2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2026/01399

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2026/01399

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ********************* оршин суух, эмэгтэй, Г.М /РД ***********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********************оршин суух, эмэгтэй, С. З /РД ************/-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт *************төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч B /РД **********/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О /ҮД ******/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э /РД **********/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч С.Зд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт буюу эд хөрөнгийн доголдолтой холбоотой дутуу 9.675 м.кв талбайн үнэ 22,125,902 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Г.М би 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр С.Зтай тохиролцон ******************* хаягт байрлах, ************ талбайтай, үйлчилгээний зориулалттай орон сууцыг нийт 370,000,000 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн байрыг анх үзэхэд нэг л том талбай байсан бөгөөд манайх эм ханган нийлүүлэх үйлчилгээ явуулах зорилготой авсан учраас худалдах-худалдан авах гэрээ байгуулах явцад тухайн обьект нь 2 гэрчилгээтэй гэдгийг нь мэдсэн.

Би дээрх орон сууцны м.кв-ын хэмжээг Э ХХК-аар хэмжүүлэхэд 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 24/238 дугаар дүгнэлтээр 154.81 м.кв талбайтай гэж гарсан. Хэмжилт хийсэн компани гэрчилгээг огт үзээгүй, бидний өгсөн хаягийн дагуу ирж хэмжилт хийхэд анх тохиролцсон 161.79 м.кв хэмжээнд хүрэхгүй, 6.98 м.кв талбай дутсан. Ингээд С.З руу утасдахад утсаа авахгүй байсан учир шүүхэд хандсан.

Тухайн хөрөнгийг анх нүдээр хараад шууд м.кв-ын зөрүүг харах боломжгүй, энэ асуудалд тусгай мэдлэг шаардана.

Үл хөдлөх эд хөрөнгийн 2 хувийн татварыг худалдагч тал төлдөг. Тиймээс 120 м.кв талбайн үнийг багаар хийе гэсэн. Манайх үнийн дүнгээ зөв байлгахыг ашиг сонирхлоо бодсон ч гэсэн хүснэ. Тэгэхээр худалдагч талаас ийм санал гаргасан байх гэж бодож байна. Бид тэнд байгаагүй ч гэсэн манай тал үнэгүйдүүлж бага үнийн дүнгээр гэрээ хийж өөрсдийгөө хохироохыг хүсэхгүй байх.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох 161.97 м.кв талбайг 370,000,000 төгрөгөөр хэлэлцэн тохиролцож авна гэснээр нь хувааж үзэхэд зах зээлийн дундаж үнэ болох 2,286,000 төгрөгөөр бодогдож байгаа. Хариуцагч ч 370,000,000 төгрөгт ийм хэмжээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн болохоо илэрхийлдэг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед П ХХК буюу хажуу хөрш компани гомдол гаргасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас Г.Мт албан шаардлага ирсэн. Уг албан шаардлагаар худалдаж авсан маргаан бүхий 161.79 м.кв талбай дотор нийтийн эзэмшлийн 9.5 м.кв нь коридор байх ёстой гэсэн учир Улсын бүртгэлийн ерөнхий газраас план зураг буюу тухайн маргаан бүхий орон сууцны анхны барилгын ажлын зургыг Үндэсний архивын төв газраас гаргуулахад уг зургаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан шаардлага үндэслэлтэй байсан.

Анх тухайн барилгыг барьж байхад 9.5 м.кв нь коридор байх байтал түүнийг 161 м.кв талбай дотор багтаагаад, гэрчилгээ гаргаад өгчихсөн байдаг. Энэ шаардлагыг Г.М хүлээж аваад, хасахдаа 9.5 м.кв -аас 4.11 м.кв-ыг хасаад 5.39 м.кв талбай үлдэж байгаа. 5.39 м.кв-ыг Праймер ХХК болон Г.М нар нь хөршүүд учраас тэнцүү хэмжээтэй хуваагаад 2.695 м.кв талбай нь манайхаас хасагдсан буюу Улсын бүртгэлийн ерөнхий газраас тавьсан албан шаардлагын дагуу 6.695 м.кв хасагдсан. Ингээд Г.Мийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 151.81 м.кв болоод өмчлөх эрхийн гэрчилгээ гарчихсан байгаа. Улсын байцаагчийн албан шаардлага хууль зөрчөөгүй, барилгын анхны зургаар улсын бүртгэлд бүртгэгдэх ёстой байсан.

Гэрээ хийгдсэн 370,000,000 төгрөгөөр маргаан бүхий нийт 161.79 м.кв талбайтай, 2 гэрчилгээтэй объектын үнийг тохирч худалдах-худалдан авах гэрээ хийсэн асуудалд хариуцагчийн зүгээс маргадаггүй.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Доголдлыг илрүүлснээс хойш 6 сарын дотор буюу 6 дугаар сард хэмжилт хийснээр 6.98 м.кв талбай дутсан гэх үндэслэлээр шаардах эрх үүссэн. 11 дүгээр сарын 08-ны өдөр буюу хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед уг нөхцөл байдал мэдэгдсэн тул шаардлагын хүрээнд эрх нь зөрчигдөж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргах явцад хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Худалдах, худалдан авах гэрээний тухайд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т заасан худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч энэ гэрээгээ хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө гэсэн заалтыг үндэслэж байгаа. Мөн худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үндсэн үүрэгтэй. Тухайлбал талууд гэрээгээр 161.79 м.кв талбайтай гэсэн тоо хэмжээг тогтоосон. Энэ тоо хэмжээндээ хүрээгүй нь доголдолтой хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй. Талууд гэрээндээ үнийг бууруулсан тал дээр ч гэсэн хэн аль нь зөвшөөрсөн учраас хэлцлийн хүчин төгөлдөр байдал дээр хариуцагчийн зүгээс маргаагүй.

Иймд анх дутсан талбай 6.98 м.кв дээр нэмж 2.695 м.кв буюу нийт 9.675 м.кв талбайн үнийг 1 м.кв талбайг 2,286,915 төгрөгөөр тооцон, нийт 22,125,903 төгрөгийг хариуцагч С.Заас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч С.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэрээг анх 120 м.кв болон 41.79 м.кв буюу 2 гэрчилгээтэй 1 объектыг 370,000,000 төгрөгөөр тохирч худалдах-худалдан авахаар байгуулсан. Худалдан авагч өөрөө энэ талбайг 370,000,000 төгрөгөөр авъя гээд өөрийн нүдээр үзэж хараад авсан байдаг. Тухайн үед 6.98 м.кв талбай дутаж байсан бол нүдээр хараад илт мэдэгдэрх боломжтой хэмжээ бөгөөд метрээр хэмжихэд л 6.98 м.кв талбай чинь том шүү дээ. Тухайн үедээ дутсан бол үнийг хасуулах эсхүл худалдаж авахгүй байх боломжтой байсан. Гэтэл яг уг үнээр байрыг авъя гээд тохиролцсон. Метр квадрат нь тэдэн төгрөг байна гэж ч тохиролцоогүй. Нэгэнт баригдсан барилгыг хэмжүүлэх боломжтой байсан. Гэтэл эд хөрөнгийг хүлээн авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байх үедээ хүлээж авсан. Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үедээ мэдсээр байж нуун дарагдуулсан зүйл байхгүй. Ийм талбай байгаа, ийм гэрчилгээтэй, үүнийг 370,000,000 төгрөгөөр өгье гэж талууд тохиролцоод гэрээ хийсэн.

6.79 м.кв талбай дутсан гэж нэхэмжлэгч тал яриад байдаг боловч хэмжилт хийсэн компани нь аль байрнаас нь хэдэн м.кв дутаад байгааг нь өнөөдрийг хүртэл хугацаанд тодорхойлоогүй, нотлоогүй. Гэрчээр асуулгахад хүртэл бүхэлд нь хэмжсэн гэж мэдүүлсэн. Барилгын хэмжилт хийх стандарт, норм гэж зүйл байгаа. 2 гэрчилгээтэй 1 обьектыг хэмжихдээ тус тусад нь хэмжилт хийх байсан. Хэмжилтийн арга гэж байдаг. Жишээ нь тагт л гэхэд 3.1 м.кв гэж гарч ирнэ. Түүнээс биш 2 зүйлийг нийлүүлээд гаргаад ирвэл мэдээж өөр хэмжээ гарна. Тухайн үедээ илрүүлэх боломжтой байсан.

Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд Улсын бүртгэлийн ерөнхий газраас албан шаардлага ирсэн гээд байна. Үүнийг бид мэдэхгүй. Анх С.З ч өөрөө Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэн мэдээлэл үнэн зөв байна гэсэн утгаараа буюу гэрчилгээнд заасан хэмжээгээр л бусдаас худалдаж авсан. Улсын комисс барилгын зургийн дагуу хийгдсэн байна уу, үгүй гэдгийг шалгаж хүлээж аваад, цаашаа ажил гүйцэтгэж байгаа компани нь улсын бүртгэлд бүртгүүлсэн учраас гэрчилгээ үнэн зөв гарч байгаа. С.Заас ямар үндэслэлээр нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Тиймээс үүнийг С.Золзаяагаас нэхэмжлэх үндэслэлгүй.

Талууд гэрээндээ м.кв нь тэдэн төгрөг гэж заагаагүй. Мөн өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага болгоод байгаа м.кв-ынхаа зөрүүг нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаар тодорхойлох ёстой. 120 м.кв, 41.79 м.кв 2 орон сууцны гэрчилгээг нийлүүлээд авахдаа ийм хэмжээний талбайг ийм мөнгөөр авах сонирхолтой гээд талууд хүсэл зоригоо илэрхийлээд хэлцэл хийсэн. Уг гэрээ нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэвээр, гэрээ хэрэгжсэн.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д худалдан авч эд хөрөнгө хүлээн авахдаа доголдлыг мэдэх боломжтой байхад худалдан авсан бол шаардах эрхээ алдана гэж хуульд зааснаар нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан байна. Энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар тогтоолын 10 дахь хэсэгт Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-ийг тайлбарлачихсан байгаа. Энэ тайлбараар худалдан авагч өөрийн биеэр очиж орон сууцаа үзэж сонирхож, улмаар түүний үнэ, талбай хэмжээний талаар харилцан тохиролцож, халамж анхаарал тавьж мэдэх боломжтой байсан. Талбайн метр квадратын зөрүүг мэдэх боломжтой байсан практикууд ч байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нотлох баримтын тухайд:

3.1.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 238,220 төгрөг төлсөн баримт,

Нэхэмжлэгч Г.Мийн иргэний үнэмлэхний лавлагаа,

Ү-2206071449 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Ү-2206077332 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Э ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 24/238 дугаартай Үйлчилгээний зориулалттай өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, хэмжилтийн зураг, дүгнэлт,

Л.Цолмонгийн Х ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

Нэхэмжлэгч Г.Мээс 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Л.Ц олгосон итгэмжлэл,

Нэхэмжлэгч Г.Мээс 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Bд олгосон итгэмжлэл,

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 261,450 төгрөг төлсөн баримт,

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай Зөрчил арилгах тухай шаардлага,

Ж ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын схем зураг,

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02-00115 дугаартай Хяналт шалгалтын удирдамж,

Эй Би Эн Дизайн ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 25/238 дугаартай Үйлчилгээний зориулалттай өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, хэмжилтийн зураг, дүгнэлт,

Барилга, хот байгуулалтын яамны улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шалгалтын тэмдэглэл, фото зураг,

Ү-2206071449 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /151.81 м.кв талбай бүхий/,

79-72 УКК улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн лавлагаа,

Л.Ц Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

Э ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарууд,

Мөнх тоонот багана ХХК-ийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, Соёмбо 51-р байр 1 давхар а/1, 2, 3 тоот үйлчилгээний талбайн хэмжилтийн зураг гэсэн баримтуудыг,

 

3.2.Хариуцагчаас:

2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 0106 бүртгэлийн дугаартай худалдах-худалдан авах гэрээ,

Г.Мээс 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Л.Ц олгосон итгэмжлэл,

Ү-2206071449 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа,

Ү-2206077332 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа,

2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 0107 бүртгэлийн дугаартай худалдах-худалдан авах гэрээ,

С.Зын өмчлөлийн Ү-2206077332 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

С.Зын өмчлөлийн Ү-2206071449 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Хариуцагч С.Заас 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Эд олгосон итгэмжлэл гэсэн баримтуудыг тус тус шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн байна.

 

3.3.Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Д.Б гэрчээр асуусан тэмдэглэлийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

 

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч Г.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1.1.Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч С.Зд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт буюу эд хөрөнгийн доголдолтой холбоотой 9.675 м.кв талбайн үнэ 22,125,902 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ би 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр С.Зтай тохиролцон ***************тоот хаягт байрлах, 41.79 м.кв, 120 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай орон сууцыг нийт 370,000,000 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн байрыг анх үзэхэд нэг л том талбай байсан бөгөөд манайх эм ханган нийлүүлэх үйлчилгээ явуулах зорилготой авсан учраас худалдах-худалдан авах гэрээ байгуулах явцад 2 гэрчилгээтэйг нь мэдсэн.

Би дээрх орон сууцны м.кв-ын хэмжээг Э  ХХК-аар хэмжүүлэхэд 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 24/238 дугаар дүгнэлтээр 154.81 м.кв талбайтай гэж дүгнэлт гарсан нь анх тохиролцсон 161.79 м.кв хэмжээнээс 6.98 м.кв талбай дутсан. ...С.З руу утасдахад утсаа авахгүй байсан учир шүүхэд хандсан. Тухайн хөрөнгийг анх нүдээр хараад шууд м.кв-ын зөрүүг харах боломж байхгүй.

Үл хөдлөх эд хөрөнгийн 2 хувийн татварыг худалдагч тал төлдөг тул 120 м.кв талбайн үнийг багаар хийе гээд гэрээний үнийг багаар хийсэн.

161.97 м.кв талбайг 370,000,000 төгрөгөөр худалдаж авсан ... хувааж үзэхэд 1 м.кв нь 2,286,000 төгрөг байгаа.

...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед хөрш П ХХК-ийн гомдлын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан шаардлагаар худалдаж авсан маргаан бүхий 161.79 м.кв талбайд нийтийн эзэмшлийн 9.5 м.кв нь коридорт байх ёстой ... түүнийг 161 м.кв дотроо багтаагаад, гэрчилгээ гаргасан ... 5.39 м.кв талбайг Праймер ХХК болон Г.М нар нь тэнцүү хуваагаад 2.695 м.кв талбай нь манайхаас хасагдан ... маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 151.81 м.кв талбайтай болоод гэрчилгээ гарчихсан нь гэрээгээр тохирсон 161.79 м.кв гэсэн хэмжээндээ хүрээгүй, доголдолтой хөрөнгө тул 9.675 м.кв талбайн үнийг 1 м.кв-ыг 2,286,915 төгрөгөөр тооцон 22,125,902 төгрөгийг хариуцагч С.Заас гаргуулна гэж тайлбарладаг.

2.Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч анх 120 м.кв болон 41.79 м.кв буюу 2 гэрчилгээтэй 1 объектыг 370,000,000 төгрөгөөр тохирч худалдах-худалдан авах гэрээ байгуулан, худалдан авагч Г.М өөрөө ирж үзээд энэ талбайг 370,000,000 төгрөгөөр авъя гээд авсан. Тухайн үед үнэхээр 6.98 м.кв талбай дутаж байгаа тохиолдолд нүдээр харагдахуйц буюу мэдэгдэхүйц байх байсан. Талбайн хэмжээ дутсан бол үнийг хасуулах эсхүл худалдаж авахгүй байх боломжтой байсан, гэрээ хэрэгжсэн. Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үедээ мэдсээр байж нуун дарагдуулсан зүйл байхгүй.

6.79 м.кв талбай дутсан гэж байгаа боловч хэмжилт хийсэн компани нь аль байрнаас нь хэдэн м.кв дутаад байгааг өнөөдрийг хүртэл хугацаанд нотлоогүй. Гэрчээр асуухад бүхэлд нь хэмжсэн гэж мэдүүлсэн нь барилгыг тус тусад нь хэмжилт хийх байсан. Тиймээс тухайн компанийн хэмжилт, дүгнэлтийг үндэслэх боломжгүй. 2 зүйлийг нийлүүлээд гаргаад ирвэл мэдээж өөр л гарна. Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардах эрхээ алдсан.

Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд анх С.З ч өөрөө бусдаас худалдаж авахдаа Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэн мэдээлэл үнэн зөв байна гэсэн утгаараа буюу гэрчилгээнд заасан хэмжээгээр л худалдаж авсан. Улсын комисс барилгын зургийн дагуу хийгдсэн байна уу, үгүй гэдгийг шалгаж хүлээж аваад, цаашаа ажил гүйцэтгэж байгаа компани нь улсын бүртгэлд бүртгүүлсэн учраас гэрчилгээнд бичигдсэн мэдээллийг үнэн гэж бодож авсан байдаг. С.Заас ямар үндэслэлээр нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3.Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1.Хэрэгт авагдсан 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 0106 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, С.Зын өмчлөлийн Ү-2206071449 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар гэх баримтуудаар хариуцагч С.З нь өөрийн өмчлөлийн Хан-у**********************т, 120 м.кв хэмжээтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.Мт 51,050,000 төгрөгөөр худалдах, мөн өдрөө эд хөрөнгийг хүлээлгэн өгөхөөр,

мөн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 0107 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, С.Зын өмчлөлийн Ү-2206077332 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар гэх баримтуудаар хариуцагч С.З нь өөрийн өмчлөлийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 51а/4-2 тоот, 41.79 м.кв хэмжээтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.Мт 68,950,0000 төгрөгөөр худалдах, мөн өдрөө эд хөрөнгийг хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон гэрээг бичгээр байгуулсан байх боловч дээрх хоёр гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө нь Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 51а/2 тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 161.79 м.кв хэмжээ бүхий нэг талбай байсныг талууд 370,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ хийхээр тохиролцож, нэхэмжлэгч Г.М нь 370,000,000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

3.2.Талууд гэрээг бичгээр байгуулахдаа Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 51а/2 тоот, 120 м.кв хэмжээтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 51,050,000 төгрөгөөр худалдахаар буюу үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бага төлөх зорилгоор үнийг бууруулж бичсэн гэж мөн тайлбарладаг.

 

3.3.Дээрхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

3.4.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан зүйлээ хүлээн авах үүрэгтэй бөгөөд дээрх гэрээнүүдийг нэхэмжлэгч Г.Мийн итгэмжлэлээр Л.Цолмон нь хариуцагч С.Зтай байгуулж, үнийг төлснөөр 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ү-2206071449, Ү-2206077332 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд гарч, улмаар нэхэмжлэгч Г.М нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болжээ.

 

3.5.Нэхэмжлэгч Г.М нь 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тухайн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн талбайг тусгай зөвшөөрөл бүхий Э ХХК-аар хэмжүүлэхэд 154,81 м.кв буюу гэрээнд заасан хэмжээнээс 6.98 м.кв талбай дутсан учир 1 м.кв талбайн хэмжээний үнийг 2,300,000 төгрөгөөр тооцон 16,054,000 төгрөгийг хариуцагч С.Заас гаргуулахаар 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд ханджээ.

 

3.6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай Зөрчил арилгах тухай шаардлага гарч, уг шаардлагаар Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 51а/2 тоот хаягтай, 120 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206071449 дугаар бүртгэлд авагдсан план зургаар нийтийн эзэмшлийн 9.5 м.кв талбайн хэсгийг тус 120 м.кв талбайтай эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд багтаан бүртгэсэн нь тогтоогдсон тул уг 120 м.кв талбайгаас нийтийн эзэмшлийн талбайг хасаж бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахыг Г.Мт анхааруулах шаардлагыг хүргүүлсний дагуу нэхэмжлэгч нь дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг нэг болгон бүртгүүлж, 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 51а/2 тоот хаягтай, 151.81 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206071449 дугаарт бүртгэгдэн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна.

 

3.7.Түүнчлэн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай Зөрчил арилгах тухай шаардлагад дээрх Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 51а/2 тоот хаягтай, 120 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь анх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206043097 дугаартай, Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 51а тоот хаягтай, 365.86 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Батдорж бүртгэлтэй байгаад

2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр худалдах-худалдан авах гэрээгээр иргэн Р.Э 245.86 м.кв талбайг  хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206043097 дугаарт салгаж,

иргэн С.Т 120 м.кв талбайг Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 51а/2 тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206071449 дугаарт салгаж тус тус бүртгэгдэн,

Иргэн С.Т 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр иргэн С.Зд,

С.Заас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр Г.Мийн өмчлөлд тус тус бүртгэгдсэн болох нь мөн тогтоогдож байна.

 

3.8.Нэхэмжлэгч Г.М нь талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 0106, 0107 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-ний зүйл болох 161.79 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах үедээ доголдлын талаар мэдэх боломжтой байсан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

3.9.Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр талууд 161.79 м.кв хэмжээтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 370,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцсон талаар зохигч маргаагүй байх ба гэрээний гол нөхцлөө буюу талбайн хэмжээ, үнийн талаар тохиролцсон байх тул гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3.10.Дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ нь гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй буюу 9.675 м.кв хэмжээтэй дутуу байгаа болох нь Э  ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 24/238 дугаартай Үйлчилгээний зориулалттай өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, хэмжилтийн зураг, дүгнэлт,

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай Зөрчил арилгах тухай шаардлага,

Ж  ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын схем зураг,

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02-00115 дугаартай Хяналт шалгалтын удирдамж,

Э ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 25/238 дугаартай Үйлчилгээний зориулалттай өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, хэмжилтийн зураг, дүгнэлт,

Барилга, хот байгуулалтын яамны улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шалгалтын тэмдэглэл, фото зураг,

Ү-************бир дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /151.81 м.кв талбай бүхий/ гэх хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч тал 6.79 м.кв талбай дутсан гэж байгаа боловч хэмжилт хийсэн компани нь аль байрнаас нь хэдэн м.кв дутаад байгааг өнөөдрийг хүртэл хугацаанд нотлоогүй. Гэрчээр асуухад бүхэлд нь хэмжсэн гэж мэдүүлсэн нь барилгыг тус тусад нь хэмжилт хийх байсан. Тиймээс тухайн компанийн хэмжилт, дүгнэлтийг үндэслэх боломжгүй. 2 зүйлийг нийлүүлээд гаргаад ирвэл мэдээж өөр л гарна гэх тайлбараа нотлоогүй байна.

 

3.11.Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар заасан байна. Тодруулбал талууд үйлчилгээний зориулалттай талбайн хэмжээг 161.79 м.кв хэмжээтэй гэж тохиролцсон байх ба худалдан авагч Г.М үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах үедээ талбайн хэмжээг нүдээр харж, байгаа байдлаар нь буюу 1 том талбайг худалдаж авсан, дутаж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэн авах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал нэхэмжлэгчид нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах хуульд заасан 6 сар гэх хугацаа үйлчлэхгүй.

 

3.12.Учир нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан эд хөрөнгийг хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан буюу талууд орон сууцны талбайн хэмжээг 161.79 м.кв хэмжээтэй гэж гэрээний гол нөхцлөө тохиролцсон тохиолдолд худалдан авагч Г.М нь мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэн, дутаж байгаа бол гэрээнээс татгалзах, гэрээний үнийг хасуулах эрхээ хэрэгжүүлээгүй хүлээн авч, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа нь анхнаасаа тухайн үл хөдлөх хөрөнгийг байгаа байдлаар нь сонгож, худалдан авсан гэж үзэх үндэслэлтэй тул доголдолтой эд хөрөнгө гэж үзэх үндэслэл үгүйсгэгдэж байна. Тодруулбал нэхэмжлэгч нь гэрээ байгуулах үед тухайн обьект нь 2 гэрчилгээтэй байсныг мэдсэн боловч худалдан авагч нь үл хөдлөх хөрөнгийг байгаа байдлаар нь буюу үйлчилгээний зориулалттай том талбай байдлаар нь худалдаж авсан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх тул гэрээний зүйлийг байгаа байдлаар нь худалдан авахаар тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4.Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай Зөрчил арилгах тухай шаардлагын улмаас гаргасан нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд хариуцагч талын анх С.З ч өөрөө бусдаас худалдаж авахдаа Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэн мэдээлэл үнэн зөв байна гэсэн утгаар гэрчилгээнд заасан хэмжээгээр л худалдаж авсан. Улсын комисс барилгын зургийн дагуу хийгдсэн байна уу, үгүй гэдгийг шалгаж хүлээж аваад, цаашаа ажил гүйцэтгэж байгаа компани нь улсын бүртгэлд бүртгүүлсэн учраас гэрчилгээнд бичигдсэн мэдээллийг үнэн гэж бодож авсан байдаг гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй. Тодруулбал барилгыг зургийн дагуу хийгдсэн эсэхийг худалдан авагч мэдэх боломжгүй бөгөөд төрийн байгууллага буюу улсын бүртгэл бүртгэхдээ шалгах үүргээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм. Тодруулбал Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар өмчлөх эрх шилжсэн байна.

 

5.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Мийн хариуцагч С.Зд холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт эд хөрөнгийн доголдолтой холбоотой 22,125,902 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мийн хариуцагч С.Зд холбогдох 22,125,902 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499,670 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ