| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 2529000000157 |
| Дугаар | 2026/ДШМ/02 |
| Огноо | 2025-12-24 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Наранхүү |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/02
Ж.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Э.Наранхүү /цахим/,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж, хийсэн шүүх хуралдааны 2*******5 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2*******5/ШЗ/*******3 дугаартай шүүгчийн захирамжтай, яллагдагч Ж.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хяналтын прокурор Э.Наранхүүгийн бичсэн эсэргүүцлээр 2*******5 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Ж.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2*******5 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Цогтцэций сум, Сийрст 1 дүгээр баг, 2 дахь киллометрын замд *******-******* АРХ улсын дугаартай Toyota Prius-20 загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ буюу 4.03 хувийн согтолттойгоор жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү нь Ж.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т зааснаар яллагдагч Ж.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,
Хэргийг прокурорт очтол Ж.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү эсэргүүцэлдээ: ...Шүүгчийн захирамжийг 2*******5 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй буюу шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Шүүх шийдвэртээ гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй талаар дурдаж, улмаар хохирол, хор уршиг учирсан бол түүний үнэлгээ, дэлгүүрийн өмчлөгч, эзэмшигчдэд гомдол, санал байгаа эсэхийг тодруулах зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Монгол улсын дээд шүүх 2*******0 оны 557 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх замаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн ердийн буюу хүндрүүлэх, онц хүндрүүлэх шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг хуулиар тогтоодог тул үүнд зааснаас өөр үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдоггүй, зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл, эсхүл бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсны аль алиныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн боломжгүй” болохыг тайлбарлаж, хууль хэрэглээний жишиг тогтоосон байна.
Гэтэл шүүх нь яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд прокуророос яллагдагчийг буруутгаагүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн аль ч бүрэлдэхүүнийг дангаар бий болгохгүй нөхцөл байдлыг буюу бусдын эд хөрөнгөд материаллаг хохирол учруулсан байж болзошгүй үйлдлийг гэмт хэргийн шинж, үндсэн бүрэлдэхүүнд хамаарах мэтээр дүгнэж, улмаар “гэмт хэрэг гарсан байдал”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоогоогүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Яллагдагч Ж.*******ын холбогдсон “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 4.03 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон” үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд дээрх үйл баримт нь хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн Эрх бүхий албан тушаалтны жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн талаарх зөрчлийг илрүүлж хоногийн мэдээнд оруулсан тухай илтгэх хуудас /хавтаст хэргийн 03 дугаар хуудас/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-05 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын 2*******4 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2*******4/ЗШ/663 дугаартай шүүхийн шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 19-21 дугаар хуудас/, яллагдагч Ж.*******ын 2*******5 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд яллагдагчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтооход эд хөрөнгөд хохирол учруулсан эсэх үйлдэл нь ач холбогдолгүй байна. “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаарддаггүй, өөрөөр хэлбэл уг гэмт хэргийн шинжид ямар хэмжээний, хохирол, хор уршиг учирсан эсэхийг тусгайлан гэмт хэргийн объектив талын шинж болгон хууль тогтоогчоос хуульчлаагүй.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасан. Ж.******* нь *******-******* АРХ улсын дугаартай Toyota Prius-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож, Б.******* гэх хүний эзэмшлийн байшингийн буланг мөргөн, улмаар учруулсан хохирол болох 2,350,000 төгрөгийг Б.*******т нөхөн төлсөн ба одоо өөр хоорондоо гомдол саналгүй болсон, уг гомдол саналгүй гэх хүсэл сонирхлоо бичгээр гаргаж, гарын үсэг зуран хэрэгт хавсаргуулсан, өөрөөр хэлбэл, Б.******* нь эд хөрөнгийн хохирол нэхэмжлээгүй, сэргээлгэх шаардлага тавиагүй тул түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох, энэ талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй болохыг тус тус тодотгож байна.
Иймд шүүхээс яллагдагч Ж.*******ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан эсэх, яллагдагчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч буй эсэхийг зөв тогтоон тодорхойлж, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэж байна.
2. Шүүх дараах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ба энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ...” гэж тодорхой, салаа утгагүйгээр хуульчлан зохицуулсан. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхээс дээрх хуулийн зохицуулалтын дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товын талаар прокуророос санал аваагүй бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх тухай хуралдааны товыг мэдэгдээгүй.
Харин шүүх 2*******5 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ж.*******т холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаан хийгдэх талаар прокурорт тов мэдэгдсэн боловч 2*******5 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдаан эхлэхээс 30 минут орчмын өмнө “Шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцэх боллоо" гэж мэдэгдэн, улмаар хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2*******5 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2*******5/ШЗ/З6З дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив. Хяналтын прокурор Э.Наранхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн буцаасан үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.5-д зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шинж чанар, хэмжээг тогтоогоогүй гэдэг хоёр заалтыг бүрэн дүүрэн хийгээгүй гэж дүгнэсэн. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд гэмт хэрэг гарсан байдал бүрэн дүүрэн нотлогдсон. Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар тодорхой харагдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Энэ гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдох эсэхийг гэж анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон захирамжид дурдсан. Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг нь хохирогчтой байж болохгүй. Улсын яллагчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь бүрэн дүүрэн хийгдсэн нь нотлогдсон байхад байшингийн булан мөргөсөн хүний хохирол, гомдол саналтай эсэхийг тогтоох бусад ажиллагааг хийх ёстой гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хэрэгт огт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэж байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан шүүхийн хэмжээ хязгаар, яллах дүгнэлтэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд шийдэх ёстой хэмжээ хязгаарыг зөрчсөн. Хохирогч, иргэний нэхэмжлэгч эд хөрөнгөөр хохирсон дэлгүүрийн эзэмшигч нь гомдол саналгүй. 2,350,000 төгрөгийг Ж.*******аас авч хоорондоо тохиролцсон гэж бичгээр тайлбар, санал хүсэлтээ өгсөн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан иргэний нэхэмжлэгчээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учраас тогтоох ажиллагаа хийгээгүй. Мөн урьд ярьсан шиг гомдол саналтай байх юм бол эд хөрөнгийн үнэлгээ хийлгэж иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод хэргийн оролцогч болгоод явах бүрэн боломжтой. Бодит байдал дээр хоорондоо тохиролцож байгаа учраас энэ үйлдлийг шалгаагүй. ...Урьдчилсан хэлэлцүүлэг гэдэг товоор ирдэг. Манайд тухайн үед гэм буруугийн шүүх хуралдааны товыг ирүүлээд гэм буруугийн шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангаж очсон. Энэ бол ноцтой зөрчил гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хяналтын прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Яллагдагч Ж.******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2*******5 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Цогтцэций сум, Сийрст 1 дүгээр баг, 2 дахь киллометрын замд *******-******* АРХ улсын дугаартай Toyota Prius-20 загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ буюу 4.03 хувийн согтолттойгоор жолоодсон гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү нь яллагдагч Ж.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх 2*******5 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2*******5/ШЗ/*******3 дугаартай шүүгчийн захирамжаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж дүгнэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр яллагдагч Ж.*******т холбогдох ******* дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Ж.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Э.Наранхүү нь “Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчиж, тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тогтоох, хэн нь буруутай болох, хохирол, хор уршиг нэхэмжилж байгаа эсэх зэргийг тодруулахаар хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй нь мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн” гэж шүүгчийн захирамжийг хүчингүй болгох агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Анхан шатны шүүх 2*******5 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоох тухай захирамж гаргасан байх ба прокурор Э.Наранхүү, яллагдагч Ж.*******т нарт урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн урьдчилсан хэлэлцүүлгийг товлосон өдрөө буюу 2*******5 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн хэлэлцүүлгийг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ...” гэснийг зөрчсөн байна.
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.6 дугаар зүйлд: “Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд гаргасан жолооч ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг өөр хоорондоо харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-ын “г”-д заасан “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” үүргээс чөлөөлөгдөж болно” гэж тус тус заасан.
Яллагдагч Ж.******* нь *******-******* АРХ улсын дугаартай Toyota Prius-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож, Б.******* гэх хүний эзэмшлийн байшингийн буланг мөргөн, улмаар учруулсан хохирол болох 2,350,000 төгрөгийг Б.*******т нөхөн төлсөн ба одоо өөр хоорондоо гомдол саналгүй болсон, уг гомдол саналгүй гэх хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийг үйлджээ. /хх-ийн 38 дугаар тал/
Дээрх зөрчил нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байхад анхан шатны шүүх яллагдагч Ж.*******ын холбогдсон Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн гэмт хэрэгт хамааруулж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэм хэрэгт Б.******* гэх хүний эзэмшлийн байшингийн буланг мөргөсөн зөрчлийн хэргийг шалгах шаардлагагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасныг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хяналтын прокурор Э.Наранхүү нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Зөрчлөөр шалгуулах шаардлагагүй гээд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хамтад нь шийдэж байгаа”, яллагдагч Ж.*******ын үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байна” гэж тайлбарлаж байх боловч энэхүү зөрчилд нь хариуцлага хүлээлгэхгүй орхигдуулсан байгааг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай” гэх дүгнэлт нь үндэслэлгүй байх тул хяналтын прокурор Э.Наранхүүгийн бичсэн эсэргүүцлийг хангаж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2*******5 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2*******5/ШЗ/*******3 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хяналтын прокурор Э.Наранхүүгийн 2*******5 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бичсэн эсэргүүцлийг хангасугай.
2. Яллагдагч Ж.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.
3. Яллагдагч Ж.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА