндсэн явах эд анги, батарейнд баталгаа олгосон ба дэлгэц асаж унтрах зэрэг нь гол эд хөрөнгийн доголдолд хамаарахгүй” гэж тодорхойлсон.
8.1. Талуудын байгуулсан гэрээний 1.2 дахь хэсэгт худалдаж буй автомашиныг эрхийн зөрчилгүй болон биет байдлын доголдолгүй буюу зориулалтын дагуу хэвийн ашиглах боломжтой, олон улсын болон дотоодын чанар, стандарт, худалдан авагчийн шаардлагад нийцсэн байхыг онцолж заасан байна.
Мөн гэрээний 4.2-т гэрээний хавсралтаар Автомашины үйлдвэрийн баталгаат хугацаа, ашиглалтын заавар, Худалдан авалтын дараах үйлчилгээний журамд заасан үйлдвэрийн баталгаатай хугацаа, Нэмэлт үйлчилгээг тусгасан хавсралтууд байх бөгөөд тэдгээр нь гэрээний салшгүй хэсэг мөн болохыг тусгажээ.
8.2. Нэхэмжлэгч талаас дээрх гэрээнд заасан хавсралтуудыг хариуцагч хүлээлгэж өгөөгүй, танилцуулаагүй талаар тайлбарласан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “Автомашин хүлээн авах хуудас”-т гэрээний хавсралтуудыг худалдан авагч талд өгөөгүй талаар тэмдэглэснээр давхар нотлогдож байна.
8.3. Тээврийн хэрэгслийн биет байдлын доголдлын улмаас гэрээний зүйл болох Hongqi EQM5 маркийн 33-14УНЭ улсын дугаартай автомашиныг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр борлуулалтын албаны ахлах Ц.Ганзориг үйлчлүүлэгчээс гарсан гомдлын дагуу 4 шинэ дугуйн хамт хүлээж авсан талаар тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуржээ.
8.4. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт “Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй” гэж заасан ба хариуцагч тал хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэл болгон маргаж байна.
8.5. Эд хөрөнгийг доголдолтой гэж үзэхгүй байх хуульд заасан дээрх үндэслэлд тухайн эд хөрөнгөд үүссэн доголдол нь ноцтой биш бөгөөд худалдан авагчийн зорилгыг бүрэн хангаж байх нөхцөлийг ойлгох ба эд хөрөнгө бага хэмжээний доголдолтой байгаа нь гомдлын шаардлага гаргах эрхийн үндэслэл болохгүй.
Гэвч маргаан бүхий гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн мотор, хроп зэрэг явах эд ангийн хэвийн байдлыг илэрхийлэх удирдлагын дэлгэцийн ажиллагаа хэвийн бус буюу асаж унтрах, уг дэлгэцийн мэдрэгч ажиллахгүй байх, салоны халуун хүйтэн тохиргоо алдагдсан зэрэг доголдлыг бага хэмжээний доголдол гэж үзэх боломжгүй бөгөөд гэрээний 1.2-т заасан “зориулалтын дагуу хэвийн ашиглах боломжтой, олон улсын болон дотоодын чанар стандарт, худалдан авагчийн шаардлагад нийцсэн байх” ерөнхий нөхцөлийг зөрчсөн байна.
8.6. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасны дагуу доголдлыг арилгуулахаар хариуцагчид хэд хэдэн удаа хүлээлгэж өгсөн боловч тухайн зөрчил арилаагүйн улмаас гэрээг цуцалж, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.
8.7. Иймд нэхэмжлэгч Ж.Э Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч “Т” ХХК-иас тээврийн хэрэгслийн төлбөрт төлсөн 65,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
9. Нэхэмжлэлийн дараагийн шаардлагаар тээврийн хэрэгслийг худалдаж авах зорилгоор “Төрийн банк” ХК-иас авсан зээлийн хүүгийн нийт төлбөр болох 10,061,060 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
9.1. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу худалдаж авсан тээврийн хэрэгслийн төлбөрийг төлөх зорилгоор “Төрийн банк” ХК-иас зээл авч, уг хөрөнгийн биет байдлын доголдлын улмаас гэрээнээс татгалзсан бөгөөд тухайн зээлийн төлбөрийг төлж байгаа, цаашид үргэлжлүүлэн төлж дуусгах учир зээлийн хүүгийн төлбөрийг бүхэлд нь гэрээнээс учирсан хохиролд тооцож шаардана гэж тайлбарласан.
9.2. Хариуцагч талаас нэхэмжлэлийн уг шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн сайн дурын үндсэн дээр бусдаас авсан зээлийн хүүгийн төлбөрийг хариуцагч хариуцах үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.
9.3. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.
9.4. Харин гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд ирээдүйд гарах зардлыг хохирол гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч Ж.Э гэрээнээс татгалзсан 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд төлсөн зээлийн хүү 2,597,807 төгрөгийг хохиролд тооцон энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, дээрх хугацаанд хамаарахгүй буюу илүү нэхэмжилсэн 7,463,253 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
10. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэлийн шаардлага болох 67,597,807 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 495,939 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас 67,597,807 /жаран долоон сая таван зуун ерэн долоон мянга найман зуун долоон/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э олгож, нэхэмжлэлээс 7,463,253 /долоон сая дөрвөн зуун жаран гурван мянга хоёр зуун тавин гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас 495,939 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА