| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2026/00099/И |
| Дугаар | 303/ШШ2026/00142 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 303/ШШ2026/00142
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Өгөөмөр баг, Борын гудамж 1-102 тоотод оршин байрлах, 89105102, 88886356, 99916840 утасны дугаартай, "*******" ХХК,
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор, 10-р баг, Рашаант, Лувсанданзанжанцангийн өргөн чөлөө 6, 603 тоотод оршин байрлах, 99058152, 99119266 утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, "*******" ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 237,180,000 /хоёр зуун гучин долоон сая нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "*******" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай "*******" ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхэлдэг. 2024 онд хариуцагч "*******" ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 60 айлын орон сууцны барилга барих ажил гүйцэтгэж байсан. Тэр үедээ манай "*******" ХХК-аас бетон зуурмаг худалдан авч байсан 2024 оны 04 сарын 19-ний өдрөөс 2024 оны 09 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 539,942,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлсэн.
Үүнээс 237,180,000 төгрөгийн бетон зуурмагийн үнийг өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байгаа.
Худалдан авсан бүтээгдэхүүний үнийг төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан бөгөөд 2025 оны 02 сарын 26-ны өдөр "*******" ХХК-н захирал Д.Сайнжаргал 07 дугаартай албан бичгээр манайд хариу ирүүлэхдээ "... банкинд зээл судлуулж байгаа тул зээл олголт хийгдэхэд тухайн өр төлбөрийг барагдуулах болно" гэх хариу бичсэн байсан.
Мөн хариуцагч байгууллагын нягтлан бодогч Ж.Жавзмаатай тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн баримт, бетон зуурмагийн тооцоо гэх баримтуудаар нотлогдож, талуудын хооронд 237,180,000 төгрөгийн төлбөрийн үүрэг үлдсэн байгааг харилцан зөвшөөрсөн боловч ямар нэгэн шалтгаангүйгээр төлбөрийг төлөхгүй өнөөг хүрлээ.
Иймд хариуцагч "*******" ХХК-аас 237,180,000 /хоёр зуун гучин долоон сая нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч "*******" ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа:
"Гал Хонгор" ХХК нь "*******" ХХК-аас бетон зуурмаг худалдан авсан нийт төлбөрийн үлдэгдэл 237,180,000 төгрөгийг нэхэмжлэгч "*******" ХХК-д төлөх үүрэгтэй нь үнэн. Үлдэгдэл төлбөрийг орон сууцны төлбөрөөр хийхээр "*******" ХХК-ны захирал Н. Батсайхантай аман яриагаар тохирсон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "*******" ХХК нь хариуцагч "*******" ХХК-д холбогдуулан 237,180,000 /хоёр зуун гучин долоон сая нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч "Гал Хонгор" ХХК нь "*******" ХХК-аас бетон зуурмаг худалдан авсан нийт төлбөрийн үлдэгдэл 237,180,000 төгрөгийг орон сууцны төлбөрөөр хийхээр тохирсон болох нь шүүхэд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 671,925 төгрөг, хариуцагч "*******" ХХК-аас 671,925 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "*******" ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Гал Хонгор" ХХК нь "*******" ХХК-аас бетон зуурмаг худалдан авсан нийт төлбөрийн үлдэгдэл 237,180,000 төгрөгийг орон сууцны төлбөрөөр хийхээр тохирсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 671,925 төгрөг, хариуцагч "*******" ХХК-аас 671,925 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "*******" ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА