Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00885

 

 

 

 

 

 

 

 

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02262 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.У-т холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,345,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О-, хариуцагч О.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Н.Б Солонгос Улсын виз найдвартай гаргадаг, элчинд ажилладаг хүн гэж мэдээлэл өгснийх нь дагуу О.У-тай 2018 оны 08 дугаар сард уулзаж, мөн сарын 13-нд 2,215,000 төгрөг, 10 дугаар сарын 25-ны өдөр 1,130,000 төгрөг, нийт 3,345,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. 40 хоногийн дотор виз гарахгүй бол мөнгийг буцааж өгнө гэж хэлсэн. Ингээд О.У-тай уулзахад мөнгийг чинь Н.Б авсан, авсан хүнтэйгээ учраа ол гэсэн. Солонгос улсаас Н.Б гийн өгч явуулсан маскийг би хорооллын Эрэл компанийн урдаас Н.Б гийн төрсөн эгч н.Хунтогосоос гарын үсгээ зураад авсан. Би О.У-аас маск аваагүй. Иймд О.У-т виз гаргуулахаар өгсөн 3,345,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Н.Б бол Солонгос Улсад танилцсан найз. Н.Б найздаа тус болоод өг, би хадам эгчээ визанд оруулах гээд бичиг баримтуудыг нь хөөцөлдөж байгаа юм. Д.О- гэж хүнтэй уулзаад мөнгийг нь аваад, над руу шилжүүлээд өгөөч гэхээр нь уулзаж мөнгийг шилжүүлж өгсөн. Би 3,345,000 төгрөгийг аваад Н.Б руу шилжүүлж өгсөн.

Н.Б над руу утсаар яриад би 2,500 ширхэг маск явуулсан, чиний асуудал шийдэгдсэн, Д.О-, Н.О нарт мөнгийг нь өгсөн гэж хэлсэн. Солонгос улсаас 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирсэн 6,000,000 төгрөгийн үнэ бүхий маскийг Д.О- хүлээж авсан. Н.Б н.Тогосоо эгчдээ О.У-ын мөнгөний тооцоо шүү, Д.О-тэй тохиролцоод гарын үсэг зуруулж аваарай гэж хэлснээр маскийг өгөхдөө гар утас дээрээ зургийг нь авч, өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр бичүүлж авсан байсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар О.У-т холбогдуулан гаргасан 3,345,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Миний бие Солонгос улс руу виз гаргуулахаар О.У-ын ХААН банк дахь 5113052795 тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр 2,215,000 төгрөг, 1,130,000 төгрөг, нийт 3,345,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. О.У- нь виз гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

4.а.Хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, шүүх хуралдаан эхлэхийн өмнө гэрч асуулгах хүсэлт гаргахад хангаагүй гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Тооцоо дууссан. Анхан шатны шүүх үнэн зөв үндэслэлтэй дүгнэлт гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэл тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй боловч нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч О.У-т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,345,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Д.О-ийн Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч О.У-т 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 2,215,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,130,000 төгрөг, нийт 3,345,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг зөв тогтоосон байна. /хх 1, 5-6, 12/

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Солонгос Улс руу виз гаргуулах зорилгоор О.У-т 3,345,000 төгрөгийг шилжүүлж, гадаад пасспортын хамт өгсөн гэж тайлбарласан. Хариуцагч уг тайлбарыг үгүйсгээгүй. Харин татгалзлын үндэслэлээ найз Н.Б гийн гуйснаар Д.О-ээс мөнгө аваад шилжүүлсэн, Н.Б нь 2,500 ширхэг маскийг эгч н.Тогосоогоор дамжуулан Д.О-т хүлээлгэн өгүүлснээр төлбөр тооцоо дууссан гэж тайлбарлан маргасан боловч баримтаар нотлоогүй байна.

 

Хариуцагч дээрх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй. Мөн хариуцагч нь иргэни Н.Б гийн даалгавраар нэхэмжлэгч Д.О-ээс мөнгө авч шилжүүлсэн гэдгийг нотолсон баримтгүй.

 

Хэргийн 76 дугаар талд авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2,500 ширхэг маскийг 1 ширхэгийг нь 2,200 төгрөгөөр бодож хүлээн авлаа хүлээн авсан Д.О- гэх агуулгатай бичгийн баримт нь хариуцагчийн авсан 3,345,000 төгрөгт хамааралтай, нэхэмжлэгч нь дээрх мөнгөн дүнд маск авсан гэх үйл баримтыг эргэлзээгүйгээр нотлохгүй байна.

 

Иймд хариуцагч О.У-ыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02262 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч О.У-аас 3,345,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-т олгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 68,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,470 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД