2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2026/00380

 

2026              01             07                                                 192/ШШ2026/00380                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:** тоотод оршин суух хаягтай, А овогт Б.У /РД:**/,

 

Нэхэмжлэгч:** тоотод оршин суух, Б овогт Ч.Б /РД:**3/,

 

Хариуцагч: **тоотод байрлах хаягтай К ХХК /РД:**/-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримт гаргуулахыг даалгах, захиалгын гэрээний үүрэгт алданги 95 641 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, гэрч У.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нэхэмжлэгч Ч.Б болон Б.У нарыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа К ХХК-д холбогдуулан өмчлөгч болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг гаргуулахыг даалгах, орон сууц захиалгын гэрээний үүрэгт алдангид 95 641 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь нэхэмжлэгч Б.У, Ч.Б нар нь хариуцагч К ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 23/012 дугаар орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, орон сууцны нийт төлбөрт 191 280 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө шилжүүлсэн. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 4.5-д орон сууцын үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон материал, баримт бичгийг захиалагчид гаргаж өгөх үүрэгтэй гэдгийг тусгасан байгаа. Мөн нэхэмжлэгч нар нь орон сууцыг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан хэдий ч хариуцагч компаниас өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байна. Дээрх баримт бичгүүдийг гаргуулахаар хариуцагч компанитай уулзахад гэрээг шинэчилж байгуулна хуучин гэрээгээ хураалгах шаардлагатай. Гэрээг шинэчилнэ гэдэг шалтгаан хэлж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгдөггүй байсан. Иймд К ХХК-иас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо шинэчлэгдэж, **дүгээр тоот байрны өмчлөгчөөр тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү. Орон сууц захиалгын гэрээний 2.1-д гүйцэтгэгч барилга угсралтын ажлыг 2023 оны 9 сард багтааж дуусна гэж гэрээнд тусгасан. Гэтэл гэрээнд заасан хугацаанаас хэтэрч 2024 оны 04 сарын 24-ний өдөр хүлээлгэж өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.3-д гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн, хоног тутамд гүйцэтгээгүй, үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж тусгасан. Тиймээс гэрээний дагуу алдангийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тооцоход нийтдээ 237 хоног хэтэрсэн байна. Үүнийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож, өдрийн алданги болох 956 400 төгрөг. Хугацаа хэтэрсэн хоногтой харьцуулахад 226 666 800 төгрөгийн алданги байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хязгаарлаж алдангид 95 641 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.У, Ч.Б нар манай К компанид холбогдуулан улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах, өмчлөгчөөр тогтоолгох гэрээний үүрэгт алданги 95 641 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр арцат өргөө хотхоныг барьсан газрын эзэн И ХХК болон К ХХК, Т ХХК нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Арцат өргөө хотхоны 3 блок барилгыг барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Төгрөгийн буян компани болон К компаниуд нь барилгын хөрөнгө оруулагчаар орж гүйцэтгэгч компаниар Аутсайд сервис компанийг сонгон 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ГТ/2108 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлаа эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл арцат өргөө хотхоны төсөл 3 блокоос бүрдсэн. 2023 оны 3 дугаар улиралд багтаан барилгын ажлаа дуусгаж улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл манай компани 2023 оны 3 дугаар улиралд гүйцэтгэлийн ажил явагдаж байсан. Ийм учраас захиалгын гэрээг захиалагч компаниудтай хийсэн. Захиалгын гэрээ хийснээс хойш манай компани барилгын ажлаа 2023 оны 10 дугаар сар гэхэд гүйцэтгээд бэлэн болсон байсан боловч уг төслийн хүрээнд баригдаж буй Б, С блокуудын барилгын ажил дуусаагүй учир улсын комисст хүлээлгэх ажил хойшлогдсон. 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр улсын комисс оруулж, барилгыг орон сууцны захиалагч нарт тус тус хүлээлгэж өгсөн. Улсын комисс хүлээн авсны дараа байрны гэрчилгээ гаргах эрх нь үүсдэг учир компанийн зүгээс Арцат өргөө хотхоны 1232-ийн 2.1-р байрны орон сууцны гэрчилгээг гаргахад бүрдүүлэх шаардлагатай бүх материалыг захиалагч, худалдан авагч нарт гаргаж өгсөн. Манай компани зүгээс тухайн барилгыг улсын комисс хүлээж авсны дараа бүх захиалагч нарт гэрчилгээ гаргах шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгсөн. Хаяг өөрчлөгдсөн тул бүх захиалагч нартай гэрээг шинэчлэх шаардлагатай болж захиалгын гэрээг шинэчилж хийсэн. Захиалгын гэрээг үндэслэж гэрчилгээ гардаг учраас гэрээг шинэчилсэн. 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нартай уулзаж захиалгын гэрээг хийж гарын үсэг зуруулж баталгаажуулж авсан. 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдөр улсын бүртгэл рүү явуулах албан бичгийг манай компани хийж өгсөн. Нэхэмжлэгч нар гарын үсэг зурсан гэрээ болон манай компанийн бичиж өгсөн хүсэлтийг аваагүй. Удаа дараа манай компанийн борлуулалтын ажилтан холбогдож гэрчилгээгээ аваарай, танайх хэзээ ирэх вэ? Гэрээгээ байгуулмаар байна гэх зэргээр 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 3 сар хүртэл холбогдсон. Нэхэмжлэгч талаас хариу өгөөгүй явсаар 2025 оны 4 дүгээр сард нэхэмжлэл өгсөн байсан. Манай талаас нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоолгох тухай маргахгүй. Мөнгийг нь авсан захиалгын гэрээ хийсэн нь үнэн байрыг нь өгөх нь тодорхой. Орон сууцны захиалгын гэрээний үүрэгт 95 641 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд арцат өргөө хотхон 3 блок барилгаар бүрддэг бөгөөд А блок 1232-ийн 1-р байрны блокийн барилгын ажил 2023 оны 9 дүгээр сар гэхэд бүрэн дууссаны дагуу улсын комисст санал гаргах эрх нь үүссэн гэхдээ энэ төсөл маань 3 блок байрнаас бүрдэх тул манай блокийг улсын комисс дангаар хүлээж авах боломжгүй байсан. Иймээс манай компани гэрээнд заасан хугацаанаас 7 сар хоцорч улсын комисс оруулсан. 2023 оны 8 дугаар сарын 23-ний өдөр байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч тал шаардаж байна. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч тал өөрөөс үл шалтгаалан ажил хойшлогдсон бол нөгөө талдаа мэдэгдэх ёстой гэж заасан байдаг. Хариуцагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлж мэдээллийг тогтмол хүргэж байсан. Манай компаниас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас энэ барилга 7 сарын хугацаанд хойшилсон байдаг. Үүнээс үзвэл талуудын байгуулсан гэрээний 4.1 болон 7.2 дахь хэсэгт заасны дагуу манайх энэ алданги төлөх хариуцлагаас чөлөөлөгдөх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа. 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдөр захиалагч нартай шинээр гэрээ байгуулаад талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болсон. Шинэ гэрээ байгуулснаар өмнөх гэрээний үйлчлэл дуусгавар болох нь үндэслэлтэй юм. Энэхүү шинэ гэрээний дагуу нэхэмжлэгч тал нь манай талаас алданги шаардах эрхгүй юм. Манай тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна.” гэв.

 

3. Нэхэмжлэгчээс, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23/012 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ, К ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Мөнгөн шилжүүлгийн баримт, К ХХК, Т ХХК, А ХХК нарын Тохиртолцооны гэрээний хавсралт, Орон сууц хүлээлцсэн акт, итгэмжлэл, К ХХК, Т ХХК, А ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн КТ/21-08 тоот Ажилд гүйцэтгэх гэрээ зэргийг нотлох баримтаар өгсөн.

Хариуцагчаас, хариу  тайлбар, 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ХӨГ-21/08/03 тоот Хөрөнгө оруулж хамтран гэрээ, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23/012 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн КТ/24-47 тоот Орон сууц захиалгын гэрээ, К ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн КТ/24-53 тоот ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, НӨАТ-н буцаан олголттой баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргийг нотлох баримтаар өгсөн.

Шүүхээс, У.У-г гэрчээр асууж, У.У-ийн Б.Утэй харилцсан дуудлага, зурваст үзлэг хийв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.У, Ч.Б нар нь хариуцагч К ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримт гаргуулахыг даалгах, алданги 95 641 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ “... 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч К ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, ** давхар 73,57 м.кв талбайтай орон сууцыг захиалж, гэрээний төлбөр 191 280 000 төгрөгийг бүрэн төлсөн.  Хариуцагч байрыг 2023 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулна гэсэн боловч 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр эзэмшилд өгсөн. Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг өгөхгүй байгаа тул өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй байна. Мөн хариуцагч гэрээний үүргээ 237 хоног хэтрүүлсэн тул гэрээнд заасны дагуу алданги 95 641 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй...” гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэгч нар төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн үйл баримтын талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөөгүй, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг хүлээлгэн өгсөн. Хугацаа хэтрүүлэх нөхцөл байдал манай компанийн буруугаас болоогүй гэх үндэслэлээр татгалзлаа тайлбарлаж мэтгэлцэв.

 

5. Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Гүйцэтгэгч К ХХК болон захиалагч Ч.Б, Б.У нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 23/012 дугаартай, Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь ** давхарт байрлах 73,57 м.кв байрыг өөрийн хөрөнгөөр барьж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нар 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 191 282 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

5.2. Б.Уранчимэг нь захиалагч нарыг төлөөлөн дээрх гэрээг байгуулсан болох нь гэрч Б.У-ийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

5.3. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно гэж заасан бөгөөд төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс хэлцэл хийх учиртай атал төлөөлж буй этгээдүүдийн нэрийг гэрээнд бичсэн байна. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул төлөөлөх бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

5.4. Маргааны эрх зүйн баримт бичиг болох  2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23/012 дугаартай, Орон сууц захиалгаар барих гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэлээ.

 

5.5. Уг гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байх боловч нийтийн зориулалт бүхий орон сууц барих харилцаанд гүйцэтгэгч /хариуцагч компани/ эрх бүхий байгууллагаас тогтоосон стандартыг хангах замаар орон сууцыг барих бөгөөд үүнд захиалагч /нэхэмжлэгч/ гэрээний зүйлийн зураг төсөл, загвар, бүтэц, материал, түүний чанар, хийц гэх зэргийг өөрийн үзэмжээр сонгох, бүтээлгэх, өөрчлөх, тухай бүр хяналт тавих боломж хязгаарлагдмал, орон сууцнаас сууц сонгон авах харилцаа тул  ажил гүйцэтгэх гэрээнд хамаарахгүй.

 

5.6. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

5.7. Нэхэмжлэгч нар нь гэрээ байгуулсан өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрээгээр хэлэлцэн тохирсон үнэ болох 191 282 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдоно. Хариуцагч энэ талаар маргаагүй. 

 

5.8. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ч.Б, Б.У нар гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэгч нарыг гэрээний зүйл болох орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.

 

5.9. Гэрээ байгуулсан хугацаанаас хойш “хороо, хаягжилт” өөрчлөгдсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон болно.

 

5.10. Тодруулбал, ** тоот 73,57 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ч.Б, Б.У нарыг тогтоож шийдвэрлэлээ.

 

5.11. Нэхэмжлэгч нарын гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримт гаргуулахыг даалгах шаардлага нь бие даасан шаардлага бус харин өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэл гэж үзэхээр байна.

 

5.12. Учир нь шүүх маргааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн өмчлөгчөөр тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул энэ эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудал нь цаашид маргааны зүйл болон үргэлжлэх учиргүй. Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага шүүхээс өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийг үндэслэн эрх бүхий этгээдийг эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх учиртай. Хэрэв хуульд заасан үндэслэлгүйгээр ийнхүү бүртгээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй бол түүнээс үүсэх үр дагаврыг хариуцах үндэслэл үүсэхийг дурдах нь зүйтэй.

 

6. Алданги гаргуулах шаардлагын тухайд:

 

6.1. Гэрээний 2.1-т “гүйцэтгэгч барилга угсралтын ажлыг 2023 оны 3 дугаар улиралд дуусгавар болгоно” гэжээ. Хариуцагч нь барилгыг 2024 оны 4 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгч, байнгын ашиглалтад оруулсан талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэгч нарын  эзэмшилд 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн нь хариуцагч К ХХК Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

6.2. Гэрээний 6.3-т “гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд буюу 2023 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө” гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцээгүй байна.

 

6.3. Түүнчлэн хуульд зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг тооцох байтал нэхэмжлэгч нар өөрийн гүйцэтгэсэн үүргийн үнийн дүнгээс алданги тооцож шаардаж байгаа нь үндэслэлгүй.

 

6.4. Хэргийг баримтаар хариуцагчийн үүргийн зөрчил буюу хугацаа хэтрүүлсэн үеийн дуусгаж чадаагүй ажлын үнийн дүнг тодорхойлох боломжгүй тул алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж, алданги 95 641 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б Б.У нарыг *** тоот 73,57 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, алданги 95 641 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706 355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б, Б.У нарт олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ