| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/10569/И |
| Дугаар | 192/ШШ2025/10852 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/10852
2025 12 17 192/ШШ2025/10852
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ** тоот хаягт байрлах, И ХХК /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** тоот хаягт байрлах, А ХХК /РД:**/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 55 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И ХХК нь барилгын материалын худалдаа, барилгын засварын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. А ХХК-д 2021 оноос хойш барилгын бараа материал нийлүүлж байгаа бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацааны тооцооны нийлэхэд А ХХК нь манай компанид 58 624 000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй гарсан. 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тооцоо нийлж 58 624 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг 2 тал зөвшөөрч, харилцан тохиролцсоны үндсэн дээр манай компани 55 000 000 төгрөгийг А ХХК-аас нэхэмжлэхээр болж тооцооны үлдэгдлийн баталгаа, зарлагын баримтаар 2 талаас баталгаажуулсан. Гэвч А ХХК нь одоог хүртэл харилцан тохиролцсон 55 000 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд бараа материал худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 55 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компанийн зүгээс И ХХК-тай ямар нэг гэрээ хэлцэл хийж бараа материал худалдаж аваагүй болно. Харин бусад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас бараа бүтээгдэхүүн худалдан авч байсан болно гэжээ.
3. Нэхэмжлэгчээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Зарлагын баримт, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан бараа, материал худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 55 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...хариуцагч А ХХК-д 2021 оноос хойш барилгын бараа материал нийлүүлж байгаа бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацааны тооцоо нийлж, 58 624 000 төгрөгийг тооцооны үлдэгдэлтэй байгааг хоёр тал зөвшөөрч, харилцан тохиролцсоны үндсэн дээр 55 000 000 төгрөгийг төлөхөөр тооцооны баталгаа үйлдсэн...” гэж тайлбарласан.
4. Хариуцагч нь “... И ХХК-тай гэрээ байгуулаагүй, харин уг компанийн захирал иргэн Э.Я-оос бараа материал авч байсан...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Нэхэмжлэгч И ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дэх үйл ажиллагааны чиглэлд 46630 кодтой, барилгын материалын худалдаа гэж тусгагджээ.
5.2. Худалдагч байгууллага И, худалдан авагч А ХХК нар 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн зарлагын баримтад нийт 58 624 200 төгрөгийн бараа материал хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар баримт үйлдэж, гарын үсгээр баталгаажуулсан байх ба “харилан тохиролцов. Нийт дүн- 55 000 000” гэжээ.
5.3. Мөн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч И ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд 58 624 000 төгрөгийн тооцоотой гарсныг харилцан батлав гэж баримт үйлдэн, байгууллын тамга тэмдгээр баталгаажуулсан байна.
5.4. Хариуцагчийн “...нэхэмжлэгч И ХХК-тай гэрээ байгуулаагүй...” гэх татгалзал нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч А ХХК-ийн тамгаар баталгаажсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар няцаагдаж байх бөгөөд уг баримтад “хариуцагч байгууллагын нягтлан бодогч гэсний ард зурсан Я.Г” гэх гарын үсгийг манай компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
5.5. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцсэн тохиролцож амаар буюу бичгээр хийхээр заасан.
5.6. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5.7. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
5.8. Иймд нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч А ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 55 000 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч А ХХК-д хариуцуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-аас 55 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 433 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 433 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ